Бидний өдөр тутмын хэрэглээ болсон нийгмийн сүлжээ буюу интернэт
ертөнц монгол хэлийг эрэмдэглэхэд хамгийн их "үүрэг гүйцэтгэж" байгаа
шигээ зөвөөр түгээн дэлгэрүүлэхэд ч чухал нөлөөтэй ажээ, Үүний тод жишэз
бол Монгол Улсын Еренхийлөгч Ц.Элбэгдорж гүлдийх гэдэг үгийг твиттерт
ганц удаа жиргээд л тэр дороо олон нийт хэрэглэх болсон. Наанаа тоглоом
шоглоом болгон хэрэглэцгээсэн ч нэг ч гэсэн монгол үгийн утгыг тайлж
өнөө цагийн хэрэглээнд хэсэгтээ л оруулсан. Эндээс юу харагдсан бэ
гэхээр монгол хэлний дүрэм үгүй боллоо, монгол хэл устах нь гэж дэмий
халаглаж, дээгүүр ярьж байснаас хэлний хэрэглээг практик дээрт
нэвтрүүлэх нь үр дүнд хүрч байна. Үнэндээ бид ам.долларын ханшийг хэрхэн
хэлбэлзэж байгааг цаг минутаар нь мэддэг хэрнээ монгол хэлний үгийн сан
жил ирэх тутам хэрхэн ядуурч байгааг анзаардаггүй. Хэрвээ долларын
ханшийг тооцдог шиг тийм программ монгол хэлний үгийн санд байдагсан бол
бид ямар цөөн үгийн дотор эргэлдэж байгаа бол оо.
Өвөгдийнхөө үгийг авч үлдэх юмсан
Гүлдийх
гэдэг үг анхандаа бараг л харь хэлний үг шиг сонсогдож байсан байх.
Гэхдээ л олон нийт хөгжилтэй нь аргагүй шүүрч авч хэрэглэсэн. Түүн шиг
амьдралдаа хэлж үзэх нь битгий хэл, сонсоо ч үгүй үгс олон бий. Ажиглах
нь ээ, 1970-аас урагш оныхон монгол хэлний үгийн сан нэлээд сайтай.
1980-аад оныхон бас ч гэж зах зухтай. 1990-ээс хойш оныхон бол ёстой
хэцүү дээ. Тэдний үгийн сангийн тэн хагас нь гадаад үг гэхэд хилсдэхгүй.
Хүүхдээ боловсролтой хүн болгох гэж байгаа гээд нэгдүгээр ангиас нь
гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургуульд явуулж, монгол ч, үгүй гадаад ч
үгүй болгосонд 1990 оныхон өөрсдөө буруугүй л дээ. Гэхдээ хамгийн
харамсалтай нь тэд монгол хэлээ мэдэхгүй байгаадаа ичиж, эмзэглэж байгаа
юм алга. Амнаасаа аль болох олон англи үг унагавал сайхан гэж ойлгож
байгаа нь харамсалтай.
Харин монгол хэл ямар баялаг, уран тансгийг мэддэг ч хэрэглэж мэддэггүйдээ эмзэглэж явдаг 1980 оны төлөөллийнхөө хувьд зарим жишээ дурдъя. Багахан хошигнож хэлэхэд, нийслэлд бол нэг хэвийн хэдэн үгэн дотор яриад байхад бол амьдраад байж болж байгаа юм. Харин хөдөө орон нутагт очиход тэс өөр. Өвгөдийн ярих нь зүгээр л яруу найраг. "Хаврын салхи зуусан гударганууд галзуурч байгаа юм" хэмээн хавар малын сэг идээд зоолсон нохойны талаар ярих нь чихэнд хачин аялгуутай сонсогдоно. Хошигнол нь хүртэл яг байгаа оносон. Тарган хүнийг шуудайнд чихсэн зорогдос шиг, доожоогүй хүнийг дээрээс болсон мал шиг, барзгар нүүртэй хүнийг овоолсон шороо шиг царайтай, бүсээ чирсэн хүнийг "өлөн гэдсээ чирээд байна" гэх мэтээр ахуйгаас нь урган гарсан зүйрлэл гэж маш их. "Өрөнд орсон хужаа шиг", "баригдсан япон шиг", "худагт унасан гахай шиг" гээд өвгөдийн үг холбон ярих нь цаанаа л нэг даажинтай. Эх хэлээ сайн эзэмшиж, монгол ахуй уламжлалаас, монгол хүний оюун тархинаас шигшигдэж гарсан мэргэн хэлцээ мэддэг байна гэдэг гайхалтай болохыг хөдөөд очоод л анзаардаг юм. Ярих нь шүлэг шиг, гүн ухаан шиг өвгөдийг сонсохдоо монгол хэлээрээ бахархдаг. Харин хотод ирээд наад захын монгол үг хэллэгээ мэдэхгүй, мэдэхгүйдээ ичихгүй байгаа залуу үеийнхний хазгай хэлийг сонсохоор бухимддаг.
Гүлдийх гэдэг үг саяхныг болтол мартагдсан байсан шиг өөр олон сайхан монгол үг хэллэг өвгөдтэй маань хамт устаж үгүй вий дээ.
Монгол
хэлний тухай хуулийн төслийг М.Батчимэг тэргүүтэй нэр бүхий УИХ-ын
гишүүд УИХ-д өргөн бариад багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн 20 гаруй
жилийн хугацаанд монгол хэлтэй холбоотой төрийн бодлого, зохицуулалт огт
хийгдээгүйгээс болж энэ салбарт шийдэх олон асуудал хуримтлагдчихаад
байгаа. Үүний нэг нь энэхүү хэлний ядуурал. Манайхан нэг хэсэг соёлын
биет болон биет бус өвөө гэнэт сэрсэн мэт ЮНЕСКО-д бүртгүүлэв дээ.
Түүнээс улбаалаад ч юм уу, соёлын өвөө хамгаалах, өвлүүлэх тухай овоо
яригдах болсон. Одоо монгол хэлний үгийн сан дээр л ингэж нийтээрээ
анхаармаар байна. Мэдээж хуулийн зохицуулалт хэрэгтэй. Үүний тулд Монгол
хэлний тухай хуулийг нэг их удаалгүйхэн шиг батлах хэрэгтэй. Ингэснээр
шинэ хууль өргөн барих үндэслэлд дурдсанаар "Иргэдийн, түүний дотор
төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын монгол
хэлний мэдлэгийн төвшин ихээхэн доройтсон, монгол хэлний зөв бичгийн
дүрэм, толь бичгийн нэгдмэл байдал алдагдсан, бүх шатны боловсролын
байгууллага дахь монгол хэлний сургалтын чанар муудсан, гадаад нэр
томьёог монголчлох, үгийн санд шинэ үгийг бүртгэх ажил зогсонги байдалд
орсон, гудамж, зам, талбай, албан байгууллагын нэр, хаягийг гадаад
хэлээр бичих болсон, боловсролын зарим байгууллагад монгол хүүхдэд
монгол хэлний хичээлийг заахгүй байгаа зэрэг" асуудал шийдлээ олох
эрхзүйн орчин бүрдэнэ гэсэн үг. Хамгийн гол нь монголчууд бүгдээрээ
үндсэрхэг үзэлтэй байж, хэрэглээндээ түгээн дэлгэрүүлэх нь чухал. Яг л
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гүлдийх гэдэг үгийг нийтийн хэрэглээнд оруулсан
шиг.
Д.ЦЭНД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих