-"35 тэрбум төгрөгийн татвараа Монголын төрөөс, ард түмнээс нууж байсан гадаадын иргэдэд уучлал үзүүлсэн Ерөнхийлөгчийн шийдвэрийг та хэрхэн харж байна вэ гэх сурвалжлагчийн асуултад Х.Тэмүүжин. Хууль зүйн сайд асан. УИХ-ын болон АН-ын гишүүн тэрээр:
-"... Аль нэг хуулийн байгууллага хүсэлт гаргахад л хэн нэгний гадагшаа, дотогшоо явах эрхийг хязгаарладаг социалист уламжлалтай улс хэвээрээ байна. Үүнээс болоод олон улсад Монголын нэр хүнд улам уналаа. Монголд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг дээрэмдүүлсэнтэй адил гэдэг ойлголтыг дэлхий нийт авчихсан байна. Энэ байдлаас улсынхаа нэр хүндийг аврахын тулд Ерөнхийлөгч зөв шийдвэр гаргасан. Тэгээд ч Үндсэн хуульд цагаан дээр хараар "Ерөнхийлөгч уучлал үзүүлнэ” гээд заачихсан байгаа. Ямар нэгэн нөхцөл заалгүйгээр шүү. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн найм дахь хэсгийг үзээрэй. Өршөөлийн хууль гаргалаа гэж УИХ-ыг Үндсэн хуулийн Цэцэд өгч болохгүй биз дээ. Үүнтэй адил өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд уучлал үзүүлснийх нь төлөө Ерөнхийлөгчийг Цэцэд өгөх нь утгагүй. Хууль зүйн хувьд утгагүй. Зүгээр үүгээр улс төр хийх сонирхолтой, том хүнээс зуурч нэр төр олох гэсэн хүмүүсийн л хийж байгаа ажил болов уу” хэмээн хариулжээ.
Энэ бол Монгол улсын ардчилсан Ерөнхийлөгчийн ивээлдээ авч өсгөж, хүмүүжүүлсэн "америк” хуульч Х.Тэмүүжингийн хариулт.
Тиймээ, Монголчууд биднийг "тэнэг” гэж хэлж болно. Гэхдээ төрөөсөө, ард түмнээсээ хулгай, луйвар хийж байгаа гадна, дотны хүмүүсийг хэн болохыг мэдэхтэйгээ болжээ. Хэн нь юу ярьж, яаж аяаглаж байгааг ч харж л байна.
Таны гүйж очоод уулзаж, учраад, зүг чигээ заалгаад байдаг тэр америкчууд чинь харин өөрийнхөө улс оронд татвараа төлөөгүй өөрийн болон өрөөлийн иргэдийг хамгийн муу, муухай хүний тоонд оруулж, өөрийн хуулиар өч төчнөөн жилийн ял эдлүүлж, хууль ёсны татвараа авч байж салдаг юм гэсэн. Түүнчлэн олон түмнээрээ тэрхүү этгээдийг жигшүүлэх компанит ажлыг өрнүүлдэг бөгөөд үүнийгээ эх орон, ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө хийж буй шударга шийтгэл гэж үздэг юм билээ.
Нэг л их "америк” хууль мэддэг, гадаад дотоодын хууль судалсан, барьсан гээд байсан чинь мөн чанартаа монголоо, ард түмнээ элэг барих гэж энэ бүхнийг судлаад байсан болж таарч байна. Үнэн байна. Уг нь хүн бүхэн үүнийг чинь хэлээд, сануулаад байгаа харагдсан. Гэвч таны шударга царайлсан царайны цаана шал өөр шунал хүсэл, ашиг сонирхол нуугдаж байгаа чинь өдөр ирэх бүр хэлсэн, үйлдсэн бүхнээр чинь ил болж байна.
Эх орныхоо хууль ёс, зан заншил, өв уламжлалаа уландаа гишгэн доромжлоод ханахгүй өөрийнхөө баталсан хуулийн амин сүнсийг хэрхэн тайлбарлаж байгааг чинь хараад таны гарыг ганзганд, хөлийг дөрөөнд хүргэсэн хамт олон, сурган хүмүүжүүлсэн багш нар чинь хүртэл харамсан гаслаж сууна.
Магадгүй таны хэлээд байгаачлан манай аль нэг хуулийн байгууллага хэн нэгний хүсэлтээр, эсвэл өөрсдийн ашиг сонирхлоор сэжиг бүхий этгээдийн гарах орох эрхийг хаадаг байж мэднэ. Харин та Хууль зүйн сайдын хувьд та энэ бүхнийг засч залруулахын тулд яг юу хийсэн юм бэ? Шүдээ зууж, хөмхийгөө зангидаад хүн бүхнийг харааж, занаж зүхээд л байгаа харагдсан ...
Харин таныг өөрийн үр хүүхэд шигээ охин хүүхэдтэй янаг амраг, хар тамхины асуудалд орооцолдож байхад чинь сонгогч олон танаас ял асуусан уу? Үгүй. Төрийн бүхэл бүтэн институтээр тоглож өч төчнөөн тэрбум төгрөгийн хохиролыг төрд учруулж, түмэн олныг ажил төрөлгүй, төрдөө итгэх итгэлгүй болгосны чинь төлөө танаас ял асуусан хүн байна уу? Байхгүй.
Гэтэл та өнөөдөр ичих ч үгүй, татвараа төлөөхөөс зайлсхийсэн гадаадын иргэдийг уучилсан Ерөнхийлөгчөө өмөөрөн хуульч хүний шинжгүй тайлбар хийгээд зогсохгүй хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиа шударгаар мөрдүүлж яваа төрийн албан хаагчдыг гутаан доромжилж, тэднээс болж олон улсын хэмжээнд Монгол улсын нэр хүнд уналаа хэмээн гөрдөж явах юм.
Харин Монгол улсын нэр хүнд олон улсын тавцанд унаж байгаа бол тэр зөвхөн Танаас, та нар шиг улс төрч гэх хүмүүсээс болж унаж байгаа нь тэр. Түүнээс мөрөөрөө ажлаа хийгээд, цалинтай, цалингүй үүрэгт ажлаа чин үнэнчээр гүйцэтгэж яваа монголын мянга мянган шударга иргэдээс яавч болоогүй гэдгийг мэдэж авагтун. Та нар ард түмнээ доромжилж ханахгүй, одоо бүр гүтгэж эхлэхийг чинь харин хүлээн зөвшөөрч чадахгүй.
Г.Чугаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих