ОРШИЛД ӨГҮҮЛЭХ НЬ
"Манай сум, миний нутаг ийм
сайхан, тийм мундаг" гээд л өвөр зуураа болон өөр бусдад ярьж суух
сайхан. Орчлон ертөнцийн хэмжээнд гэвэл цэгийн дайтай тэр л газрыг олж,
онож төрөөд анхны амьсгалаа авсан нутаг минь, амин заяат өлгий минь гээд
бодоход сэтгэл сэмрээд, нүд чийгтээд ирнэ. Нутгаараа зүгээр нэг
бахархаад явах нэг хэрэг. Ажил, амьдралын эрхээр хол хөндий яваа ч тэр л
сайхан нутгийнхаа нэрийг муугаар дуудуулахгүй юмсан, чадвал хөгжил
цэцэглэлтэд нь хумсын төдий ч болов нэмэр болохсон, голомтоо сахин
нутагтаа амьдран суугаа хамгийн нутаг амьтай, хамгийн эх оронч, хамгийн
гавьяатай ахан дүүсдээ юухнаар гэлээ нэмэр тус болохсон гэх бодол
нутагтаа төрж, өссөн төдийгүй, тэнд төрсөн өвөө, эмээ, аав ээжийн
хөвгүүд, охидын сэтгэлд уяатай байх нь хүмүүний ёсон. Яагаад гэвэл тэр
нутаг бол бидний өөрийн, бас дээдсийн минь амь аван төрсөн уул, усан тул
хүйн холбоо тасарч, сэтгэлийн уяа тайлагдах нь үгүй билээ.
Энэ
цагт "Би Ховдын Дарвийнх" гэхэд Дарвийг мэдэхгүй хүнгүй мэт. Хүн бүр
"Аа, Дарвийнх уу, Дарви ч мундаг сум даа" гэцгээх нь сайхан л байдаг.
Энэ л үгсийг сонсоод "Би Дарвийн хүү тул энэ сайхан нутгийнхаа, удам
судрын нэрийг өргөж явах учиртай шүү" гэж өөртөө Дарвичууд бид шивнэдэг
шүү дээ.
ДЭЛХИЙ ЧИМСЭН НУГАГ
Засагт хан
аймгийн Эрдэнэбэйсийн хошуу, Хантайшир уулын аймгийн Сутай уулын хошуу,
Ховд аймгийн Дарви сум, Сутайн хөгжил нэгдэл...
Энэ бол манай нутгийн
1691 оноос хойших үе үеийн түүхэн нэрс, дуудах алдар. Эдгээр нэрсээс
Дарвичууд бол халх түмэн, уугуул суугуул нутаг нь Сутай цагаан богд,
Дарвийн цэнхэр нуруу гэдэг нь тодорно.
Сутай цагаан богд, Буурал
богд, Бумбат хайрхан, Ац богд Дарвийн нуруу, Суварга хайрхан, Буянт,
Хүйсийн говь, Баянцагаан, Хөшөөт, Музан, Цагдуулт, Үхэр чулуут, Тосон,
Ганга, Дэлгэр, Мандалт, Цэцэрлэг, Тунгалагийн тал, Хөвхрийн гол, Хойт
гол, Цагаан нуур,...
Эд бол нутгийн минь онгон дагшин уул, усны
нэрс. Энэ л нэрсийг хэлэх, бодох бүр нутгийн минь үзэмж нүднээ тодорч,
сэтгэлд амилна. Эндээс нутаг минь Монгол байгалийн иж бүрэн тогтоц
болох Алтайтай, Хангайтай, талтай, говьтой, голтой, нууртай нь
харагдана. Ийм ч болохоор үүнийг тэрлэгч "Монголыг бүтэн үзье гэвэл
Дарвийг үз" гэж нэгэнтээ бичсэн удаатай. Учир нь бусад нутаг хэдий
сайхан ч Алтайгүй тал, талгүй Алтай, Хангайгүй говь, говьгүй Хангайтай
байдаг.
Манай ухаант дээдэс нутгийнхаа уул, ус, тэнгэр,
газартай хэл амаа сайтар олдог, түүнээ аргадаж ч, захирч ч чаддаг
байсан тухай сайхан яриа бий. Нэгэн зун их ган болохуйд эрдэмт лам нар
нь тахилгат их овоогоо тахихдаа цувтай ирэхийг олондоо дуулгасан гэдэг.
Шашны ёсоор овоогоо тахиад:
Уужим сэруун сайхан Алтайдаа
Ургасан улаан шар цэцэг нь
Усны зүлэг дүүрээд
Сонин
зүйтэй байдаг даа хэмээсэн үгтэй "Уужим сэрүүн" гэх уртын сайхан дууг
шууд зохион дуулахад тэнгэр бүрхэн хуршиж эхэлсэн юм гэнэ лээ. Овоо
тахилга өнгөрсөн хойно олон хоног бороо орж, гал алдахад хүрсэн тул
дахин овоогоо тахиж:
Тэнгэрийн наагуур татагч
Тэр ч сайхан солонго
Тэгш манай нудэнд
Юун ч сайхан харагдана хэмээсэн
үгтэй
'Тэнгэрийн наагуур" гэсэн уртын дууг зохион дуулахад бороо зогсон,
солонго татсан гэдэг. Энэ бол эздийнх нь, авьяас, ухаан, эрдмийн шид,
нутгийнх нь аврал, өршөөлийн шим билээ. Дэлхий чимсэн ийм л сайхан
нутагтаа Гурван олхонууд ихийн их хайртай.
САЙХАН НУТАГТ САЙН ХҮН ТӨРДӨГ
Өэлүн
эх, Чингис хааны Их Монгол улсын 81 дэх мянганы ноён Хингидай баатар,
Гэрсэнз хааны ууган хөвгүүн Ашихай дархан хун тайж, Улиастайн чуулган
дарга, хошууны ноён Г.Аюурсэдданзанжамц, МАХН-ын Төв хорооны Улс төрийн
товчооны гишүүн, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга асан Д.Гомбожав,
УИХ-ын дэд дарга асан Ж.Бямбадорж, УИХ-ын гишүүн асан Ж.Норовсамбуу,...
Эд бол манай нутгаас тодорсон Монголын үе үеийн төр, нийгмийн нэрт
зүтгэлтнүүдийн манлайн хэсэг.
Их хөлгөн судар Гаанжуур,
Даанжуурыг орчуулах ажилд Богдын зарлигаар газар газрын мэргэдийн хамт
шамдан зүтгэсэн, Өндөр Жанрайсигийн барилгыг удирдан бариулсан бичиг
номын эрдэмт хүн Ж.Мишиг гүн, Монгол Улсын баатар, эх оронч П.Чогдон,
хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, алдарч хоньчин С.Цогтгэрэл,
Хөдөлмөрийн баатар, ардын эмч Б.Жав, Монгол Улсын ардын жүжигчин, МУУГЗ
Д.Мяасүрэн, МУУГЗ, Төрийн шагналт Э.Чойдог, МУГЖ Д.Найдан(Жамц баян),
олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Р.Даваадалай, академич, шинжлэх
ухааны доктор Г.Чулуунбаатар, эмэгтэйчүүдийн Б.Жав баатар, элэгний
Б.Цэрэндаш академич, зүрхний Д.Сэржээ доктор, хавдрын Н.Нямдаваа доктор,
ардын багш, доктор Г.Базар. Гандантэгчинлэн хийдийн дэд хамба асан,
Хансүр гавж Ё.Амгалан, ШУТИС-ийн дэд захирал, шинжлэх ухааны доктор
Х.Энхжаргал, нанотехнологийг Монголоос анх эзэмшсэн эрдэмтэн
Р.Мядагмаа, уул уурхай, эх орныхоо баялгийн төлөө тууштай тэмцэгч доктор
Д.Авирмэд,...
Эд бол нутгийнхныхаа бахархал болсон, Монгол
даяарын танил сайхан хүмүүсийн маань манлайн хэсэг. Эднийгээ болон нийт
найман баатар, гурван ардын цолтон, гурван төрийн шагналтан, 20-иод
шннжлэх ухааны доктор, 80-аад доктор, 40-өөд гавьяатан, зургаан улсын
цолтон, хоёр манлай уяач, Ардын хувьсгалын 40-өөд партизан, эх орныхоо
төлөө тулалдаж явсан 30-аад ахмад дайчид, 40-өөд улсын сайн, аварга,
мянгат малчнаа бодоход бас л өөрийн эрхгүй бахархал төрж, сэтгэл
огшино. Өөр нутгийн зарим хүн манай сумыг "Аймаг ичээсэн сум" гэж
хэлсэн нь их л оносон мэт бодогдоно. Учир нь дээрх хэдэн үзүүлэлтээр
манай сумд хүрэхгүй аймаг нэг биш бий юм билээ.
Хэлмэгдүүлэлтийн хар
шуурганд вртсөн 130-аад лам хувраг, ихэс дэздсийн дунд буддын гүн
ухааны дээд цолтон аграмба, лхаарамба, маарамба 20 гаруй, гавж 40 орчим
байсан нь Дарвийнхан аль ч цагт, аль ч номонд гаргуун байсны гэрч юм.
"Сутайн
дэвшил" компанийн захирал агсан Г.Банзрагч, "Булган Гангат" компанийн
захирал Д.Баатар, "Сутайн Буянт" компанийн захирал Г.Балданшарав, "Ихэр
Сутай" компанийн захирал Л.Лхамсүрэн, "Бат хаан" компанийн захирал
Б.Энхтайван, "Монхурд" компанийн захирал Д.Батмөнх,... Эд бол бизнесийн
салбарт хүч сорьж, нутаг усныхаа төлөө сэтгэл харамгүй гар сунгаж,
Нутгийн зөвлөл хэмээх сайн үйлсийн байгууллагын ачааны хүндийг нуруундаа
үүрч яваа буянч сайхан сэтгэлтэй нөхдийн маань мөн л манлайн хэсэг.
Улс, нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг, эзэлж байгаа байр суурийг нь үл
өгүүлэн өгүүлэхэд Дарвийн төлөөх олон ажлыг эдэнгүйгээр төсөөлшгүй
билээ.
Өмнө өгүүлсэн нэрт хүмүүс, тэдний тухай тоо баримтыг
тунгаан бодвол Их эзэн богдын айлдсан 'Улсын нагац Олхонууд түмэн миний
оюун санааны Эх буюу" хэмээсэн үг сэтгэлд гэрэлтэн бууна.
Нутгийн
маань ариун дагшин шүтээн, төрийн тахилгат их хайрхан Сутай Цагаан
богдыг Төвдийн нэг шинжээч хараад "Сутай уул нь баруун хойшоо харан
бодлогошрон суугаа их бичгийн хүн юм. Булган үзүүр бийр нь, Хүйсийн
говь янтай нь, Хөвхөр гол бэх нь юм. Энэ нутгаас бичиг, номын мэргэд
олноор төрөх увдистай юм байна, хормой бэл нь их буян хураах бэлгэдэлтэй
юм" гэж хэлсэн домог буй. Бас зэргэлдээ нутаг усныхан "Сутайн суран
хөхүүд хэцүү", "Олхонуудын зовхи нь өөдөө" гэцгээдэг юм. Их эзэн богд ч
өөрийнхөө хойчсыг Олхонуудтай ураг барилдуулахыг чухалд үзэж байсан
баримт буй. Энэ л домог, энэ л хэлц үг, энэ л түүхэн баримтанд их учир,
их үнэн бий. Үүний бодитой нотолгоо нь дээр дурдсан сайхан хүмүүс,
нэрийг нь багтаалгүй хэлсэн хэдэн багц тоо, хойно хэлэх сум орны маань
ажлын амжилт юм.
Хэдэн жилийн өмнө үүнийг тэрлэгч Ховд аймагтаа
очбол радиогоор хэдэн үг хэлэхдээ "Манай сумынхан эрдэмтдийнхээ тоог
бүрэн тогтоож чаддаггүй, учир нь энд намайг ингээд явж байхад тэнд нэг
залуу эрдэмтэн төрж байдаг" гэж хэлээд зарим хүнээр зэмлүүлж явсан
удаатай. Үнэндээ ч арай л даруу бус мэт яриа болсон тал бий. Гэвч энэ үг
үнэн л үг байсан юм. Одоо ч бид эрдэмтдийнхээ тоог яг таг тогтоож
чадаагүйгээс 20-иод, 80-аад гэж байна шүү дээ. Олон сайхан эрдэмтдийн
маань хүүхдүүд нэг л мэдэхэд хэд хэдээрээ эрдэмтэн болж байна. Б.Жав
баатрын охин Сарантуяа, хүү Лхагвасүрэн докторууд, Т.Эрхэмбаатар
докторын охин Ануударь, хүү Лхагва-Очир докторууд гээд л явж өгнө. Мөн ч
бахтай шүү.
Гавьяатнуудын тухайд л гэхэд 2013 онд Ховд
аймгаас 11 хүн гавьяат болоход тав нь Дарвийн хөвгүүд байсан бол, 2014
онд гурван хүн энэ эрхэм цолыг хүртээд байна. Энэ жилийн тухайд жил
хагастаа ч ороогүй байна, сумын маань том ой болох гэж байна, бид төрдөө
баатар, гавьяатуудын тодорхойлолтоо өргөөд байгаа. Алдартнуудын маань
эгнээ тэлэх нь гарцаагүй гэж найдан сууна.
Бусад сумдад
байдаггүй тэр олон хоньчин баатар, аварга, мянгат, сайн малчид яагаад
Дарви нутгаас тодордог юм болоо гээд эргэцүүлэн бодоход дөрвөн улирлын
нутаг бэлчээртэй, шим тэжээллэг ургамал ногоотой, урсгал ус, хужир шүү
элбэгтэй гэсэн байгалийн сайхан бүрдсэн байдаг бол Олхонууд маань
хөдөлмөрч, ажилсаг, буянт мал сүрэгтээ хайртай гэх баахан албархагаар
хэлвэл хүний хүчин зүйлийн нөлөө чухал байдаг гэсэн дүгнэлт гардаг юм.
Тэртээ
1970-аад онд зүүн аймгуудаар аялж арга, туршлагаасаа ярьж, зааж, зөвлөж
явахдаа "Манай аймаг сайн малчдаа тодорхойлоод явуулдаг, гэтэл таг чиг
болчих юм, та үүнийг анхаарч өгнө үү" гэсэн хүсэлтэнд 'Та нөхдийн
тодорхойлолттой малчдын амжилт манай сумын дундаж малчныхтай ойролцоо
байдаг юм билээ шүү" гэж хэлсэн С.Цогтгэрэл баатрын үг санаанд тодхон
байна. Баатар амбаа хонь малыг үргээж, цочоож, тав тухыг нь алдуулж
болохгүй гэж сургадаг хүн сэн. Бидний хэдэн банди хичээл тараад харих
замдаа Дэлгэрийн талд бэлчиж яваа хот хонины дэргэдүүр гарах чигтэй
давхицгааж явтал морио хөтөлчихсөн нэг их өндөр хүн биднийг амдаж ирээд
"Миний хүүхдүүд битгий их давхи, намар цаг морь чинь хайлчихна, Хонь
малнаас холуур тойрч гарч бай, үргэж цочно шүү дээ" гэж хэлсэн юм. Тэр
хун баатар амбаа байж билээ.
Бас Б.Гэндэнпил баатрын "Тарга
тэвээрэг сайтай малыг нийлүүлгийн нь үед тав тухтай байлгавал ихэрлэх нь
элбэг байдаг" гэж хэлсэн үг, түүний гэргий Ханд ааяагийн "Хурга
таргалахаараа сүүлний нь мушгиа юманд шүргэх төдийд язарч өтөөд байх юм"
гэж хэлж байсан үг ч санаанд тодхон байна.
Хийж байгаа
хөдөлмөртөө буюу хариулж буй мал сүрэгтээ ийм л хайр энэрэлтэй
ханддагтаа Дарвичууд малынхаа буянаар сайхан амьдарч, алдар хүндийн
оргилд явдаг билээ.
Иймдээ ч буман хоньтой болсны баяраа 1975
онд хийж байсан сум маань түүхт, 90 жилийнхээ ойг дахин буман хоньтой
болсон, бас хоёр буман малтай болсныхоо баяртай хамтатган тэмдэглэхээр
зэхэж байна.
Сайхан нутагт сайн хүмүүс төрдөг, сайхан хүмүүс цаанаа л нэг сайхан байдаг, цагийн цагтаа сайхан байдаг.
АМБАА, ЖААЖАА НАРЫН АМЖИЛТЫН БУХИА
Сум
маань түүхэн хөгжлийнхөө бүхий л үед ажил үйлсээрээ аймаг, улсдаа
ямархан байр суурьтай явсныг сонирхвол бас л өөрийн эрхгүй бахархах
сэтгэл оргилно.
Баримт дурдваас 1942 онд улсад тушаах ноос, мах
бэлтгэл, түүнийг тээвэрлэх төлөвлөгөөг 110-116 хувь биелүүлсний учир
шалгарсан маршал Х.Чойбалсангийн гарын үсэгтэй БНМАУ-ын сайд нарын
зөвлөлийн алтан үсгийн үнэмлэхээр, 1964 онд нэг малаас ашиглах
ноосны хэмжээг төлөвлөгөөт бүх төрөл дээр нь давуулан биелүүлсний учир
БНМАУ-ын Засгийн газрын хүндэт жуух бичгээр, 1965 онд "цагаан алтны"
уралдаанд улсад тэргүүн байр эзэлж диплом, мөнгөн шагналаар, 1969 онд
нэгдэлжих хөдөлгөөн ялсны 10 жилийн ойг тохиолдуулан зарласан уралдаанд
улсад тэргүүлэн БНМАУ-ын Нэгдлийн холбооны дээд зөвлөл(НХДЗ)-ийн
шагналаар, 1987 онд 100 эхээс бойжуулсан төлийнхөө тоогоор улсад тэргүүн
байр эзлэн ХААЯ, НХДЗ-ийн диплом, "УАЗ-469" машинаар, 2011 онд улсын
тэргүүний сумаар шалгарч 100 000 000 төгрөг, хүндэтгэлийн туг,
гэрчилгээгээр тус тус шагнуулж байсан бахархалтай сайхан түүх бидэнд
бий.
Улсын хэмжээний 330 гаруй сумаас бүх цаг үеийн туршид олон
ажлынхаа үзүүлэлтээр ингэж олонтаа түрүүлэн шапгарч, төрийн хайр шагнал
хүртэж байсан сум өөр ер хэд байдаг бол? Ямартай ч сум маань улсдаа
далай даян даяар дуурсах дархан аварга сум байна аа даа.
Улсын
хэмжээний ийм дархан аварга сум аймагтаа 25 удаа шалгарахдаа 16 удаад
нь тэргүүн байр эзлэн аймгийнхаа нам, захиргаа, эвлэл, үйлдвэрчин
дөрвөн байгууллагын шагналыг хүртэж байсан байна. Энэ олон шагналыг сум
бүхэлдээ сумдын хооронд зарласан уралдаанд тэргүүлж, сумын хүн
эмнэлэг, мал эмнэлэг, сургууль, холбоо гээд бүх байгууллага салбар
салбарынхаа хэмжээнд ажлаараа түрүүлэн авч байсан юм. Энэ бүхэн манай
сумынхны сайн ажлынхаа дүнд хүрсэн сайхан амжилт мөн билээ.
Дарвичууд
бид сумынхаа энэ мэт амжилтын тухай бодохдоо санаа нэгтэй ажилсаг
түмнээрээ бахархахын хамт сум орноо удирдаж явсан үе үеийн дарга нар,
нам, эвлэлиин чадварлаг дарга нар, багш, эмч, малын эмч, нягтлан бодогч
нараа бас хүндэтгэн дурсдаг юм. Ялангуяа Монголын нэртэй, сум, нэгддийн
дарга нарын нэг асан гавьяат нэгдэлчин "Дарвийн Даваа" хэмээн Монголд
алдаршсан, Ишээхүүгийн Даваа даргаа Дарвичууд "Өвгөн дарга" хэмээн
дээддэн хүндэтгэдэг билээ. Тэр буурал дарга хоёр том хүн моринд сундлаад
явж байхыг хараад "Нэгдлийн морь болохоор л сундалж байна" гээд уйлж
байсан гэдэг. Бас тууварт явах хүн олдохгүйд хүрэхэд үеийнхээ нэгэн
өвгөнтэй мөрийцөн барилдаж даваад явуулж байсан гэдэг. Сумынхаа бүх
айлыг жилдээ хэд тойрдог,машинаа өөрөө бариад давхидаг, гэрэл зураг
авдаг, шүлэг бичдэг байсан гэдэг. Нэг үгээр хэлэхэд хүнээ, малаа,
нутгаа, ажлаа гэсэн халуун сэтгэлтэй, зарчимч шаардлагатай, холч
ухаантай, авьяаслаг удирдагч байж шүү дээ. И.Даваа даргын
маань бичсэн "Сутайн магтуу"- дууны шүлэгт:
Мянган бээрээс нүд булаам харуустай
Мөнгөн буурал Сутай, Бутбат уулстай
Хөвхөрийн голоос шимийн ундарга бялхаастай
Хөрсөн доор нь буман эрдэнэс хадгалаастай
Хоньчин баатруудын төрсөн нутаг
Хоч
үедээ дурсам өлгий гэсэн мөрүүд бий. Нутгийнхан маань энэ дууг
1960-1970- аад онд их л дуулдаг байж билээ. Дарвийн амбаа, жаажаа нар
гэж нэг иймэрхүү ажил үйлстэй түмэн буй.
ТӨГСГӨЛД ӨГҮҮЛЭХ НЬ
Энэ
жил сумын маань түүхт 90 жилийн ой, буман хонь, хоёр буман малтай
болсны давхар баяр тохиож байна. Нутгийнхан маань ойн баяртаа эрвийх
дэрвийхээрээ бэлдэж, дор дороо шамдаж байна. Алс суугаа бид ч бас зүгээр
суухыг үл хүсэн нутаг ус, ахан дүүсээ сурталчлах, хандив хөрөнгө
цуглуулах, ном бүтээх, урлагийн тоглолт зохион байгуулах гээд тал бүрээр
хичээн оролдож байна. Биднийг Дарви нутаг минь даллаж, Сутай хайрхан
минь сунтаглаж байна. Энэ үед эл өгүүллийг тэрлэхдээ бид бүх баатраа,
бүх алдартнаа, бүх эрдэмтнээ, сумынхаа бүх даргаа нэр цохон багтаан
бичиж чадсангүй.
Зөвхөн манлайн хэсгээс нь дурдан өнгөрөв.
Ингэхийн учир нь бид сумынхаа 90 жилийн ойд зориулан тусгай ном бүтээж
байгаа тул түүндээ хэнийг ч орхихгүйг хичээж байгаагаараа өөрсдийгөө
цагаатгаж байгаа юм. Нөгөө талаас энэ өгүүлэлд бүх сайчуудаа оруулж
болохгүй байгаагийн гол "буруутан" нь тэд маань дэндүү олонд байна.
Улсын хэмжээний алдар цол, зэрэг, гавьяа шагналтай 200-гаад хүний
нэрсийг сонины өгүүлэлд яаж багтаан жагсаах вэ дээ.
Дарвичуудын
угсаа гарвал ариун, амжилт бүтээл арвин, нутгийн маань үүх түүх агуа,
уул усан сайхан болохоор омойтон омгорхох биш, хайрлан бахархах
сэтгэлийн үүднээс сайхан нутаг, сайхан хүмүүс, сайхан амжилтынхаа тухай
цухасхан дурдахад ийм болой.
МУСГЗ, МЗЭ-ийн шагналт
яруу найрагч Д.Данзан
МЗЭ-ийн шагналт
зохиолч Д.Лхасүрэн