Оросыг хатан хаан Екатерина 1771 онд удирдаж байх үед Волга мөрний эрэг
дээр Халимагийн Монгол аймгуудын удирдагч нар чуулав. Хэдэн зууны турш
энэ газар тэдний эзэмшил нутаг байсан авч, бага багаар Орос суурьшигчдад
алдсаар байлаа. Халимагууд Түвд, Монголд өргөнөөр тархсан Буддийн шашны
Ламайзмын урсгалыг шүтдэг байв. Гэвч залуусыг нь Оросын христийн
миссионерүүд эргүүлдэн, шашиндаа элсүүлэхээр чармайх болов. Бүслэгдэж,
хавчигдаж, тал нутагтаа дураараа нүүж, сууж чадахаа больсон нь
нүүдэлчдийг тэвчихийн аргагүй бухимдуулж байлаа. Хаа сайгүй маргаан,
тулаан, тэмцэл өрнөж Халимаг түмэн шаналан түгшив.
Хэдэн
шийдэмгий эрчүүд Түвд, Монголыг эрхэндээ оруулаад байсан Манж руу очив.
Манжийн хаан зөөлөн засаг, газар нутаг амлав. Түүнчлэн: та нар нутагтаа
ирснээр дураараа нүүж сууж, бурхан шашнаа хэнээс ч айж эмээлгүйгээр
чөлөөтэй шүтэх болно" гэж уламжлуулав. Халимаг ноёдод энэ л ганц гарц
байв. Тэд гэр бүл, албат иргэд, бүхий л мал сүргээ аваад хуучин нутгаа
тэмүүлэн зорихоор тохиров.
Халимагийн хан
Манжийн хил хүртэл нүцгэн уудам тал, элчилгүй халуун цөлөөс бүрдэх олон
зуун, хэдэн мянган км зам туулах учиртайг түгшингүй тооцоолж байв.
Үүнээс гадна тэдний замд алхам бүрт тааралдах эртний өст Башкир, Киргиз
болон бусад нүүдэлчин аймгууд дайран довтлох нь тодорхой. Түүнчлэн Орос
гүрэн өөрсдийн харьяанаас бүхэл бүтэн нэг үндэстэнг бүхий л мал сүрэгтэй
нь цуг зүгээр л тавиад явуулна гэж үгүй, Халимагуудын заналт дайсан
Казакуудыг араас нь нэхүүлж, голтой бүхнийг нь хядуулах болно.
Ийм
учир хуран цугласан халимаг ноёдод шийд гаргахад тун хүнд байлаа. Тэд
өөрсдийн цорын ганц баялаг болох тал дүүрэн бэлчих мал сүргээ бахархан
харж, тэдний мөөрөлдөх, майлалдах дууг таашаан сонсоно. Гэвч хэрэв энэ
мал сүрэг үгүй болвол Халимаг түмэн хэрхэн амьдрах вэ? Гэр бүрт
хашхиралдан, уйлалдах бяцхан үрс нь өсөж томроод хэн болох вэ? Тэдэнд 2 л
гарц байлаа: нэг бол хуучин нутгаа зорих эсвэл тэндээ үлдэж
үндэстнийхээ хувьд мөхөх.
Хавчилт, шахалтаас
залхсан ард түмэн нутгаа хаяж нүүхээр шийдэв. Хүн төрөлхтөний түүхэнд
гарсан өөр нэгэн алдартай нүүдэл бол Эксодус, Египетээс гарсан Еврей
нарын нүүдэл юм. Мозесийн адилаар Халимагийн удирдагч ард түмнээ уриалан
дуудаж, нэг дүгээр сарын эхээр Волга мөрний эргээс хөдөлжээ.
Баруун
Халимагчууд тохирсон дохиог сонсоогүй юу эсвэл гол гаталж чадсангүй юу
мөрний нөгөө эрэгт үлдэж хоцорчээ. Хожим тэд Каспийн тэнгисийн орчим
суурьшсан юм. Оросын хувьсгалаар цагаан хаанд үнэнч байж, түүнийг
дэмжсэнийхээ шийтгэлийг хатуу ширүүнээр амсчээ. Дэлхийн хоёр дугаар
дайны үеэр ч тэднийг олноор нь устгажээ. Америкийн Нью Жерси болон бусад
газар дүрвэгч Халимагууд цөөн тоогоор амьдарч байна. Мөн Оросын
холбооны улсад Халимагийн улс оршин буй.
Зүүн
Халимагчууд 300000 иргэдээ аван алс хол орших уугуул нутгаа зорин босов.
Бэлтгэлээ сайтар базаасан байв. Халимагийн морьтон баатрууд дайран
байлдах, болон хамгаалан дагалдах-ангиудад хуваагдаж үүргээ хурдан,
гавшгай, найдвартай биелүүлж байв. Ачаа хөсөг, эмэгтэйчүүл Оросуудаас
зугтаж буйг нь саатуулах гэсэн хэн бүхнийг урьдаас нь довтолж устган
сөнөөхөөр шилмэл эрчүүдээс бүрдсэн тусгай анги ч байгуулав.
Арын
хамгаалалтынхан ард хоцорсон бүх өвөлжөө, хээрийн сууц, жижиг тосгодыг
галдан шатааж үгүй хийв. 25000 квадрат км газарт нэг шөнийн дотор бөөн
түймэр асчээ. Энэ мөчийг хүртэл Оросын харуулынхан Халимагуудын их
нүүдлийн талаар юу ч мэдээгүй байв. Сандарч мэгдсэн Астраханы амбан
захирагч чарга хөллөн энэ тухай мэдэгдэхээр биечлэн умардыг зорин
хөдлөв. Тэр өдөрт 300 майл газрыг туулан давхисаар, туйлдаа хүрч ядарсан
амьтан хатан хааныхаа өмнө очжээ. Тэгээд эцсийн хүчээ шавхан байж хатан
хаандаа бүхэл бүтэн нэг үндэстэн ганцхан шөнийн дотор зугтаад явчихсан
итгэхийн аргагүй мэдээг хүргэжээ. Тэр дор нь хатан хаан генералуудаа
цуглуулж, их цэрэг авч халимагийн хойноос мөрдөн хөөх, ямар ч үнээр
хамаагүй нүүдлийг зогсоох, дүрвэгсдийг баривчлах, эсэргүүцвэл устгах
тушаал өгчээ.Зүүн тийш 500 орчим километрт
Козакуудын амьдардаг Яик гол урсаж байв. Тэдгээр козакууд Халимагуудтай
ихээхэн тулалддаг, өширхөж хонзогносон дайснууд нь байлаа. Халимагийн
Хан харьяат ардаа улам шавдуулан урагшлуулсаар Яик гол хүрэв. Гэвч
тоолшгүй олон хонь, бог мал явдал даахгүй хоцорч, үхэж үрэгджээ. Голын
эрэг дээр ширүүн тулаан болж Козакууд 9000 Халимагийн амийг авав.
Козакууд жаахан амсхийж байгаад нүүдлийг гүйцэн очиж, Туркай гол хүрэх
замыг нь хааж болох байв. Иймээс халимагуудад аль болох хурдан цааш
хөдлөхөөс өөр арга байсангүй. Нүүдэл цааш хөдлөөд нэг өдөр болов уу үгүй
юу маш ширүүн цасан шуурга эхэлж, нүүр нүдгүй цас, мөс, хүйтэн жавар
шавхуурдаж эхлэв. Мал сүргээс ихэнхи нь осгож, үхэрнүүд нь цасанд
шигдээд толгойгоо даахгүй унаж үлдэв. Халимагууд түр буудаллаж, үлдсэн
хэдэн үхрээ алж, махны нөөц бэлтгэж авлаа. Цас хөлдөж, гадарга дээгүүр
нь морь тэмээ явж чадахаар болмогц нүүдэлчин олон шамдан хөдлөв. Морь
малын туурай хага үсэрч, явдал нь саарна. Орхигдсон мал, агт морьдыг
зовлонтой, удаан, аймшигт үхэл хүлээх.
Туркай
гол хүрэх замд нэгэн том даваа (уул) байлаа. Тэр давааг Козакуудаас арай
чүү түрүүлэн давж чадав. Халимагуудын чанх ардаас Оросын арми,
дайсагнасан Башкир, Киргизийн болон бусад аймгуудын нэгдсэн цэрэг ойрхон
нэхэж байв.
Өөр нэг Оросын цэргийн нэгтгэл
Козакуудын хамтаар Туркай гол хүрэх замыг нь амдан тосож байлдахаар
хөдлөв. Халимагууд Туркай гол хүртэл 2000 гаруй км газрыг туулж чадах
эсэх нь замд тааралдах бусад голын гарам газрыг гарах аргагүй болгосон
байх вий шалтгаалж байлаа.
Эцэс төгсгөлгүй мэт
зовлон шаналлаар дүүрэн үхлийн гэмээр цуваа чадах чинээгээрээн
урагшилсаар. Шөнөдөө хөлдөж хоносон нялхсаа эхчүүл нь орхиж явахаас өөр
аргагүй. Хар тэнхээгээ барсан настайчуул нүүдлийн хурдыг дааж чадахгүй
үлдэцгээнэ.
Тэд орхин одож буй нүүдлийн цувааны
ардаас гунигтайгаар харж их цасан дунд бөртийсөөр сууж хоцроно. Өвгөчүүл
нь нялх ач нартаа дулаан дахаа үлдээж, салах ёс гүйцэтгэнэ. Тэднийг
алгуурхан хөлдөх аймшигт үхэл хүлээж байлаа. Зарим настай эмгэчүүл үхсэн
үхрийн сэг тэврэн дулаацахыг оролдож, гунигт төгсгөлтэйгээ үл эвлэрэн
тэмцэнэ. Шархагдагсад, сул доройтнуудаа ч гэсэн хувь заяанд нь даатгаад
орхихоос өөр аргагүй болов. Гэхдээ тэднийг аль болох аврахыг хичээж
байсан аж. Бүлтэй, чадалтай эрчүүд нь эмээлийнхээ бүүрэгнээс бусдынхаа
морийг уяах, өвчтнөө дүүрэх, сундлах зэргээр хоёроороо явах аргагүй
болох эцсийн мөч хүртэл зүтгэж байлаа. Галгүй, идэш уушгүй болсон нэгэн
нь осгох нь алхам бүрт. Шөнө нойрондоо хэт автах юм бол үүрээр хэзээ ч
дахин сэрэхээргүй болно. Энэ бол хэлэхийн аргагүй аймшигт нүүдэл байлаа.
Арайхийж хавар болж дулаарсан ч үлдсэн хүмүүсийг Туркай гол хүрэхээс
хамаагүй өмнө дайснууд гүйцэж ирэв. Жижиг тулаанууд байнга ар араасаа
цувран үргэлжилнэ. Сүүлдээ дайснууд хаанаас дайраад байгаа нь мэдэгдэхээ
больж, учир замбараагаа алдмой.
Гол гатлах
гэж буй Халимагууд бол үнэхээр дарлагдаж зовсон зугтагсад болж хувирсан
байлаа. Урьд нь тэд баяр баясгалангаар дүүрэн, элбэг хангалуун амьдарч,
тарга сайтай үхэр сүргээ бэлчээж, Монгол эрийн шүтээн болсон эмнэг сайн
адуу морьдоо сургаж унадаг хийморьлог ард түмэн байв. Аз жаргалтай, сайн
явсан цагтаа тэд тэмээг голсхийж, нэг их тоодоггүй байлаа. Гэвч зугтаж
явахад нь голсон тэмээ голд орж, тэдний ганц найдвар нь болов. Ясандаа
тултал турж эцсэн ч хэдэн тэмээ нь л нүүдлийн бэрхийг нугалж байлаа.
Хүүхэд, хөгшид нь үхэж, залуу эрчүүд олноороо тулаанд эрсдсэн тул
нүүдлийн цуваа чимээ аниргүй, тун чиг дүнсгэр. Чимээгүй гунигийг дайсны
зэрлэг довтолгоо л үё үе тасалдуулна. Анх гарсан хүмүүсийн гуравны нэг
нь үгүй болжээ. Үлдсэн хүмүүс ясан дээр нөмөрсөн арьс болтлоо турж
эцжээ. Дайснаас урьтсан мөч бүхнээ ашиглан, үлдсэн хэдэн маландаа шинэ
ногоо идүүлж, хүн малгүй тэнхэрч авахыг хичээж байв.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4680
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих