Мэргэжлийн бокст АНУ-ын тамирчид дэлхийд тэргүүлдэг. Янкууд 20-р зуунд өөрсдийн гайхалтай тулаанаар
дэлхийг байлдан дагуулж байсан бол шинэ зуунд төдийлөн өндөр амжилт
гаргаагүй. Англи, ОХУ, Украйн, Мексик болон Африкийн шилдэг боксчид
мэргэжилд олноор тоглох болсон учир тэдний амжилт уруудсан. Харин
өөрсдийн байр суурийг олж авахын тулд энэ спортод маш их хэмжээний
мөнгө хаяж эхэлсэн байна.
Мөн гадны шилдэг боксчидтой өндөр үнэтэй гэрээ байгуулж, тэмцээнүүдэд оролцуулах болсон. Тэд зуны Олимпийн наадмын боксын төрөлд шилдэг амжилт гаргасан тамирчдыг урьж эхэлсэн бөгөөд Монголын Н.Төгсцогттой холбогдоод амжсан байна.
Нэгдсэн улсын мэргэжлийн боксын нэрт дасгалжуулагч Ж.Гуссен өдгөө Н.Төгсцогттой хамтран ажиллаж байгаа. Тэрээр олон шилдэг тамирчдыг мэргэжлийн бокст оруулж ирсэн эрхэм билээ. Одоо "Ten Goose Boxing Gym” хэмээх мэргэжлийн боксын клуб ажиллуулж байгаа юм. Жо Гуссены ах Дан Гуссен нэртэй боксын зүтгэлтэн байсан бөгөөд 2014 онд бурхан болсон. Д.Гуссен 1982 оноос мэргэжлийн боксыг сонирхож тухайн үедээ дэлхийн аварга цол хүртсэн Их Британийн М.Шутерлэнд, БНСУ-ын Чон Пал-Пак, Италийн Г.Мауро нартай хамтран ажиллаж, алдартай тулаануудыг зохион байгуулж байв.
Улмаар түүний дүү Ж.Гуссен ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, АНУ-ын мэргэжлийн боксын хөгжилд хувь нэмэрээ оруулж байгаа аж. Өдгөө дэлхийд мэргэжлийн боксын хөнгөн жинд БНСУ, Япон, Тайланд зэрэг орны тамирчид ноёрхож эхэлсэн. Харин бусад орны тамирчдыг дэмжих зорилгоор Монголын Н.Төгсцогттой хамтран ажиллаж, бэлтгэл сургуулийг нь хангаж, цаашид гэрээ байгуулах сонирхолтой байгаа гэнэ.
"Лондон 2012” зуны Олимпийн мөнгө, "Милан 2009” дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт хэрэв түүний саналыг хүлээж авсан тохиолдолд 10 сая ам.долларын гэрээ байгуулж, тусгай хангамж амласан байна. Н.Төгсцогт өмнө нь боксын "Дэлхийн лиг”-т тоглосон туршлагатай тамирчин юм. 2010 онд анх зохион байгуулагдсан "Дэлхийн лиг”-т гурван тивийн төлөөлөл болсон 12 баг оролцоход Н.Төгсцогт Азербайжаны "Баку Файерс”-ийн өмнөөс тулалдсан юм. Анхны жилдээ чамлахааргүй амжилт гаргасан манай тамирчинг "Баку Файерс” дараа жил нь дахин урьсан нь тоглоогүй юм.
Тэр үед Лондонгийн Олимпийн наадам хаяанд ирсэн учир саналыг хүлээж аваагүй гэсэн аж. Харин өдгөө Олимп, дэлхийн аваргаас медаль авсан болохоор мэргэжлийн тамирчин болоход эргэлзэх зүйлгүй болсон гэдгийг бататгаж "Мэргэжлийн боксчны үнэмлэхээ” Н.Төгсцогт олон нийтэд харуулсан.
Монголын шилдэг тамирчдыг гадаадын өндөр хөгжилтэй орнууд өндөр цалин амлаж, өөрийн орны нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцох санал тавьж байсан. Хамгийн сүүлд Олимпийн хошой медальт, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Н.Түвшинбаярт ОХУ-ын "Локомотив” бөхийн клубээс дасгалжуулагч хийлгэх санал ирсэн. Манай тамирчинд нэг сарын 1.5 сая рублийн цалин, тансаг хаус, тусгай хангамж, хүүхдүүдийг нь тусгай сургуульд сургаж, зардлыг даах гэх мэт зүйлийг амласан. Гэхдээ Монголын анхны Олимпийн аварга, эх орны бахархалт хөвгүүн болсон Н.Түвшинбаяр татгалзсан хариу өгч байлаа.
Харин мэргэжлийн боксын тамирчин иргэншлээ солих шаардлагагүй учир энэ спортыг сонгоход болохгүй зүйлгүй юм. Гагцхүү ард түмний хүлээлт нь Н.Төгсцогтийг 2016 оны Олимпийн наадмаас медаль хүртнэ хэмээн найдаж байгаа учир түүнд сонголт хийх нь амаргүй байх болов уу.
Э.Гүнтөмөр /mongolcom.mn/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих