/1908-1984/
Сэцэн хан аймгийн Зүүн хязгаарын зах, Тогтохтөр вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Халхгол сумын нутагт арслан Хасын гэрт 1908 оны шороон бичин жил мэндэлжээ. Түүний удам өвөг эцэг Саманд 1850 оны даншгийн заан, Самандын хүү Дашдоной 1881 оны даншгийн, аав Хас нь 1903 оны тусгай даншиг наадмын арслан цолтонгууд байлаа. Ийнхүү эцгийн талаас бөхийн удам Өлзийсайханд дамжин хүү Эрдэнэ-Очир нь бас улсын арслан цолтой бөх болсон билээ.
Х.Өлзийсайхан арвандолоон настайгаасаа эхлэн бөхийн хүрээнд багтсан бөгөөд 22 настайдаа цэрэгт татагдан очиж Тамсагбулагийн цэргийн наадмын түрүүг анх авснаас гадна 1932 онд Дорнод аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол авчээ. Тэрээр Халхголын цэргийн тавдугаар дивизийн гэсэн нэрээр барилдсаар дараа нь Төв аймагт шилжин амьдарч байжээ. Х.Өлзийсайхан 1934 оны улсын баяр наадамд анх удаагаа барилдаж 1024 бөхөөс "Боохой” Данзан арслангаар долоо давж 26 насандаа Монгол Улсын заан цол авчээ.
1936 онд 1024 бөхөөс тав давжээ.
1937 онд 896 бөхөөс зургаа давжээ.
1938 онд 1024 бөхөөс тав давжээ.
1940 онд 512 бөхөөс зургаа давж "Харилтгүй зоригт” чимэг.
1941 онд 512 бөхөөс найм давж үзүүрлэж Монгол Улсын арслан цолыг 33 насандаа хүртжээ.
1943 онд 512 бөхөөс зургаа адвжээ.
Мөн 1942, 1947, 1951 онд дөрөв, 1948, 1949, 1950, 1955, 1956 онд гурав давжээ. Хамгийн сүүлд 1953 онд хоёр давж байжээ. Бас үүнээс гадна бүрэн бус мэдээгээр Төв аймгийн баяр наадамд 1951, 1952 онуудад түрүүлж, 1944, 1950, 1957 онуудад үзүүрлэж байсан байна.
Олон үеийн арслан, заан цолтны удам Х.Өлзийсайхан арслан нуруугаар өндөр биш боловч биеийн харьцаа тэгш, зузаан гуятай, хүч бяр ихтэй, хурдан шаламгай жигд сайхан барилдаантай, хүчтэй хонгодож дайрдаг, тэр хүчиндээ хийсэн мэхийг нь хариулахад бэрх өөрийг нь дайрсан, гүйсэн бөхийг дагуулж гуядах, цохих, хав дөрвөлжин барьцнаас солгой тонгорох, эс бол далавчилж эргүүлдэг мэхтэй байжээ. Арслан 1956 оноос хойш улсын баяр наадамд зодоглоогүй ч гэсэн өөрийн хүү Эрдэнэ-Очирыг бөх болгож үе залгамжлуулах гэж ихээхэн чармайлт гарган наадамд дагуулж очдог, барилдуулдаг, байнга зааж сургадаг байсаар бөхийн өлзийтэй замын гараанд хүргэсэн юм билээ.
Н.БАТМӨНХ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих