Бидний дунд яг л хешиг татчихсан юм шиг байдаг. Бид бие биенээ тедийлөн сайн мэддэггүй. Мэддэггүй ч учраас болоомжилдог. Ер нь мэдэхийг нэг их оролддоггүй гэх үү дээ. Яг л "бүү мэд, мэддэг хүний үгэнд бүү ор" гээд хараачихсан юм шиг. Монгол гэсэн үгийн урд "ар", "өвөр" гэдэг тэмдэг нэр зүүчихэд л ийм ялгаа гарч байгаа хэрэг. Хэн хэзээ яагаад ингээд нэрлэчихсний учрыг олох гэж оролдъё. Манжийн эхэн үеийн баримт бичигт (албан ёсны баримт бичигт шүү) бол Халх, Цахар гэсэн хоёр үгээр нэрлэчихэж байлаа. Яг үнэндээ бидний Халх гэдэг нэр томъёо түүнд харъяалагддаг улс бол дэндүү нийтлэг тархсан л даа. Жишээ нь Өвөр Халх болоод өөрсдийгөө Халх гэж нэрлэдэг улстай бараг Номхон далайн эрэгт тулаад явж байхад хүртэл тааралдвал бүү гайхаарай. Тэнд үнэхээр Халхууд бий. Жишээ нь Цахарын Хөвөөт цагаан хошууны Рашцэрэн гэж багш бий. Тэр хүн бол халх хүн. Өвөр монголдоо цахар соёлоо судалдагтөдийгүй монгол бөхийг мэддэгээрээ гаргуун хүн бий. Насаараа Хөх хотын монгол дунд сургуулийн монгол хэл уран зохиолын багш хийсэн энэ хүн бол биднээс дутахгүй сайхан монгол хэлээр ярина. Их Чигжүү нягт хүн. Монголд ч ах дүү хамаатан садан нь байдаг гэдэг. 90-ээд оны эхнээсХөххотод очиж суралцсан олон залууст халуун сэтгэлээр тусалж явсан хүн. Цахарын түүх соёлын тухай тэр хүнтэй маргалдах хүн бас л цөөн. Яагаад гэвэл Цахар бол Өвөр монгол хэмээх нэр үүсэхээс өмнө буй болсон нэршил. Хүмүүс энэ нэрийг янз янзаар тайлдаг.
Зарим нь араб перс үг гэж хэлж байхад зарим нь "захаар" буюу хааны ордныг хамгаалж, захаар нь амьдарч байснаас энэ нэр үүссэн л гэнэ. Энэ тухай саяхан нэг хурал Шилийн голд хийлээ. Харин миний гаргалгаа бол арай өөр. Цахар бол "жахар" буюу "төмөр хүрээ", "хааныг төмөр хүрээ мэт сахин хамгаалагчид" гэсэн үгнээс гаралтай гэж бодож байна. Халх бол хэзээнээсээ "харанхуй хязгаар" байжээ. Кидан улсын газар нутаг хэдийгээр Алтай нуруу хүрч байсан ч үнэн хэрэгтээ Халхууд байнга итгэл эвдэгч найдваргуй улс байсан бололтой. Энэ тухай ч түүх шастиртаа гашуунаар тэмдэглэж үлдээжээ. Энэ байдал Киданаас Их монгол улсад, ЮанаасХойт Юан улсад ч уламжлагдсан. Говийн ар дахь тэсгим хүйтэн, эрс тэс уур амьсгал
бүхий энэ газар нутгийнхан бол хэзээнээсээ л тэрслүү улс байсан гэж. Халх хаалт гэхээсээ илүү "Элээ Халхай" гэмээр улс байжээ.
1615 онд Түмэдийн Алтан хааны урилгаар шашин дэлгэрүүлж явсан Ширээт гүүш цорж "Ямандагийн үүсгэлийн зэргэмжийн тайлбар" хэмээх номынхоо төгсгөлд "Өвөр монгол" хэмээх нэрийг анх удаа хэрэглэжээ. Энэ нь хэнийг нэрлэсэн бэ гэж үү? Тэр үед гарма гаржүдва, сажа ёсыг барьж байсан цахаруудыг бус, уламжлалт бөө мөргөлтэй байсан Халхуудыг бус, зөвхөн бурхны шашны шар малгайтны урсгалыг буюу Гэлүгва ёсыг дагаад байсан Түмэд, Ордос болон тэднийг халуунаар дэмжиж байсан Харчин, Хорчин, Жаруд, Монголжин нарыгнэрлэж байжээ. Тэд бол өөрийн монгол, өөрийн номыг дагасан монгол, өвөрчлөн үзэх монголчууд, өөриймсөн үзэх монголчууд гэсэн утгаар анх хэрэглэсэн гэсэн үг. Цаг үеийн болоод улс төрийн шалтгаанаар нийтдээ шарын ёсыг дагах болсон ч энэхүү нэр томъёо улс төрийн томоохон хөшиг болон тогтсон юм.
Бидэнд түүхийг шүүх эрх байхгүй. Ердөө ийм л явдал болоод өнгөрсөн. За ингээд л их говийн элсний ар өвөр ч юм шиг. Эсвэл мөнхийн хөршийнхөө ар, өврийн хаалга ч юм шиг, ер нь хувааж хагалж болох бүх юмны үүсвэр болсон байдаг юм. Үнэндээ энэ нэр томъёо бол XX зууны дунд үеэс л хил хайч, шинээр бий болсон улс гүрнүүдийн статусаас -эхлэн томоохон ялгарал бий болсон болохоос түүнээс урьд бол зөвхөн газарзүйн нэршил төдий бага ялгаа заагтай явж ирсэн байдаг юм шүү. За тэгээд төвдүүд хүртэл биднийг дотор нь "чи согву буюу гадаад монгол", "нан согву буюу дотоод монгол" хэмээн нэрлэх болсон нь ч ердөө л яг одоогоос 100 жилийн өмнөхнөөс үүссэн гэж хэлдэг юм билээ. Энэ бол бие халаалт. Өвөр-монголоор аялж, энэ тухай харилцан ярилцахын өмнөх бие халаалт гэж ойлгоё. Дараа олон сэдвээр дахин дахин уулзах болно. Түр баяртай.
Илэн далангүй сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=693
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих