Сонгодог урлагийн мундагцуулын нэг, ДБЭТ-ын Ерөнхий удирдаач, МУ-ын
Урлагийн Гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү манай нутагт саатсаныг сонсоод
Хөгжимт драмын театрыг зорьсон юм. Тун энгүүн яриа хөөрөөтэй энэ хүн
манай театрын Симфони найрал хөгжимчдөд "номын дуу" сонсгохоор иржээ.
Ингээд cap шинийн дугаарын зочноор уригдсан энэ эрхмийн ярианд уншигчдаа
хөтлөе.
-Хөдөө орон нутагт ингэж удаан хугацаанд ажиллах боломж хэр олон тохиож байв?
-Миний очиж ажиллах бололцооны симфони оркестртой театр цөөхөн ш дээ.
Улсын хэмжээнд ийм гурван аймаг л байна. Нэг нь танайх. Тиймээс бид
хөгжим апартураа илүүчлэх, уран бүтээлийн нот өгөх зэргээр аль болох
дэмжиж ажилладаг.
-Манай хөгжимчдийг хэрхэн үнэлж дүгнэж байгаа бол гэдэг сонин байна?
-Юмыг сурч мэдэх гэсэн тэмүүлэлтэй байгаа нь надад амар байлаа. 14
хоногийн хугацаанд сургалт явуулсан. Сүүлийн үед ДБЭТ-т тоглож байгаа
хөтөлбөр, хамгийн сүүлд Монголд анх удаа дуугаргасан шинэхэн уран
бүтээлийг ч авчирлаа. Энэ бүхнийг сураад үлдэнэ гэдэг Дорнодын Симфони
найрал хөгжимчдийн уран чадвар нэмэгдэнэ гэсэн үг. Симфони тал руугаа
давамгайлсан, ур чадвар шаардсан ийм л бүтээлүүдээр сургалт хийлээ.
-"Саалиа зэхэхээр саваа бэлд" гэж үг бий. Дорнодынхон шинэхэн
сайхан театртай болсон. Театрын удирдлагын зүгээс уран бүтээлчдээ
чадваржуулах алхам хийж эхэлж байгааг харж байна. Таны сэтгэгдлийг
сонсоё.
-Манай ДБЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн 10-р сард танай аймагт тоглоод
"Дорнодын театр яг Тяньжины театр шиг том юм байна лээ" гэсээр л очсон ш
дээ. Манайхан өнгөрсөн онд Хятадын Тяньжин хот дахь "Гранд опера" гэж
асар том дуурийн театрт тоглосон юм. Тэр театртай тун төстэй зохион
байгуулалттай юм гэж ярьцгааж байсан.
Ер нь ийм сайхан театр улсад байхгүй шүү. Театр том жижигтээ биш,
үзэгчдэд тухтай орчин бүрдүүлж, дотор нь ажиллаж байгаа хүмүүст
зориулагдсан байх ёстой. Монголын уран бүтээлчид ийм сайхан театр
Дорнодод боссоныг мэддэг болж. Тэр чинээгээр чансаатай концерт, уран
бүтээл цуврах байх.
-Монголын толгой симфони удирдаачтай нүүр тулж уулзсаных
мэргэжлийн онцлогийг нь сонирхмоор байна. Тэр том оркестрыг ганц
дохиураар удирдаж дуугаргахад маш нарийн мэдрэмж шаардана биз?
-Симфони удирдаачийг хожуу мэргэжил гэж үздэг. Яагаад гэвэл хөгжмийг
бага залуугаасаа эзэмшдэг бол симфони удирдаач хэзээ хойно суралцдаг.
Энэ ямар учиртай юм гэхээр консерватор хөгжмийн сургууль төгсөж, улсад
4-5 жил ажиллаж туршлага хуримтлуулсан хүн аспирантурт сурна.
Дуулах, хөгжимдөх, бүжиглэх арга барилыг тухайн хүн маш сайн мэддэг
байж сая удирдаач болно. Тэр тусмаа ямар ч хөгжимчнөөс илүү өндөр мэдлэг
чадвартай байх ёстой. Симфони удирдана гэдэг нэгдүгээрт биеэрээ
хөдөлнө, хоёрдугаарт нүүрээрээ үзүүлнэ, гуравдугаарт оюун ухаанаа
шавхана гээд маш нарийн мэдрэмж.
Хүн ном уншихдаа нэг мөрөөр уншдаг бол удирдаач 70, 80 мөрийг зэрэг
уншдаг. Уншихын хажуугаар бас сонсоно. Дэлхий дээрх хамгийн хүнд гурван
мэргэжлийн нэгд тооцогддог. Учир нь оркестр удирдаж байгаа үед тухайн
удирдаач нэг секунд ч анхаарлаа сарниулах учиргүй. Мэдээж төрөлхийн
авьяас бас шаардагдана.
Юун түрүүнд удирдаач хүн мундаг гоцлол хөгжимчин байх учиртай. Энэ
чиглэлээр олон хүн сурч төгсдөг ч шалгуур хангаж ажиллаж яваа нь цөөн юм
даа.
-Гаднын төрийн тэргүүнүүд айлчилахад нүүр тахалдаг газрын нэг
нь Дуурь бүжгийн эрдмийн театр. Монголын сонгодог урлагийг, нуруундаа
үүрч яваа энэ газрыг төрөөс хэр харж үздэг юм бол?
-Тийм шүү. Гаднын орны ерөнхийлөгч, дээд зиндааныхан ирэхэд манайхан
сонгодогоо л үзүүлдэг ш дээ. Тухайн улсын соёлын хөгжлийг тэр хэрээр
үнэлдэг учир төрөөс энэ тал дээр өндөр хэмжээнд анхаарах ёстой л доо уг
нь. Манайд урлагт хандах зөв хандлага одоогоор хараахан алга. Юун
сонгодог урлаг руу анхаарах, ард түмнийхээ хоногийн хоолонд толгойгоо
гашилгаж сууна шүү дээ.
-Урлаг, тэр тусмаа хөгжим хүнийг төлөвшүүлдэг гэж ярьдаг.
Сонгодог хөгжмийг нэг их ойлгоод уяраад суухгүй юмаа гэхэд хүүхэд
залуучуудыг дэлхийн алдартнуудыг мэдэх хэмжээнд байлгах сан.
-Сонгодог хөгжим ойлгодог хүн хэзээ ч хүн алж, хүрээ талахгүй гэсэн
баталгаа бий. Хөгжмийн хэл ойлгодог хүн бүх талаар төлөвшлийг олж авдаг.
Ер нь сонгодог хөгжмийг ойлгоно гэдэг чинь танд тэр хөгжим сонсоход
таатай мэдрэмж төрүүлж л байвал ойлгож байна гэсэн үг. Заавал үйл явдлыг
ойлгох гээд байх хэрэггүй.
Харин сонгодог урлагийг зориглож үзэх хэрэгтэй. Тэрний дараа хоёрын
хооронд юм анхаарал татахаа болино л доо. Бүтэн роман уншсан хүн тэндээс
амьдралын нарийн ширийнийг ухаж ойлгодог шиг сонгодог хөгжмийг
сонирхсоноороо маш олон сайн тал аяндаа л өөрт сууна. Ирээдүй хойч үе
тэр аяараа сонгодог урлагийг ойлгох цаг хол байх аа.
Их хурлын танхимд урлаг ойлгодог, дэмждэг нэг ч хүн алга байна шүү дээ.
Урлаг хүнийг хүмүүжүүлдэг нь үнэн. Гэтэл ерэн оноос эхлээд уран бүтээлд
тавих цензур шалгуур гэж байхаа больсон учраас хэн дуртай нь дуу
зохиодог, шүлэг бичдэг, хошин шог тоглодог, шоу хийдэг болсон. Монголын
урлагт ямар ч замбараа алга.
Гэхдээ ДБЭТ л өөрсдийгөө тэр хир буртагт хутгахгүйн тулд дэлхийн
томоохон дууриудыг тоглож, урлаг ямар байх ёстой вэ, тэр зарчмаар явж
байна.
-Дэлхийд гуравт ордог энэ мэргэжлийн үнэлгээ Монголд ямар
байдаг юм бол? Уучлаарай, цалин хангамж талаас нь сонирхоод байна л даа.
-Үнэндээ хүнд хэлэхэд ичмээр ш дээ. Бөөн дурандаа л энэ сонгодог
урлагийн төлөө зүтгэж яваа улс шүү дээ бид. Ар гэр, ахуй амьдралд ямар ч
баталгаа байхгүй. За энэ яахав, би нэг зүйлийг зориуд хэлмээр байгаа
юм. Намайг энд авчирч, энэ хэдэн хүүхдүүдэд юм заалгана гэдэг чинь том
хөрөнгө оруулалт.
Би өөрийгөө дөвийлгөж байгаа юм биш шүү. Миний зааж сургасан зүйлүүд
хөгжмөөр дамжиж Дорнодын үзэгчдэд өгөөжөө өгнө. Гол нь уран бүтээлчдийн
цаг наргүй хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй. Та нарт В.Боролдой гуай байна.
Ганц хоёр жилийн дараа гэхэд Гэрэлмаа гэж өөрийн гэсэн арга барилтай,
чадвартай залуу халаа гарч ирнэ. Одоогоор СУИС-д над дээр хичээллэж
байгаа.
-Аав тань таныг бага байхад "Миний хүү бүхэл бүтэн оркестр
удирдсан том удирдаач болно" гэж найз нөхөддөө гайхуулдаг байсан гэж би
уншиж байсан санагдана. Бусад хүүхдээс нь ялгарах нэг юм аавд тань
мэдрэгдэж дээ.
-Би бас гайхдаг юм. Есөн хүүхэдтэй айл хэр нь тэдэн дундаас аавын
хайртай ганц хүү нь би байлаа. Аав минь баяр ёслолоор найз нөхөдтэйгээ
наргиж суухдаа "Би энэ хүүгээ л удирдаач болгоод, өөрөө хажууд нь дагаад
явна даа" гэж ярьдаг байсан юм. Аавын энэ яриа чихэнд хоногшсоор миний
мөрөөдөл зорилго болсон юм болов уу.
Хөгжим бүжигт суралцаж төгсөөд, Дуурийн театрт ажиллаж, тэндээсээ
Хөгжмийн дээд сургуульд суралцах болсон чинь удирдаачаар сурч болдоггүй
юм болов уу гэсэн бодол орж ирээд шалгалт өгтөл тэнцчихсэн. Тэр үед л
аавынхаа хүслийг биелүүллээ дээ гэж ёстой л хөл газар хүрэхгүй баярлаж
билээ. Би энэ насаараа аав ээжийнхээ хүслийг гүйцэлдүүлж яваа хүү нь.
-Хөгжим бүжгийг хос мэргэжлээр төгссөн анхны хүн та юм билээ.
Тэгээд Дуурийн театрт ажиллаж байхдаа удирдаачаар төгссөнөө нуусаар,
яалт ч үгүй шалтгаанаар "Учиртай гурван толгой"-г удирдсан гэдэг.
-Тэр үед чинь ах захаа мэддэг байлаа. Хөгжим бүжгийг удирдаач,
хөгжимчнөөр төгсч, Дуурийн театрт томцуулын дунд очлоо шүү дээ. Чиний
удирдаач гэж юу байсан юм бэ гээд л загнавал яана гээд эмээхгүй юу.
Манай хөгжим ангийн дарга л удирдаачаар төгссөнийг мэддэг байсан.
Тэгээд нэг өдөр "Учиртай гурван толгой" дуурийн тоглолттой байсан чинь
удирдаач нь цагаа андуураад явчихсан, ирэх боломжгүй болчихгүй юу.
Тэгээд яахав дээ, яалт ч үгүй удирдахаар болсон. Сандарсандаа нотоо ч
олж харж чадахгүй болохоор нь хааж тавиад цээжээр авч өгсөн. Харин тэр
үед нууцхан цээжилдэг байсан маань аминд орсон хэрэг.
-Удирдаач Туулайхүү гэхээр содон нэр болохоор тэр үү хэн хүнд танил сонсогддог.
-Би Туулаа гэдэг нэртэй байсан юм. Нэгдүгээр ангид орох үед аав
Хархоринд ажиллахаар болж, тэнд сургуульд орж таарсан. Ангийн хүүхдүүд
туулай гэж ойлгоод есөн шидээр шоолно. Багш аргаа барахдаа ерөөсөө
нэрийг нь Туулайхүү болгоё гээд журнал дээрээ тэгээд биччихэж. Ингээд л
Туулаа нэр маань Туулайхүү болсон. Өсч том боллоо.
Хөгжим бүжигт орох болоход ахиад л хүүхдүүдэд шоолуулна даа гэхшүү юм
бодож, аав ээждээ нэрээ сольё гэсэн чинь тэг гэж байна аа. Тэгсэн нь
Гурилын үйлдвэрт инженер хийдэг Туулайхүү гэж жирвийсэн сахалтай,
цэмцгэр хүнтэй таарахгүй юу. Тэгээд л надтай ижил нэртэй хүн байдаг юм
байна гээд жигтэйхэн баярласаар гэртээ гүйж орж ирсэн. Иргэний үнэмлэхээ
ч Туулайхүүгээрээ л авсан.
-Дуучин Үнэнхүү, удирдаач Туулайхүү, нэг нь хэн хүү ч билээ нэг хошигнол байдаг. Үнэхээр гурван хүү таарсан тохиолдол бий юу?
-Тийм тохиолдол гарсан. Бүр тоглолт хийсэн. Үнэнхүү, Пүрэвхүү бид гурав
хамтарсан тоглолт хийхээр болж,. тоглолт үзэхээр ирсэн амьдаанууддаа
гарын бэлэг өгөхөөр болсон. Тэгсэн нь яг тоглолт дээр 20-иод Пүрэвхүү
гараад ирсэн. Дараа нь 10-аад Үнэнхүү, хамгийн сүүлд Туулайхүү байна уу
гэсэн чинь гурван хүн гарч ирсэн.
Бүгдэд нь гарын бэлгээ гардуулсан. Түүнээс хойш л манай Чинзориг бид хэдийг шоолоод л, элдэв онигоонд хийх болсон.
-Удирдаач хүнд фрак, дохиур хоёр нь тун чухал байдаг гэж сонссон юм байна. Таны хар хувцас хэр үнэтэй бол?
-Дээхэн үед Урт цагааны үйлдвэрт гадаад орны фракыг дуурайлгаж манайхан
өөрсдөө хийдэг байсан юм. Их зузаан, хүнд байдаг байлаа. Одоо бол
сайхан болж дээ. Надад Австрид захиалж хийлгэсэн, цаас шиг хөнгөн нэг
сайхан фрак бий. Харахад зүгээр нэг хар хувцас боловч бариад үзэхэд цаас
шиг.
Хөлс сайн шингээнэ, гэрэл өгөхөд тас хар хэвээрээ л харагдана,
индүүдлэг сайн авна. Австрийн Венад дэлхийн хамгийн сайн фрак
үйлдвэрлэдэг газар байдаг юм. Бид чинь тэр фракаа өмссөн л бол сууж
болохгүй. Суух юм бол ар тал нь үрчийгээд муухай харагдана. Зарим үед
хоёр гурван цаг зогсох ч энүүхэнд.
Тайзны ард орсон ч зогсож л байдаг. Сүүлийн үед төрийн хүндэтгэлийн
арга хэмжээнээс бусад үед фрак өмсөхөө байсан. Голдуу смоукинг өмсөж
байна. Гаднын орнуудад бүр цамцтайгаа удирдах нь ч бий. Аан харин
дохиурны хувьд энэ насандаа ч элээгээд барахгүй зааны ясан фалк бий. Тэр
фалкаа төрийн концертын үед хэрэглэдэг.
-Cap шинийн баяр ойртож байна. Танай гэр бүлийн хувьд энэ баярыг хэр өргөн тэмдэглэдэг вэ?
-Энэ баярыг хүндрүүлж тэмдэглэх хэрэггүй юм. Манай гэр бүлийн хувьд ах
дүү, хамаатан садныхаа хүрээнд л тэмдэглэж өнгөрүүлдэг. Угтаа бол энэ
баярыг тун хүндэтгэлтэй тэмдэглэх ёстой боловч сүүлийн үед зардал мөнгө
нь дийлдэхгүй, өмссөн зүүсэн, идсэн ууснаараа уралддаг болж.
Хүний стриптиз гэж байдаг бол зах дээгүүр хонины стриптиз дүүрнэ.
Амьдрал ядруухан нэгэнд нь дарамт ч болж байна. Монгол мал ахуйн орон
байтал ууц, махны үнэ ийм өндөр байна гэдэг утгагүй асуудал. За ингээд
өндөрлөх үү дээ.
-Тэгье. Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
-За баярлалаа.
Д.Дэлгэрмаа
Эх сурвалж: "Дорнод” сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=88
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих