Прокурорууд шүүх хуралд төрийн нэрийн өмнөөс оролцохдоо "Улсын яллагч" нэртэй болоод явчихдаг. Эвгүй ч юм шиг нэршил. Бусад тохиолдолд бол зүгээр л прокурор л доо. Улсын яллагч хэргийг зөвхөн яллах талаас хардаг. Яллах ашиг сонирхол ямар нэг хэлбэрээр байвал хөдөлбөргүй нотлох баримтад үндэслэсэн гэхээсээ илүүтэй нотлох баримтыг өөрийнхөөрөө мушгин тайлбарлаж төрийн нэр бариад зүтгэчихдэг хүмүүс юм. Албан тушаалтныг гүтгэсэн хэргээр шалгуулж, яллуулж гурав дөрвөн жил цагдаа, шүүх гэж явсан учир өөрийн биеэр үүнийг мэдэрсэн.
Хэрвээ улсын яллагч үүргийнхээ дагуу хун яллах гэж байгаа бол эхлээд хэргийг маш сайн хянаж, судалж, яллах хангалттай нотолгоог бүрдүүлсэн байх ёстой. Гэтэл ор нэр төдий хэрэгт хяналт тавьсан нэр хэмээчихээд хавтаст хэргээ ч уншилгүй шүүхийн танхимд орж ирдэг юм байна. Хэргээ уншаагүй хэрнээ заавал яллах гэж улайран зүтгэдэг улсын яллагч байдгийг өөрийн биеэр харлаа.
Баримт өгүүлье. Миний бие Зам тээврийн яамны Хяналт бүртгэлийн газрын дарга Б.Жаргалын нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор гүтгэлгийг өдөр тутмын сонины нийтлэлээр олон нийтэд тараасан эрүүгийн хэрэгт 2011 оноос хойш шалгуулж, анхан болон давж заалдах шатны шүүхээр нийтдээ зургаан удаа орсон. Энэ хугацаанд зүгээр ч нэг шалгуулаад, шүүлгээд явсангүй. Яллах, цагаатгах бүхий л талаас мөрдөн байцаагч, улсын яллагч, шүүгч хэрэгт ханддаг уу гэдгийг өөрийн эрхгүй ажиглаж, анзаарсан.
Албан тушаалтныг гүтгэсэн эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, шүүхээр орсон энэ гурван жил гаруйн хугацаандаа гурван улсын яллагчтай "танилцлаа". Эхэндээ шүүх хурлууд дээр гаргаж байгаа улсын яллагчиин авир, занг, ур чадварын хомсдолыг гайхаад өнгөрдөг байв. Шүүх хурал дээр хохирогч руу илтэд найрсаг хандаж, нүдээ ирмэж, хуруугаараа ОК гэсэн дохио үзүүлж, дохио зангаагаар харилцан сүжирч байгаа улсын яллагчийн энэ мэт үйлдлүүдийг байж болдог л юм байх даа гэж дотроо бодон, энэ тухайгаа найз нөхөд, өмгөөлөгчдөө хэлээд өнгөрдөг байсан.
Сүүлдээ томилолтын гэх яллагчид хавтаст хэрэг уншилгүй орж ирчихээд яллах гэж улайран зүтгэхэд нь бүр ч их гайхсан. Шүүгч "Хавтаст хэрэггэй танилцсан уу" гэж асуухад хэнэг ч үгүй "Энэ хэргийг сайн мэдэж байна. Өмнөх прокурортой нэг өрөөнд суудаг байсан болохоор өрөөнд юу болж байгааг сайн мэддэг байсан. Тиймээс танилцсантай ялгаагүй" гэж хэлэхэд нь хүнийг яллах гэж байж ингэж хариуцлагагүй хандаж болдог л юм байхдаа гэж өөрийн эрхгүй бухимдахын зэрэгцээ хууль шүүхийн шинэчлэл яг аль талруугаа яваад байгааг гайхсан. Улсын яллагчийн амныхаа зоргоор хэлж байгаа ийм үгс хуулийн байгууллагад итгэх итгэл үнэхээр үгүй хийдэг юм билээ. Товчхоноор бичихэд яллаж байгаа хүн нь гэмт хэрэг хийсэн үү гэдгийг нотолж чаддаггүй, нотлох баримтыг зөвхөн өөрийнхөөрөө мушгин тайлбарлаж шүүгчид ойлгуулдаг, яллах дүгнэлтээ барьж орж ирээд дуржигнатал уншчихдаг мэтгэлцэх ур чадваргүй прокурорууд л нүдэнд минь харагдсан. Шүүх танхимд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч өөр өөрсдийнхөөрөө ярих эрхтэй. Энэ дунд гагцхүу прокурор л ямар ч сонирхолгүйгээр үг хэлэх хүн. Гэтэл миний танилцсан прокуроруудын нэг нь ч тийм чадвартай байгаагүй.
Эрүүгийн хэрэгт улсын яллагчаар ажиллана гэдэг мэдээж амар хялбар ажил биш байх. Гэхдээ л хүний хувь заяатай холбоотой, хүний хувь заяаг шийдэж байгаа учраас улсын яллагч нарт ажилдаа хариуцлагагүй, хайнга хандах эрх байхгүй. Улсын яллагч юу хэлж, яаж яллав гэдгээс хэргийн шийдвэрлэлт ихээхэн шалтгаалдаг. Гэтэл хэрэгтэйгээ ч танилцалгүй орж ирчихээд хүн яллах гээд байгаа прокуроруудын хэрэг байна уу. Шүүгч шууд л яллах талыг нь давхар хараад явчих хэрэгтэй юм биш үү.
Уг нь бол эрх зүйн ач холбогдлоор авч үзвэл улсын яллагч шүүх хуралд нэг номерийн хүн байх ёстой. Гэтэл шүух хурал даргалагчид хавтаст хэрэгтэйгээ танилцаж орж ирсэнгүй гэж загнуулан, нүүрээ улалзуулан нэг ч үг дуугарахгүй гараад явчихаж байгаа прокурор энэ цагийн өнгөнд нэг биш байдаг л юм байна. Хэрвээ хүн яллах гэж байгаа бол улсын яллагч эхлээд өөрөө хэргийг маш саин оилгочихоод, шүүгчид ойлгуулж, тэр мэдээллээс нь шүүгч яллах, цагаатгах талын мэдээллээ олж авах ёстой баймаар. Гэтэл манайд энэ бүхэн эсрэгээрээ, яллах гэж улайрдаг, эсвэл зүгээр л билэгдлийн шинжтэй нэр төдий оролцдог юм шиг санагдсан.
Чадалтай сайн прокурорууд байгаа л байх. Гэвч намайг яллахаар орж ирсэн зарим нэг прокурор үнэхээр өрөвдөлтэй санагдсан. Ямар ч утга учиргүй, санаанаасаа зохиосон яллах дүгнэлтииг нь сонсоод өөрийн эрхгүй мушийж инээхэд "Чи юундаа инээгээд байгаа юм. Инээгээд байх юм байхгүй шүү" гэж цаанаа л нэг дээрэлхүү өнгөөр харьцах жишээтэй. Манай хуулийн байгууллагын хуучинсаг үхширсэн сэтгэхгүй л эндээс үнэртсэн. Шүүх хурал үнэхээрл мэтгэлцээний зарчимаар явагддаг юм бол шүүхийн танхимд үүнээс ч илүү юм болох нь хэвийн л үзэгдэл байх.
Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд прокуроруудын ажлын ачааллыг 50 хувь хүртэл буурууллаа гэж байсан. Бас прокурорууд маань туслах ажилтантай болсон. Тэгсэн хэрнээ хавтаст хэргээ ч уншихгүй залхуурдаг, төрийн нэр барьсан мундаг хүмүүс хүний хувь заяаг шийдээд байгааг өөрийн биеэр мэдэрснээ өгүүллээ. Ийм дүр зураг ганцхан надад харагдаагүй нь л лав байх.
Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ /ӨДРИЙН МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих