Дорнод аймгийн АН- үүсээд байгаа асуудлын талаар олон нийтэд мэдээлэл өгөх үүднээс
аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэгтэй ярилцлаа.
- Дорнод аймгийн Ардчилсан Намын дотор үүсээд байгаа асуудлаас яриагаа эхлэх үү?
- Д.Ц: Ардчилсан Намын дүрмийн дагуу бол намын дотор ямар ч асуудал үүсээгүй. Хуучин албан тушаалаа ямар ч аргаар хамаагүй эргүүлэн авахыг санаархсан өс хонзон өвөрлөж ирсэн хэсэг нөхөд намын албан ёсны удирдлага сонгогдсон цагаас эхлэн намын байрны хаалга үүд эвдлэн ашиглагдахаа больсон хүчингүй тамга тэмдэг хулгайлан, намын өмч хөрөнгөнд удаа дараа халдсан үйлдэл гаргасаар ирсэн. Энэ үйлдэл нь маш олон удаа давтагдсан. Хамгийн сүүлд 8-р сарын 19-ны 23 цагийн үед Ардчилсан намын байрыг ажлын бус цагаар хулгайн аргаар, хүчээр эзлэн авсан явдал гарсан. Бид хулгайчтай хуулийн хэлээр ярих ёстой гэсэн байр суурин дээр хүлээцтэй, тэвчээртэй хандсаар бараг 20 хонож байна
- Та бүхэн цагдаа хуулийн байгууллагад хандаагүй юм уу?
- Д.Ц: Хандалгүй яахав. Байгууллагын эд хөрөнгөнд халдсан, хуулиар хамгаалагдсан халдашгүй байдлыг зөрчсөн эрүүгийн шинжтэй үйлдлийг шалгаж таслан зогсоох хүсэлтээ хуулийн байгууллагад удаа дараа гаргасан. Харин намын дотоод асуудалд цагдаагийн байгууллагыг татан оролцуулах, үүндээ цагдаа, хуулийн байгууллагын албан хаагчдыг ашиглах гэж оролдох нь өөрөө хууль зөрчсөн хэрэг болно. Цагдаа хуулийнхан ч намын дотоод асуудалд хутгалдан оролцох эрхгүй. Товчхондоо бид цагдаа, хуулийн байгууллагын алба хаагчдыг хууль дүрмээ судлан ойлгож, хүндэтгэн хэрэгжүүлэхийг тэвчээртэй хүлээж байна гэх үү дээ.
- Цагдаа, хуулийн байгууллага та бүхэнд тэгээд ямар хариу өгч байх юм?
Д.Ц:Харамсалтай нь манай цагдаа хуулийн байгууллагууд улстөрийн намын үйл ажиллагаа, тэнд үйлчлэх ёстой хууль эрх зүйн орчны талаар наад захын ойлголтгүй, улстөрийн намыг зүгээр нэг компани юмуу, төрийн бус байгууллагатай ижил зиндаанд тавьж ойлгодог нь тодорхой болж байна. Намын дарга чинь хэн болохыг тодруулна, лавлана гэх зүйл ярьсан. Энэ нь Улстөрийн намын тухай Монгол Улсын хуулиар тусгайлан зохицуулагддаг асуудал. Намын дарга хэн нь болохыг Цагдаагийн байгууллага тодруулдаггүй. Хууль зүйн сайдаа хэн байхыг Цагдаагийн хурандаа нар "шийдэх” гэж хөглөдөг шигээ санаад байх шиг. Улстөрийн намын дотоод асуудалд хутгалдан оролцох бус харин эрүүгийн шинжтэй дээрэм булаалтын асуудал үүссэн бол тэр л хүрээнд нь, тэр эрүүгийн шинжтэй үйлдэл хийсэн хүмүүстэйгээ л ажиллах ёстой. Тэгж ч ажиллах болов уу гэж харж байна.
Намын байранд дайран орж хууль дүрмийг зөрчөөд байгаа тэр хүмүүс чинь хэн хэн юм? Ингэж асуудлыг хурцатгах ямар хэрэг тэдэнд байгаа юм бол?
- Ардчилсан Намын дүрмийн дагуу Хяналтын ерөнхий хороогоор хэлэлцэгдэн улстөрийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байх сахилгын шийтгэл хүлээсэн Г.Болдбаатар, намаас хасагдсан Ц.Хаснаа мэтийн хэдхэн хүн л яарч давчдаад энэ мэт үйлдэл хийгээд байна. Эдний эдэлж байгаа эрх ямба, эзэлчихээд байгаа албан тушаал зэрэг нь үндэс язгуургүй, эх сурвалжгүй болчихоод байгаа хэрэг. Эрх мэдэлд хүргэсэн намынхаа эсрэг ажиллана, итгэж сонгосон олон түмнээ хулхидна, эсрэг намтайгаа хуйвалдана, эрх ашгийхаа төлөө бол хэнийг ч луйвардана. Ийм болохоор иргэдийнхээ өмнөөс эгц харах нүүргүй болчихоод ардчилсан намын байранд нуугдаж намын баг өмсөж олон түмнийг дахин нэг хуурах санаатай байгаа нь энэ юм болов уу гэж харж байна. Улстөрийн нам бол эрх мэдэл, эд хөрөнгөнд шунагсадын оромж биш. Mиний бие Дорнод аймгийн Ардчилсан Намын дарга хэвээрээ байгаа. Дорнод аймгийн Ардчилсан Намыг Г.Болдбаатар мэтийн эрүүгийн элементүүдийн тоглоом болгохгүй гэдгээ ч хэлчихье. Намын ажил намынхаараа, Засгийн ажил засгийнхаараа л байх учиртай.
-Эцэст нь асуухад АН-д үүсээд байгаа асуудал нэг мөр болох уу?
- Монголд хууль үйлчилдэг л юм бол болох л ёстой.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих