1939 оны дундуур Монгол Улсын хил дээр
томоохон өдөөн хатгалга болж, 5 дугаар сарын 28-нд сөргөлдөгч тал их
буу, хуягт машин, нисэх онгоцоор дэмжүүлсэн цэргийн үлэмж хүчээр Халхын
гол тийш давшиж эхлэхэд 1936 онд Монгол, Зөвлөлт хоёр улсын хооронд
байгуулсан харилцан туслах Протокол гэрээний дагуу БНМАУ-ын нутагт
байрлаж байсан Зөвлөлтийн цэрэг, Монголын цэрэгтэй хамтран тэрхүү
давшилтыг зогсоож, 5 дугаар сарын 29-ний орой Монголын хилээс хөөн
гаргасан юм. Гэвч эсрэг тал 31-ны өдөр тооны давуу байдлаа ашиглан дахин
довтолж, Халхын голыг гаталж, Баянцагааны нурууг эзлэн
Монгол-Зөвлөлтийн цэргийг бүслэх аюулыг бий болгожээ. Гурван өдрийн
ширүүн тулалдааны явцад сөргөлдөгч талын цохилтын бүлэг бут цохигдож,
түүний үлдэгдлийг Халхын голын зүүн эрэгт хөөн гаргасан байна. Үүний
дараа дайсагнагч талаас 7 дугаар сарын 8-11, мөн 24-25-нд хийсэн шинэ
дайралт төдийлэн амжилтад хүрээгүй юм.
Гэсэн хэдий ч Халхын голын байлдааны
цар хүрээ улам өргөжиж байлаа. Хоёр тал байлдааны ажиллагааны талбарт
ихээхэн хүч татан ирүүлж, аль аль нь шийдвэрлэх тулаанд бэлтгэж эхэлсэн.
Халхын голын орчимд 8 дугаар сарын 10-ны байдлаар Японы тал хүн хүчээ 6
дугаар арми болгон нэгтгэж, түүний ажиллагааг 300 гаруй нисэх онгоцоор
агаараас дэмжиж байв.
Харин армийн нэгдүгээр группт нэгдсэн
Зэвлөлт, Монголын цэргийг корпус командлан захирагч Г.К.Жуков, монгол
цэргийг БНМАУ-ын маршал Х.Чойбалсан командалж байв. Түүнчлэн алс дорнод
дахь Зөвлөлтийн цэрэг болон Монголын цэргийн үйл ажиллагааг армийн дэд
командлагч Т.М.Штерн тэргүүтэй фронтын удирдлага, цэргийн бэлтгэл,
хангалтын талаар Ю.Цэдэнбал, БНМАУ-д сууж байсан Зөвлөлтийн элчин сайд
И.А.Иванов нар ажиллаж байсан юм.
1939 оны 8 дугаар сарын 20-нд Зөвлөлт,
Монголын цэрэг дайсагнагч этгээдээс өрсөж авиац, артиллерийн хүчтэй
галын бэлтгэл хийсний дараа шийдвэрлэх давшилтад оров. Эсрэг этгээд хүнд
цохилт хүлээж, гал зогсоох тухай хүсэлт тавьсны дагуу 9 дүгээр сарын
16-нд байлдааны ажиллагаа зогсчээ. Ийнхүү БНМАУ-ын эсрэг өдөөж Халхын
голд 4 сарын турш үргэлжилсэн зарлаагүй дайн монгол, зөвлөлтийн ард
түмэн, армиудын ялалтаар дууссан байна.
Энэ дайнд Монгол, Зөвлөлтийн дайчид
эрэлхэг зориг, дайчин чадвараа үзүүлсэн юм. Монголын дивизийн дарга
Л.Дандар, улс төрийн удирдагч Л.Гэлэгбаатар, заставын дарга П.Чогдон,
пулемётчин Ц.Олзвой нарын олон дарга, цэргүүд гарамгай байлдсан юм.
Тэдний гавьяаг үнэлж, Монгол Улсын төр БНМАУ-ын баатар цолоор шагнасан
билээ. Тэрчлэн Халхын голын байлдааны ялалтын 30 жилийн ойгоор БНМАУ-ын
баатар цолыг ЗХУ-ын маршал Г.К.Жуковт хүртээсэн юм. Нийтдээ улаан армийн
326 дайчин, Монголын ардын армийн 726 байлдагч, дарга нар БНМАУ-ын
төрийн дээд шагнал хүртжээ.
Халхын голын байлдаанд баатарлагаар
тулалдсаны учир танкийн бригадын дарга, бригад командлан захирагч
М.П.Яковлев, мотобуудлагын хорооны дарга хошууч И.М.Ремизов, нисгэгч
К.Н.Абрамов нарын 17121 хүн зөвлөлт төрийн шагнал-одон медалиар, 70
байлдагч, дарга нар ЗХУ-ын баатар цолоор шагнуулсны дотор нисгэгч
С.И.Грецевец, Г.П.Кравченко, Я.В.Смушкевич нар анх удаагаа ЗХУ-ын хошой
баатар болцгоосон байна.
Халхын голд Зөвлөлтийн армийн
мотобуудлагын 36 дугаар дивиз, танкийн 11 дүгээр бригад, бөмбөгдөгч
авиацийн 100 дугаар бригад, 7 дугаар мотохуягт бригад, мотобуудлагын 24
дүгээр хороо, их бууны 175 дугаар хороо болон бусад олон анги онцгой
сайн байлдаж шалгарсан билээ. Монголын ардын армийн 6, 8 дугаар дивиз,
хилийн 7 дугаар застав БНМАУ-ын байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор
шагнагдсан байна.
Халхын голын байлдааны үйл явц улирах
он цагийн эрхээр түүхийн хувьд биднээс алслан холдох тутам энэхүү түүхт
ялалтын ач холбогдол улам бүр тодорсоор байх болно.
Халхын голын ялалт Монгол Улсын төрийн
тусгаар тогтнолыг улам бэхжүүлж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг
хамгаалан бататгаж, Монгол Улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд өндөрт
өргөсөн юм. Халхын голын байлдааны ялалт нь Алс дорнодод гамшигт дайны
аюулыг хазаарлан зогсоож, дэлхийн дайны галыг Евроазийн эх газарт хоёр
талаас зэрэг ноцоох гэсэн фашист эвслийн түрэмгий төлөвлөгөөг
тасалдуулахад хүргэсэн билээ. Эдүгээ Халхын голын дайнд оролцсон талууд
бүх нийтийн энх тайван, бие биенийхээ хөгжил, дэвшлийн төлөө жилээс
жилд улам бүр ойртон нягтарч, найрамдалт харилцаа, хамтын ажиллагааныхаа
гэрэлт ирээдүйг хамтын хүчээр цогцлоохын төлөө дэлхий дахинд болон бүс
нутгийн хэмжээнд олон талт идэвхтэй хамтын үйл ажиллагаа явуулж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4750
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих