Лханаагийн МӨНХТӨР /сэтгүүлч, зохиолч, хэлбичгийн ухааны доктор/
Оршил
Нүүдэлчдийн соёлыг өнөөдрийг хүртэл тээж яваа монгол туургатны нэгэн бахархал бол монгол ардын дуу юм. Дуу нь нэг талаасаа аялгуу эгшгийн зохирол боловч, агуулгын хувьд бүхэл бүтэн үйл явдлын хураангуй, домог түүхийн гэрч болдог. Өргөн уудам нутаг дэвсгэрт олон зуун жил мал сүргээ адуулан нүүдэллэж амьдарсан монгол хүний сэтгэлгээ нь ертөнцийг үзэх үзэл, түүнийгээ тайлах ухааны өвөрмөц чанар хийгээд амьдралын баяр жаргал, уйтгар гунигаа тайлах нэг арга нь дуу байжээ. Монгол ардын дуу нь уртын дуу богино дуу гэж аялгын хувьд хоёр хуваагддаг. Монгол ардын богино дуу нь аялгын хувьд ястан бүхэнд бага зэрэг өөр боловч шүлэглэлийн хувьд бараг адил юм. Хэдэн зууны туршид ардын аман зохиолын хэлбэрээр хөгжиж, богино хэмжээний аялгуутай дуулагдаж ирсэн зохиогч нь үл мэдэгдэх дууг ардын богино дуу хэмээн нэрлэсээр иржээ. Ардын богино дуу нь үндэстэн ястан, нутаг усныхаа онцлогийг тусгасанаараа үг, аялгуу нь ялгаатай байдаг. Халх, буриад, үзэмчин, баяд, халимаг, хотгойд, баруун монгол, дарьганга, цахар ардын дуунаас гадна хүрээ дуу гэж бий, Хүрээ дуу нь 1900-1930-аад оны үед түгээмэл дэлгэрсэн, Жишээ нь "Янжуур тамхи", "Ганган хул", "Хэенхуар", "Гантөмөр", "Жийжүү хот", "Хөх торгон цамц", "Зуун лангийн жороо луус" зэрэг олон дууг нэрлэж болно. Хүрээ дууг ихэвчлэн шанздаж, дуулдаг байжээ. Говь хээр, тал нутгийн дууны аялгуу уужим тавиу байхад баруун Монголын юмуу уулархаг нутагтай ард түмний дуу богинохон, түргэн айзамтай байх жишээтэй, Зарим ардын богино дуунууд үг нь ижил боловч хэд хэдэн аялгуутай байх нь ч бий. Жишээ нь Монгол ардын дуу "Дөрвөн уул"-ыг дөрвөн аялгуутай гэдэг. Ард түмний дунд хоёр ч аялгуу нь ихэд түгсэн билээ. Ардын богино дууг төрийн ёслолын, эцэг эх, ачлал элбэрлийн, хайр сэтгэлийн, нутаг усны, хүлэг морины, эр зоригийн, наадам зугааны, гуниг харууслын хэмээн ялгаж иржээ.
Зуун лангийн жороо луусыгаа
Жуузан дунд нь заллаа хө
Зураг болсон Богд ламыгаа
Зонхов ширээнд нь заллаа даа хө" хэмээх "Зуун лангийн жороо луус" дуу нь нь Жавзандамба хутагтыг хэмжээгүй эрхт хаанд өргөмжлөхөд төрийн дуулал болж байсан гэдэг.
Ардын богино дуу үг нь онч мэргэн, утга агуулга гүнзгий, яруу тод хэллэгтэй, ая үг, агуулгын донж маяг яв цав таарсан байдаг. Ардын богино дууг олон зууны туршид ардын ухаан бодол, авъяас билгээр тунгаагдсан "шижир алт" гэмээн Монголын ард түмэн биширдэг билээ.
Монгол улсад дуулагдаж байгаа ардын богино дуунууд нь олон ястаны төлөөлөл болсон дуунууд юм. Хаяа зэргэлдээ олон зуунаар айлсаж ирсэн монгол угсаатны олон ястан эхэн үедээ нэг л нутаг дэвсгэр, үндэс угсаатай явсныг батлах ардын урлагийн төрлүүдээс монгол ардын богино дуу хамгийн түгээмэл нь гэж үзэж болно. Энэ үүднээс цахар ардын “Жийжүү хот” дууны жишээн дээр зарим нэг зүйлийг тодруулан ярих гэсэн юм.
Цахар ардын дууны тухайд
Аливаа дууг яг тэр ястаны дуу гэх нь тийм ч оновчтой биш. Магадгүй тэр ястан тухайн нутаг усныхан илүү их дуулдаг байж ч болно. Өөрөөр хэлвэл цахар ардын дуу, цахарт илүү их дуулагддаг дуу гэж ялгаварлаж болох талтай. Цахар ардын дуу олон арав байна. Тэр дундаас нэлээд түгээмэл нь Шанхтай шарга, Минжийн хангайн даваа, Цахар найман хошуу, Буурал морь, Хонин жороо морь, Санхьюу гөлөм, Жийжүү хот, Мөнгөн хоёр бугуйвч, Цаст цагаан уул, Гүнтүүр...гээд нэлээд дуу байна. Цахар ардын дуу нь тал нутгийн онцлогтоо нийцсэн уужуу тавиун шуранхайтай халх, үзэмчин, алшаа ардын богино дууны аясад ойрхон дуунууд юм. Бас ч хүрээ маягийн дуу нэлээд байна. Харилцаа түүхэн домогт дуу олон байгаа нь цахар ардын дууны онцлог ажээ. Цахар ардын дуу нь монголын олон ястанд өөр өөрийн хувилбартай түгэн дэлгэрсэн нь их байна. Энэ бол цахар түмний нүүдэл суудалтай холбоотой. Цахарчууд Чингийн цэрэг Зүүнгарыг буулган авсны дараа 1758 онд Шиньжяны Или руу харуулын албанд томилж цахаруудаас нүүлгэсэн.
Эдүгээ цахарчуудын ихэнх нь БНХАУ-ын Өвөр Монгол, Шиньжян Уйгарын өөртөө засах оронд бөөнөөр сууж байна. Монгол улсад цөөн тооны цахарчууд оршин суудаг нь 1912 онд Илийн газраас Сумьяа бэйсийн дагуулж ирсэн цахарчуудын үр хойчис юм. 1911 онд Богд хаант Монгол улс байгуулагдахад Шиньжянаас Сумьяа бээс ардаа дагуулан Оросоор дамжин явсаар Ар монголд ирж, шинэ тулгар Монгол улсдаа хүчээ өргөжээ. Хиагтын баруунтаа баруунтаа газар авсан цахарчуудыг Сэлэнгийн цахарууд гэдэг. Түүнчлэн Монгол улсын Сүхбаатар аймгийн зарим суманд Архангай зэрэг аймгуудад цахарчууд нэлээд бий. Энэ нь манжийн агт хариулж байсан Сүрэгчин хошуутай холбоотой. Энэчлэн бусад газар , нутаг усанд амьдарч байгаа цахарчууд нэлээд байгаа юм. Түүхийн энэ үйл явдлууд нь цахар түмний соёл зан заншил монгол нутгийн олон ястанд түгэн дэлгэрч, олон хувилбартай болж, мөн ч цахарчуудын ихээр дуулдаг олон ястны дуу нэлээд бий болжээ. Эдгээрийн дотроос “Жийжүү хот” дуу хэмээх түүхэн домогт дууг багаахан тодруулахыг зорьж байна.
Жийжүү хот дууны тухайд
“Жийжүү хот” дуу монгол улс болоод ӨМӨЗО-ны зэргэлдээ хошуудад түгээмэл дуулагддаг дуу юм. Энэ дундаас цахарчууд илүү түгээмэл дуулдаг дуу. Дууны үгийн хувьд хэд хэдэн хувилбар байгаа юм. Аялгуу нь бараг зөрөөгүй. Монгол улсад Даваахүү, Мядагбадам, Сарантуяа Баясгалан, Дэлгэрмаа гээд хорь гаруй дуучин дуулсан байдаг бол ӨМӨЗО-нд мөн олон арван дуучин энэ дууг дуулжээ. Энэ дуу нь 1700-1930-аад оны үе буюу Хүрээ дуу ид дэлгэрч байсан үед л зохиогдсон байх магадлал их байгаа юм. Дуунд гарч буй агуулга нь тийм аястай. Цахар ардын дуу гэсэн түүвэрт олон удаа орсон байдаг. “Монгол ардын мянган дуу” / Хөххот-1983/ 5 дэвтэр түүвэрт “цахар ардын дуу” гэсэн зүүлттэй орсон байдаг.
Дууны онцлогийн тухайд
Нэгдүгээрт: Энэ дуу бол домогт дуу юм. Тэрхүү домгийг ухаарваас: Сайхан хоолойтой уран хатгамалч Дэнсийюу, тахилч лам Гүнтэв нарын хайр сэтгэлийн тухай харилцаа дуу юм. Яваандаа энэ дууг зөвхөн нэг л хүн дуулах нь элбэг болж. Ар өвөр монголд бүр эмэгтэй дуучид голлон дуулжээ. Монголд энэ дууны тухай яригддаг домгийг сонирхож үзвэл:
Уяхан хоолойтой, уран хатгамалч Дэнсийюу-гийн домог
“1700-гаад оны үед Тэрхийн голын сав нутаг, Тариат уулын бэлд Далай Чойнхор вангийн хүрээ байгуулагдсанаас хойш тус нутаг нь лам хар, мөргөлчин гээд олон хөлийн газар болж хувирчээ.Үүний зэрэгцээ Далай Чойнхор вангийн хошуунд алт мөнгөний урлал ихэд хөгжиж, ялангуяа зээгт наамал, уран хатгамлаараа бусад нутаг хошуудад алдаршиж эхэлсэн байна. Тухайн үед вангийн хүрээний тахилч Гүнтэв хэмээх эр хүрээний уран хатгамалч Дэнсийюу хэмээх ганган хүүхэнтэй ажил хэргийн шугамаар холбогдож байснаа сүүлдээ амраг сэтгэлийн холбоотой болжээ.
Нэг удаа Гүнтэв уран хатгамалч Дэнсийюугийнд очиход хүрээний хөөрхөн гэгдэх хүүхэн найртай сайхнаар угтаж, алт мөнгөн утсаар оёж ороож байсан хөөрөгний дайлингаа үзүүлжээ. Тахилч Гүнтэв үүнийг үзэж сууснаа эрт цагийн Гэсэрийн тахилын дууны аянд тааруулан,
“Урьд газрын ухаа ягаан торгоороо
Уутны булангаа шаглаад оёжээ хө
Утай, Бээжингийн таван дагшин орныгоо
Уултай устай нь шаглаад оёжээ хө” гэж дуулжээ.
Дэнсийюу бас хариу бадаг зохиож, цаашдаа хэд хэдэн бадаг нэмэгдсэнээр бидний сайн мэдэх “Жийжүү хот” хэмээх харилцаа дуу зохиогдсон түүхтэй аж.
“Жийжүү хотын жинтэй ягаан торгоороо,
Жинтүүнийхээ буланг шаглаад оёсон юмаа хө,
Жин байшин, луу байшин хоёр эрдэнийгээ хө,
Жинхэнэ янзаар нь шаглаад оёсон юмаа хө" гэж Дэнсийюуг дуулахад Гүнтэв,
“Арилгасан сонгино шиг арван цагаан хуруугаараа хө
Аялгуут шанзаа дарах нь аятайхан байна аа хө
Ангирын зулзага шиг алиа хөөрхөн ааш чинь
Аюулхай зүрхийг минь догдлуулаад байна аа хө... гэж хариу барин дуулжээ.
Хооёрдугаарт: Энэ дуу бол харилцаа дуу юм
Энэ домгоос үүдэн ажиглаваас Жийжүү хот дуу нь анхлан харилцаа дууны хэлбэрээр зохиогджээ.
Гуравдугаарт: Энэ дуу бол шинээр ая дан тааруулаагүй онцлогтой. Тэр үед дуулагдаж байсан Бэлэн аян дээр зохион дуулсан байна. Энэ нь Гэсэрийн тахилын дууны аяыг ашиглан түүнд үг тааруулан дуулснаар өргөн олонд энэ харилцаа дуу түгэн тархжээ.
Дөрөвдүгээрт: Энэ дуу бол хүрээ маягийн дуу юм. Дуунд гарч буй үйл явдал нь хүрээний орчимд болж буй хоёр хүний хайр сэтгэлээс үүдэлтэй. Тэр үеийн лам нарын хайр сэтгэлийн хувь заяаг дүрслэн үзүүлсэн сэтгэлийн илэрхийлэл болсон, харилцан жаргал зовлонгоо хуваалцсан үйл явдлыг дүрслэн харуулсан байна.
Тавдугаарт: Энэ дуу бол цахарт илүү дуулагддаг дуу. Яг цахар ардын дуу гэхэд тийм ч оновчтой биш. Болж байгаа үйл явдал, газар орон нь монгол улсын Архангай аймгийн Зая гэгээний хийд хэмээн домогт өгүүлсэн. Тэр үед Бээжин зүгээс торгоны зам, доншуур наймаа ид хөгжиж байх үетэй нэг цаг хугацаанд, хүрээ хийд болон жирийн ард ч өмнө зүгийн бараа торго гоёлдоо хэрэглэх болсон үетэй давхцаж байна. Тийм болохоор дууны үгэнд:
Жийжүү хотын жинтэй ягаан торгоороо
Жинтүүний буланг шаглаад оёсон юм аа
Жин байшин, луу байшин хас эрдэнэ хоёрыгоо
Жинхэнэ янзаар нь шаглаад оёсон юм аа хө...гэхчлэн өгүүлсэн байна.
Зургадугаарт: Олон хувилбарт дуу юм.
Энэ дууны үгийг аваад үзвэл 3-4 хувилбар байна. Тийм болохоор энэ дуу түгэн дэлгэрсэн газар бүхэндээ амнаас ам дамжин дуулагдаж, газар газрын хүмүүсийн аялга сонсголтой холбоотой зарим үг нь сунжирсан өөрчлөгдсөн хасагдсан хэлбэрүүд ажиглагдаж байна. Жийжүү хот гэдэг нь Бээжин Тяньжин хоёрын дунд байдаг Тяньжины харьяа Жи шянь-ыг хэлдэг юм байна. Эхэн үедээ Жи шянь-ийг Жийжүү хот хэмээн нэрлэж байсан юм байна. Зарим тайлбар тольд “Өмнөд хятадын Жий-жоу хот гэж бичсэн нь бий. Энэхүү Жи шянь нь эртний торгоны наймаа их дэлгэрсэн их хөлийн газар. Хан жү, Сю жү-гийн торгоны их замд байрладаг хот ажээ. Энэ дуунд гарч байгаа бас нэг үг бол Жин байшин, Луу байшин гэсэн үг нь мөн л хятадын Жин- Алт Алтан дээвэртэй байшин, луун хээтэй байшин гэсэн утгаар оржээ. Дууны үгэнд “жин, жий, жүн, эү” гэхчлэн олон янзаар бичигдсэн /дуулагдсан/ байна. Энэ нь олон нутагт амнаас ам дамжин өвлөгдөх явцдаа ийнхүү өөрчлөгджээ. Мөн энэ дуунд байх “цалбин” гэдэг үг. Энэ үг олон янзаар бичигдсэн байх юм. /цалбин-цалгим-цархим- цэлбэн/ Энэ дотроос “цалгим” гэдэг утга нь хамгийн оновчтой байх аа. Учир нь дээрх үгүүдийг Монгол хэлний их тайлбар толь”-оос шүүж үзвэл дан ганц -цалгим” гэдэг үгэнд л утгын тайлбар олдож байгаа юм. Тольд: “Эрхгүй цалгихаар, бялхам: цалгим байх (идээ ундаагаар элбэг дэлбэг байх), цалгим дүүрэн (бялхам дүүрэн), халгим цалгим [хоршоо] (а. Халгиж бялхах шахсан; б. [шилжсэн] Элбэг дэлбэг байдал)... гэжээ. Өөр нэг төсөөтэй бадагт “Агсам амтай” гэсэн үг гарч байгаа нь морины шинж чанарыг тодорхойлсон утга нь адил байгаа юм. “Цалгим” гэдэг үг нь морины аман дээр авч үзвэл агсам гэдэг утгатай дөхөж очих юм.
Долдугаарт буюу төгсгөлд нь өгүүлэхэд энэ дуу түүхэн дуу юм. Энэ дуу нь Хятад монголын эдийн засгийн харилцааны түүхэнд холбогдох аж. Торгоны замын түүхтэй салшгүй холбоотой дуу юм. Энэ бүхнийг батлах Орон зай нь Бээжин, Утай, Жийжүү зэрэг хот, жин байшин, луу байшин, жинтүү зэрэг хятад үг нэлээд оржээ. Торгоны замаар умард уруу зөөж байсан бараа товарын ид цэцэглэлтийн үетэй цаг хугацааны хувьд давхцаж, нөгөө талаас шарын шашин монголд ихэд дэлгэрсэн үетэй нэг орон зайд үйл явдал нь өрнөж байна. Монгол улсад энэ дуу ихээхэн түгсэн нь дууны домог монгол улсын нутаг дэвсгэр дээр тодорхой сүм хийд дээр зохиогджээ. Энэ домгоос үндэслэн өөр зохиолын дуу хүртэл гарсан байдаг.
Тухайлбал. Монгол улсын яруу найрагч Д. Баасанжав 1960-аад оны эхээр “Хүрээний хөөрхөн Дэнсээ юу” гэсэн дууны шүлэг бичжээ. Энэ шүлгээ “Жийжүү хот” дууны домгоос сэдэвлэн бичсэн гэж зохиогч ярьсан байдаг. Тэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Тариат сумын Гэсэр сүмийн оёдолчин Дэнсээцогзол, сүмийн тахилч асман лам Гүнтэв нарын хайр сэтгэлийн дуу болох “Жийжүү хот” дууны домгоос санаа авч бичсэн” гэжээ. “Дэнсээ юу” гэх энэ дууг Ц.Пүрэвхүү аялгуу хийж олон дуучин дуулснаас МУГЖ Х.Үнэнхүүгийн дуулснаар олонд хүрчээ.
Жийжүү хот дууны эргэн тойронд ажиглаж үзвэл ийм хэдэн онцлог байх шиг. Түүнчлэн “Буурал морь”, “Хонин жороо морь”, “Минжийн хангайн даваа”, “Санхьюу гөлөм” зэрэг дуу нь Монгол улсад дуулагдсаар байна. “Мнжийн хангайн даваа” гэдэг дуу нь “Минжийн хангай” гэсэн нэртэй дуулагддаг. Мөн “Буурал морь” дуунд монгол улсад “сарчигнана даа” гэж дуулдаг бол цахарт “навсалзана даа” гэхчлэн дуулдаг байх юм. Ийм жишээ олон байгааг цаашид үгийн сан, аялгууны зөрөөг нь судалж үзвэл бас сонин байж мэднэ. Төгсгөлд нь Жийжүү хот дууны үгийн хувилбараас заримыг сонирхуулья.
ЖИЙЖҮҮ ХОТ
Жийжүү хотын жинтэй ягаан торгоороо
Жинтүүний буланг шаглаад оёсон юм аа
Жин нь байшин, луу нь байшин хас эрдэнэ хоёрыгоо
Жинхэнэ янзаар нь шаглаад оёсон юм аа хө
Урд газрын ухаа ягаан торгоороо
Уутны буланг шаглаад оёсон юм аа
Утай Бээжин дагшин орныг болвол доо хө
Уултай устай шаглаад оёсон юм аа хө
Арилгасан сонгино шиг арван цагаан хуруугаараа хө
Аялгуут шанзыг дарахад аятайхан байдаг юм аа хө
Ангирын зулзага шиг алиа хөөрхөн ааш чинь хө
Аюулхай цээжийг минь догдлуулаад байна хө
Цархим амтай цагаан цоохор морь минь ээ хө
Цаад талын ууландаа цанхаалаад байх юм аа хө
Цаанаа ханьтай чамайгаа болвол доо хө
Царайчилж суудаг миний л буруу яа хө
Агсам амтай алиа цавьдар морь минь ээ
Арынхаа ууланд цанхаалаад байна даа хө
Ардаа ханьтай чамайгаа болвол доо хө
Аргадаж суудаг миний л буруу яа хө
ЖИЙЖҮҮ ХОТ
Жийжүү хотын жинтэй хээтэй торгоороо
Жинтүүнийхээ өнгөн дээр шаглаад оёсон юм аа
Жин нь байшин, луу байшин хас эрдэнэ хоёрыгоо
Жинхэнэ янзаар нь шаглаад оёсон юм хө
Баруун л голын ус юугаа гаталья л гэсэн чинь
Банз модоороо дамнуурга тавьсан юм хө
Баатар луучин баатар жанжид хас эрдэнэ хоёрыгоо хө
Байрлуулан барилдаад шаглаад оёсон юм аа хө
Урд голын ус юугаа гаталья л гэсэн чинь
Урт модоор дамнуурга тавьсан юм хө
Эү байшин луу байшин хас эрдэнэ хоёрыгоо болвол хө
Уултай устай нь шаглаад оёсон юм аа хө
Цалбим амтай цагаан цоохор морь минь ээ хө
Цастынхаа ууланд цалгилж булгилаад горьгүй нь хө
Цаанаа ханьтайг чинь аль хэдийнэ мэдсэн болвол хө
Царайчилж суудаг миний л буруу яа хө...гэхчлэн хэд хэдэн хувилбар байгаа юм.
Ашигласан материал:
- “Монгол ардын мянган дуу” Хөххот-1983 он
- “Монгол ардын аман зохиол” Улаанбаатар-1990 он
- “Монгол хэлний товч тайлбар толь” Улаанбаатар-1966 он
- “Монголын үндэсний радио” “Ардын хөгжмийн сан” нэвтрүүлэг 2015 он
- Э.Болормаа: Discogds Trask https;//discogs.com
- Урлаг сайт https://www.urlag.mn
- blog.conservatory.egu.mn 2019/01/ blog-post.htm
- https://mn.wikpedia.org/wiki Богино дуу
- Эгшиг ӨМ-ын дууны сайт