Монгол ардын мэргэ төлгийн оргил буюу үндэсний сонгодог мэргэ нь "Дал талбих” болон "Дал түлэх” мэргэ билээ. Хонины далаар мэргэлэх арга нь бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн нэн эртний арга бөгөөд энэ нь 2000 гаруй жилийн тэртээх Хүннү гүрнээс үүдэлтэй юмсанж. Монголын их хаан Мөнх далаар мэргэлж ирээдүй хойчоо талбиж байхыг 1254 онд Францын элч, жуулчин хэд хэдэн удаа үзсэн тухай аяны тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байдаг. Үүнээс үзвэл монголчууд далаар мэргэлэх өнө эртний уламжлалтай болох нь мэдэгдэж байгаа юм. Тийм ч учраас өнөө цагийн төрийн зайран гэгддэг Д.Бямбадорж "Далны мэргэ нь гурван цагийн үйлийн үрийг хэлж чадах мэргэ төлгийн дээдийн дээд юмаа” гэж хэлсэн удаатай. Далыг зөвхөн мэргэ төлгөнд ашиглаж байсангүй. Монгол ёс заншлын тахилга тайллаганд дал дөрвөн өндөрийг эрхэмлэн дээдэлхээс гадна аливаа дайллага цайллагын хамгийн эрхэмд тооцогддог нь дал билээ. Монголчууд далыг мэргэ мах гэж хүндлэхийн дээр хүндэт зочин, нагац зэрэг ахас ихэсдээ тавьдаг.
Тийм ч учраас далыг зөвхөн гэрийн эзэн идэж, үр хүүхэддээ далны хуудас хүртээдэг заншилтай. Далны тухай үлгэр домог маш олон байдаг бөгөөд наад захын жишээ гэхэд л адуун сүрэгтээ чоно хавьтуулахгүй гэж номхон моринд далны яс зүүж хамгаалдаг дом хүртэл бий. Дал нь энэ мэтчилэн олон агуу чанартай тул эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуай тэртээ ерээд оны үед "Дал” хэмээх танин мэдэхүйн сонин гаргаж олон түмнийг гэгээрүүлж ирсэн түүхтэй. Үүний улмаас далны яс нь урлагийн бүтээл болсон ч удаатай. Жишээ нь дуучин, сийлбэрчин Т.Баттогтох далны ясан дээр эртний Монголын 24 хатны дүрийг сийлэн мөнхөлж олны талархал хүлээгээд буй. Түүний сийлбэрүүд гадаадад маш ихээр үнэлэгдэж байгаа бөгөөд энэ ч утгаараа Т.Баттогтох Англи, Ирланд, Тайвань, Солонгос, Бельги зэрэг улс орнуудад үзэсгэлэнгээ гаргаад байна. Тэрбээр далны ясан сийлбэрийнхээ тухай өгүүлэхдээ "Эрдэмтэн зохиолч Лодонгийн Түдэв гуай надад хандаж "Далаар хүмүүс мэргэлж байсан болохоос биш урлагийн бүтээл хийж байгаагүй ээ. Чи анхдагч нь боллоо, үүнийгээ битгий орхиорой, улам хөгжүүлээрэй” гэж хэлж байсан. Би энэ сайхан урмын үгээр далны ясан сийлбэрээ хийх болсон. Миний далны ясан сийлбэрүүд урлагийн бүтээл сонирхож хадгалдаг дэлхийн 40 гаруй орны хүмүүсийн цуглуулганд байгаа. Монгол амьсгал, монгол зүрх сэтгэлээр хийж байгаа учраас аль ч улс гүрэнд очсон монгол дүр төрхөө хадгалж байх ёстой гэдэг бодлоор уран бүтээлээ туурвидаг. Дал бол эртнээсээ монголчуудын интернетийн эх үүсвэр шүү дээ. Далыг сэтэлдэг байсан нь мэдээллийг сарниулж байна гэдэг утгаар хийдэг зан үйл байсан.
Тиймээс би далны ясан сийлбэрээрээ дамжуулан далны ёс заншил, соёлыг залуу үе, үр хойчдоо сурталчилж явах болно оо...” гэж хэлсэн юм. Түүний хэлсэн "Дал бол эртнээсээ монголчуудын интернетийн эх үүсвэр” гэдэг үг эрхгүй анхаарал татаж байна. Энэ нь эрт цагт Мөнх хаан далны ясаар ирээдүй хойчоо талбиж байсан нөгөө л мэргэ төлөгтэй холбоотой. Эртний монголчууд далны ясыг цэвэрлэж мөлжөөд эзэн айлын мал сүрэг өсөх эсэхийг үзэж шинжихээс гадна ирээдүй хойчоо далны яснаас тольдон хардаг байжээ.
Тэгэхдээ далны ясыг голдуу шатааж мэргэлдэг байсан бөгөөд ухаандаа шатаасны дараа гарсан ан цав, судлаар нь тухайн хүний заяа төөрөг тодрох жишээтэй. Энэ маягаар дал шатааж мэргэлдэг эрдэм авъяастай төлөгч нар Монголын түүхэнд хэд хэдэн ч удаа тодорч байв. Харин далны ясыг шатаалгүйгээр цагаанаар нь харж уншдаг төлөгч нар тун цөөхөн, барагцаалбал гарын таван хуруунд багтах хэмжээнд л төрж байсан байх юм. Нээрээ ч далны ясыг шатаалгүйгээр харж уншина гэдэг нь агуу их авъяас чадалтай холбоотой юм байна. 20-р зууны эхэн үед далыг шатаалгүйгээр цагаанаар нь харж уншдаг нэгэн удган Хөвсгөл аймагт мэндэлжээ. Энэ тухай түүний зээ охин Б.Одхүү хүүрнэж байсан бөгөөд түүний 2004 онд "Өдрийн сонин”-д өгч байсан ярилцлага эдүгээ миний өмнө дэлгээстэй байна. Тэр өгүүлэхдээ "Би бол далны ясаар мэргэлдэг удмын хүн. Эмээ маань далыг шатаалгүйгээр цагаанаар нь үзэж мэргэлдэг байлаа. Хамгийн чадалтай хүн л ингэж мэргэлдэг юм гэнэ лээ. Харин ээж маань далыг шатааж мэргэлдэг байсан. Энэ эрдмийг би ээжээсээ өвлөсөн юм. Гэхдээ эмээ шигээ далыг шатаалгүйгээр мэргэлдэг агуу авъяас заяасангүй. Өөрийгөө би гайхалтай чадалтай мэргэч хүн гэж хэлж чадахгүй. Гэхдээ манай удамд удган зайран бүгд бий. Хөвсгөлийн Ренчинлхүмбэ суманд алдартай мэргэч "Гүнзгий” Тээхэнгээс эхлээд Тэсээрэй удган, мөн түүний хүү нэг зайран бий. Ээжийг өнгөрснөөс хойш олон хүн надад хандаж мэргэлүүлдэг болсон. Харьд гарах гэж байгаа хүмүүс хүртэл надаар мэргэлүүлж даатгуулаад явдаг даа” гэсэн байх аж.
Ингээд бодоход далыг шатаалгүйгээр цагаанаар нь үзэж мэргэлэх нь тун ховор үзэгдэл төдийгүй ингэж мэргэлдэг удган, зайран, улаач нар ч маш ховорхон төрдөг бололтой. Мөнх тэнгэрээс заяатай, зараалтай төрсөн монголчууд бид дэндүү азтай хүмүүс билээ. Эцэг өвгөд маань хорвоогийн жамаар мөнх бусыг үзүүлсэн ч сүнс нь онгон дээдэс болж эргээд үр хүүхэд бид нартаа бууж, бидний мартсаныг сануулж, сэргээж өгдөг нь тэр сайхан онгон дээдсүүдийн маань улаач нар дээрээ бууж хийдэг түг түмэн үйлүүдийн өчүүхэн хэсэг нь болж байх юм. Ингэж улаачийн биед оршиж үйл хийгээд буцаад мордох бүртээ улаач нартаа далдын увидас, мэдлэг чадвараа бага багаар үлдээгээд морддог. Өвөг дээдсээ буулгах тусам л улаачийн мэдрэмж мэдрэхүй ихсэж мэдлэг чадвар нь зузаарч тэр хирээр өөрөө болон онгон дээдсийнхээ дэмээр түмэн олондоо тус дэмээ хүргэдэг билээ. 2000 гаруй жилийн тэртээх Хүннү гүрнээс уламжлагдаж ирсэн "Дал тайлах” дом шившлэгийн зан үйлийг зөвхөн улаач хүн л үйлддэг байна. Тухайн улаачийг гэрийн эзэн гэртээ урьж, хонины баруун талын дал дөрвөн өндөр, шаант чөмгийг чанана (Энэ нь бүтэн шүүсийг төлөөлнө) Улаач шүүсийг хөндөж, далыг гэрийн эзэнд буцаан өгч, гэрийн эзэн өөрөө эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хувааж хүртүүлээд ясыг улаачид өгнө. Улаач далыг уншиж гэрийн эзэн, гэр бүлд нь засал дом хийж өгөх бөгөөд эцэст нь далыг тухайн айлд дом болгон үлдээдэг байжээ.
Далны засалд ноён нуруу, хийморь сүлд, эрүүл мэнд, эд буян, элэг бүтэн, заяа төөрөг бүгд багтах бөгөөд ухаандаа далныхаа ясаар бүтэн сарандаа, ургах нарандаа хурайлж муу бүхнийг үлдэн хөөж, сайн сайхныг дууддаг байсан байна. Харин 17-р зуунаас эхлээд Манж нар монголчууд бидний өнө эртний энэхүү дом, засал, шүтлэгийг давхар судалж, үүний эцэст далны ясыг дом шившлэгээ болгодог байсан нууцыг мэдэж авсанаар далны ясаар дом засал тайлдаг бүхий л далд увидастнуудыг олноор нь хороосон байдаг. Ингээд одоо бидний мэдэх далны ясыг цуулж хаядаг гэх цуу яриаг дэгсдүүлсэн нь бидний өвөг дээдсээс ирэх энэ агуу домыг урт удаан хугацаанд саармагжуулжээ. Гэсэн ч бид дэндүү азтай хүмүүс тул эцэг өвгөдийнхөө шид буяныг өдгөө онгод тэнгэрийхээ өгөгдөлөөр эргүүлэн авч буй сайхан мэдээ бас байна. Жишээ нь далны ясыг шатаалгүйгээр цагаанаар нь харж уншдаг нэгэн улаач Сэлэнгэ аймагт тодроод байна. Хүүхэнхүүгийн Уянга хэмээх 28 настай энэ бүсгүй сүүлийн үед бөөгийн ид шид болон далны ясыг шатаалгүйгээр мэргэлдэг авъяас чадлаараа ихэд нэрд гарч яваа юмсанж.
Саяхан түүнтэй уулзах завшаан тохиосон бөгөөд Х.Уянга тэрхүү ховор чухал мэргийнхээ тухай өгүүлэхдээ "Далны ясны мэргийн тухайд нийтлэг ойлголт гэвэл далыг шатааж мэргэлдэг байсан. Харин өвөг дээдэс, онгод тэнгэрээс надад бууж ирсэн өгөгдөлөөр бол далны ясыг шатаалгүйгээр уншуулах мэргэ юм. Ухаандаа тухайн далаа өөрөө хөндөж мөлжөөд надад авчирна. Ингэхэд дал хөндсөн хүний өөрийнх нь хувь төөрөг болоод мэргэ төлөг, хийгдэх ёстой засал гарч ирнэ. Энэ бол зүгээр нэг ном судар уншиж судлаад орж ирсэн мэдээлэл, өгөгдөхүүн биш. Өвөг дээдсийн онгод шүтээнээс орж ирсэн шид буян. Онгод буух үед түшээ миний үгийг буулгаж авна. Задалж хэлэх юм бол цул төгс оршихуй. Энэ нь генийн өгөгдөл юм. Би далны ясыг шатаалгүйгээр цагаанаар нь харж унших мэргийг сүүлийн жил гаруй хугацаанд эрчтэй хийж байна. Онгод дээдсийн өгөгдөл надад бууж ирээд түүний дагуу л би далны ясаа уншаад, мэргээ хийгээд, түүндээ тохирсон засал, домоо хийгээд явж байна. Нийтдээ хорь гаруй хүнд дом засал хийлээ. Далныхаа ясыг тухайн хүнд дом болгоод буцаагаад өгдөг. Өнөөгийн бид нүүдлийн соёл иргэншлээс суурьшмал иргэншил рүү шилжсэнээс хойш байгалиасаа ихэд холдож, холдохын хирээр зан үйл, ахуйн соёл, урлаг, хоорондын харилцаа, хэл ярианд хүртэл өөрчлөлт орж байна. Хүний өөрийн зөн билэг, сэрэл мэдрэхүй бүр их өөрчлөгджээ. Нүүдлийн иргэншилтэй хүмүүс байгальтайгаа маш ихээр зохицож, түүнээсээ эрчим хүч авдаг байсан. Өнөөдөр харин онгод дээдэс маань надад шид буянаа илгээж байгаад бахархалтай байна” хэмээсэн юм.
Монголд сүүлийн жилүүдэд бөө, удган гээч нь бөөн бөөнөөрөө төрөх болсоноор бараг л айл болгон нэг нэг бөөтэй болчихоод байгаа. Гэвч тэрхүү борооны дараахь мөөг шиг олширсон мянга мянган бөө, удганаас эрдэм чадал, авъяас билгээрээ гоц ялгарч буй бөө тэр бүр байдаггүй. Харин Х.Уянга хэмээх энэ бүсгүйд бусад бөө, удгануудаас ялгарах чадал чансаа байгаа бөгөөд тэр нь бариа засал хийх удам дамжсан авъяас, мөн далны ясыг шатаалгүйгээр мэргэлэх дээд тэнгэрийн өгөгдөл юмсанж. Би түүнээс "Айл болгон бөөтэй болчихлоо, болсон болоогүй бөө нарыг бөөн бөөнөөр нь төрүүллээ гэж хүмүүс яриад байгаа. Үүнд ямар хариулт өгөх вэ?” гэж асуухад "Өнөөгийн бидний амьдарч байгаа нийгэм угаасаа харанхуй болчихоод байгаа юм. Одооны залуучууд зөвхөн бодь юм хараад сурчихсан, зөвхөн эд материал, зөвхөн хөрөнгө мөнгө, эрх мэдэл байвал боллоо гэж боддог.
Монгол хүний үндсэн гени өгөгдөл бүр хаягдчихсан. Тийм ч учраас эд мөнгөний шуналтай хулхи бөө нар олноороо төрөөд байна уу даа гэж би боддог. Бөө тодруулдаг зарим хүн "Танай удмын чинь аврагч, улаач болох ёстой хүн энэ байна” гээд хань хамаагүй хүнийг заадаг, аргаа барсан цаад хүмүүс нь түүний үгэнд итгэдэг, тэгээд нөгөө хүнээ бөө болгохоор хамаг юмаа бариад гүйдэг ийм нэг бусармаг зүйл ажиглагдаад байдаг. Уг нь тэнгэрийн зүйлээр ингэж хамаагүй тоглож болохгүй л байгаа юм даа. Бид угаасаа өвөг дээдсээ ч юмуу, хатан дээсээ хүлээж авах учиртай юм байна. Удмаасаа ялгараад ч юмуу, удмаасаа тамгалагдчихсан улаач хүн гэж байдаг. Монгол хүнийг хөх тамгатай, тэнгэрийн тамгатай гэж яриад байдаг. Найман зууны зааглалтай, тэнгэрээс жинхэнэ буух онгон шүтээнүүд нь буух ёстой гэж яриад байдаг шүү дээ. Тэр нь хөх тамгатай хүмүүст буух ёстой. Бөөгийн энэ цаг хугацааг ярихаар үлгэрийн ч юм шиг, ид шидийн ч юм шиг, эсвэл худлаа яриад байгаа ч юм шиг хүмүүст санагддаг байх. Бид ийм л өрөөсгөл ойлголттой болчихоод байгаа. Миний хувьд гэвэл буух ёстой юм нь буугаад, хийх ёстой юмаа хийгээд л явж байна” гэж тун дориухан хариулт өгсөн юм. Унаган төрөлх авъяастай Уянгаа хэмээх энэ бүсгүйн тухай дуулж сонсоод далны ясыг шатаалгүйгээр цагаанаар нь мэргэлдэг хүн өдгөө Монголд бараг л ганц байгаа гэж хэлж болохоор байгаа юм. Ийм ховорхон авъяастай нэгэн улаачтай уулзаж далны ясаар мэргэлүүлээд түүнийгээ дом болгож авахыг хүсвэл 99182229 дугаарын утсаар холбогдож болох юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих