2015 оны гуравдугаар сар гарсаар Дорнод аймгийн хэд хэдэн агентлаг хэлтэс, боловсролын байгууллагын дарга, захирлууд солигдов. Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганбат гавъяаны амралтаа авсан тул оронд нь ИТХ-ын төлөөлөгч Д.Ганцогтыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон тухай бид мэдээлж байсан. Д.Ганцогтын хувьд газрын тосны компаниас байгаль орчинд хор хохирол учруулсных нь төлөө нөхөн төлбөр гаргуулах талаар багагүй тэмцэл хийж явсныг Дорнодчууд мэдэх биз.
Боловсрол соёлын газар хэмээх хуучин нэрээ сэргээгээд буй агентлагийн даргаар Төмөрбаатарын Гантулга томилогдсон. Бас л даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч. Өмнөх дарга Алтанцэцэг суралцахаар болсон тул ажлаа хүлээлгэн өгсөн сурагтай. Т.Гантулга нь боловсролын салбарт олон жил ажилласан нэгэн. Гэхдээ шинэ албанд томилогдохын өмнө Хавиргын авто замын боомтыг удирдаж байсан.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн даргаар ИТХ-ын төлөөлөгч Л.Хишигтогтох томилогдсон. Тэрээр ажил амьдралын гараа эхлүүлсэн сургуулиа удирдахаар эргэн ирээд буй нь энэ. МСҮТ-өөс гадна Хэрлэн сумын 1-р сургуулийн захирлаар Б.Цог, 2-р сургуулийн захирлаар Б.Лхагвасүрэн томилогдоод байна. Мөн 6, 8, 11-р сургуулиудын удирдлага ч өөрчлөгдсөн билээ.
Дээрх хүмүүсийн зарим нь сонгон шалгаруулалтаар гарч ирсэн бол зарим нь шалгалт өгч, жинхэлэхээ хүлээж буй. Халаа сэлгээ энэ долоо хоногт ч үргэлжилж, хэд хэдэн агентлаг шинэ удирдлагатай болох тухай яригдаж байна. Мөн эрх барьж буй хоёр намынхан дунд аймгийн ноёдын суудлыг ганхуулах тухай яриа хөөрөө ч явагдаад эхэлжээ.
Манайхан албан тушаалд томилогдож, ачаа өргөх үүрэг хүлээсэн нэгнээ чадахгүй бүтэхгүй гэж өөлж гоочлох нь элбэг. Шинэхэн дарга захирлуудын тухай иймэрхүү яриа ч энд тэндгүй чих дэлсэж л байна. Гэвч хүн бүр анхнаасаа дарга болж төрдөггүй. Ямар ч хүн эрхэлсэн ажилдаа дадлагажиж, гартаа оруулах хүртэл багагүй хугацаа зарцуулдаг жамтай. Тийм ч учраас ядаж эхний ганц сард нь шүүмжилж гоочлохоос илүүтэй юу хийхийг нь харж, урам хайрлан дэмжсэн нь дээр гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз.
Dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих