Яамгүй сайдын суудлыг хүртэл бий болгож, томоохон мега төслүүдээ
урагшуулах "Монгол мөрөөдөл"-өөс бид ойрын хугацаанд их зүйлийг
хүлээгээд хэрэггүй бололтой. Үүнийг ч УИХ-ын дарга З.Энхболд хэвлэлд
өгсөн ярилцлагадаа тодорхой хэлчихлээ. Тэр тусмаа гурван улсын хамтарсан
консорциумтай гэрээ, хэлэлцээ хийж байгаа энэ үед хууль тогтоох
засаглалын тэргүүн нь Тавантолгойгоос ойрын нэгээс хоёр жилд нааштай
шийдвэр гарахгүй гэдгийг тодотгосон нь өөрөө анхаарал татах сэдэв байв.
Сэдэв ч гэж муу мэдээ. Угтаа бол хөрөнгө оруулагч талтай хийх гэрээ,
хэлэлцээг Сар шинийн өмнөхөн дуусгахаа М.Энхсайхан сайд тодотгож байсан ч
түүний хэлснээр болоогүй. Сар шинэ ч дууслаа, саарал ордон ч ажин түжин
байдалд шилжив. Хөрөнгө оруулагч талтай хийх гэрээ, хэлэлцээ ч
тодорхойгүй хугацаагаар засварлалаа. Шалтгаан нь "алдарт" "Чалько"-той
холбоотой нууц гэрээ ил болж, Тавантолгойн ажлын хэсгийнхнийг бас нэгэн
хийх ажилтай болгочихлоо. Хэдийгээр хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ
хэлэлцээг түргэвчлэх үүднээс "Чалько"-той хийсэн гэрээг цуцалж болох ч
Монголын Засгийн газар дахин Арбитрын шүүхэд дуудагдана.
"Хан ресурс"-ийн 100 сая ам.долларыг хэрхэхээ шийдээгүй байхад дахин Арбитрт дуудагдах нь хүсээд байх зүйл биш. Тиймээс нэгэнт суурийг нь цутгасан барилгаа буцааж нураахгүйн тулд ямар нэгэн арга замыг хайх, "Чалько"-г аль болох "аргадах" үүрэг нь М.Энхсайхан сайд болон түүний багийнханд хүссэн, хүсээгүй ногдож байна.
Харин
Тавантолгойг тойрсон асуудал ийм ээдрээтэй төвшинд оччихсон байхад
УИХ-ын дарга мөддөө юм гарахгүй гэж хэлсэн нь дарин дээр давс нэмснээс
өөрцгүй зүйл боллоо. Нөгөөтэйгүүр, тэр бол УИХ-ын төдийгүй эрх барьж
байгаа намын дарга. Тиймдээ ч түүний хэлсэн үг бүр УИХ-аас гадна эрх
барьж байгаа АН-ын даргын байр сууриас олон нийтэд хүрч байгаа. Тэгээд ч
олон жил тушаатай яваа томоохон мега төслүүдийг урагшлуулж, туйлдсан
эдийн засгаа сэргээх гэж МАН-тай хамтарсан хүн нь УИХ-ын дарга өөрөө.
Бас яамгүй сайдын албан тушаалыг баталж, чуулганы индэр дээрээс алх
цохисон хүн нь ч тэр. Олон нийт ч тэгэж харж, ойлгож байгаа. Ийм атал
тэрээр Тавантолгойн төслийнталаар таагүй мэдээллийг яриад сууж байгаа нь
зүйд хэр нийцэх бол. Юу хэлэх гээд байна гэхээр аливаа ажлыг
эхлүүлчихээд араас нь чулуу шидэж суудаг буруу жишгээсээ бид салмаар
байна. Тэр тусмаа шийдвэр гаргах төвшиндөө. Ингэж байж л ажил урагшилна.
Угаасаа ингэх гэж М.Энхсайханыг сайд болгосон байх.
Үнэндээ
бид Тавантолгой хэмээх сэдвийг дөрвөн ч Засгийн газар дамнан "мөлжиж"
бас улстөржлөө. Үр дүнд нь бүрэн ашигласан зүйлгүй яваа нь нууц биш.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ ч унасаар л байна. Уг нь анх ярьж эхлэх
үед нь ажил хэрэг болгоод оновчтой ашиглаад явсан бол өнөөдөр эдийн
засагт жин дарахуйц хувийг бүрдүүлэх нэг хүчин зүйл нь Тавантолгой болох
боломжтой байсныг үгүйсгэхгүй. Гагцхүү улс төрийн хий хоосон хийрхлээс
үүдэлтэйгээр Тавантолгой тушаатай явсаар таван жилийг үдэж байх шиг.
Одоо
бол Монголд гадаадын хөрөнгө оруулалт, ам.доллар шиг хэрэгтэй зүйл
байхгүй гэдгийг дээр дооргүй ярьж байна. Арга ядахдаа Ашигт малтмалын
тухай болон "Урт нэртэй" хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах
хуулийн төслийг битүүнд хуралдсан УИХ-ын чуулганаар баталсан. Ингэснээр
300 орчим ашиглалтын лиценз сэргэж, тэр хэмжээгээрээ хөрөнгө оруулалтыг
татна гэдгийг хуулийн төслийг санаачлагчид онцолж байгаа. Гэхдээ энэ
сэдвийг азнаад Тавантолгой руу оръё. Учир нь, одоо Тавантолгойд алдах
учиргүй тийм нөхцөл байдал үүсчихээд байна. Нэгэнт хөрөнгөө оруулъя гээд
бэлэн төсөл бариад ирж байгаа хөрөнгө оруулагчидтай хэл амаа хурдан
ололцох хэрэгтэй. М.Энхсайхан сайд ч, ганцхан асуудлаас болж энэ төсөл
уначихаж болно. Тиймээс төслийн хэлэлцээрт эцсийн дүндээ гарын үсэг зурж
чадсан эсэхээр л амжилттай болсон үгүйг дүгнэнэ. Ажлын хэсгийнхэн
хэчнээн гоё сайхан зүйлийг хөрөнгө оруулагчидтай тохирч, хөрөнгө
оруулагчид ч сайхан зүйл бодоод сэтгэлээрээ ажиллаж байгаа ч нэг зүйл
дээр гацвал бүгдээрээ гацна. Гэхдээ мэдээж төслөө унагахгүй байх чиглэлд
анхаарч зөв шийдлийг олохын төлөө бид ажиллаж байна гэсэн байна лээ.
Төслийн
хүрээнд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх
тооцоо бий. Энэ хөрөнгөөс эхний байдлаар төмөр замд 1.1 тэрбум
ам.доллар, үйлдвэр барихад 600 сая гаруй ам.доллар, тоног төхөөрөмж
худалдан авахад 140 сая ам.доллар, уул уурхайн барилга барихад 710 сая
ам.доллар зарцуулахаар тооцоод буй юм билээ. Магадгүй валютын урсгалыг
нэмэгдүүлэхээр зорьж байгаа эрх баригчдын гарц нь энэ ч байж болох.
Нөгөөтэйгүүр, Тавантолгой бол дан ганц УИХ-ын дарга, М.Энхсайхан сайд
санаа зовж зүтгэх асуудал биш. Нийт гурван сая монголчуудын асуудал.
Өөрөөр хэлбэл, Тавантолгой төслийн гэрээ хэлэлцээний үр дүнд нь хэсэг
бүлэг хүн хожих бус нийтээрээ ашиг шимийг нь хүртэх учиртай. Гагцхүү
энэхүү хөдөлгүүрийг зөв чиглүүлэх үүрэг нь М.Энхсайхан сайд, энэ УИХ-д
буйгаараа бусдаасаа ялгаатай. Бас алдах эрхгүй. Тиймээс Тавантолгой
гэрээ хэлэлцээг ямар нэгэн талцалгүй явмаар байна. Ядаж л улс төрийн
оролцоо, хэн нэгний ашиг сонирхолгүйгээр Тавантолгойн гэрээ хэлэлцээг
хийж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал байна. Анхнаасаа ийм жишиг
тогтоогоод явчихвал бусад ажлыг хийхэд ч асуудал үүсч, цаг алдахгүй шүү
дээ.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8360
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих