ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины манай улсад хийх айлчлал энэ сарын 3-наас эхэлнэ. Оросын их удирдагчийн энэ удаагийн айлчлал төрийн айлчлал биш зөвхөн ажлын айлчлал байх юм. Тодруулбал, Халх голын 75 жилийн ойн баяр наадмыг далимдуулан ирэхдээ зарим нэг асуудлаар харилцан тохиролцох ажил хэргийн айлчлал гэдгийг холбогдох албаныхан хэлж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр манайх оросуудтай төмөр зам, эдийн засаг, худалдаа болоод харилцан визгүй болох талаар ярихаар зэхсэн сурагтай. Орос-Монгол хоёр 1949 онд байгуулсан "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн гэрээг өөрчилж шинэчлэх гэнэ. Ялангуяа, Улаанбаатар төмөр замыг хэрхэн хөгжүүлэх, яаж ашигтай ажиллуулах вэ гэдгийг түлхүү ярих тухай дуулдав. Мэдээж үүнийг дагаад хос зам, төмөр зам дагасан цахилгаанжуулалтын талаар ярилцахаар товложээ. Түүнээс гадна транзит тээврийн талаар нэгдсэн байр суурьтай болж, худалдааны зах зээлээ өргөжүүлэх талаар ярина. Худалдааны зах зээлээс манайх жилдээ 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай ажилладаг гэнэ. Энэ алдагдлаа багасгаж хөдөө аж ахуй тэр дундаа мах, махан бүтээгдэхүүнийг Орост нийлүүлж байхыг хүсэх юм байна. Үүний тулд Орос-Монголын хамтарсан лаборатори байгуулан махаа шинжлээд шаардлага хангасан бүтээгдэхүүнээ Орост нийлүүлнэ. Оросууд манай малын махыг элдэв өвчтэй байх гээд авдаггүй учраас хамтарсан лаборатори байгуулан энэ асуудлыг шийдэхээр төлөвлөжээ. В.Путины айлчлал нэг өдөр л үргэлжлэх бөгөөд түүнийг дагаж 4-5 сайд ирэхээс гадна Орос-Монголын хамтарсан үйлдвэрүүдийн захирлууд ирж бодит байдалтай танилцах юм.
Д.БОЛОР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих