"Орилоо” хүмүүс байдаг даа? Жаахан л зүйл таалагдахгүй бол дуугаа өндөрсгөөд, хөлөө дэвслэх нь холгүй орилоод явчихна. Ийм хүнийг яах вэ? Хамгийн гол нь өөдөөс нь бас орилж болохгүй, мөн "байранд нь тавих” гэж үзээд хэрэггүй – нэмэргүй. Тэгснээс, юу гээд уурлаад байгааг нь ойлгохыг хичээн, үгийг нь таслалгүй анхааралтай сонс. Тиймээ, хэцүү, гэхдээ биеээ барьж байгаад, нүд рүү нь эгцлэн харж байгаад сонс. Нүд рүү нь эгцлэн харах нь их ач холбогдолтой, учир нь орилоо хүмүүс биеэ тоосон хүмүүс байдаг /биеэ хэт тоосондоо л ингэж бусад руу дайрч давшлах эрхтэй, "тусгай хүн” гэж өөрийгөө үзэж байгаа шүү дээ!/, тийм болохоор та нүдээ буруулахгүй орилоо этгээд рүү эгцэлж харснаараа "би ч бас чамаас дутахгүй хүн шүү” гэдгийг түүнд дамжуулан өндөрлөгөөс нь буулгах магадлалтай. Тэгээд орилж дуусахаар нь "та хэлэх үгээ дууссан уу? За одоо тэгвэл би байр сууриа хэлье, та сонс...” гээд хэлэх ярих зүйлээ тайван дуугаар ярина. Хэрүүлч хүмүүс үгний өө андахгүй өлгөж авдаг гэдгийг санан цэгцтэй яриарай, тэгэхгүй бол дайн дэгдэнэ шүү. Шал тэнэг юм ярьсан байсан ч "наадах чинь тэнэг хүний бодол байна...” гэх мэтээр ярьж болохгүй, чухал асуудлыг л тодотгон ярилц.
Жишээ нь, төсөл дээр хамт ажиллаж байгаа нөхөр чинь ажил хийхгүй, юм хэлэхээр "асаад”, хэн нь илүү гэдгээ үзэх гээд байдаг бол түүнд "Та юуны төлөө цалин авдаг юм бэ? Арын хаалгаар энд орсон юмуу” гэх мэтээр ёжлох хэрэггүй. Тэгснээс, энгийн байдлаар "Хоёулаа ийм удаанаар ажиллавал хугацаандаа амжих болов уу, та юу гэж бодож байна? Шийдэлээ олоогүй байдаг... шинэ хувилбарууд бодож олох хэрэгтэй байдаг...” гэвэл дээр.
Ер нь зартай маргаанч хүнийг /хамт ажилладаг, найз нөхөд, гэр бүлийн гишүүд чинь г.м./ буланд шахаж болохгүй, хаашдаа бууж өгөхгүй, харин ч бүр ихээр уурлана, хазаад эхлэнэ. Тиймээс, түүнийг тайван орхичих, өөрийнхөөрөө хийг. Буруутсанаа ойлгоод ирэхээр тусламж хүсээд гүйгээд ирнэ, хамгийн гол нь түүнд туслахад бэлэн гэдгээ та илэрхийлсэн байх хэрэгтэй. Буруутсанаа хүлээгээд ирэхэд нь "Би чамд хэлсэн биз дээ?” хэмээн тавлаж л хэрхэвч болохгүй!
Хэрэв хамт ажилладаг хүн чинь таныг муулж ярьдгийг та яг мэдэж байгаа бол түүнтэй илэн далангуй ярилцвал дээр. Боломжийн мөчийг сонгож байгаад "хөгшөөн, би чамд таалагдахгүй зүйл хийгээд байгаа бол надад л хэлж бай, тэгэхгүй бол хүний ам дамжаад надад ирэхээр чиний ярьсан хэлсэн зүйл чинь хачир чимэг орж гуйваад, би чамайг үнэхээрийн намайг үзэн яддаг юм байна гээд бодчихно шүү дээ...”
Эсвэл, өөр нэг арга хэрэглэж болно: хэдий дургүй чинь хүрч байвч хов жив хөөгч тэр этгээдийн эерэг талыг нь магтан ярих. Ямар ч муухай хүнд ямар нэгэн магтах зүйл байдаг шүү дээ? Үнэн сэтгэлээсээ магт! Ялангуяа, нүднээс нь далдуур, бусад хүмүүст ч түүнийг магтаад явбал тэр зэвсэггүй боллоо гэсэн үг. Танд саймшраад найз чинь ч болж магад. Тэгдэггүй юм гэхэд, ямар ч л байсан таныг муулж ярьж чадахаа байна, учир нь хүмүүс түүнд дургүйцнэ "өөрийг нь дандаа магтаж байдаг, өөрт нь хичнээн сайн хүнийг энэ дандаа муулж явдаг, хаашаа нөхөр вэ...”
Ер нь, хэцүүхэн зантай хүмүүстэй харьцахдаа хоёр дүрмийг л барих хэрэгтэй. Нэгдүгээрт, хэлэх зүйлээ бүгдийг нь хэлэх боломж түүнд олгох. /Хэрэв тэр хэлж ярьж байгаа зүйл нь танд хэрэгтэй зүйл бол!/ Хашгичаад байсан ч танд хэрэгтэй зүйл бол – сонс, гэхдээ зурагдсан пянз шиг л "та арай аяархан..” гээд л давтаад бай. Бүр болохгүй бол – орхиод явахаас өөр арга байхгүй. Хоёрдугаарт, маргах явцдаа "чи, би” дээ хүрч л болохгүй. Таныг дорожлоод байна уу? "Чи өөрийгөө хэлээч?... Чи...” – ингэж болохгүй, хэлээ хазаад -инээмсэглэ! Хэдий чинээ сайхан инээмсэглэнэ – төдий чинээ сайн!
Орчуулсан: Ё. Одончимэг, www.orosshkolton.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих