Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа буюу АПЕК-ийн дээд түвшний уулзалтын хүрээнд Бээжин хотноо болсон "Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээнд БНХАУ-ын даргын урилгаар оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирэв.
Тэрээр тус арга хэмжээнд оролцох хугацаандаа БНХАУ-ын дарга Си Зиньпин, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян нартай уулзаж, "Түншлэлийн яриа хэлэлцээ” сэдэвт форумд үг хэллээ.
БНХАУ-ын дарга Си Зиньпин, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян нартай хийсэн уулзалтын үеэр талууд өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-ын даргын Монголд хийсэн төрийн айлчлал болон Душанбе хотноо есдүгээр сарын 11-д хийсэн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт уулзалт амжилттай болсонд сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлж, айлчлал, уулзалтын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгох талаар хоёр улс хүчин чармайлт тавин ажиллах болно гэдгийг илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Түншлэлийн яриа хэлэлцээ” сэдэвт форумд хэлсэн үгэндээ Монгол Улс далайд гарцгүй орон хэдий ч Ази-Европыг холбосон хамгийн дөт дамжин өнгөрөх тээврийн дэд бүтэц бүхий газар зүйн байрлалаа Ази, Номхон далайн эдийн засгуудтай холбогдох гарц, боломж, давуу тал хэмээн хардгийг онцолсон юм.
Тэрээр Ази-Европ болон БНХАУ-ОХУ-ын хооронд хийгдэх худалдааны бараа эргэлтийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа өнөө үед Монгол Улс өөрийн газар зүйн байрлалын давуу талыг ашиглаж хоѐр хөршийнхөө хооронд хийгдэх худалдаа, тээвэрлэлтэд үйлчлэх, түүгээр зогсохгүй хөршүүдтэйгээ хамтран Ази-Европын хооронд явж буй ачаа тээврийн урсгалыг манай улсыг дамнасан коридороор өнгөрүүлэх сонирхолтой байгаа бөгөөд бүс нутгийн логистикийн сүлжээнд идэвхтэй оролцох эрмэлзэлтэй байна гэдгийг илэрхийлж байлаа.
Монгол Улс эдийн засгаа амжилттай хөгжүүлэхэд АПЕК-ийн гишүүн эдийн засгийн орнуудтай бүс нутгийн дэд бүтцийн чиглэлд ойр дотно хамтран ажиллах нь чухал хүчин зүйл болохыг тэмдэглэхийн зэрэгцээ манай эдийн засгийн хүч чадал нэмэгдэхийн хэрээр уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт АПЕК-ийн гишүүн эдийн засгийн орнуудтай хамтын ажиллагаа өргөжүүлэх боломж нэмэгдэж буйг мөн тэмдэглэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч уг үйл ажиллагааны хүрээнд зохиогдсон АПЕК-ийн гишүүн эдийн засгуудын удирдагчдын хүндэтгэлийн ёслолд оролцлоо. Ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Ин Хэ, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ зэрэг нэртэй удирдагчид оролцов.
АПЕК нь өнөөдрийн байдлаар Австрали, АНУ, Бруней, Хонконг, Индонез, Канад, Малайз, БНСУ, Сингапур, БНХАУ, Тайланд, Хятадын Тайвань, Филиппин, Шинэ Зеланд, Япон, ОХУ, Вьетнам, Мексик, Папуа Шинэ Гвиней, Чили, Перу зэрэг 21 гишүүн эдийн засагтай юм.
www.times.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих