40 жилийн өмнөх "Улаан-Од"-ынхон гэж тун авсаархан хамт олон байж дээ.
Нанж, Санж хоёр Лхагваатай, өглөө, оройгүй Магнай даргад загнуулж байсан
ч өөрөө ердөө тоодоггүй Ө.Сэнгээ гэгч зурагчинтай, эрхлэгчээсээ илүү
эрхтэй Гомбожав, Сувдаа, Цэгмэд гээд бичээчтэй, "Дэхэ", Орлио хэмээх
хоёр Мижиддоржтой, ахмад, хошууч голдуу Да.Дамдиндорж, Б.Жанчив,
Ц.Гаваа, Л.Пүрэвдорж, Ц.Бат-Орших, Х.Шагдар, Б.Чантуу, Д.Нямбуу,
Д.Жамьян, Г.Мягмаржав, онгод нь орохоороо онгироо ч юм шиг О.Нэргүй яруу
найрагчтай, навс Жамбаа, намхан дуутай, намбалаг хатагтай Ё.Дагийсүрэн,
Магнай даргаас өөр хүнд үл захирагдах "хэвлэлийнхэн" гэгдэх "шил"
М.Банзрагч, "чихгүй" Г.Цэнд-Аюуш гээд л гүйцээ.
Гарын арван хуруунд багтах цөөхөн хэдэн нөхдөөс маань Б.Чантуу,
А.Баярмагнай, Нанж. Лхагваа, Д.Жамъян, Л.Пүрэвдорж нар гавьяат болцгоож,
Ц.Таваа, Х.Шагдар, Б.Жанчив, Ц.Бат-Орших гээд л шил, шилээ дарсан
хурандаа нар, бас зарим нь Х.Шагдарыг дагаад доктор болцгоожээ.
Надтай хамт хэвлэлийн комбинатын сонины цехийн хүйтэн хонгилд сонины
үйлдвэрийнхний хэлдгээр сониныхоо "бөөсийг нь түүх" ажилдаа хонон өнжин
зүтгэж явахдаа залуу сайхан ханийгаа жил бүрийн 100-аад хоног өнчин
дэрэн дээр орхиж явсан М.Банзрагч маань Монголын үндэсний телевизийн
"бурхан" сэтгүүлч болтлоо өсч, олон сайхан нэвтрүүлгийг нь шимтэн үзсэн
нь бидэнд олон.
Наад захын жишээ гэхэд л Увсын Малчин суманд болсон "Ми-8"-ын ослын
талаарх нам, намаараа талцаж бурхан болоочийнхоо ясыг өндөлзүүлэн, өөр
хоорондоо хэрүүлийн бузар өвөрлөн тэрсэлсэн төгсгөлгүй маргааныг таслах
цорын ганц баримтыг дуран авайдаа мөнхөлж үлдээсэн сэтгүүлч манай
М.Банзрагчаас өөр үгүй.
Төмөр замын эмнэлгийнхний жагсаалд оролцож яваад түрж явсан машины
чиргүүлийн дугуйнд дайрагдан амь алдсан эмэгтэйн талаар олон янзын
сүржин цуурхал тэнүүчилж, хүний амь бусниулсан хэмээн гүтгэгдэн хууль
цагдаагийнхныг хилсдүүлэн зовоож байх тэр үед найз маань бас л дуран
авайдаа буулгаж амжсаны ачаар хууль цагдаагийнхан аврагдаж, ардчилсан
ардчилаагүй хоёр намын зарим сэтгүүлчдийн үзэгний бэх хатаж, намынхны нь
ам таглагдан, гагцхүү үнэний дэнс болж чадсанаар хэвлэлээр тэнүүчилж
явсан олон янзын хардлагад цэг тавьж чадсан зэрэг чухал нэвтрүүлэг олон
билээ.
Гагцхүү үнэнийг мөнхөлж, ололтыг дархлаж явсан найз минь гавьяаныхаа
амралтад суух завгүй, ирээдүйд сэтгүүлч болох охид, хөвгүүдэд ур
чадварын хичээл зааж, багш гэдэг эрхэм алдар хүртэн "хос морьтой"
гялалзаж явсан ч саяхан биднийгээ орхин "бурхан"-ы орондоо буцсан.
Харамсмаар гэхэд дэндүү багадах идэрхэн анд минь явсан даа хөөрхий.
Тэр жилийн нэгэн өглөө хошууч Шаравын өмнө хөлс нь чийхарч, хөл нь
чичрэн номхон зогсож байсан хөөрхий нэгэн шинэ цэргийг Магнай дарга
дагуулан манай өрөөнд орж ирээд "Өнөөдрөөс энэ байлдагч манай сонинд
ажиллах болно. Чи хэвлэл дээр сонины ажилд дадлагажуул" хэмээснээр
Ц.Бат-Орших бид хоёрын дөч гаруй жилийн нөхөрлөл эхэлсэн билээ.
Манай бичээч Гомбожав гуай намайг дуудаж "Чамтай хамт яваад байгаа
цэрэг чинь казак юм уу?" гэснээс хойш бидний дунд ард халх Бат-Оршихыг
анд нөхөд нь "Донын хасаг" хэмээх эрхэм алдарт дасгаж, өөрөө ч түүндээ
эвлэрэн ээнэгшиж яваа найз маань сониныхоо хариуцлагатай нарийн бичгийн
даргад дэвшиж, ахиад бас болоогүй ээ, Монголын сэтгүүлчдийн холбооны
Ерөнхийлөгчөөр сонгогдон, өөр хоорондоо үзэл бодлоороо "чөлөөтэй,
чөлөөгүй” гэгдэн "өрх тусгаарлан” хоёр салсан сэтгүүлчдийн холбоодыг
"нэгэн хөнжил"-д багтах болтол нь эвлэрүүлэх гэж далаад оныхны дунд
"одой профессор" гэгдэх З.Дашдондов эрхэмийн сэтгэлийг зөөллөж, хэдэн
муусайн сэтгүүлчдээ "чөлөөтэй", "чөлөөгүй"-гээр нь дуудалцах ялгааг
арилгаж, нэгэн тогоонд багтаан "Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл"-тэй
болгох хүртэл олон жил цалингүйгээр, сэтгэлээрээ зүтгэж, Ерөнхий сайд
П.Жасрай гуайгаас МСХ-той байх тухай гуйхдаа дүрс бичлэгийн камер үүрч
ороод бичлэг хийн баримтжуулж ч гэх юм уу, сүрдүүлж ч гэх юм уу, нэгэн
үйл явдал болоход миний бие хамт байж билээ. Ер нь заримдаа бага гэмээр
мөртөө сонин юмыг хадгалах дуртай нэгэн л дээ.
Нэгэн удаа Б.Чантуу эрхлэгч бид хоёрт одоогийн Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржийн "Би сониныхоо ажилд дуртай, холбооны ажилд оролцохгүй
Ц.Элбэгдорж. 1989 оны 12 дугаар сарын 26" гэсэн өөрийнхөө гарын үсэгтэй
бичиг үзүүлж, чамайг бодохноо Монгол Улсын Ерөнхийлөгчөөр амлалт
авахуулж явлаа хэмээн онгирч билээ.
Миний гижиг хүрээд "Одоо бодоход Элбэгээ Ерөнхийлөгч маань чамайг
аргагүйн эрхэнд араар чинь тавьчихсан юм биш үү?" гэж даапаалбал "Гэхдээ
л ховор баримт надад байгаа биз дээ. Удах тусмаа үнэ орно гэж үүнийг
хэлдэг байхгүй юу" гээд маасайх. Миний найз ийм л нэгэн.
Шогоор хэлэхэд даргын тушаалд дуртайдаа ч юм уу, аль эсвэл орных нь хүн
олдохгүйдээ ч юмуу, хамгийн хэцүү үед Сэтгүүлчдийн байгууллагыг авч
явсан хүн бол яах аргагүй Ц. Бат-Орших ажээ. Түүний ивээлд Б.Чантуу
эрхлэгч бид хоёр бас багтаж "Улаан-Од"-ын гурван сэтгүүлч Монголын
сэтгүүлчдийн холбоонд ажиллан цалинтай, цалингүй хамт зүтгэж байсан нь ч
бас нэгэн түүх юм даа.
70-аад оны "Улаан-Од"-ынхон ийм л нэг эгэл хүмүүс байсан даа. Эргээд
харахад цөөнгүй нь "бурхан"-ы орондоо буцсан байх юм. Хүмүүний хувь
тавилан ийм хойно доо. Үлдсэн цөөхөн хэдийг нь үл мартан 90 насны
түүхэндээ үе, үеийн төлөөллийнхний үзэж харсан, хийж бүтээснийг нь
түүчээлж, дурсамждаа мөнхөлж, номын сударт дархлах санаа шулуудсан
"Соёмбо" сониныхоо залууст туйлаас баярлалаа.
Гончигийн Цэнд-Аюуш
Эх сурвалж: "Соёмбо” сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=91
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих