Импортоос хэт хамааралтай манай улсын эдийн засагт валютын ханшийн өсөлт өнгөрсөн хоёр жилд голлох сөрөг үзүүлэлт болсон. Ердөө хоёр жилийн хугацаанд ам.долларын ханш 500 төгрөгөөр чангарсан юм. Тэгвэл энэ сарын эхнээс ам.доллар, юань тэргүүтэй валютын эсрэг төгрөгийн ханш огцом чангарч эхэллээ. Өнгөрсөн гуравдугаар сард ам.долларын ханш түүхэндээ хамгийн өндөр ханш буюу 2000 төгрөгт дөхсөн. Харин өчигдөр Төв банкны зарласан ханшаар нэг ам.доллар 1896 төгрөгтэй тэнцэж, даруй 104 төгрөгөөр сулрав. Мөн "Найман шарга” зах дээр 1882 төгрөг болж буурчээ.
Арилжааны банкуудын хувьд үүнээс доогуур ханш зарласан байлаа. Тухайлбал, Голомт, Худалдаа хөгжлийн банкинд ам.доллар 1880 төгрөгийн ханштай байсан бол Капитрон банк хамгийн бага буюу1876 төгрөгөөр үнэлсэн байв. Энэ нь сүүлийн долоон сарын хамгийн доод ханш юм.
Эсрэгээрээ дэлхийн зах зээлд ам.долларын ханш чангарсан өдрүүд үргэлжилж байна. Ам.долларын ханш евро, иен, юань зэрэг голлох валютын эсрэг чангарсан байна. Өчигдрийн байдлаар ам.долларын ханш иен, вонн, юанийн эсрэг 0.07-0.66 хувиар тус тус өсчээ. АНУ-ын үйлдвэрлэл өссөнөөс ийнхүү ам.долларын ханш чангарсан хэмээн шинжээчид тайлбарлаж байгаа юм. Ийнхүү ам.долларын ханш суларч монгол төгрөг нэг сарын дотор таван хувиар чангарсанд улирлын онцлог, нөгөө талаар Оюутолгойг тойрсон эерэг хүлээлт нөлөөлж байна гэж эдийн засагчид дүгнэж байгаа юм. Албаныхны хэлж буйгаар цаашид далд уурхайн хөрөнгө оруулалт шийдэгдэж, дээрх эерэг хандлага үргэлжилбэл ам.долларын ханш 1700 төгрөг хүртэл буурах боломжтой аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих