УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ярилцлаа.
-БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад төрийн айлчлал хийгээд буцлаа. Айлчлалд ямар дүн тавьж байна. Си Зиньпиний өмнөх айлчлалын үеэр та УИХ-ын дарга байсан байх аа?
-Энэ айлчлалд сэтгэл хангалуун байна. Өөрөөр хэлбэл, Си Зиньпин БНХАУ-ын дэд дарга байх үедээ 2008 оны зургадугаар сард Монголд айлчилж байсан. Тухайн үед Монголд сонгууль явагдаж байсан юм. Тэр үед миний бие УИХ-ын дарга байсны хувьд Си Зиньпин даргатай уулзаж байсан. Хоёр улсын харилцаа, тэр дундаа 1994 оны найрамдал хамтын ажиллагааны гэрээний дагуу Стратегийн түншлэлийн харилцааг цаашид өргөжүүлэх асуудлаар санал бодлоо солилцож байв. Ер нь шинэ зууны Хятадын бодлогыг Си Зиньпин дарга сайн танилцуулж, ярьсан гэж болно. Энэ олон жилийн хүч хөдөлмөрийн хүч нөлөө энэ айлчлалын үр дүн болж гарлаа гэж ойлгож байна.
-Манай хоёр улсын харилцаа 1990 оноос эрчимтэй сэргэсэн гэдэг?
-1990-ээд оноос хойш хоёр улсын харилцаа нэлээд эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа, харилцан төрийн дээд хэмжээний айлчлалууд удаа дараа хийсэн. 1994 онд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын айлчлалын үед Монгол Улс БНХАУ-ын хоорондын найрамдал хамтын ажиллагааны суурь гэрээг шинэчлэн байгуулсан. Одоо энэ гэрээгээр явж байгаа. 1960 онд байгуулсан гэрээний дараа дээрх гэрээг байгуулсан юм. Энэ гэрээнд бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хилийн халдашгүй дархан байдлыг хүндэтгэсэн сайн хөршийн харилцааг хөгжүүлэх суурь зарчмууд тодорхойлогдсон. Харин Си Зиньпин дарга айлчлалынхаа үеэр хэлсэн үг болоод хоёр Ерөнхийлөгчийн гаргасан мэдэгдэлд энэ бүхэн тусгалаа олсон байна. Ер нь тэрээр БНХАУ-ын дэд дарга байхдаа хийсэн анхны айлчлалаа Монгол Улсаас эхэлж байсан. Энэ айлчлалын нэг бодит үр дүн бол Монгол Хятадын харилцаа тэр дундаа манай улсын Ази Номхон далайн бүс дэх орон зайг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой транзит тээврийн асуудлыг шийдвэрлэсэн явдал байлаа. Үүнийг олон жил ярьж, тал талаасаа хүчин чармайлт тавьж ирсэн. Энэ удаа хууль, эрх зүйн хувьд үндсэндээ биелэлээ олж чадлаа.
-Бидний байгуулсан гэрээ хэлэлцээр бодит үйл хэрэг болоход бас ч хугацаа шаардлагатай байх?
-Үүнийг амьдрал дээр хэрэгжүүлэх асуудал мөн их хүчин чармайлтыг шаардана даа. "Ялтан солилцох гэрээ”-ний асуудлыг хэлэх хэрэгтэй. Монгол Улс хэдийгээр цөөхөн хүн амтай. Хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг болоод байгаа хар тамхи, мансууруулах бодистой хийх тэмцэл дэлхийн аль ч өнцөг булан бүрт хүчтэй байгаа. Гэхдээ Монголын хувьд өөрийнхөө улсын иргэдийг нутаг дэвсгэр дээрээ ялыг нь эдлүүлэх асуудлыг ярьсаар ирсэн. Харин хөнгөлөх, чөлөөлөх асуудал бол хоёр улсын гэрээ хэлэлцээрээр тавьж байгаа шаардлагын дагуу нарийн шалгуурууд тавигддаг учраас бид энэхүү асуудлыг шийдэхэд хүнд бэрх гэдгийг нь ойлгож байгаа. Энэ мэт олон чухал шийдвэрийг гаргасан айлчлал болж байна гэж үзэж байна. Ер нь хөршөө сонгодоггүй гэж нэг үг бий. Монгол Улсын хувьд хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцах хэрэгтэй. Цаашдаа дэлхийн бусад орнуудтай тэнцвэртэй харилцах тэр дундаа уламжлалт харилцаатай Энэтхэг зэрэг Азийн орнуудтай шүү. . Сүүлийн үед үйл ажиллагаа нь идэвхтэй болж байгаа БНСУ, Япон цаашлаад Европын холбоо, АНУ, ХБНГУ зэрэг гол гол түнш орнуудтай стратегийн түншлэлийн хүрээнд алс ирээдүйг бодсон хамтын ажиллагааг дэлхийн хамтын нөхөрлөлийн өнөр гэр бүлд багтаж байгаа учраас Монгол Улс харилцах нь зүйтэй. Мэдээж хоёр хөрштэйгөө стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд харилцах хэрэгтэй. Дээр нь бусад улсуудтай ийнхүү харилцах гадаад бодлогын залгамж чанар үргэлжилж байна гэж миний хувьд ойлгож байна.
-Удахгүй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин айлчлах гэж байна. Монголчуудын орос ах нарт илүү итгэдэг нь нууц биш. Айлчлал аль аль талаасаа ач холбогдол ихтэй байх?
- В.Путин урьд нь манайд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа хувиар айлчилж байсан. Манай хоёр улсын харилцаанд мэдээж ах дүүгийн найрамдал харилцаа байсан бол 1990-ээд оноос хойш сайн хөршийн тал бүрийн хамтын ажиллагааны шинэ зарчмууд орж ирсэн шүү дээ. Ингээд удаа дараагийн айлчлалын үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр их өрийг шийдвэрлэх зарчмыг Улаанбаатар хотод ярилцсан.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа их өрийн асуудлыг шийдсэн. Та энэ түүхэн шийдвэрийг гаргах багт багтаж байсан билүү?
-Тийм ээ. Ерөнхий сайд Н.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д айлчлах үеэр их өрийн асуудлыг шийдвэрлэх түүхэн баримт бичгүүд гарсан даа. Миний бие тэр айлчлалын бүрэлдэнүүнд явж байлаа. Их өр тэглэсэн түүхэн үйл явдалд оролцсондоо баярлаж явдаг шүү. Өмнө нь ах дүүгийн найрамдалт гэж байх үед байсан өрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл олон удаа хэлэлцсэн юмдаг. Энэ бол хууль тогтоох байгууллага, Ерөнхийлөгч болон Засгийн газрын хамтын ажиллагааны үр дүн, олон жилийн ажиллагааны хүчин чармайлт гэдгийг онцлон хэлэх ёстой.
- Хоёр улсын найрамдалт хамтын ажиллагааны суурь гэрээ байгуулагдаад 20 жил болж байна. Гэхдээ бидний нөхөрлөл өнө мөнх оршино гэдэгт монголчууд итгэдэг?
-1993 оны нэгдүгээр сард ОХУ-д Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат тэргүүтэй төлөөлөгчид айлчилсан. Айлчлалын бүрэлдэхүүнд миний бие мөн багтаж байсан. Энэ үеэр Монгол-ОХУ-ын хооронд найрамдалын хамтын ажиллагааны суурь гэрээг байгуулсан. Харин 1994 онд БНХАУ-тай найрамдал хамтын ажиллагааны суурь гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээ байгуулагдаад 20 жил болж байна. Хорин жилийн үр дүн болж саяын айлчлалын үеэр гарсан, шийдсэн асуудлууд нь бас нэг үр дүн болж байгаа гэдгийг хэлмээр байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр олон чухал тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэж байна.
-Манай хоёр улсын хувьд татварын асуудалд нэг шийдэлд хүрэх ёстой гэж судлаачил хэлэх юм билээ?
-Гаалийн татвар, худалдааны татваруурын асуудал бидний хооронд яригддаг гол асуудал. Өмнө нь энэ салбараар хамтран ажиллаж ирсэн үү гэвэл тийм. Гэвч сүүлийн үед татварын зөрүүтэй бодлогоос хамаараад төдийлөн гүнзгий хамтарч ажиллаж чадахгүй байна. Үүнийг нааштайгаар шийдэх байх. Түүнээс гадна манайх газрын тосны бүтээгдэхүүнийг ОХУ-аас авдаг. Энэ салбарт ч гэсэн ахиц дэвшил гарч эхэлж байгаа. Цаашдаа нөхцөл байдал улам сайжрах байх гэж итгэж байна. Хамгийн гол нь ОХУ, Хятад улсын хооронд дэд бүтэц, авто зам, төмөр зам, байгалийн болон химийн хийн хоолойны асуудал гол сэдэв учраас гурван улсын хоорондын харилцаа сайн байж харилцан ашигтай байх ёстой. Улс төр, хүмүүнлэг хоорондын харилцаа, уламжлалт харилцаа маань үеийн үед цэцэглэн хөгжих нь дамжиггүй гэдэгт монголчууд бид эргэлздэггүй. Тухайлбал, дайны цагт нэгэн эковажид энхийн цагт нэгэн бригадад гэсэн уриатай явж байсан ард түмэн шүү дээ. Одоо ч гэсэн хамтын ажиллагаа маань шинэ давалгаа, шинэ зарчмаар баяжин хөгжиж байна.
ЗУУНЫ МЭДЭЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих