Саяхан Хятадын northnews.cn сайтад монгол эмэгтэйчүүд олноороо хятадуудтай ханилан сууж байгаа талаар том нийтлэл гарчээ.
Энэхүү нийтлэлдээ Шүрмаа, Цэцгээ, Туяа гэдэг гурван эмэгтэйгээр
жишээлэн сурвалжилж бичсэн байна. Эрээн хотод сууцгаадаг юм байна.
Шүрмааг 160 см өндөртэй энэ эмэгтэй асар хүчтэй, өдөржин тэргэнцрээр
хайрга чулуу цуцахгүй зөөдөг, эрчүүд ам ангайн, толгой сэгсрэн гайхдаг
гэжээ. Барилга дээр мэргэжлийн бус хар бор ажил хийдэг Шүрмаагийн гэр
хилээс холгүй. Дурангаар Замын-Үүдийн вокзалын цамхгийн шовгор орой
харагдана. Гэвч "Монголд очихгүй” гэж Шүрмаа хэлдэг аж. "Монголд гурил
гэхэд л хоёр дахин илүү үнэтэй” гэж сэтгүүлчид цухалдуу өчжээ. Харин
Хятадад идээшин дасаж, сайн сайхан байгаа гэдгээ ярьжээ.
Шүрмаа нөхрөөрөө ихэд бахархдаг. Түүний нөхөр болох БНХАУ-ын иргэн Жан
Гуйлин барилгын салбарын ажилчин бөгөөд сард 3000 юанийн цалин авдаг.
Тэд 15 квадрат метр сууцанд суудаг.
Тус сайтад Монгол бол эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ илүү олон байдаг Азийн
цорын ганц орон юм гэжээ. Монголд эмэгтэйчүүд гэр бүл болох нь амаргүй,
өрх толгойлсон эмэгтэй хэвийн үзэгдэл гэжээ. Манай Монгол улсын эрх
баригчдын өөгшүүлэн дэмжиж санхүүжүүлдэг, зарим ТББ-ууд сурталчлан
төсөлжин давхидаг, монголын эрэгтэйчүүд шиг муу муухай юм байхгүй гэх
домог байдаг. Тэр хар домгийг сайтын өгүүлэлд оруулсан байна билээ.
Тэгэхлээр энэ домог чинь ер нь өмнөд хөршөөс ч гаралтай байж болох бус
уу? Эсвэл манайхны ихэнх нь биш юм аа гэхэд цөөнгүй нь дээрх домгийг
амны уншлага болгон, маани мэгзэм шиг дүнгэнүүлж явдаг болохоор хятадын
сэтгүүлч ч сонссон байж болох юм.
Жан Гуйлин Шүрмаагийн ар гэрт 2000 долларыг инж болгон өгчээ. Ер нь
хятад эрчүүд монгол хүүхнүүдийн инж бага гэж олзуурхдаг аж. Бугат хотод
инж 30 мянган доллар байдаг хэмээн Жан овогт сурвалжлагчдад өчжээ.
Тэрбээр санхүүгийн бэрхшээлээс болж 38 насандаа л сая гэрлэжээ. Өөрөөр
хэлбэл, Замын-Үүдээс Эрээнд ирээд байсан Шүрмаатай танилцсан явдал аврал
болжээ.
Монгол улсаас ирсэн Цэцгээгийн амьдрал Шүрмаагийнхаас ялгаатай аж.
Тэрбээр Эрээнд гоо сайхны бараа, бэлэг дурсгалын зүйлсийн дэлгүүр
ажиллуулдаг байна. Монгол улсаас монгол үндэстний холбогдолтой бэлэг
дурсгалын зүйлс авчирч борлуулах тул нааш цаашаа явна. Гэр бүлдээ нэлээд
гол үүрэг рольтой, гэр бүлээ авч явдаг, бүдүүлгээр хэлчихвэл нөхрөө
тэжээдэг эмэгтэйчүүдийн ангилалд багтах ажээ. Нөхөр нь сэтгүүлчид гэрэл
зургаа авахуулахаас татгалзсан байна.
Өндөр гоолиг, үзэсгэлэн төгөлдөр гэгддэг Туяа бүсгүй нөхрөөсөө өндөр
буюу 175 см өндөр аж. Сагсан бөмбөгөөр сонирхон хичээллэдэг байжээ.
БНХАУ-д англи хэлний сургалтанд хамрагдаж байхдаа хамт суралцаж байсан
ирээдүйн нөхөртэйгээ танилцжээ. Одоо харин БНХАУ-д ажиллахад хэрэгцээ
шаардлагатай хэмээн хятад хэлийг эрчимтэй судалж байгаа аж. Англи хэл
судалсан гэх авч "Jjjeans” (jeans буюу жийнс) гэсэн бичигтэй цамц өөрөө
өмсөж, "Ccidoie” (crocodile буюу матар) гэсэн бичигтэй цамцаар хүүгээ
гоёжээ.
Нэгэн хэл мэдэх хүмүүн Хятадын хэвлэлд гарсан өөр материалыг
сонирхуулсан юм. Тэнд "Монгол улсын бүсгүйчүүд мөнгө, байр, машин, эд
хөрөнгө сонирхдоггүй. Тэдэнд хятад эрчүүдийн хувийн сайн сайхан
чанарууд, тухайлбал хятад эрчүүдийн ажилч хичээнгүй зан л таалагддаг юм.
Тиймээс хятад эрчүүд ээ, Монгол улс руу яваарай, монгол бүсгүйчүүдтэй
танилцаарай гэж зөвлөе” гэсэн байлаа. Ийнхүү, Хятадын хэвлэл мэдээлэл,
Хятадын нам засгийн л дуугар гэснийг дуугардаг тэр л хэвлэл мэдээлэл
хятад эрчүүдийг Монгол улс руу яван, монгол бүсгүйчүүдтэй гэрлэхийг
уриалах болжээ.
Ч.Мөнх
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих