УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар
Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Өнгөрсөн баасан гаригт уг асуудлыг хэлэлцээд Шадар сайдад нэр дэвшигч
У.Хүрэлсүхийг томилсон юм. Тиймээс өчигдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх
газрын даргад нэр дэвшигч С.Баярцогтыг томилох асуудлаас үргэлжлүүлэн
хэлэлцэж, сайд нарыг томиллоо. Сайд нарын томилгоотой холбоотойгоор
УИХ-ын гишүүд дараахь байр суурийг илэрхийлж байлаа.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БАЯРЦОГТ
Н.БАТБАЯР:
-С.Баярцогт гишүүн яах аргагүй Оюутолгойн гэрээтэй холбогддог. Энэ орд
газар Эрдэнэтээс хэд дахин илүү ашиг өгөх ёстой. Гэтэл одоо хэзээ ашгаа
өгөх нь тодорхой бус байна. Тиймээс Оюутолгойтой холбоотойгоор таныг
дэмжих боломжгүй байна.
Г.УЯНГА: -Баасан гаригийн чуулган дээр
Х.Болорчулуун гишүүн нэг асуудлыг хөндсөн. Энэ бол Хятадын Монгол гэсэн
таны анкеттай холбоотой асуудал. Та үүнийг тайлбарлахдаа хайхрамжгүй
байдлаасаа болоод гарын үсэг зурчихсан гэсэн. Засгийн газрын Хэрэг
эрхлэх газрын дарга гэдэг бол олон чухалбичиг баримт дээр гарын үсэг
зурдаг албан тушаал. Тиймээс та гарын үсэг зурахдаа хайхрамжгүй хандаж
болохгүй шүү.
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ
О.БААСАНХҮҮ:
-Хэдхэн сарын өмнө танай намын гишүүд С.Оюун сайдыг давхар дээлээ
тайлах ёстой гээд талбай дээр жагсч байсан. Та одоо сайд болж байгаа
учраас нэг дээлээ тайлж дан дээлтэй болох уу. Сонгууль болохоор л
улстөрчидтэй холбоотой асуудал манддаг. Өнгөрсөн сонгуулиар таныг Завхан
аймгийн Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын дарга нөхрөөрөө дамжуулан
төсвийн мөнгөнөөс завшсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ асуудал юу болсон
бэ?
Д.ОЮУНХОРОЛ:-Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу
намайг нэр дэвшүүлэн оруулж ирж байгаа гэж үзэж байна. Мөн манай намын
бүлэг "давхар дээл"-тэй холбоотой асуудлыг хэлэлцэж байх үед үндсэн
чиглэлийн яамдын сайд нар нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн байр
суурьтай байсан. Энэ зарчмынхаа дагуу нэр дэвшүүлсэн гэж ойлгож байна.
Би бол жагсаалтаар сонгогдоогүй, Завхан аймгаас сонгогдсон гишүүн.
Тиймээс цаашдаа Завханы ард түмний төлөө үргэлжлүүлээд ажиллах ёстой.
Манай нөхөр олон улсын байгууллагад ажилладаг. Тухайн үед гарч байсан
мэдээллийн дагуу шүүх хяналтын байгууллагад шалгуулж гэм буруугүй
гэдгээ тогтоолгосон.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.ПҮРЭВСҮРЭН
Р.АМАРЖАРГАЛ:
-Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилласан хүний хувьд асуух асуулт байна.
Ерөнхийлөгч ОХУ-д бие төлөөлөгчөө томилсон. Энэ нь хэр зөв зүйтэй алхам
гэж үзэж байгаа вэ. Ингээд бие төлөөлөгч томилоод байх юм бол Элчин
сайдтай байхын хэрэг байна уу. Цаашдаа энэ бодлогыг үргэлжлүүлэх үү?
Л.ПҮРЭВСҮРЭН
-ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсад айлчилж, хоёр улсын харилцаа улам
эрчимжиж байгаатай холбоотойгоор Ерөнхийлөгч тус улсад бие төлөөлөгчөө
томилсон. Л.Хангай бол туршлагатай дипломатч хүн учраас зөв шийдвэр гэж
үзэж байгаа. Бие төлөөлөгч томилсноор Элчин сайдын ажилд ямар нэгэн
сөрөг үр дагавар гарахгүй.
Ц.НЯМДОРЖ: -Ганцхан Гадаад харилцааны
сайд төдийгүй, томилогдохоор орж ирсэн бүх нэр дэвшигчид хандаж үг
хэлье. Үнэндээ холион бантангийн Засгийн газар байгуулж байна.
Мэргэжлийн хүмүүсийг оруулж ирээгүйд харамсч байна. Яамандаа сууж ажлаа
хийдэггүй, гадаад, дотоодод зугаалдаг сайд нар олон байсан. Харин одоо
шинээр томилогдох сайд нар даруухан байж ажлаа сайн хийгээрэй. Өчигдөр
сайтуудын мэдээ харж байтал цэргийн хувьцастай нэг нохой хөтөлсөн нэр
дэвшигчийн зурагтай "Засгийн газарт ганц түшиг болох хүн" гэсэн
гарчигтай мэдээ гарсан байна лээ. Ингэж өөрсдийгөө рекламдах хэрэггүй
шүү. Бас худлаа битгий хэлцгээгээрэй. Мөн өөрсдийнхөө хооллож байгаа
тогооноос битгий хумслаарай. Тендерээс хол байгаарай. Танхимын чинь
Гишүүн хууль зөрчсөн тохиолдолд шууд хөөж явуулаарай, Ерөнхий сайд аа.
САНГИЙН САЙД Ж.ЭРДЭНЭБАТ
Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:
-Эдийн засгийн бодлого чинь төсвийн бодлоготойгоо хэрхэн уялдаж явах юм
бэ. Цаашдаа ямар бодлого хэрэгжүүлэх нь зөв гэж үзэж байгаа вэ?
Ж.ЭРДЭНЭБАТ:
-Эхлээд эдийн засаг яагаад хямрав гэдгийг сайн дүгнэх ёстой гэж үзэж
байна. Улмаар тэр дүгнэлтийнхээ дагуу бодлогоо тодорхойлох нь зөв. Мөн
төсвөө сайн төлөвлөж тооцдог болох ёстой гэсэн бодолтой байна.
Б.ГАРАМГАЙБААТАР:
-Хамтраад Засгийн газраа байгуулаад ажиллах болтол танай намын бүлгийн
дарга мэдээлэл хийхдээ гуйсан учраас аргагүйн эрхэнд, шахалт дарамт дор
хамтарч байгаа мэтээр ярьсан. Та АН гуйсан учраас Засгийн газарт орж
ажиллаж байна гэж бодож байгаа юу. Мөн эдийн засаг хямарсан гэж үзэж
байгаа юу, эсвэл хүндэрсэн гэж дүгнэж байна уу?
Ж.ЭРДЭНЭБАТ: -Би
намынхаа удирдах дээд байгууллагын шийдвэрийн дагуу Засгийн газарт орж
ажиллахаар болсон. Эдийн засаг хүндэрчихсэн байгаа. Үүнийг бүх гишүүн,
нам, эвсэл хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.
Ө.ЭНХТҮВШИН:
-Ж.Эрдэнэбат гишүүн тун хэцүү яамыг хүлээж авлаа. Сангийн яам нэртэй
боловч сангүй, хоосон яаманд очлоо. Ер нь хамтарч байгаа нэрээр их л
хэцүү айлын хашаанд буулаа. Жаахан бяртай үедээ муухай аашлаад шахаад
эхэлдэг, тэвдэхээрээ гуйгаад гүйгээд ирдэг айл шүү. Ж.Эрдэнэбат гишүүн
ажлаа авсан даруйдаа ямар зүйл дээр очиж байгаагаа сайн судалж,
мэдээлээрэй. Тэгэхгүй бол дараа нь энэ хамтарч байгаа хүмүүс чинь чамайг
очоод л бүх зүйлийг орвонгоор нь эргүүлчихсэн мэтээр ярина шүү. Мөн
АН-ынхны аманд орж болохгүй. Өрийн таазыг нэмэх санал оруулж ирээд
чамаар дамжуулж МАН-аас дэмжлэг авахыг хүснэ. Сангийн сайд ухаантай юм
бол намынхандаа танилцуулаад дэмжүүлээд ир гэж шахна. Засгийн газар
еөрөө гадаадаас өр зээл авахгүйгээр хувийн компаниудын авч байгаа зээлд
баталгаа гаргаж өгнө гэсэн яриа гарч байгаа. Энэ бол буруу.
ХУУЛЬ ЗҮЙН САЙД Д.ДОРЛИГЖАВ
А.ТЛЕЙХАН:
-Тойргийн шүүх байгуулж иргэдийг шүүхээс холдуулснаар чирэгдэл учруулж
байгаа. Үүнийг өөрчлөх үү. Мөн сүүлийн үед хууль, шүүхийн байгууллагын
удирдлагууд хоорондоо их зөрчилдөх болсон. Үүнийг та юу гэж харж байгаа
вэ?
Д.ДОРЛИГЖАВ: -Давж заалдах шатны шүүхийг тойргийн шүүх болгож
өөрчилсөн нь буруу. Энэ асуудлаар Цэцэд гомдол очсон гэж сонссон. Иргэд
давж заалдахын тулд өмгөөлөгчөө дагуулан хол газар руу явахад хэцүү
байгаа. Замын зардал, буудаллах газраас эхлээд төвөгтэй асуудал их бий.
Хоёр дахь асуултый хувьд хувь хүмүүсийн ааш зан, бусадтай харилцаж
байгаа байдал нь тухайн салбарын үйл ажиллагаа, ажлын чанарт нөлөөлдөг
гэж үздэг.
Ц.НЯМДОРЖ: -Давж заалдах гомдол багасч байгаа." Знэ нь
шүүхийн шинэчлэлийн давуу тал гэх мэтээр Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн
хэлж байгаа. Яг үнэндээ иргэд аймгаас аймаг дамжин хол очиж давж
заалдахаас төвөгшөөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа
больсон. Үүнийг залруулаарай.
Ө.ЭНХТҮВШИН: -Сүүлийн үед хэвлэл
мэдээллийн хэрэгслээр гараад байгаа дөрвөн сая ам.долларын асуудалд
таны нэр холбогдсон. Үүнд тайлбар хийнэ үү. Мөн Б.Билэгтээс хойш ЦЕГ-ын
дарга олон удаа солигдлоо. Одоо та бас ажлаа аваад халаа сэлгээ хийх
үү?
Д.ДОРЛИГЖАВ: -Намайг та Хууль зүйн сайдаар очих хэрэггүй гэж
ятгах хүмүүс байсан. Сүүлдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ мөнгө
төгрөгтэй холбоотой асуудалд нэр холбоод эхэлсэн. Үүнийг Х.Тэмүүжин
сайд хийсэн. Хууль зүйн сайдаар ажиллаж байгаа хүн мэдээлэл орж ирэхэд
үнэн зөвийг нь нотлохгүйгээр цацсан нь буруу. Би энэ асуудлыг
шалгуулна. Олон удаа гүтгүүлж, доромжлуулж байсан. Гэхдээ энэ удаагийнх
арай хатуудаж байна. Тиймээс шалгуулах нь зөв гэсэн бодолтой байгаа.
Дараагийн асуултын тухайд би нэг л зарчим баримталдаг. Эхлээд ажлаа сайн
хийх үүрэг өгдөг. Харин ажлаа сайн хийж чадахгүй бол "Та ажлаа өг"
гээд шуудхан хэлчихдэг. Тиймээс би ажлаа авангуутаа учиргүй халаа
сэлгээ хийхгүй.
Ц.НЯМДОРЖ: -Сүүлийн үед хууль хяналтын байгууллагууд
бие биедээ итгэхээ больсон. Нэг нэгнээ тагнадаг, чагнадаг боллоо.
Үүнийг болиулаарай. Бас улстөрийн зорилгоор ажиллахыг нь зогсоогоорой.
АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.ЭРДЭНЭБАТ
Ё.ОТГОНБАЯР:
-АН-ын бүлэг 2016 оноос Засгийн газрын гишүүд "давхар дээл"-гүй байх
ёстой гэсэн шийдвэр гаргаж байсан. Энэ шийдвэрийг гаргахад та бүлгийнхээ
даргаар ажиллаж байсан хүний хувьд одоо өөрөө "давхар дээл"-ээ
тайлахуу?
Д.ЭРДЭНЭБАТ: -Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуулийн дагуу ажиллана.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Д.ЦОГТБААТАР
Түүнээс
асуулт асууж, саналаа хэлэх гишүүн олон байсан ч цаг хэмнэх үүднээс
УИХ-ын дарга санаачилга гаргаж нэрсийг нь татуулсан юм. Улмаар шууд
санал хураалт явуулж, Д.Цогтбаатарыг Барилга, хот байгуулалтын сайдаар
томиллоо.
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Ц.ЦОЛМОН
Ц.ДАВААСҮРЭН:
-Бид Засгийн газраа байгуулж байна. Тиймээс хариуцлагатай байя, гишүүд
ээ. Ногоон гэрлээр батлаад явчихаж болохгүй. Батлан хамгаалах үзэл
баримтлалыг юу гэж үзэж байна вэ. Өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна
уу. Зэвсэглэлийн хувьд та юу гэж боддог вэ. Шинэчлэл хийх ёстой гэж
боддог уу?
Ц.ЦОЛМОН: -Манайх батлан хамгаалах үзэл баримтлалаа
сүүлийн үед гадаад нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан шинэчлэхээр
мэргэжлийн хүмүүс тодорхой төсөл гаргасан. Түүнийгээ Зэвсэгт хүчний
ерөнхий командлагчийн төвшинд дахиж боловсруулсан. Байнгын хороогоор
удахгүй орж ярих юм билээ. Би энэ үзэл баримтлалыг шинэчлэн батлахад
хичээн зүтгэж ажиллана. Зэвсэглэлийн хувьд зэвсэгт хүчин чадварлаг,
цомхон байх ёстой гэж үздэг. Зэвсэглэлээ шинэчлэх, сайжруулах тал дээр
анхаарч ажиллана.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ГАНТӨМӨР
Су.БАТБОЛД:-Та
үргэлжлүүлэн ажиллахаар дөрвөн жил сайдаар ажиллах юм байна. Дөрвөн жил
тасралтгүй ажиллана гэхээр тодорхой юм хийх боломж гарна гэсэн үг. Дээд
боловсролын салбарыг яах ёстой юм бэ. Ө.Энхтүвшин сайдын үед багахан
цэгцэрсэн. Одоо яаж байна. Ажилгүйчүүдийн арми бэлдээд байдаг. Хойч
үеэрээ тоглоод байдаг энэ салбарыг яах ёстой юм бэ. Энэ дөрвөн жилд ахиц
гарахгүй бол таны сайд хийсэн үеийг дурсахад хэцүү. Сү.Батболд Ерөнхий
сайдын үед Кэмбрижийн боловсролыг хэрэгжүүлж эхэлсэн. Өмнөх Засгийн
газрынх болохоор өөрийнх нь биш болчих гээд байгаа юм шиг дуугүй байгаад
байх юм. Кэмбрижээ үргэлжлүүлээд яваарай гэж хэлмээр байна.
Л.ГАНТӨМӨР:
-Дээд боловсролын бүтээмж гэхээс илүүтэй чанарт анхаарах цаг болоод
удаж байна. Чанарын ахиц гаргах зайлшгүй шаардлага байсан. Чанартай
холбоотой асуудал дээр байсан нэг зүйл бол шударга бус байдал байсан.
Ямар ч дүнтэй байсан их, дээд сургуульд орж болдог байсан. Тэгвэл бид
хамгийн эхэнд босго оноо тогтоосон. Анх 400-гаар тавьсан, үүнийг ирэх
жил 500-600 болгоно. Өөрөөр хэлбэл, дээд боловсрол эзэмшүүлэхийн тулд
суурь боловсролын үнэлгээгээ нэмнэ. Кэмбрижийн их сургуультай байгуулсан
гэрээний дагуу ажил үргэлжилж байгаа.
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Н.ТӨМӨРХҮҮ
О.БААСАНХҮҮ:
-Таныг намын байр барьж өгсөн гэж шагнаж, эсвэл сонгуульд шударга
бусаар ялагдсан гэдэг гомдлыг чинь тайлахаар оруулж ирэв үү, эсвэл
бодлогоор оруулж ирэв үү. Төмөр замын асуудалд анхаарлаа сайн
хандуулаарай. Энэ том салбарт очиж байгаа хүнээс асуух зүйл их байна.
Харамсалтай нь миний дээр хэлсэн үндэслэлүүдийн дагуу орж ирж байгаа
сайд учраас хариулт авах Хүсэлт алга.
Б.ГАРАМГАЙБААТАР: -Таны анкет
Байнгын хорооны санал дүгнэлттэй зөрөөд байна. 17 жил төрийн албанд
ажилласан ч юм шиг. Энэ ямар учиртай юм бэ. Мөн Зам, тээвэр, барилга,
хот байгуулалтын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм байна. Хэзээ энэ
албан тушаалд ажиллаж байсан юм бэ. Төмөр зам тавих асуудалд яаж
анхаарлаа хандуулах вэ. Одоо хөрөнгө оруулалтын асуудал хүндрэлтэй
байгаа.
Н.ТӨМӨРХҮҮ: -Би 17 жил төрийн албанд ажиллаж байгаагүй. Энд
алдаа гарсан юм шиг байна. Харин Ц.Дашдорж гишүүнийг Зам, тээвэр,
барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үед зөвлөхөөр нь ажиллаж
байсан юм. Төмөр замын асуудалд анхаарлаа хандуулж ажиллана. Яаманд
төмөр зам тавих хөрөнгийн талаар тодорхой саналууд ирсэн юм билээ.
Тухайлбал, БНХАУ өөрийн хөрөнгөөрөө бариад тодорхой хугацаанд
ашиглачихаад Монголын Засгийн газарт өгөх санал. Мөн манай дотоодын аж
ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийх саналаа ирүүлсэн юм билээ.
УУЛ УУРХАЙН САЙД Р.ЖИГЖИД
А.БАКЕЙ:-Асгатын
мөнгөний ордыг хэзээ ашиглаж эхлэх вэ. Та энэ яамандаа өмнө нь ажиллаж
байсан хүний хувьд энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Хайгуулын
лиценз олгох асуудыг аль эрт долдугаар сард шийдсэн. Одоо хүртэл яагаад
үүнийг хэрэгжүүлэхгүй байна вэ?
Р.ЖИГЖИД: -Асгатын мөнгөний ордын
лиценз нь ОХУ, Монголын хамтарсан компанид байдаг. Манай талаас хамтран
ашиглах хүсэлтээ илэрхийлсэн. Цаад тал хамтарсан компани байгуулж
ашиглах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан байгаа. Хайгуулын тусгай
зөвшөөрөл олгох асуудал удааширч байгаа нь үнэн. Энэ зөвшөөрлийг сонгон
шалгаруулалт болон өргөдлийн дагуу олгоно.
ХӨДӨЛМӨРИЙН САЙД С.ЧИНЗОРИГ
З.БАЯНСЭЛЭНГЭ:-Ажилгүйдлийг
яаж бууруулах вэ. Мөн эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор олон аж
ахуйн нэгж хаалгаа барьж байна. Тиймээс ажилтай байгаа хүмүүсийн ажлын
байрыг хадгалах нь их чухал. Энэ чиглэлд яаж ажиллах вэ?
С.ЧИНЗОРИГ:-Хөдөлмөр
эрхлэлтийг нэмэгдүүлэх нь ганцхан Хөдөлмөрийн яамны ажил биш. Бүх яамны
анхаарах асуудал. Тиймээс би сайдаар томилогдсон тохиолдолд бусад
салбарын сайд нартайгаа нягт хамтран ажиллана. Ажилтай байгаа хүмүүсийн
ажлын байрыг хамгаалах нь чухал гэдэгтэй санал нэг байна. Үүний төлөө
олон арга хэмжээ авч болно. Тухайлбал, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн
даатгал төлөх хугацааг нь түр хугацаагаар хойшлуулах гэх мэтээр дэмжлэг
үзүүлж болох юм.
Ц.ДАВААСҮРЭН: -Таныг энэ салбарыг аваад явчих
хэмжээний чадвартай хүн гэж үзэж байна. Уг нь та энэ танхимд сууж байх
ёстой хүн. Гэтэл нэг л өглөө өөр хүмүүс орж ирээд суучихсан. Та ажлаа
аваад хөдөлмөрийн зах зээлийн судалгааг сайн хийх хэрэгтэй гэсэн
саналтай байна. Ингэхгүй бол одоо ярьж, хэрэглээд байгаа судалгаанууд
хуучирчихлаа.
С.ЧИНЗОРИГ: -Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт,
нийлүүлэлтийг судлах ёстой гэдэгтэй санал нэг байна. Хөдөлмөр эрхлэлтийг
зуучлагчид эрэлтийнхээ дөнгөж 40 хувийг хангадаг гэдэг юм билээ. Таны
хэлсэн эхний асуудлыг өөрийн чинь байр суурь гэж ойлголоо. Би ч бас байр
сууриа хэлье гэж бодлоо. Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн түүхэнд
сонгуулийн ардчиллыг хойш нь татсан шийдвэр болсон гэж үздэг. Сонгогдсон
гээд тойргийн хорооноосоо батлахаа авчихсан байсан хүмүүсийн эрхийг
шүүхийн шийдвэрээр зөрчсөн үйл явдал болсон.
ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЭРДЭНЭ
Нэр дэвшигчээс асуулт асууж, саналаа хэлэх гишүүн байсангүй. Энэ нь түүнийг улираан томилж байгаатай холбоотой бололтой.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД Р.БУРМАА
Ё.ОТГОНБАЯР:-Газар
тариалангийн бодлогыг өнгөрсөн хавар УИХ-д оруулж ирсэн боловч одоо
болтол хэлэлцээгүй байгаа. Үүнийг батлуулахад анхаарлаа хандуулаарай.
Одоогийн бодлогоор бол тариаланчдаа бус гурил үйлдвэрлэгчдээ дэмжиж
байгаа шүү. Мөн таны очих яам мэргэжлийн бус болсон. Үүнийг өөрчилж,
мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлэх хэрэгтэй.
Г.УЯНГА: -Р.Бурмаа
гишүүнийг "давхар дээл"-тэй сайд нарын эсрэг байр суурьтай байсан хэрнээ
өөрөө "давхар дээл"-тэй сайд боллоо гэж шүүмжлэх хүн байгаа байх. Манай
эмэгтэйчүүдийн албан бус бүлэг энэ шүүмжлэлийг үл харгалзан хуралдаж
хоёр эмэгтэй нэр дэвшигчээ дэмжсэн гэдгийг хэлье. Та өөрийг чинь баалж
байгаа хүмүүст хариуцаж хийх ажлаараа хариулт өгөөрэй.
З.БАЯНСЭЛЭНГЭ:
-Р.Бурмаа гишүүнийг дэмжиж байгаа. Харин энд нэг зүйлийг хэлмээр
санагдлаа. Та АН, МАХН-тай байгуулсан гэрээг тухайн үед эсэргүүцэж,
шүүмжилж байсан. Үүнд би харамсч байсан. Өнөөедөр бүх нам хамтраад
ажиллаж байгаа нь тэрхүү гэрээ зөв байсан гэдгийг илэрхийлж байна.
Ё.ОТГОНБАЯР:
-Эрүүл мэндийн салбар дампуурчихсан байгаа шүү. Тиймээс эрчтэй ажиллаж
салбараа өөд нь татаарай. Мөн шүүмжлэл сайн сонсч ажиллаарай. Өмнөх сайд
чинь шүүмжлэл сонсохгүй явсаар салбараа унагачихсан.
Л.ЭНХ-АМГАЛАН:
-Сүүлийн үед элэгний С вирусийг эмчлэх эмийг оруулж ирэх асуудлаас болж
маргаан үүсээд байсан. Н.Удвал сайд "Манай дэд сайд үүгээр бизнес хийх
гээд яаман дээрээ элэгний С вирустэй хүмүүсийг бүртгээд суудаг болсон.
Тиймээс зөвшөөрлийг нь өгөхгүй байгаа" гэж хэлсэн. Ийм хариуцлагагүй
мэдэгдэл хийж болохгүй. Монголд 480 мянган хүн элэгний С вирустэй байгаа
гэсэн мэдээлэл бий. Тиймээс таны хамгийн ахны шийдвэр энэ эмийг оруулж
ирэх шийдвэр байгаасай гэж хүсч байна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Д.ЗОРИГТ
Ж.БАТСУУРЬ:
-Төвийн эрчим хүчний шугамд холбогдоогүй хэдхэн сум бий. Энэ хэдэн
сумыг эрчим хүчний шугамд холбоорой. Лав л Дорноговь аймгийн Хатанбулаг,
Мандах, Говь-Алтай аймгийн нэг сум холбогдоогүй байгаа. XXI зуунд
цахилгаан эрчим хүчгүй байна гэдэг эмгэнэл шүү.
МОНГОЛ УЛСЫН САЙД М.ЭНХСАЙХАН
Д . ЛҮНДЭЭЖАНЦАН: -Монголын Улсын сайд гэдэг хүн яг ямар төсөл хөтөлбөрийг хариуцах юм бэ гэдгийг Ерөнхий сайдаас асууя?
Ч.САЙХАНБИЛЭГ:
-Үүнийг өмнө нь дэлгэрэнгүй ярьсан. Тухайлбал, Оюутолгойн асуудал
байна. "Рио Тинто"-гийн төлөөлөгчид Улаанбаатарт ирчихсэн байгаа. Бид
өнөөдөр Засгийн газрынхаа анхны хуралдааныг хийчихээд энэ хүмүүстэй
хэлэлцээ хийнэ.
Н.БАТЦЭРЭГ: -Бусад салбарын сайд нарын үйл
ажиллагаатай яаж давхцахгүй байх юм бэ. Сайд нарыг байгаа дээр үүнийг
Ерөнхий сайдаас асуух нь зөв гэж үзлээ. Мөн нэр дэвшигчээс асуух асуулт
байна. Та яамгүй сайд ч гэлээ тодорхой хэмжээний ажлын албатай байна
байх. Үүнийг ямар бүтэцтэй байх ёстой гэж үзэж байгаа вэ?
Ч.САЙХАНБИЛЭГ: -Бид энэ асуудлыг танхим дээр яриад шийдчихнэ.
М.ЭНХСАЙХАН:
-Та бүхний сэдсэн яамгүй сайдын албан тушаалд томилогдохоор боллоо.
Салбарын сайд нартайгаа нягт холбоотой ажиллах болно. Том төслүүд дээр
салбар хоорондын уялдаа тааруу байгаа гэж үзээд Ерөнхий сайд ийм албан
тушаалыг бий болгож байгаа гэж ойлгож байна. Ямар алба, бүтэцтэй байхыг
Засгийн газар дээрээ яриад шийднэ биз дээ.
Д.ТЭРБИШДАГВА: -Оюутолгойн
нөгөө талд бол нэг компани бий. Бид анх гэрээ байгуулахдаа төрийн
гурван өндөрлөг гишүүдтэйгээ суугаад тэр компанийг хөөргөж, өөрсдийгөө
жижигрүүлсэн. Харин шинэчлэлийн Засгийн газрын үед тэр компанитай энэ
асуудлыг эрхэлсэн компани нь л харилцаж байя гэж шийдсэн. Гэтэл одоо
буцаад Засгийн газрын төвшинд харилцдаг болох нь. Ер нь Оюутолгойгоос
бусад ямар төслийг М.Энхсайхан сайд хариуцах юм бэ. Тодорхой бус зүйлд
томилчихоод дараа нь хүнийг эвгүй байдалд оруулчих вий гэдгээс
болгоомжилж байна.
Ийнхүү шийдлийн гэх тодотголтой Засгийн газрын гишүүд томилогдож, өнөөдрөөс ажилдаа орлоо.
С.ШИЙЛЭГТӨМӨР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/