Монгол Улсын Ерөнхийлөгч маш зөв цагтаа, зөв хүмүүсээ өрөөндөө дуудаж үүрэгдлээ. Үүгээрээ тэрбээр "Давхар дээл”-ийг тайлах зорилго нь ажил хэрэг болоход хаанаа, хэрхэн саатаж буйг анхааралтай ажиглаж гарцаа мэдэж байсан гэдгээ харуулав. Тэрбээр өчигдөр УИХ дахь намын бүлгүүдийн дарга нарыг өрөөндөө дуудаж "УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр давхар томилдог явдлыг зогсоох хэрэгтэй. Ганцхан Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна. Энэ цаг мөчөөс эхлэн УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр давхар томилдог явдлыг зогсоох хэрэгтэй. УИХ дээр яригдаж байгаа үндсэн чиг үүргийн яамдыг УИХ-ын гишүүн толгойлж болно гэсэн асуудлыг би тийм байх шаардлагагүй гэж үзэж байна” гэв. Төрийн тэргүүн "Би шаардлагагүй гэж үзэж байна” гэсэн байхад УИХ дахь намын бүлгийн дарга нар яаж хүлээж авдгийг одоо харцгаая.
Ерөнхий сайд бол Ерөнхийлөгчид хуулийн дагуу зөвшилцөх бичгээ
явуулаад, байр сууриа нийтлэхээр нь түүнээс давж дахин байр сууриа
илэрхийлж "Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд асуудлыг шийднэ” гээд
мэдэгдчихэв. Бас "Энэ асуудлыг намар болтол бүү хөндөөч” гээд "түр
чөлөө” ч гэх юм уу, "тэнсэн” авчихсан юм билээ. Харин намар болоход
УИХ-аар уг хуулийн төсөл дэмжигдээгүйгээр болон өөрийнхөө бүрэн эрх
мэдлийн асуудал тэргүүтнээр аргацааж "Давхар дээлтнүүд”-ийг өмгөөлөх нь
зүйн хэрэг биш. Тэгээд ч "Ерөнхий сайд давхар дээлтэй байж болно” гээд
байхад илүүг хүсээд байгаа болохоор өөр ашиг сонирхол байгаа нь
харагдаж буй.
Ерөнхийлөгч энэ сарын 2-нд үүрэгдэхэд Ерөнхий сайд
3-нд "Хуулийн хүрээнд ажиллана. Өнөөдрийн мөрдөгдөж буй хуулиар
Засгийн газрын гишүүн хүн УИХ-ын гишүүнээр ажиллах боломжтой. УИХ-ын
гишүүн нь сайдаар ажиллах боломжтой” гэсэн юм. Энэ нь "Засгийн газрын
бүтцийг шийдсэний дараа томилогдох сайдууд давхар дээлтэй байх эсэх нь,
тодруулбал Ерөнхийлөгчийн үүрэг хамаагүй” гэсэн утгаар олон нийтэд
ойлгогдсон. Яг л "АТГ-тай тэмцэнэ” гэдэг шиг юм боллоо. Түүнээс биш
Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг рүү заагаад "Уучлаарай, найзууд аа” гээд
давхар дээлтэй сайдад зүтгэж буй фракциудын "дажин”-г эвтэйхэн даваад
гарах боломж байв.
Гэвч тэрбээр хүссэнгүй. Түүнд фракциуд,
гишүүдээс сонголтоо хийж, ойр тойрондоо "далдагнуулж” хэсэгхэн хугацаанд
ч гэсэн "үнэтэй хүн” байх чухал байсан бололтой. Эсвэл давхар дээлтэй
кандидатуудад барьцаалагдсан, бултах аргагүй "өртэй” нэгэн бололтой.
Тиймдээ ч энэ оны эхээр Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүний албыг
давхар хашихгүй байх хуулийн төслийг олонхоор "унагасан”-ы дараа Ерөнхий
сайд "Н.Алтанхуяг "Давхар дээл өмсөөд халууцахгүй. Дан дээл өмсөөд
жиндэхгүй. Би үнэндээ прагматик хүн. Өнөөдөр хүмүүст бензин шатахуун,
талх тариа, бүтээн байгуулалтын асуудал л чухал байгаа болохоос биш тэр
давхар байна уу, дан байна уу ард иргэдийн амьжиргаанд ерөөсөө нөлөөлөх
юм биш шүү дээ” гэв. Үүгээрээ Ерөнхийлөгчийн санаачилсан уг хуулийн
төслийг огт дэмжихгүй байгаагаа харуулсан.
Тэгэх тусам нь
Ерөнхийлөгч ард түмний олонхийн хүсэл зориг, эрх ашигт нийцсэн
тогтолцоог бий болгохын тулд шийдвэртэй алхмуудыг хийсээр байна.
Ямартай ч энэ удаад Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь Ерөнхийлөгчийн ухаан
сийлж дэмнэсэн энэ дэмийг үл хэрэгссэн. Эндээс "Ерөнхий сайд ба
Ерөнхийлөгч хооронд "асуудал” байна, үүргийг нь биелүүлэхгүй байж болно
гэдэг сайны тэмдэг биш, институци хоорондын зөрчил хурцадсаар байна”
гэсэн дүр зураг харагдсан юм.
Тиймээс ч Ерөнхийлөгч "Би
Н.Алтанхуягт хэлээд л байгаа. Хэн нэг сайдыг огцруулах эсэх, аль нэг
өндөр албан тушаалтантай хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын хэсэг гишүүн,
аль нэг намын бүлгээр шаардуулах хэрэггүй. Энэ асуудлыг шаардлагатай
бол Ерөнхий сайд л санаачлаад оруулах хэрэгтэй. Тэгвэл Ерөнхий сайд
хүчтэй харагдана. Монголын төрд үгүйлэгдээд байгаа хариуцлага гэдэг чинь
хэрэгжиж эхэлнэ.
Ажлаа хийж чадаж байгаа эсэхээ Ерөнхий сайд
өөрөө хамгийн сайн мэдэж байгаа. "За, би ч явахаа байлаа гэвэл өөрөө ч
асуудлаа УИХ-д оруулж болно. Би ийм ажлуудыг хийнэ, чадахгүй бол
огцорно. Тайван байцгаа, хамжиж энэ ажлыг хийнэ гээд л зүтгэчих ёстой”
гэхчлэн ярьсан нь асуудал биш гэж үү.
Үүний дараа Ерөнхийлөгч
"Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцээ УИХ-аар батлуулаад аваг.
Хүнээ ярьж эхлэхийн өмнө бусад субъектийг үүрэгдье” гэж шийджээ.
Үнэндээ анх удаа бүлэг толгойлж буй АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат
болон МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, "Шударга ёс” эвслийн бүлгийн
дарга Н.Батцэрэг Төрийн тэргүүний өгсөн үүргийг "ичих булчирхайгүй дайрч
буй” Н.Алтанхуягаас өөрөөр, эрүүлээр, хамгийн гол нь хүндэтгэлтэйгээр
хүлээн авах нь лавтай.
Ерөнхий сайд батлуулсан бүтэцдээ
тохируулан Засгийн газрын гишүүдийн нэрийг оруулж ирээд мөн л хуулийн
дагуу Ерөнхийлөгчид өргөн барина. Асуудлыг удаашруулахаас болгоомжлоод
Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлж УИХ дахь намын бүлгүүдийн дарга нарт
байр сууриа танилцууллаа. Тэрбээр "Шинэчлэгдсэн бүтцээр ажиллах гурван
яамны сайдаас гадна 13 яаманд ажиллах бүх сайд давхар дээлгүй ажиллах
ёстой гэсэн үүргийг өгч байгаа аж. Энэ нь Засгийн газрын шинэ сайд нарыг
төсөөлсөн "зургийг” нэлээд өөрчлөх нь лавтай. Гэхдээ ард түмэн үүнд
дуртай байгаа.
Төрийн тэргүүн хэлэхдээ "Зөвхөн Ерөнхий сайд
УИХ-ын гишүүн байна. Би ч Ерөнхий сайдаар өмнө нь ажиллаж байхдаа УИХ-ын
гишүүн биш байсан. Тэгж ажиллаж болдог. Бид өмнө нь явж байсан нөхцөл
байдлуудаа харж дүгнэж байгаад ерөнхий зарчим ярих ёстой. Манай зарим
дарга нар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Байгаа хуулиараа явна. Түүгээрээ
шийднэ” гэж байгаа. Бид одоо яг зарчмаа яриад энэ цаг мөчөөс эхэлж
хэрэгжүүлээд явъя. Ийм боломж байгаа. Энд бүрэн хаалттай юм уу, огт
болохгүй хуулиар хориглосон зүйл байхгүй. Бүлэг дээр хуулиудтай
холбоотой мэдээллээ хийгээд Засгийн газрын шинээр томилогдох гишүүн
УИХ-ын гишүүн биш байх талаар бүлгүүд өнөөдрийн дотор багтаж байр сууриа
илэрхийлээч гэсэн ийм хүсэлтийг би тавьж байгаа юм.
Та бүхэн
бүлгүүдээ хуралдуулж энэ асуудлыг яриагүй нь яриад илэрхийлэх хэрэгтэй.
Бүгдээрээ дахин дахин ярилцаад шийдье. Нэмж хэлэхэд шинээр томилогдох
сайд нар УИХ-ын гишүүн биш байх тухай асуудлаар надад УИХ-ын дарга,
Ерөнхий сайдтай ч ярьсан зүйл бий. Тийм учраас "Энэ бол Ерөнхий сайдын
эрх мэдлийн асуудал. Орж ирэхээр нь ярья” гэсэн янз бүрийн өнгөлөн
далдлалт хэрэггүй. Бүлгүүд үүн дээр албан ёсныхоо байр суурийг
илэрхийлээрэй. Бүлгүүд байр сууриа илэрхийлээд, Ерөнхийлөгч энэ талаар
ярьсан байхад Ерөнхий сайд ч шинээр оруулж ирэх Засгийн газрын гишүүдээ
уг бодлогод нийцүүлж оруулж ирэх чиглэлд ажиллах боломжтой” гэлээ.
Энэ
асуудлыг УИХ шийдэх учраас бүлгийн дарга нартай ярилцсан нь илүү үр
дүн хүлээж буйн илрэл байж мэднэ. Бүлэг нэгдсэн байр сууринд хүрэхийн
өмнө Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг чиглэлийг санах учиртай байх нь. Энэ нь
Ерөнхийлөгчөөс УИХ-ын шийдэх бүрэн эрх мэдэлд халдаж буй хэрэг биш,
харин залруулж чадахгүй байгаа алдаагаа зоригтойгоор засах боломжийг
нээж өгч байна. Өөрөөр хэлбэл, "Төрийн тэргүүний өгсөн үүргийг одоо
гаргах гэж буй онцгой чухал шийдвэртээ тусгавал ард түмний чинь эрх
ашиг, хүсэл эрмэлзэлд нийцэх гээд байна шүү” гэсэн сануулга гэж ойлгох
нь зүйтэй юм.
С.Чулуун uls
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих