Ерөнхий сайд Н.Алтанхуягийг өнгөрсөн хугацаанд "Эзэн 100” хөтөлбөр
болон эдийн засгийн уналт доройтолтой хамаатуулж юм л болвол суудлаас нь
авч хаях тухай дээр дооргүй ярьдаг байлаа. Харин мань хүн энэ байдлыг
нэг л далайлтаар ор, мөргүй арчиж хаясан гэж хэлж болно. Тэр нь Ерөнхий
сайд Н.Алтанхуяг сайд телевизээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэн
завсараа эвлэгхэн гэгч нь хавчуулж хэлсэн Засагт бүтцийн өөрчлөлт хийх
тухай үг юм. Үүнээс хойш хэн ч Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас авч хаях
тухай ярихаа больсон бөгөөд зөвхөн хэдэн сайд нарын байр суурь, халаа
сэлгээн дээр л анхаарал хандуулах болов.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
саявтархан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ер нь, сэлгээ хийх, тодорхой
хүмүүстэйгээ хариуцлага тооцох, бүтэц, бүрэлдэхүүнээ оновчтой болгох
зэрэг асуудлыг Ерөнхий сайд гартаа авах хэрэгтэй. Энэ тухай би түүнд
өмнө нь зөвлөж байсан. Хэн нэгэн сайдыг огцруулна, тэгнэ, ингэнэ гэж
бусад нь ярьж явдаггүй. Ердөө Ерөнхий сайд санаачлагыг гартаа авчих. Тэр
нь зөв гэж. Өнөөдөр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд сэлгээ хийж,
зардал хэмнэх, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний давхардсан байдлыг
арилгах асуудал л бий. Үүнийг цэгцэлнэ гэдгээ Ерөнхий сайд зарлалаа.
Энэ бол сайн зүйл” хэмээн Ерөнхий сайдын мэдэгдлийг сайшааж буйгаа
илэрхийлжээ.
Хэвлэлүүдээр бичиж буй баттай бус эх сурвалжийн
мэдээллээр 16 яамыг ес болгон өөрчлөх тухай яриа бий. Тухайлбал, сайд
нарын халаа сэлгээ, бүтцийн өөрчлөлтөд өртөх засгийн бүрэлдэхүүнд Эдийн
засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Эрчим хүчний яам, Зам тээврийн яам,
Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын яам, Хөдөлмөрийн яам, Уул уурхайн
яам, Эрүүл мэндийн яам, ССАЖЯ багтаж буй.
Харин баттай эх
сурвалжийн мэдээллээр яамдыг тоог ийм олноор нь цөөлөхгүй бөгөөд юун
түрүүнд дөрвөн яамны хувь заяаг нэг тийш болгох бололтой . Ерөнхий сайд
Н.Алтанхуяг Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхайн
яам, Сангийн яам зэрэг яамдуудыг анхааралдаа аваад байгаа аж. Энэ дагуу
бол Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай нэгтгэх бөгөөд Эрчим
хүчний яамыг Уул уурхайн яамтай нэгтгэж таарах байх. Яам толгойлсон сайд
нарын тухайд ч өөрчлөлт хийх яриа байна.
Түүнчлэн Эрүүл мэндийн
сайд Н.Удвал, Зам тээврийн сайд А.Гансүх, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл
тэргүүтэй бас бус сайд нарт ямар нэгэн хэмжээгээр шахалт үзүүлж магадгүй
гэнэ.
Улмаар дээр нэр дурдагдсан сайд нарын тухайд Ерөнхий
сайдын өмнө хэлэх үгтэй байхын тулд сүүлийн үед өөрсдийн хариуцсан
яамдын хийж хэрэгжүүлсэн ажлыг хэвлэлүүдээр магтуулах зэрэг ажлыг
эрчимтэй хийж байгаа нь ч нэгийг өгүүлнэ. Тухайлбал, Зам тээврийн сайд
А.Гансүх, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нар ойрын өдрүүдэд хэвлэл мэдээлэлтэй
шадарлах болсон нь үүнийг нотлох мэт.
Б.Боргил
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих