Н.МӨНХЖИН
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой ярилцахдаа гал зогсоох талаар тохиролцсон хэмээн мэдээлж байсан. Гэвч тэд гал зогсоох талаар тохиролцоогүй, харин гал зогсоох нөхцлийн талаар хэлэлцсэн байна. В.Путин Украины хямралыг зохицуулах өөрийн төлөвлөгөөг танилцуулсан аж. Кремлийн тэргүүн Монголд айлчлахаар нисч явахдаа Украины хямралыг зохицуулах төлөвлөгөөгөө боловсруулж дуусчээ. "Энэ төлөвлөгөөг дагаж биелүүлэх ёстой. Юуны түрүүнд салан тусгаарлагчид давшилтаа зогсоо. Мөн Украины цэрэг тосгон суурин руу буудах боломжгүй зайд ухрах ёстой” хэмээн В.Путин мэдэгдлээ. Ингээд Украины хямралыг зохицуулах Путиний төлөвлөгөөг танилцуулъя.
Украины зүүн өмнөд нутаг дахь байдлыг тогтворжуулж, цус асгаралтыг зогсоохын тулд сөргөлдөгч талууд даруй тохиролцож, дараахь арга хэмжээг авах хэрэгтэй хэмээжээ.
1. Украины зүүн өмнөд нутаг дахь босогчид, зэвсэгт бүлэглэлүүд Донецк болон Луганскийн чиглэлд давшилт, хөдөлгөөнөө зогсоох.
2. Украины хүчний байгууллагын зэвсэгт анги нэгтгэлүүдийг хүн ам суурьшсан бүс рүү буудах боломжгүй зайд эргүүлэн татах.
3. Гал зогсоох нөхцөлийг дагаж мөрдөхийн тулд олон улсын бүрэн хяналтыг хэрэгжүүлэх. Ийм замаар бий болгосон аюулгүйн бүсэд мониторинг хийх.
4. Мөргөлдөөний бүс дэхь тосгон суурин, энгийн иргэдийн эсрэг байлдааны нисэх хүчин ашиглахгүй байх.
5. "Бүгдийг бүгдээр” дүрмээр хүчээр саатуулан барьж буй хүмүүсийг ямар нэг урьдчилсан болзолгүйгээр солилцох.
6. Дүрвэгсдийн шилжилт, хөдөлгөөнд зориулж хүмүүнлэгийн зам нээж, Донбасс, Донецк, Луганск мужийн хот, хүн ам суурьшсан бүсэд хүмүүнлэгийн тусламж хүргэх.
7. Бөмбөгдөлтөд өртсөн Донбассын тосгон суурин руу засварын бригад илгээж, амьдралд хэрэгцээтэй, эвдэрсэн дэд бүтцийн байгууламжуудыг сэргээн засварлаж, тэднийг өвөлд бэлдэхэд нь туслах.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих