УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад арга хэмжээ авахыг хүссэн албан бичиг илгээлээ. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ өгөх, бодлогыг шинэчлэн боловсруулж хаврын чуулганы хугацаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулан байгуулсан. Уг ажлын хэсэг хоёрдугаар сарын 24-нд хуралдаж дээрх бодлогын баримт бичигт дүн шинжилгээ хийж, Хүнс, хөдөө аж ахуйн яаманд удирдамж болгон өгөхөөр болжээ. Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуйн яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн дэд ажлын хэсэгт үүрэг даалгавар өгч биелэлтийг гуравдугаар сарын 6-нд товлосон ажлын хэсгийн хуралдаанаар сонсож хэлэлцэхээр төлөвлөжээ. Гэтэл уг хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөллүүд ирээгүй төдийгүй салбарын сайд Р.Бурмаа Н.Номтойбаяр гишүүнтэй утсаар холбогдож "Яамны ажилд битгий садаа бол, би яамны мэргэжилтнүүдээ наад ажлын хэсэгт чинь явуулахгүй" гэж мэдэгдсэн аж.
Харин энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан тариаланчид, гурил үйлдвэрлэгчид, бусад төрийн байгууллагын албан тушаалтнууд Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөллийг бүтэн цаг хүлээж байгаад арга буюу тарсан байна. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ болон төрийн ажлыг үл хүндэтгэсэн сайдад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч, байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийг хэвийн ажиллах нөхцөлөөр хангахыг Ерөнхий сайдад илгээсэн албан бичигтээ онцлон дурджээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих