Өчигдөр аймгийн АН-аас эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн билээ. Уг жагсаалд оролцогчид аймгийн ИТХ хуралд дараах шаардлагыг хүргүүлсэн байна. Тэд аймгийн Засаг дарга С.Ганбатыг хууль бус гэж үзэн огцрохыг шаарджээ.
ДОРНОД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛД
ШААРДЛАГА
2014.12.01
Хэрлэн сум
Дорнод аймгийн Ардчилсан Нам орон нутгийн ИТХ-ыг сонгох 2012 оны
сонгуульд өөрийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн оролцож иргэд сонгогчдын
50 гаруй хувийн саналыг авсан ч Монгол Ардын Намын төлөөлөгчид нэгэнт
олонхийг бүрдүүлсэн учир иргэдээрээ дэмжүүлсэн бодлого зорилтоо
хэрэгжүүлэх боломжгүй болж сөрөг хүчний байр суурин дээр ажиллаж байгаа
билээ.
Сонгогчдын олонхийн дэмжлэгийг авч сонгогдсон ИТХурал дахь МАН-ын бүлэг
нь олонхиороо хүч түрэн аймгийн Засаг даргад хууль бусаар С.Ганбатыг
сонгон ажиллуулж байгаа нь Дорнод аймгийн Ардчилсан Намын бодлого биш
бөгөөд С.Ганбат нь манай намыг төлөөлөхгүй, намын харьяалалгүй гэдгээ
өөрөө мэдэгдсэн хүн болно. Энэ бүхэн нь эцсийн эцэст аль намын бодлого,
мөрийн хөтөлбөр хэрэгжиж, сонгогчдын өмнө ямар улс төрийн хүчин
хариуцлага хүлээх нь тодорхойгүй болж, хувийн ашиг завшаан хөөцөлдсөн
хэдхэн олигархиудын хуйвалдаан, явцуу ашиг сонирхолд автагдсан гэмт
хэрэгтнүүдийн бөөгнөрөл шинжтэй болж аймгийн ажил хэрэг хууль бусаар
шийдэгдэж байдаг гаж нөхцөл байдлыг үүсгээд буйг Дорнод аймгийн
Ардчилсан Нам эхнээс нь шийдвэртэй эсэргүүцсээр ирсэн билээ.
Хууль бусаар нэр дэвшиж сонгогдсон Засаг даргын захирамжаар аймгийн
төсөв, хөгжлийн сангийн олон тэрбум төгрөг үр ашиггүй зарцуулагдаж
хөгжлийн бодлого алдагдан иргэдийн амьжиргаа доройтон бизнесийн орчин
хумигдаж орлого хомсдож байгааг та бид харж байна.
Нөхцөл байдал ийнхүү хүндэрч байхад аймгийн Засаг дарга С.Ганбат нь
өөрийн хууль бус үйлдлээ хаацайлах, байр сууриа бататгахыг санаархан
Аймгийн Ардчилсан Намын байрыг булаан эзэлж, баримт бичиг, тамга тэмдэг
хуурамчаар үйлдэн албан байгууллага иргэдийн эд хөрөнгө, хувийн өмчинд
эрээ цээргүй халдан эрүүгийн шинжтэй гэмт халдлага үйлдэх боллоо.
ИТХ-д суудалтай улс төрийн хүчин болох Ардчилсан Намын зүгээс Дорнод
аймгийн Засаг дарга С.Ганбатын эдгээр хууль бус үйлдэл, гэмт хэргийн
шинжтэй үйл ажиллагааг илчлэн хууль хяналтын байгууллагын бүх шатанд
хандан шалгаж нягтлах хүсэлтийг гаргаад байна.
Иимээс аймгийн ИТХуралд дараах шаардлагуудыг дахин тавьж байна.
1. Сонгогч иргэд бидний зүгээс тавьж буй асуудлыг Аймгийн ИТХ-ын
хуралдаан анхааралдаа авч хууль зөрчин гэмт хэргийн шинжтэй үйлдэлд
шалгагдаж эхэлсэн аймгийн Засаг дарга С.Ганбатыг огцруулах асуудлыг
хэлэлцэн шийдвэрлэх,
2. Аймгийн ИТХ-д нэгэнт олонхи болсон МАНам хариуцлагаа хүлээж хуулийг
дээдлэн орон нутгийн хөгжлийг хөтлөх, улс төрийн намуудын зөвшилцлийг
хангах чадвар бүхий боловсон хүчнээ Засаг даргад нэр дэвшүүлэх,
3. Эдгээр шаардлагыг эс биелүүлсэн тохиолдолд иргэдийнхээ нийтлэг эрх
ашиг, орон нутгийнхаа хөгжлийн ирээдүйг бүтээх шаардлагыг удирдлага
болгон аймгийн ИТХ-ыг нэн даруй тараах хүртэл тэмцлээ үргэлжлүүлэх
болно.
Энэхүү шаардлагыг эс биелүүлснээс үүдэн гарч болох бүх үр дагаврыг Дорнод аймгийн ИТХурал хүлээх болно.
ДОРНОД АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМ
Dnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих