Олон улсын санхүүгийн корпорац/ОУСК/-иас нэгэн сонирхолтой судалгааг өчигдөр төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхэнд танилцууллаа. Жижиг, дунд бизнесийн хөгжилд хамгийн ихээр саад болдог зүйлийг олж илрүүлэх зорилгоор уг судалгааг хийжээ. Гэтэл санхүүжилтийн хүрэлцээгүй байдал нь бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдэд эрчүүдээс илүү байдаг аж. Өөрөөр хэлбэл, бизнесээ удирдаж буй эмэгтэйчүүд банк, санхүүгийн байгууллагаас зээл юм уу ямар нэгэн санхүүжилт авахад эрчүүдээс илүү хүндрэлтэй тулгардаг гэсэн үг юм.
Судалгаанд хамрагдсан жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 95 гаруй хувь нь нийт есөн тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэж үзжээ. Энэ нь ойролцоогоор таван тэрбум ам.доллартай тэнцэнэ. ОУСК-ийн менежер Рейчел Фриман "Өнгөрсөн онд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгосон зээл банкуудын хувийн салбарт өгсөн нийт санхүүжилтийн 16 хувьтай тэнцэнэ. Энэ нь тус салбарын санхүүжилтэд банкны оролцоо хангалтгүй байгааг харууллаа. Гэтэл жижиг, дунд бизнес эрхлэгчид Монголд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 98 хувийг бүрдүүлж, нийт ажлын байрны 52 хувийг хангадаг. Тиймээс банк, санхүүгийн байгууллагууд тэдний өсч хөгжих боломжийг хаах биш санхүүжилт хийх том боломж гэдгийг олж харах хэрэгтэй” гэв.
Манай улсад хүйсийн ялгаварлан гадуурхалт байдаггүй. Хүйсийн тэгш байдлыг харьцангуй өндөр төвшинд буюу хууль, эрхзүйн орчноороо хангадаг гэдгийг судлаачид анхааруулахаа мартсангүй. Харин "Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 57 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Гэвч банкны шаардлагад нийцсэн барьцаа хөрөнгө эзэмшиж буй байдал нь хангалтгүй байгаа юм” хэмээн тайлбарлалаа.
"Монгол дахь жижиг, дунд бизнес ба эмэгтэй эзэнтэй жижиг, дунд бизнесүүд” нэртэй судалгааг Канадын Засгийн газрын санхүүжилтээр хийжээ. Монгол дахь Канадын Элчин сайдын яамны Хөгжлийн бодлого хариуцсан консул Нэнси Фостер "Манай Засгийн газар эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар тэргүүлсээр ирсэн туршлагатай. ОУСК-тай хамтарсан энэ төслийн хүрээнд бид Монголын эмэгтэй бизнес эрхлэгчдийг хөгжихөд нь дэмжиж туслах юм. Ингэснээр Монголын эдийн засаг тогтвортой хөгжихөд хувь нэмэр болно” гэж ярилаа.
Зууны мэдээ
Г.Ганчимэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих