БНСУ-ын Инчон хотноо болж буй Азийн XVII наадмын шилдэг гурван сагсчны нэгээр манай улсын шигшээ багийн тоглогч Т.Санчир нэрлэгдээд байна. Тэрээр бүх л тоглолтын турш өөрийн багтаа ихэнх оноог авчирсан. Түүнийг эсрэг багийн тоглогчид тоглолтын турш байнга дагаж, хоёр гурваараа хамгаалалт тавьж байв.
Т.Санчирын хувьд хамгийн өндөр оноо авсан тамирчдын тоонд багтаж, шилдэг довтлогчоор нэрлэгджээ. Түүний нэг тоглолтын дундаж оноо 21.4 байна. Т.Санчирын довтолгоог зогсоохын тулд өрсөлдөгчид нь нийт 34 удаа алдаа гаргасан байна.
Монгол Улсын нэрийг ийн өндөрт өргөж яваа Т.Санчир нь 1989 онд төрсөн бөгөөд 40 дүгээр дунд сургуулийг төгсчээ. Энэ хугацаанд сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт тоглон, олон ч тэмцээн уралдаанаас медаль хүртэж байсан аж. Түүний өндөр 190 см. Тэрээр дунд сургуульд байхын л өндөр хүүхэд байсан бөгөөд арван жилээ төгссөнөөс хойш ердөө хоёр см нэмсэн гэдэг. Т.Санчир 2007 оноос лигт тоглож эхэлжээ. Тэрээр анх "Таван толгой транс” компанийн "Ёлууд” багт тоглож байгаад лигт орж, 2009 оноос улсын шигшээ багт тоглох болсон байна.
Т.Санчир хоёр жил дараалан "Үндэсний супер лиг”-ийн онооны лидерээр тодроод байгаа юм. Тэрээр 2011 онд ХҮДС-ийг Олон улсын худалдааны менежмент мэргэжлээр төгссөн, өдгөө "Төрийн банк”-д ажилладаг.
Түүний хувьд сагсан бөмбөг тоглохоос гадна чөлөөт бөхөөр хичээллэдэг байжээ. Одоо тэрээр ээж Тунгалагийн хамт амьдарч буй юм байна. Азийн наадмын тоглолтыг нь харсан гадны багийнхан түүнд өндөр үнэ хаяж багтаа авах яриа хүртэл гараад амжжээ.
МОНГОЛЧУУД САГСЫГ ОДОО Л ЖИНХЭНЭ УТГААР НЬ ТОГЛОЖ БАЙНА ГЭЖЭЭ
Манай сагсчдын хувьд зөвхөн оноо авчраад зогсохгүй самбараас бөмбөг авах, өрсөлдөгчийн бөмбөгийг таслах үзүүлэлтээрээ тэргүүлж байна. Нэг тоглолтод дунджаар 7.6 удаа самбараас бөмбөг авчээ.
Манай баг хэдийгээр эзэн орны багтай тоглож, хожигдол хүлээсэн ч гайхалтай тоглолтуудыг харуулж чадсан. Солонгосын багийн төсөөлж байгаагүй тоглолтыг тэдэнд барьж чадсан нь эзэн орныг гайхшруулаад байна. Тэд манай сагсчдыг "Өлсгөлөн бар” гэж хүртэл нэрлэжээ.
Солонгосын шигшээ багтай хийсэн тоглолтын дараа тус багийн дасгалжуулагч Монголын шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогтой уулзаад "Танай улсын сагсан бөмбөг өдөр, шөнө шиг ялгаатай болжээ. Хоёр жилийн өмнө л учраа олохгүй шахам байсан. Одоо бол сагсыг жинхэнэ утгаар нь тоглож байна. Богино хугацаанд маш том дэвшил гаргажээ, баяр хүргэе” гэж хэлсэн байна.
Сагсан бөмбөгийн хөгжил зогсонги байдалд орж, дөнгөж сэргэж байгаа манай улсын баг тамирчдын хувьд шигшээ наймд шалгарна гэдэг том амжилт юм. Үнэхээр ганц хоёрхон жилийн дотор сураггүй байсан манай сагсчид өнөөдөр Азийг шуугиулж байна. Түүнчлэн Азийн наадмыг сурвалжилж буй Европын хэвлэл мэдээллүүд ч Монголын тамирчдыг олзлох болжээ.
Монголын эрэгтэй сагсан бөмбөгчид Хятадын багтай тоглож 108:67 онооны харьцаатайгаар хожигдол хүлээсэн. Хятадын багийн хувьд чансаагаараа Азид нэгд бичигддэг. Нуруу өндөртэй тамирчидтай тус багтай тоглох манай сагсчдын хувьд амаргүй байв. Гэвч тэд чадах чинээгээрээ тоглосон, гайхалтай байлаа.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Эх сурвалж: www.medee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих