Ерөнхий сайдаа танхимаар нь огцоруулж, ард иргэд нь хаана хямдхан гол зогоочих юм байнав хэмээн гүйлдэцгээж, энэ дор төр засаг маань унаагаа юүлж байна даа. "Засаг огцрох нь морио юүлэхтэй ижил” хэмээн Доржготов авугайн онож хэлснээр юүлсэн морь нь налихтай байвал унасан эзэндээ унаа бус уршиг тарих нь лавтай. Налих өвчний улмаас адууны нүдэнд мөгөөрслөг хальс ургаж хүүхэн харааг нь тагладаг тул хараагүй болж явах замаа, идэх хоолоо олж чадахгүй турж үхдэг. Гэсэнч хуучны малчид тэр мөгөөрсийг нь тэвнээр өлгөж байгаад өвчиж аваад эдгээчихдэг байсан юм. Төрийн унааг ийм амархан эмчилчихдэг арга одоогоор олдоогүй л байна.
Монголын эдийн засаг, гадаад хөрөнгө оруулалт, инфляци, төр засгийн байдал, улс төрийн намууд өнөөдөр ямар шүү байдалтай байгааг хүн болгон мэдэх тул энэ тухай мань мэт ярих нь илүүц бизээ. Харин эдийн засаг, мөнгөний ханш унахаас өмнө төрийн түшээдийн маань ёс суртахуун уначихсан байсан гэдгийг хэлэх нь зөв байх. Энд л бидний бүх доройтлын гол нь байгаа хэмээн бодсон иргэний үгээ нэмэрлэе.
Засгаа унагаад авлаа, одоо яах юм. Унахаас босох нь гэж... одоо унасан засгаа босгох нь эргээд өмнөхөөс ч илүү сөрөг үр дагавартай болох нь харагдаж байх шиг.
Төр хямарч, улс төрийн намууд бие биенийхээ муу муухайг гайхан, урвагчдаа тодруулан, суудаг сандлынх нь оронд цахилгаан сандал бэлдэж, суурь зарчмаа наймаалцан ёстой л үзэж таарч, үсэрч наалдацгааж байна даа. Тэд юундаа ингэж бужигналдаж эхлэв гэж үү? Улс орныхоо хөгжил дэвшил, ард олныхоо амьдралын төлөө эсэхийг уншигч Та л ялгах буйзаа.
Уул нь засаг солигдох бол байнга явагдаж байдаг зүйл л дээ. Энэ бол нээлттэй нийгэмд байдаг мөнхийн үргэлжлэх үйл явц. Шудрага өрсөлдөөн дундаас сайн нь шалгардаг зарчмаар бол сайн нь дээш гарч, саар нь ёроолдоо тунасаар төр төлөвшиж, засаглал хэлбэр, агуулгынхаа хувьд төгсжиж байх учиртай юм. Шинээр гарч ирэх нь өмнөхөөсөө чадварлаг, ёс суртахуунлаг, шудрага байх нь засаг солигдох гол логик нь байх. Харин тэр нь төрийн хутгаас, шоу болчихвол л тун харамсалтай.
Болохгүй, чадахгүйг огцруулах бол дараа гарч болзошгүй сөрөг үр дагаварыг даамжруулахгүй байх хамгаалалт болох ёстой юм. Энд ард иргэдийн идэвх, олон нийтийн хяналт чухал. Иймээс засаг солигдох нь тийм ч муу зүйл биш л дээ. Болохгүй байгааг нь япончуудын адил дор нь зайлуулж байх нь өнөөгийн манай нийгэмд төр төлөвших нэг алхам болно. Нэгэнт л хууль зөрчсөн бол хуулийн гадуур садан төрөл, танил энээ тэрээ гэх эргэлзээ, найдлага төрүүлэхгүй, элдэв муу явуулгад орон зай тавьж өгөхгүй гэсэн үг. Харин болж байна уу, үгүй юү гэдэгт нь үнэхээр хариуцлагатай хандан, хэрэв үнэхээр алдаа гаргасан бол төрийн төмөр нүүрийг харуулж хэнээс ч үл хамааран зөвхөн хуулийн дагуу шийдэх ёстой юм. Энэ бол ардчилсан төрийн баримтлах хуулийн ёс суртахуун нь. Ийм ёс суртахуунтайгаар хуулиа хэрэгжүүлж байх чадвар манай төрд байна уу гэдэг л гол нь байгаа байх. Төрийн хүний алдаа улс орны хэмжээнд нөлөөлөх тул учруулж болох хохирол нь мөн тэр хэмжээнд байдаг.
Бид ардчилал нэрийн дор явсан энэ хорин хэдэн жилийн дотор засгаа огцруулахыг харин ч нэг үзэхээрээ л боллоо. Дараа гарч ирсэн нь өмнөхөөсөө дээрдэж байсан нь бий билүү. Энэ дунд улс төрийн нам хэмээн өөрсдийгөө нэрлэсэн ч, үнэн хэрэгтээ төрийн үйл явцыг аль нэг улс төрийн хүчний эрх ашигт нийцүүлэх гэсэн бодол бүхий намууд, улс төрчид хэмээн өөрсдийгөө нэрлэсэн намын томилгооныхон гол үүрэгтэй оролцож тэдний гаргасан алдаанд хариуцлага тооцохгүй өнгөрөөдөгт л гол учир нь байгаа байх. Намуудын өөрсдийнх нь томилсон өндөр албаны хүмүүс нь шудрага бус, идэж шамшигдуулсан, төрийн компанийг ашиггүй ажиллуулж өмчийг үрэн таран хийсэн, бусдыг хохироож хуурсан, сонгууль будилуулж төрд гарсан зэрэгт арга хэмжээ авдаггүйгээр үл барам төрийн сонгуульд дахин нэр дэвшүүлж байгаа явдал юм. Үүнийхээ төлөө намууд ямарч хариуцлага хүлээдэггүй. Харин ч бүр өмөөрч тэднийг хөдлөшгүй дархан эрх хэмээх нэрийн дор хариуцлагаас сугалж үлддэг ийм л ёс суртахуунгүй хуультай. Иймээс хууль завших үйлдлүүд бол зөвхөн төрийн дээд албан тушаалтнуудын дунд л байнга гардаг зүйл болсон. Гэсэнч тэд төрд хэвээрээ л сууж байдаг. Дээрээ хэн ч мэдэхгүй гэх атлаа, жирийн хүмүүсийн дунд ил болсон төрийн томчуулын хууль бус үйлдлүүдийг хуулийн дор болгож намууд өөрсдөө хариуцаж хийсэн үйлдэлдээ, өөрсдөө хариуцлага хүлээдэг болгомоор байгаа юм. Тэдний өмнө хуулиуд нь хүчгүй, мухардмал болдог, эл байдлаас үзэхэд Үндсэн хуулиасаа эхлээд манай хуулиудад иргэн бүрд тэгш үйлчлэх ёс суртахууны ул суурь нь үгүйлэгдэж байгаа юм. Төрийн түшээд төрийн сүлднийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч эсэх нь эргэлзээтэй, хоосон тунхаглал болоод өнгөрдөг. Ийм түшээдээр түшүүлсэн төр яаж ёс суртахуунтай байхав дээ. Иймээс хуульчид, улс төрчдийн кодекстэй болж түүнд нь төрийн ёс суртахуун, албан тушаалын үүрэг, хариуцлага, төрийн болон хувь хүний ёс зүйг тусгаж үүнийх нь дагуу шалгадаг тогтолцоо, олон нийтийн хяналт шаардлагатай болжээ. Намууд шудрага бус, ёс зүйгүй хүмүүсийг төрийн алба, сонгуульд дэвшүүлвэл хуулийн өмнө хариуцлага хүлээх нь ёс зүйд нийцэнэ. Ингэснээр засгийн газар нам дээр бус үндэсний эрх ашигт төвлөрч, хэн нэгний мэдлийн засгийн газар бус Монголын засгийн газар болох дархлааг бүрдүүлэнэ.
Ардчилал хэмээх энэ нэрийг бид хорь гаруй жил үргэлж нохойд бардаг мод мэт өмнөө барьж байснаас биш хөгжил дэвшлийнхээ, төрийн төлөвшлийнхээ хэрэглүүр болгож чадсангүй. Яагаад гэвэл энэ явцад бид өөрсдөө ёс жудгаа умартан, ардчилсан засаглалыг хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн түшээд маань шудрага ёс, ёс суртахуунаар доройтсон байна.
Байсхийгээд улс орон даяар нэг том хэрэг манддаг түүнд нь төрийн түшээд маана л аль хэдийнээ хутгалдчихсан явж байдаг. Тэгээд л юу ч болоогүй мэт зөв зүгээр гараад ирдэг. Иймээс нийгмээ дэвшилд хүргэхийн тулд төр өөрөө ёс суртахуунтай байх шаардлагатай болж байна. Үүний дараа дээрх шалгуураар хэн нэгнийг огцруулах нь төрийн хямрал дагуулах бус улс орны хөгжил, төрийн төлөвшилд эерэг нөлөө бүхий ёс зүйтэй төрийн түшээдийг гаргах эхлэл болох нь дамжиггүй. Ёс зүйтэй төрийн түшээ бол төрийнхөө өмнө шудрага үнэнчээ ажлаараа нотолж харуулсан, ажлын туршлага, мэдлэг, чадвартай, сайн мууг үзэж, аливаа хүндрэлийг давж туулан амжилтад хүрснээр олны дундаас өөрөө тодорч гарч ирдэг юм даа.
Намууд одоо санаа бодлоо нэгтгэж байгаад ийм л хүмүүсийг дундаасаа олж Засгийн газраа хурдан бүрдүүлэх нь хямралыг багасгах нэг хувилбар байж болох юм.
Нам бүхний проллетари нар нэгдэгтүн гэмээр байна. Энэ бол болохгүй ч зүйл биш л дээ. Гэхдээ тэд чадахгүй л дээ. Энд бие биенээ доош дарахаар улайрсан намуудын зөвшилцөл , эх оронч гишүүдийнх нь мөн чанар, ёс зүй шаардагдана.
Н.Бадарч. Арлингтон, Виржиния. АНУ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих