Манай Засгийн газар, эрх баригчид аливаа
зүйлд нэр өгөхдөө туйлын гаргууд. Засгийн газар байгуулна, юу ч чадахгүй
байж "Шинэчлэлийн”, "Шийдлийн” гээд нэр өгчихнө. Өр хийнэ, "Чингис”,
"Самурай” бонд гээд нэрлэчихнэ. Сүхийн талбайг "Чингисийн талбай” гээд
нэрлэчихнэ. Яахав, энд нэг л зүйл харагдаж байгаа юм. Хийж чадах ажилгүй
хүмүүс л ийн аливаа зүйлд чамин хачин нэр хоч өгч, түүгээрээ дамжуулж
пиар хийх гэсэн нохой арга л даа. Юу л болно, нэр өгнө, ерөөсөө хэлбэр
талын өөрчлөлтийг бол газар дээр нь хийнэ. Агуулга бол яг хэвээрээ.
Өнгөрөгч жил МИАТ АНУ-аас онгоц оруулж ирсэн. Үүндээ "Гүег хаан” хэмээх нэр хайрлахыг "шинэчлэгчид” хатуухан даалгасан гэнэ. Ингээд Чингис хаан хэмээх нэрийг халж дараагийн ээлжийн нэр орж ирж байна. Манай "шинэчлэгчид” энэ мэтээр нэр өгөөд байх юм бол алтан ургийн хаадын нэр дуусахгүй л дээ.
Тэр сугалаа энэ тэрээр борлуулах гэж ядаж байгаа "Буянт-Ухаа-1” хороололдоо ч хаадынхаа нэрнээс өгчихгүй. Тэгсэн бол азтнууд нь бэлгэшээгээд буцаахгүй л байсан даа. "Өгөөдэй-1” орон сууцны сугалаа гэвэл арай л өөр сонсогдох байв. Баруун аймгуудад тавьсан замаа ч Баянхонгор руу явсныг нь "Тулуй” зам, цаашлаад "Лигдэн хутагт” зам, "Цагаадай хаан” гээд нэрлэчихсэн бол хурал болгон дээр дэмий замд мөнгө үрлээ гэж хараалгахгүй л байсан болов уу.
Одоо энэ Үүл баатар ч гэсэн жаахан мэдрэмжтэй баймаар юм. "Гудамж” төсөл хэмээн дайрч, мөнгө төгрөг яасан ийсэндээ тулж байхаар уг нь "Батмөнх даян хаан” төсөл гээд л гөвчих байсан юм. Гэтэл шал дэмий хаа байсан Туркийн гудамж, Солонгосийн И Жа Гү-ний өргөн чөлөө ч гэх шиг сонин сонин юм яриад төсөл хэрэгжүүлэхээр чинь хэн ч уурлана, бас хардана биз дээ. Түүний оронд "Цагаадай хааны гудамж” гээд л гөвчихвөл хэн ч юу ч хэлэхгүй.
Тэр Хөшигийн хөндийн нисэх буудлыг ч Бодончар мунхагийн нисэх буудал гэж нэрлэх байсан юм. Одоо энэ ажил нь урагшаа явж өгөхгүй байгаа Тавантолгойн орд газрын нэрийг ч өөрчлөх хэрэгтэй. Хэрлэнгийн хөдөө арал гэж нэрлээд нүүрсээ алт эрдэнэс гэж нэрлээд урагшаа зөөвөл 30-хан ам.доллараар өгөхгүй дээ. Ядаж л 100 ам.доллараар өгөх болно. Гацаад байгаа Оюутолгойн далд уурхайн ажилд ч нэг нэр бодож өгөөд явуулах хэрэгтэй. Яадгийм, Бурхан халдун гэж нэрлээд баялагаа хуйгаар торго хунзаар цай гээд зөөхгүй юу. Архиндаа хүртэл Бурхан халдун гэж нэр өгөөд нэг хэсэг л гудраа биз дээ.
Одоо тэр Сайншандын хүнд аж үйлдвэрийн парк хэмээх төсөл бол сураггүй болсон. Үүнд ч Алтан улсын орд гэж нэр өгөх байсан юм. Олон Засгийн газар дамжсан төмөр зам төсөлд хариулт өгөх байх хэцүү болоод буй нарийн царигийн төмөр зам төсөл ч хүндхэн болчихлоо. Уг нь олон зүйл бодолгүй хүрээ Бээжинг холбосон торгоны зам гэх байлаа. Тэр "Шинэ сум” төслийн нэрийг өөрчилж, Их орд газар гэх мэтэрэ нэрлэвэл таарах юм.
Нөгөө талаар энэ нам дотор байгаа бүлэглэлийнхээ нэрийг ч өөрчлөх хэрэгтэй. Н.Алтанхуягийн тэргүүлдэг "Алтангадас”-ыг хадаас гэж нэрлэх хэрэгтэй. Энэ фракцид яг л хадаас шиг албан тушаалд шигдсэн нөхөд цөөнгүй бий. З.Энхболдын толгойлдог "Шонхор”-ыг болжмор гэж нэрлэх хэрэгтэй. Энэ фракцид Г.Баярсайханаас эхлээд болжмор шиг нөхөд олон бий дээ. Тэгээд МҮДН-ыг хэрээ гэх мэтээр шинчилж нэрлэмээр юм. МҮДН-д Н.Батбаяраас эхлээд хэрээ шиг гуаглах нөхөд хаа мундах билээ.
С.Баяр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих