Ердөө сар гаруйхны дараа хаврын чуулган хаалтаа хийх ёстой ч Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаагүй байна.
УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа ч бүлгүүдийн байр суурь асар зөрүүтэй, нэгдсэн ойлголцолд хүрэхэд нэг сар байтугай нэг жил ч шаардаж мэдэх аж. Тодруулбал, сонгуулийн тогтолцооны тухайд УИХ дахь Ардчилсан намын бүлэг 48х28 буюу холимог тогтолцоогоо хадгалах. Ингэхдээ намын листээр сонгогддог пропорцианаль тогтолцоог илүү боловсронгуй болгох байр суурь барьж байна.
УИХ дахь МАН-ын бүлэг 76 тойрог буюу хуучин тогтолцоогоо эргүүлэн авчирах аянд мордсон. Тойргуудаа буцаан авчирахын тулд ард түмнээс сонгуулийн тогтолцоог асуух хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн төдийгүй дагалдуулаад 4 тэрбум төгрөг давхар нэхээд сууж байна.
УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг Монгол Улс бүхэлдээ нэг тойрог болж, нам, эвслүүд 76 нэр дэвшигчээ "зоох” саналыг гаргаад байна.
Нөгөөтэйгүүр, санал зөрөлдөж байгаа бас нэг асуудал нь УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах эсэх тухай аж.
2012 онд УИХ-ын сонгуулийг зохион байгуулахдаа Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль хамт болсон. Хоёр сонгуулийг нэг өдөр хамтруулснаар зардлыг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан. Хямралтай жилүүдэд энэ аргыг ашиглах нь хамгийн зөв сонголт байж болох ч УИХ дахь МАН-ын бүлэг сөрөг байр суурь барьж буй аж. Нутгийн өөрөө удирдах байгууллагыг хамгийн их улстөржилт дагуулж, намаар нь талцуулдаг УИХ-ын сонгуультай нэг төвшинд, нэг өдөр хийх нь зохимжгүй гэнэ. Мөн сонгуулийн үеэр гардаг маргааныг хэрхэн шийдэх талд нэгдсэн шийдэлд хүрээгүй хэвээр байна.
Уг нь Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд маргааныг шүүхээр шийднэ, ингэхдээ богино хугацаанд шийдэх боломжтой байхаар тусгасан ч Ардын намын зүгээс иргэдийн сонголтод шүүхийн нөлөө ихсэх аюултай гэсэн байр суурь барих болжээ. Энэ мэтчлэн тоочоод байвал Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл дээр АН, МАН-ын байр суурь хол зөрүүтэй,өөрөөр хэлбэл, сонгууль хуучнаараа буюу 48х28-аар зохион байгуулагдаж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэжээ. Уг нь ч ухралт хийж, 76 тойрог болж байснаас дээр л хувилбар. Гол нь намууд 28-д нэр дэвших нэр дэвшигчиддээ өндөр шалгуур тавьж чадах эсэхээс олон зүйл шалтгаална. Намын даргад ойр, эсвэл фракци нэг нэр дэвшигчиддээ илүү боломж олгох байдлаар 28-ыг ашиглавал 2012 оны алдаа давтагдах эрсдэл бий.
"Улсыг таван бүс болгоод 28-ыгаа тусдаа квот болгон хуваах”
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Ямар ч тохиолдолд холимог тогтолцоог улам боловсронгуй болгож хөгжүүлж явах нь зүйтэй гэж олон гишүүн ярьж байгаа. Намуудын байр суурь харилцан адилгүй ч гэсэн холимог тогтолцоо руу явах болов уу. Одоогийн 48:28 гэсэн харьцааны нэр дэвшигчдийг сонгодог 48 нь хэвээр байх нь зүйтэй гэж миний хувьд үзэж байгаа. Харин намын жагсаалтаар сонгодог 28-ыг илүү боловсронгуй болгох нь зүйтэй гэж хувь улстөрчийн байр сууриас харж байна.
Улсыг таван бүс болгоод, баруун, зүүн бүс, төвийн бүсийг урд, хойд гэж хуваагаад, Улаанбаатарыг тусад нь бүс болгоно. Ингээд 28-ыгаа тусдаа квот болгон хуваая гэсэн санал байгаа юм. Аймгуудыг хуваасан дөрвөн бүсэд тус бүр тав, таван квот, Улаанбаатарт наймыг хуваарилаад нийт 28 болж байна. Ингээд нам болгон тухайн квотын тоотой тэнцүү хэмжээний нэр дэвшигчийг дэвшүүлнэ.
Тэгээд сонгогч намд бус хүнд нь санал өгнө. Хүнд өгсөн саналыг эргээд тухайн намд өгсөн санал гэж тооцож намд нь хуваарилах маягаар хийвэл илүү зохимжтой гэж бодож байгаа. Тухайн нам хоёр суудал авах хэмжээний санал авсан бол хэн гэдэг хоёр хүнийг сонгох эсэхээ нам нь шийднэ гэсэн үг. Ингэхээр нэг талаас илүү том тойрог болж байгаа, нөгөө талаас сонгогч хүнд санал өгнө, гэхдээ түүнийг намд нь тооцно гэсэн үг.
"Монгол Улс бүхэлдээ нэг тойрог болох нь зөв хувилбар”
УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг:- Бүлгээр Сонгуулийн нэгдсэн хуулийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Ч.Улаан Монгол Улсын гавьяат хуульч Б.Чимэд агсны дэвшүүлж байсан Монгол Улс бүхэлдээ нэг тойрог, нам эвслүүд 76 нэр дэвшигчийг дэвшүүлэх тогтолцоог санал гаргасан. Сонгогч хүнийг дугуйлна, ингэхдээ 76-гаас сонгоё гэснээ дугуйлна. Хүний дугуйлсан санал намын сагсанд очно. Хүнээ эрэмбэлнэ, зөвхөн намаараа эрэмбэлүүлэх биш сонгогчоороо эрэмбэлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Одоогийн ажлын хэсэг дээр ийм хувилбар орж ирээгүй, бүлэг энэ хувилбарыг албан ёсоор гаргаагүй ч дэмжиж болох хамгийн боломжтой хувилбар. Сонгогдсон гишүүд нь нийт сонгогчдын саналыг авч чадах эсэхээ шийдэх боломжтой учраас энэ саналаа намын бүлгүүддээ санал болгоно.
"Намын жагсаалтгүй, тойргоос шууд сонгогддог байх”
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Улс төрийн намуудын ойлголцлын зөрүү хэд хэдэн асуудал дээр хэвээрээ байгаа. Нэгдүгээрт, Ерөн-хийлөгчийн, орон нутгийн, УИХ-ын сонгуулийг нэг хуулиар зохицуулах нь Үндсэн хуультай зөрчил үүсэх юм биш үү гэдэг асуудлыг УИХ-д олон удаа сонгогдсон гишүүд тавьж байгаа юм. Чиг үүрэг нь тусдаа гурван хуулийг нэг хуульд нэгтгэх нь Үндсэн хууль дээр унах юм биш биз гэж болгоомжилж байгаа хэрэг. Хоёр дахь нь тогтолцооны асуудал. УИХ-ын сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах вэ гэдэг нь нэлээд маргаантай байна. УИХ дахь АН-ын бүлэг 48:28 буюу 2012 оны сонгуулийн зарчмаар явуулах ёстой гэсэн байр суурьтай. Харин МАН энэ удаа намын жагсаалтгүй, тойргоос шууд сонгогддог тогтолцоогоор явъя гэсэн байр суурь илэрхийлж байгаа юм. Сонгуулийн тогтолцооны талаар ажлын хэсэг, хоёр намын бүлгийн төвшинд ярьж хэлэлцсэн ч ойлголцол хол байна. Тийм учраас ард иргэдээсээ асуувал яасан юм бэ гэдэг санал гаргасан. УИХ гэдэг нь ард түмний төлөөллийн байгууллага гэдэг утгаараа бага ард түмэн гэсэн үг. Тиймээс төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх буюу иргэн бүр төр барих механизмаа өөрсдөө сонговол төрд итгэх итгэл сэргэнэ хэмээн үзэж байгаа юм.
Г.НАРАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих