Газрын тосны хайгуулын "Хэрлэн-Тохой-28’ талбайг олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байсан цаг саяхан. Тэгвэл бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ) байгуулах сонгон шалгаруулалтад "Хонгконг Велпек Индастриал” компани шалгарчээ. Эх сурвалжийн мэдээллээр "Хэрлэн-Тохой-28” талбайд газрын тосны хайгуулын, ашиглалтын үйл ажиллагаа явуулах "Хонгконг Велпек Индастриал” ХХК нь 2011 оны тавдугаар сарын 21-ний өдөр гурван сая ам.долларын дүрмийн сантай байгуулагдсан аж. Хонгконгд бүртгэлтэй компани гэнэ. Уг компани уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаа явуулах зорилготой аж. Тус компанийн хөрөнгө оруулагч "Анхуй Хуйшин”, "Сөожү Жинтиан” ХХК-иуд "Хонгконг Велпек Индастриал” ХХК-ийн хувьцааны 50 хувийг эзэмшдэг байна. 2014 оны долоодугаар сарын 1-ний өдөр батлагдсан Газрын тосны тухай хууль болон Засгийн газраас баталсан БХГ-ний загварт нийцүүлж газрын тосны хайгуулын "Хэрлэн-Тохой-ХХ-VIII” талбайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар, "Хонгконг Велпек Индастриал” ХХК-ийн хооронд БХГ байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 162 дугаар тогтоолоор олгожээ. Үүний дагуу энэхүү гэрээг байгуулсан байна.
Уг талбай нь хойгуураа БХГ-т Баянтүмэн-17 (Магнай Трейд), Хөх-Нуур-18 (Эн Пи Ай ), урдуураа Тосон-Уул-19 (ДАТАМО) талбайнуудтай хиллэдэг аж. "Хэрлэн-Тохой-28” талбай нь Дорнод аймгийн Булган, Баянтүмэн, Матад, Чойбалсан сум болон Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын газар нутгийг хамарсан нийт 14.280.21 ам.метр талбайг эзэлдэг нутаг.
Сонирхуулахад, "Хонгконг Велпек Индастриал” ХХК нь "Хэрлэн-Тохой-28’ талбайд газрын тосны хайгуулын ажлыг Газрын тосны хуулийн дагуу найман жилийн хугацаанд явуулахаар болжээ. Хайгуулын хугацаанд гэрээт талбайд геологийн зураг зохиож, талбайн хэмжээнд хүндийн хүчний судалгааны хээрийн ажил, 500 тууш км хоёр хэмжээст, 1020 ам.метр талбайд гурван хэмжээст чичирхийллийн судалгаа хийж, хайгуул, үнэлгээ, ашиглалтын 31 цооног өрөмдохөор хайгуулын ажлын төлөвлөгөө боловсруулсан бөгөөд нийт 81.374.000 ам.долларын хөрөнгө оруулах ба байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд 1.020.000 ам.долларыг зарцуулахаар төлөвлөжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих