Цэргийн түүх судлаач, эрдэмтдийн үзэж байгаагаар Халхголын дайн 1939.05.11-нд Монголын зүүн хилийн дагуух 20 орчим км өргөн зурвас газраар японы 6-р армийн анги нэгтгэлүүд БНМАУ-ын дархан хилд гэнэт халдан довтолсноор эхэлжээ. Энэхүү байлдаанд хоёр «талаас 1000 гаруй нисэх онгоц, 600 гаруй их буу, минемет, 200,0 орчим цэрэг, 1000 орчим танк, хуягт оролцож, байлдааны ажиллагаа 4 сар шахам үргэлжилсний 2 сар нь жинхэнэ цус асгаруулсан тулаан байсан байна.
Японы цэрэг 1931 оны 9 сард Мүгдэн хотыг довтолж, 1932 оны 1 сард Манжуурыг эзлэв. Мөн оны 9 сард Манж чин улсын сүүлчийн эзэн хаан Пу И-г залж Манжго улс гээчийг байгуулснаа зарлаж, өвөрлөгчийн Хөлөнбуйр, Жирэм, Зост, Зуу-Үд зэрэг чуулган /аймаг/-ыг эзлэн авч, Автономит Монгол улс гэгчийг Манжго улсын бүрэлдэхүүнд байгуулснаа зарлаж, Японы цэргийн хүчийг нутаг дэвсгэртээ байрлуулах тухай цэргийн холбооны гэрээ байгуулж, Квантуны армийн командлагчийг Манж го дахь элчин сайдаар томилов. Зүүн хойт Хятадыг эзлэн авсан Японы цэргүүд 1934 оны эцэс 1935 оны эхээр БНМАУ-ын дорнот хилд тулж ирэн, хилийн дагуу цэргийн хүч хуримтлуулах, засмал зам, төмөр зам, холбооны шугам тавьж, нисэх онгоцны буудал, цэргийн бэхлэлт барьж байгуулж эхлэв.
Манай улсын Дорнот хил дээр дайны хярвас ханхалсан ээдрээ түгшүүртэй хэцүү үеүдэд П.Гэндэн тэргүүтэй Монголын төлөөлөгчид Зөвлөлт засгийн газрын урилгаар 1934 оны 10 сар, 1935 оны 12 сард хоёр ч удаа Москвад айлчилж гэрээ хэлцэл хийсний дүнд 1936 оны 3-р сарын 12-нд БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд "Монгол Зөвлөлтийн харилцан туслалцах протокол"-д Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Тус протоколоор "БНМАУ ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот улсыг ямар нэгэн гуравдугаар этгээд халдан довтолбол бие биедээ тусламж үзүүлнэ" хэмээн өмнө нь тохирсон аман хэлцлийг хүчин төгөлдөр баримт бичиг болгож, манай улсыг ОУ-ын харилцааны эрх зүйн субьект гэдгийг сануулснаараа чухал үйл явдал болсон юм. Энэхүү үйл явдлаас хойш 75 жил өнгөрч байгаа ч өнөө хэр түүхэн ач холбогдлоо алдаагүй байгаа билээ.
1936 оны 3 сарын 01-нд И.Сталин АНУ-ын "Скриппс-говард ньюспейперс" сонины нэгдлийн дарга Рой Говардтай хийсэн ярилцлагадаа "Хэрэв Япон БНМАУ-ын тусгаар тогтнолд халдан довтлох аваас бид БНМАУ-д туслах болно. Бид БНМАУ-д 1921 онд тусалсан шигээ тусална" гэж мэдэгджээ. Ийнхүү 'БНМАУ-ын ЗГ-ын хүсэлтийн дагуу Зөвлөлтийн цэргийн! анги, нэгтгэлүүд Монголын нутагт ирж, тус улын дорнот хэсэгт байрлав. Монгол-Зөвлөлтийн цэргийн анги нэтгэлүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулан командлагчаар нь Г.К.Жуков /1896-1974/-ыг томилжээ. Энэ үед бүх цэргийн жанжны орлогчоор корпусын комиссар Ж.Лхагвасүрэнг /1912-1982/ тохоон томилсон байна. 1936 онд батлан хамгаалах зардлыг 2 дахин, цэргийн тоог 30,0 хувь, зэвсэг техникийн хангамжийг 40,0 хувь нэмэгдүүлж, цэргийн алба хаах хугацааг 2 жил байсныг 3 жил болгов.
Монгол Зөвлөлтийн цэргийн ангиуд манай нутагт цөмрөн орж ирсэн Квантуны армийн анги нэгтгэлүүдийг нэгэн зэрэг хэсэглэн бүслэн авч хүчийг сарниулах тактик хэрэглэсэн нь амжилтад хүрч Японы 25 мянган цэрэг дайны талбарт амь үрэгдэж, манай талаас 9824 хүн үрэгдэж шархтжээ. Японы "Асахи" сонины 1939.10.04-ний дугаарт "Болж өнгөрсөн үйл явдал нь цар хүрээ, хүнд ноцтойн хувьд нэг өдөр ярьж барахгүй тийм өргөн агуулгатай ажээ. Монголын талд манай цэргийн хүүр багширч үлджээ.......Номун хааны районд олж авсан сургамжаа бид хатуу санаж байх хэрэгтэй" пж бичиж байсан байна. Халхголын дайнд оролцсон ахмадуудын дурсамжинд агаарын тулааны үед нар харагдахгүй болж байсан тухай яриа нь тийм ч ор үндэсгүй зүйл биш бололтой.
Зөвхөн 1939.06.27-нд Тамсагт байрласан манай нисэх баазыг Японы 24 хүнд бөмбөгдөгч, 6 хөнгөн бөмбөгдөгч, 77 сөнөөгч нийт 107 онгоцоор довтолсон байна. Халхголын энэ дайнд Японы тал 660 онгоц, Зөвлөлт-Монголын тал 204 онгоцоо алджээ. Зуу зуугаараа нисэж яваа онгоц байтугай, арав хориороо цуваад явж байгаа машин хараагүй Монголчуудын хувьд энэ агаарын тулалдаан үнэхээр сүрдмээр гайхмаар байсан нь хэнд ч ойлгомтой. Ийнхүү Монгол Зөвлөлтийн арми манай хилд шургалан орсон дайсныг бут цохиж, үлдэгдэл хэсгийг нь хөөн хилийн дээс давуулснаар Халхголын дайн дуусгавар болж Япончууд 1939 оны 9-р сарын 16-нд бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар төгсгөл болсон түүхтэй. 1911 онд Богдын Засгийн газар, 1921 онд Ардын засгийн газраас дэлхийн нөлөө бүхий гүрэн АНУ, Англи, Япон, Франц зэрэг орнуудад тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэж элч томилж, цахилгаан илгээж, дипломат харилцаа тогтоох талаар санал тавьж байсан ч хариу ирүүлж байсан нь нэгээхэн ч үгүй билээ. Харин Англи 1963, Франц 1965, Япон 1972, ХБНГУ 1974, АНУ 1987 онуудад тус тус манай оронтой дипломат харилцаа тогтоосон байна. Жижиг буурай улсын зовлон ийм байдаг ажгуу. Улс эх орныхоо тусгаар тогтнолын төлөө үхээгүй амь, урсаагүй цус, асгараагүй хөлс гэж байдаггүйг дэлхийн түүх гэрчилнэ. Ийм болохоор тусгаар тогтнолоо аварч үлдсэн өвөг дээдэстээ бид хүндэтгэлтэй хандаж, авах гээхийн ухаанаар дүгнэж цэгнэж явах учиртай.
МУ-ын тусгаар тогтнолын тухай ярих бүрт бидний бор тархин дахь санах байгууламж Манжийн дарлалын эсрэг 1755-1758 онд баруун зүүн Монголын ард түмний зэвсэгт тэмцлийг манлайлан тэмцэж явсан Ойрадын Амарсанаа, Хотгойдын Чингүнжав, 1911 оны Үндэсний эрх чөлөөний болон 1921 оны ардын хувьсгалыг удирдаж ялалтанд хүргэсэн баатарлаг хүмүүсийн тухай аяндаа дурсаад эхэлдэг нь нэг л учиртай болов уу?. За тэгээд 1924.11.27-нд БНМАУ-ын анхны "Үндсэн хууль"-ийг батлалцаж, тусгаар тогтнолоо тунхаглаж байсан төлөөлөгчид, 1945.10.02-нд эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх "Бүх ард түмний санал асуулга"-д оролцож, хурууныхаа хээг дарж буй сонгогчид, 1967.11.27-нд НҮБ-ын нэр хүндтэй индэр дээрээс МУ-аа төлөөлөн үг хэлж буй Д.Цэвэгмид гуайн дүр, 1990 оны ардчилсан хувьсгалын жагсаал, цуглааны дүрс бичлэг ар араасаа цувраад, хөврөөд гараад ирэх жишээтэй. Мартаж болдоггүй юм гэж байдаг ажээ.
М.ДАЛАЙХҮҮ /ДОРНОД/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5035
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих