ГУРВАНЗАГАЛ СУМ
Тус сум нь Манлай ван Жамсрангийн
Дамдинсүрэнгийн мэдэлд 1911 онд Богд хаан болон монголын Засгийн газраас
Сэцэн хан аймгийн Сансрайдоржийн хошууны 5 харуулын нутгийг олгож нүүж
ирсэн барга ардуудыг захируулан үе улиран залгамжлах засаг ноёны тамгыг
олгож түүний захирсан сумыг хошуу болгосноос эхлэн эх сууриа тавьсан
юм.
1942 онд Засаг захиргааны зохион байгуулалтаар Очирбаянмөнх сумын 6
багийг тус сумын 4 багтай нийлүүлэн 10 багтайгаар Даллагат Цагаан хошуу
гэдэг газар шинэчлэн зохион байгуулсан. 1956 онд БНМАУ-ын АИХ-ын
Тэргүүлэгчдийн 08-р сарын 01-ний өдрийн 104-р зарлигаар татан буугдаж
Чойбалсан сумтай нийлж, 1959 оны 8-р сарын 05-ны өдрийн 129-р зарлигаар
сум дахин байгуулагдсан.
Гурванзагал сум 1420 хүн ам, 349 өрхтэй.Тус сум 3 баг, 35,2 мянган малтай.
Тус сум нь аймгийн төвөөс 126 км-т Онон Улзын хээрийн бүсийн тойрогт
багтах Сүмийн булаг хэмээх газар оршино. Сумын газар нутаг нь 52516 мян
га газартай, зүүн хойд талаараа Чулуунхороот сум, хойд талаараа
Дашбалбар сум, баруун талаараа Сэргэлэн, урд талаараа Чойбалсан сумтай
хил залгаж оршино.
Сумын хэмжээнд Дэлгэрмөнх, Баян-Эрхтийн овоог жил бүр тахидаг заншилтай.
Сумын нутгийн хойд хэсгээр Монгол Дагуурын дархан газрын үргэлжлэл Улз
голын урд талын сав газар, урд талаараа Яхийн тусгай хамгаалалттай газар
Гурванбулаг, Их булаг, Мэлхийн булаг, Жаргалант, Ац булаг, Сайхан
булаг, Баруун, Зүүн Ямаат, Уртын зэрэг 20 гаруй булаг горхи, Холбоо,
Бортгойт, Гурван, Өлзийт, Дэлгэр, Баруун, Зүүн, Үхэрт, Сүмийн нуур,
Баян-Эрхтийн нуур зэрэг том жижиг 50 шахам нуур тойром, Цагаан чулуут,
Жаргалант, Ямаат, Дэлгэрмөнх, Урт, Баян эрхтийн зэрэг овоо, Цагаан
чулуут, Хэрэмтэд рашаантай.
Газар нутаг нь өмнөд хэсгээрээ толгодорхог тал газар бөгөөд далайн
түвшингээс дээш 800 м хүрнэ. Жилийн цэлмэг өдрийн тоо 220-2508
салхины жилийн дундаж хурд 4,2 м/сек байна. Нар салхины эрчим хүчний их
нөөцтэй. Сумын нутаг хуурайвтар уур амьсгалтай бүсэд багтана. Газар
нутаг нь Дорнод монголын хээрийн бүсэд багтах хүрэн хөрстэй, шивээт
хялгана, хиаг, хазаар өвс, агь, бутуул, таана, мангир, гогод, эмийн
багваахай, сөд зэрэг өвслөг ургамал шигүү ургана.
Бүх нутгийн 1,2 хувь буюу 5344,0 га талбай нь газар тариалан эрхлэх
боломжтой хөрстэй, үлдэх 98,8 хувь нь хадлан бэлчээрийн талбай юм.
Зүүн Дагай, Үрлийн овоотын алтны орд, Сүмийн нуурын битум,
Цагаанчулуутын холимог металл /хайлуур жоншны орд, кварц, нүүрс, утаат,
болор, Дэлгэрмөнхийн хүдэрийн орд, Сайханбулагийн хар тугалга, цайр,
мөнгө, Мэлхийн булагийн шатдаг занарын зэрэг ордууд бий.
Сумын нутагт Хэрмэн зам буюу Чингисийн далан, Цагаан чулуут, Хадан
хөвийн дөрвөлжин булш, Хөцөөгийн хоолойн зурагт хад, Манлай ван
Ж.Дамдинсүрэнгийн хөшөө зэрэг түүхийн дурсгалт газрууд бий.
Тус сумаас төрөн гарсан алдартнууд /эрдэмтэн, мэргэд/:
Тус сумаас улс эх орныхоо тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Манлай
ван Ж. Дамдинсүрэн, урлагийн гавъяат зүтгэлтэн Ч.Батмөнх, түүхийн ухааны
дэд доктор Э.Чимидцэрэн, Хөдөлмөрийн баатар, Н.Сандагдалай, гавъяат эмч
Т.Амгалан, соёлын гавъяат зүтгэлтэн С.Дашдэндэв, нэрт зураач Г.Соосой,
бөхчүүдээс баргын Гэлэг арслан, Монгол улсын заан Д.Дугарсүрэн,
Д.Түвшин, улсын начин Тажив, улсын начин Ц.Дорж, С.Лодон, С.Батаа,
Д.Бурмаа, Д.Гөлгөө, Л.Пүрэв, Д.Лхагваа, Т.Ядмаа, Б.Сумъяа нар төрөн
гарсан юм.
Сумын онцлог давуу тал нь: ан агнуур тарвага, зээрийн нөөц, алтны үндсэн ордуудтай, мал өсгөх бэлчээрийн асар их нөөцтэй.
Сумын сул тал нь: Төв суурин газраас алслагдсан, төвийн эрчим хүчинд холбогдоогүй, ундны усны тохиромжгүй байдал юм.
Тус суманд ажиллаж буй үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагууд:
Суманд их эмчийн салбар, Холбооны салбар, Цэцэрлэг, Соёлын төв, Мал
эмнэлгийн салбар, "Оргил” ХЭАА, "Төгсбилгүүн” ББХоршоо үйл ажиллагаагаа
явуулж байна.