Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайн мэдээний сарын аян эхлүүлж, Тавантолгойн түгжээг мулталснаа зарласан нь дөнгөж уржигдар. Гэвч бүтэн гурван сарын ажлаа багцалж ард түмэндээ танилцуулсан түүний мэдэгдэл яг маргааш нь л үнэ цэнгүй үгс болон хувирлаа. Өөрөө хариуцлагыг нь үүрнэ, үүрэх үүрэхдээ ард түмний, цаг хугацааны, түүхийн өмнө хариуцлага хүлээе гэсэн боловч түүнд итгэж Тавантолгойг шийдүүлэхгүй нь тодорхой болов. УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганыг нээж үг хэлэхдээ л үүнийг Ерөнхий сайдад, түүний засагт багтсан сайд нарт ойлгуулах шиг болсон. "Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье" гэсэн З.Энхболдын энэ үгийг зөөлрүүлж ойлговол сануулга, ухаж хүлээж авбал сүрдүүлэг шиг байсан биз.
Ийнхүү Тавантолгойн
түгжээг мултлах гэсэн Ерөнхий сайдын оролдлого мухардлаа. Яагаад гэвэл,
Тавантолгойг энэ чигээр нь явуулах уу, засагтайгаа үлдэх үү гэсэн
сонголтыг түүнд УИХ-ын дарга З.Энхболд өгчихсөн гэхэд болно. Хамгийн гол
нь энэ бүхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хайчин галд орчихсоноос
ялгаагүй байдалд орууллаа.
Тавантолгой бол Ч.Сайханбилэгийн
Засгийн газрын эдийн засгийн хямралаас гарах гол түлхүүр нь байсан.
Эдийн засаг хямарчихсан, өрийн хэмжээ таазандаа тулчихсан энэ үед
Оюутолгой, Тавантолгойгоо хөдөлгөхөөс өөрөөр мөнгө олох боломж энэ
засагт байхгүй. Ерөнхий сайдын өөрийнх нь онож хэлснээр "Хоёр том төслөө
хөдөлгөж байж л, араас нь залгах бусад хөрөнгө оруулалт бодитоор орж
ирнэ. Монгол Улс хүндрэлээс гарах гарц нээгдэнэ. Монголчуудын ахуй
амьдрал дээшилнэ". Түүнээс биш хэдэн жилийн өмнөх шиг мөнгөө бариад
гүйгээд ирэх гаднынхан олдохгүй. Энэ бол Тавантолгойг хөдөлгөх гэсэн нэг
бодитой шалтгаан. Тиймээс л Ерөнхий сайдын хувьд зоримог алхам,
зоригтой нүүдэл хийе гэж Ч.Сайханбилэг тооцсон байх. Гэхдээ тэр эдийн
засгийн нөхцөл байдлаа тооцсоноос улс төрөө тооцсонгүй нь алдаа болчих
шиг боллоо.
Уг нь Ч.Сайханбилэг хамгийн азтай Ерөнхий сайд баймаар. Сонгуулийн дүнгээр УИХ-д орж ирсэн таван нам бүгдээрээ хамтарч засаг байгуулсан үед тэр Ерөнхий сайдын алба хашиж байна. Бие даагчдын гурван кноп, хас тэмдэгтэй залуусын гудамжны жагсаалыг эс тооцвол бодитой хийгээд хүчтэй сөрөг хүчин гэж түүнд алга. Харин ч парламентын 73 кноп нэг дор, түүнд багцлагдчихсан байна. Ийм үед л Тавантолгой хөдлөх эсэх, сайд нар нь огцрох, огцрохгүйн тухайн яриа гарсан нь юутай холбоотой юм бол. Үүнийг ажиглагчид нэг талаас хэт яарсантай холбож байна. Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр батлах гэсэн нь бүхнийг мэддэг парламентын гишүүдэд таалагдаагүй биз. Мэдээж УИХ-аар хэлэлцэхгүй байна гэдэг нь бүлэглэлүүдийн эрх ашиг бага тусна гэсэн үг. Иймээс л Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шийдвэр түргэдсэн гэж харагдаж байгаа болов уу.
Хоёрт, УИХ-ын дарга З.Энхболдын чуулганы индэр дээрээс танилцуулсан шиг хууль тогтоомж зөрчсөн, Монголд ашиггүй гэрээ байгуулах гэсэн бол Еренхий сайдын хувьд тэрээр Засгийн газрыг төлөөлж хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх сайдаа буруу сонгожээ. Нэг ёсондоо М.Энхсайханд итгэж энэ ажилд тавьсан түүний шийдвэр алдсан байна. Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийсэн туршлагыг нь бодвол С.Баярцогт, салбар хариуцсан мэргэжлийн багтай гэвэл Уул уурхайн сайд Р.Жигжидээр хэлэлцээг ахлуулж болох л байсан. Гэвч тэгээгүйгээс нь болж хэдэн арван тэрбум ам.доллараар үнэлэгдэх Тавантолгойгоо "тавиад туух" гэж байсан бол зогсоосон УЙХ-ын даргын шийдвэр яах аргагүй зөв байлаа. Гэхдээ З.Энхболдын буруу, М.Энхсайханы зөв ч байж болно. Ээлжилж хийсэн тэдний тайлбаруудаас аль нь үнэн, аль нь худал болохыг одоохондоо ялгах боломж олон нийтэд алга.
УИХ-аар гэрээний төслийг хэлэлцэх үед л энэ бүхэн тодорхой болох биз. Харин сүүлийн хэд хоногт болсон үйл явдлаас тодорсон нэг үнэн бол хамтарч байгуулсан засагтаа, хамтдаа томилсон Ерөнхий сайддаа МАН-ын ч, АН-ын ч дарга итгэхгүй байгаа нь харагдлаа. Хоёр Энхболдын хамтдаа гарын үсэг зурж, хамдаа Ерөнхий сайдад энэ сарын 3-нд хүргүүлсэн Тавантолгойтой холбоотой албан шаардлагаас нь үүнийг харж болно.
Тавантолгойгоо явуулахгүй бол эдийн засаг
нь, Тавантолгойгоо явуулбал засаг нь нурчих аюултай Ч.Сайханбилэг тулаад
байна. Эдийн засгаа бодоод Тавантолгойгоо зүтгүүлбэл зөрөөд
М.Энхсайханыг огцруулна гэдгээ УИХ-ын дарга хэлчихлээ. Засагт бүх нам
хамтарсан, тэгээд сонгууль дөхсөн энэ үед нэг сайдын хувь заяа
танхимынхтай нь тэнцэх аюултай. Харин засгаа бодоод Тавантолгойгоо,
Оюутолгойгоо түгжээд суувал Монголын эдийн засаг одоо байгаагаасаа
уруудах аюултай. Ийм л хайчин гал дунд Ч.Сайханбилэг зогсч байна. Мэдээж
Тавантолгойн гэрээг Монголдоо ашигтай хийх нь хамгийн зөв зам. Гэвч
нэгэнт эхэлсэн улс төр Тавантолгойн гэрээг сайжруулахаасаа
илүүтэй гацаах л болов уу даа.
Ч.ГАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих