Монгол гэр. Олон зуун жилийн турш нүүдэлчдийн гол сууц болсон Монгол гэрээ монголчууд ад үзэж, гэр хорооллыг шахаж, гэрт амьдардаг бүхэн байр байшинд орохыг чухалчилж байгаа. Тэгвэл дэлхийн олон улс орон монгол гэрийг сонирхож, сүйхээтэй бизнесменүүд Монгол гэр зарах ажилд аль эрт орцгоожээ. Монголд гэр үйлдвэрлэдэг цөөн хэдхэн компани бий.
Тэднээс арабын баячууд гэр худалдан авах захиалга ирүүлдэг тогтмол гэр нийлүүлээд байж чаддаггүй гэнэ. Харин Монголчуудын энэ бизнесийг орос ах нар аль эрт гартаа атгажээ. Буриадууд монгол гэрийг дэлхийн зах зээл дээр гаргахаар "Байкалюрта" нэртэй компани байгуулжээ. Тэд Монголоос бэлэн бүтээгдэхүүн авчирч, өөрсдийн гараар гэрийн мод бэлтгэж эхэлсэн аж. Тус компанийн захирал Баир Минганов гэрийн мод үйлдвэрлэх нууцыг мэдэхийн тулд Монголд ирж нарийн мужааныг нэлээдгүй хугацааны туршид эрж хайсан байна. Гэвч жинхэнэ гэрийн мод үйлдвэрлэдэг уран гартнууд тун цөөхөн байдаг бөгөөд тэд өөрсдийн нууцаа дэлгэхийг хүсээгүй юм байх.
Гэхдээ л тэд өөрсдөө гэрийн мод үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд монгол гэрээ жуулчдад зориулсан зочид буудлын цогцолборуудад худалдаж, бас баруун руу гаргаж эхлээд байна. Монгол гэр зарж байгаа "Байкалюрта" компани Москва, Суздаль, Красноярск, Астрахань хотууд, Кемерово мужаас гадна саяхан Испани руу хүртэл гэр нийлүүлж эхэлжээ. Тэд бүтээгдэхүүнээ баруун руу гаргаж тун өндөр үнээр зардаг аж. Монголд найман ханатай нарийн хээ угалз сийлбэртэй гэр 20 сая төгрөгийн үнэ хүрдэггүй. Тэгвэл тэд Монголоос аваачсан ийм гэрийг 100 гаруй сая төгрөгөөр үнэлэн баруун руу гаргаж байна. Үүнээс гадна дэлхийд алдартай том аялал жуулчалын баазууд монгол гэр барин зочдоо хүлээж авдаг болжээ. Тэр ч бүү хэл 2024 метрийн өндөр оргилд Монгол гэр барьсан жуулчны баазууд ч байдаг аж.
Энд дэлхийн баячууд гулгаж, дэлхийг дээрээс нь тольдож мөнх цаст сүрлэг уулсыг харж таашаал авч амрах гэж ирдэг. Уулын оргил дээр барьсан гэр буудалд нэг хонохын тулд нэг хүн хүний 250 швейцарь франк буюу монгол мөнгөөр бол 450,000 төгрөг төлдөг аж. Үүнээс гадна Литвын фермийн эзэн Антанас Пошка гэгч хүн хонины ноосоо эсгийн болгон бэлтгэж, гэрийн мод хийж, бас л гэрийн наймаа эрхлээд байгаа гэнэ. Анх 200 гаруй хониныхоо ноосийг хаяхгүйн тулд эсгийн хийж эхэлсэн энэ фирмийн эзэн эр Монголчуудын хонины эсгий боловсруулах арга дээр суурилсан шинэ арга зохиож, өөрийнхөө эрхийг патентжуулж авчээ. Мөн гэрийн мод хийх аргаас ч суралцаж эхэлсэн байна.
Түүний гэрийн наймаа тун ашигтай багаа бөгөөд тэрээр Литва даяар явж хонины ноос цуглуулж, гэр хийж байгаа бөгөөд Чехэд гэр нийлүүлдэг болжээ. Түүний хийсэн гэрийг жирийн иргэдээс эхлээд хүүхдийн цэцэрлэг, тэр ч бүү хэл жуулчны том компаниуд худалдан авдаг болсон гэнэ.
"Тэргүүн" сонин