Дорнод аймаг Хэрлэн сум Дорнод аймгийн Засаг Дарга С.Ганбат, Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөр нараас жирийн ард иргэдийн эх нутагтаа хүссэн газраа оршин суух, аж ахуй эрхлэх эрх чөлөөний эсрэг хавчин хязгаарлах, шахан зайлуулах бодлого агуулсан хууль бус шийдвэрүүд гаргаж түүнийгээ цагдаагийн оролцоотой хүч түрэмгийлэн гүйцэтгэж байгааг Дорнод аймгийн Ардчилсан Нам шийдвэртэй эсэргүүцэн буруутгаж байна. С.Ганбат, М.Бадамсүрэн, П.Мөнхтөр нарын гаргаж буй хууль бус шийдвэрүүд нь Ардчилсан нам, Ардчилсан Намын байгуулсан Засгийн газрын бодлого шийдвэрүүдтэй огт хамааралгүй бөгөөд улс төрийн туршлагатай хүчин болох МАН-ын бодлого ч биш байх гэж найдаж байна. Харин Ардчилсан намын нэрийг барьж орон нутгийн удирдлагын эрх мэдлийг хууль бусаар гартаа авсан хэсэг бүлэг ”ОЛИГАРХИ”-уудын амин хувиа хичээсэн, ард иргэдээ ялгаварлан гадуурхсан, өөрсдийнхөө ашиг орлогыг нэмэгдүүлэх гэсэн эрээ цээргүй үйлдлийн илрэл мөн гэж үзэж байна. Мотоцикльтой иргэдийг цагдаагийн хүчээр дарамтлуулан амжиргаагаа залгуулах орлогыг нь тасалдуулсан, мал бүхий иргэдийг Хэрлэн сумаас хөөн зайлуулахаар дарамтлан үүндээ цагдаагийн байгууллагыг ашиглан үүрэг даалгавар өгч, хуулиар хамгаалагдсан хувийн өмчид бүдүүлгээр халдан хүч хэрэглэн хураан авч амьдрал ахуйгаа бие даан авч явах боломжийг хаан боогдуулж иргэдээ ялгаварлан гадуурхаж байгаа энэхүү харгис шийдвэрүүдийг хүчингүй болгуулахын төлөө Дорнод аймгийн Ардчилсан нам боломжтой бүхнийг хийх болно. Дорнод аймгийн эрх баригчдын хийж буй алхам, гаргаж буй шийдвэрүүдийг бид анхааралтай ажиглан зохих дүгнэлт хийж байгаа бөгөөд ард иргэдийн язгуур эрх ашгийг хөндсөн алхам бүхэнд иргэдийнхээ хамт зохих ёсны хариу барьж хатуу эсэргүүцэн зогсох болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна. ДОРНОД АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих