Монгол Улсын эдийн засаг онцгой хүнд байдалд орсныг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөхөөс аргагүй боллоо. Уг нь ийм байдалд эрт орсон, эрх баригчид л хүлээн зөвшөөрөхгүй байсан болохоос биш.
Азаар баяр наадмын сезон эхэлж, аймаг сумын наадам хэссэн монголчууд байгалийн сайхан, хөдөөгийн амар амгаланд амьдралын аар саар зовлонгоо түр мартаж сатаарсан.
Гэвч тоотой хоногийн жаргал дуусч тоолдог хэддээ баригдан байдгаа бараадахын цагт тэнгэрт цойлсон валютын ханш тархин дундуур цохиод авахтай адил зүйл өнөөдрийн Монголд ид өрнөж байна Идэж уудаг, эдэлж хэрэглэдэг зүйлсийнхээ 70 хувийг гаднаас авдаг манай улс "ноён” доллараас бүрэн хараат аж төрдөг. Ийм нөхцөлд үндэсний мөнгөн тэмдэгт монгол төгрөгийн ханш суларч, америк "ногоон”-ы эсрэг тулалдах хүчгүй болох хэрээр бидний хэрэглээ хумигдаж, бүсэлхийгээ тасартал бүсээ чангалаад ч амь гарч дийлэх эсэх дэндүү гэмээр эргэлзээтэй болов.
Өчигдөр үдээс хойш гэхэд валют арилжааны "Найман шарга” захын ченжүүд нэг ам.долларыг 1895-аар авч, 1899 төгрөгөөр худалдаж байсан. Орой зах хаах үед ханш нэг төгрөгөөр өсч 1900 болсон байна билээ.
Монголбанкны зарласан ханшаар бол нэг ам.доллар 1888,01 тэнцэж буй гэсэн. хөгжлийн банкны ханшийн самбарт гэсэн нэрний ард 1899 гэсэн тоо бичээтэй байна. Гэхдээ энэ нь банкны зарах ханш. Харин банкинд худалдах бол 1880 төгрөгөөр авна гэсэн мэдээллийг уг самбараас авч болохоор байв.
"Голомт” банк ам.долларыг бэлнээр бол 1882 төгрөгөөр авч, 1899-өөр худалдахаар ханшаа зарлажээ. Харин бэлэн бусаар валют худалдах, эсвэл худалдаж авах бол 4,0 төгрөгөөр хямдрах аж. Арилжааны банкуудаас хамгийн өндөр ханштай нь төрийн мэдэлд байдаг гэх ‘Төрийн банк”. Тус банк бэлэн бус гүйлгээ хийхдээ ам.долларыг 1880-аар худалдаж авах бол худалдах ханш нь 1900 төгрөг.
Ердөө зургаа хоногийн өмнө 1878 төгрөгтэй тэнцэж байсан "ногоон” мөнгө өдөр ирэх тусам үнэд орохоос хямдарна гэсэн ойлголт байхгүйг валютын наймаа хийж дундаас нь хэдэн төгрөг унагаж амь зуудаг хэмээдэг ченжүүд баталж байна билээ.
Учир нь угаасаа ч намар найм, есдүгээр сар ханш өсдөг цаг. Хичээл сургууль эхэлж, гадагшаа дотогшоо хүний урсгал нэмэгддэг болохоор хүссэн ч, эс хүссэн ч ам.доллар чангарч, төгрөг сулардаг. Долларын ханшийг дагаад бусад валютын ханш өсч хөөрхий монгол төгрөгийн хүчгүйг шоолон "инээлдэж” байдаг юм.
Жил жилийн өдийд нэмэгддэг ханшийг Монголын төрд мөнгөний бодлого гэж байдаг бол тогтоож барих гэж чармайх учиртай. Харамсалтай нь манайд ийм бодлого цаасан дээр л байхаас бодит амьдрал дээр лав алга. Уг нь төрийн мөнгөний бодлогыг барьж, түмнийг зүдрээхгүй байх ухааныг гарга хэмээн Монголбанк гэж байгууллагын толгойд залрах эрхмүүдийг УИХ-аас тохоон томилдог. Гэвч том суудалдаа жижигдсэн дарга нар нь гадаад мөнгөний ханшийг хөөргөж дэвэргэхээс өөрийг хийж дийлэхээ больжээ.
Эсвэл хүсдэггүй ч байж мэднэ. Төвбанк нъ арилжааны хэдтэйгээ нийлээд валютын ханшийн зөрүүн дээр тоглож хувьдаа мөнгө цохих б үхэл бүтэн армийг тэжээж тэтгэж суугаа гэдгийг бизнесийн салбарынхан хэлж байна. Хэдхэн хоногийн өмнө Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим ханшийн хөөрөгдлийн талаар гаргасан мэдэгдэлдээ "Ханш уян хатан тогтож өөрийн тохируулга хийгдэж байна, өөр арга байхгүй гэх мэт утгатай үг, мэдэгдлүүдээр сүүлийн хэдэн сар төр засаг, Монголбанк тоглож байна.
Үр дүнд нь ханш зах зээлийн жамаар гэхээсээ илүү спекулятив буюу ханшин дээр тоглож ашиг олох дамын хүчин зүйлүүдээр тодорхойлогдох болж тэртээ тэргүй сульдаанд орсон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгжийг сөхрүүлж байна. Ханшаар дамжсан үнийн өсөлтөөс болж худалдан авах чадвар нь улам бүр муудсаар байгаад ард иргэд, ялангуяа нийслэл Улаанбаатар хотын иргэд маш их бухимдаж байна…
…Ийм нөхцөлд "Ханшийн уян хатан байдал”, "Зах зээлийн өөрийн тохируулга” гэх мэт бодит байдлаас тасархай, сурах бичгийн хүрээний хийсвэрлэлт, симуляцийн ертөнц, вакум орчинд л тохирох юм яриад хүлээгээд сууж таарах уу.
Долоо хоногтоо нэг интервенц хийсэн болж тэр нь хувийн хэвшлийн хэрэгцээг хангах гэхээсээ илүү хэдэн арилжааны банкны спекулятив дуршлыг хангах, нэмэгдүүлэх суваг болж валютын нөөцөө гүвж дуусгах замдаа шуудрахыг үр дүнтэй бодлого, хариу урвал гэж үзэх хэрэг үү” хэмээн ширүүхэн шүүмжлэлийг илгээсэн байсан.
Мөн өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын нэр бүхий гишүүд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах бичгийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Тэд өдөр хоногоор өсөн нэмэгдэж байгаа ам.долларын ханшийг тогтоон барих тал дээр тун ч тааруу ажиллаж буйг нь огцрох хангалттай үндэслэл хэмээн үзсэнээ дуулгаж байв.
Монголбанкны үндсэн зорилт бол үнийн тогтвортой байдлыг хангах төдийгүй төгрөгийн ханшийг тогтоон барих. Гэтэл "ногоон”-ы ханш чангарч алтны дайтай гялалзахтай зэрэгцэн монгол төгрөг сульдаж мөнгө биш цаас болон хувирч байхад ямар ч арга хэмжээ авалгүй суусаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж, эдийн засгийг элгээр нь мөлхүүлсэн "ял”-ыг Н.Золжаргал Ерөнхийлөгчөөс асуух ёстой гэж байсан юм.
Тэр үед буюу Монголбанкы Ерөнхийлөгчийг огцруулах бичгийг УИХ-ын даргад нэр бүхий гишүүдээс өргөн барьж байх агшинд ам.доллар 1825-1830 төгрөгтэй тэнцэж байсан, харин өнөөдөр 1900 төгрөгт хүрснийг сануулахад илүүдэхгүй л болов уу. Харамсалтай нь хариуцлага тооцох тогтолцоо өөрийнхөнд нь үйлчлэхээ больсон эрх баригчид үүнийг үл тоосны уршиг өдгөө хаданд харайж, тэнгэрт цойлсон ам.долларын ханшаар ард түмнийхээ амьдралыг өдөр хоногоор уруудуулсаар байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих