ДОРНОД АЙМГИЙН ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО
(2009 – 2016 он)
НЭГ. ДОРНОД АЙМГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛУУД
1.1. Дорнод аймгийн хөгжлийн өнөөгийн байдал
1.2. Дорнод аймгийн хөгжлийн давуу болон сул талууд
ХОЁР. ДОРНОД АЙМГИЙН ХӨГЖЛИЙН АЛСЫН ХАРАА, ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД
2.1. Дорнод аймгийн хөгжлийн алсын хараа
2.2. Дорнод аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд
ГУРАВ. ХҮНИЙ ХИЙГЭЭД НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО
3.1. Ядуурал, ажилгүйдлийг бууруулах бодлого
3.2. Хүн ам зүйн бодлого
3.3. Боловсрол, соёлын хөгжлийн бодлого
3.4. Эрүүл мэндийн хөгжлийн бодлого
ДӨРӨВ. ДОРНОД АЙМГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО
4.1. Макро эдийн засгийн бодлого
4.2. Эдийн засгийн бодит салбаруудын хөгжлийн бодлого
4.2.1. Аж үйлдвэрийн хөгжлийн бодлого
4.2.2. Хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого
4.2.3. Худалдаа, үйлчилгээний салбарын хөгжлийн бодлого
ТАВ. Дэд бүтцийн хөгжлийн бодлого
5.1. Зам, тээврийн хөгжийн бодлого
5.2. Эрчим хүчний салбарын хөгжлийн бодлого
5.3. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн бодлого
ЗУРГАА.Чойбалсан хот болон сумдын хөгжлийн бодлого
6.1 Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хотыг хөгжүүлэх бодлого
6.2 Сумдыг хөгжүүлэх бодлого
ДОЛОО. Гадаад харилцааг хөгжүүлэх бодлого
НАЙМ. Аялал жуулчлалын салбарын хөгжлийн бодлого
ЕС. ХҮРЭХ ГОЛ ҮР ДҮН, ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ МЕХАНИЗМ
6.1. Цогц бодлогыг хэрэгжүүлснээр хүрэх гол үр дүн
6.2. Цогц бодлогын хэрэгжилтийг хангах механизм
ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛАЛ
УИХ Улсын Их Хурал
ДНБ Дотоодын нийт бүтээгдэхүүн
ЕБС Ерөнхий боловсролын сургууль
МСҮТ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
МАА Мал аж ахуй
ТХГН Тусгай хамгаалалттай газар нутаг
ХАА Хөдөө аж ахуй
УЦС Усан цахилгаан станц
ДЦС Дулааны цахилгаан станц
ОРШИЛ
1. Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлого
(2009-2021 он)-ыг УИХ-ын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан
"Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц
бодлого (2009-2021 он)”-д тулгуурлан боловсруулав.
2. "Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлого (2009-2016 он)”-д "Монгол Улсын
бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, "Бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны
стратеги (2010 он хүртэл)”, "Монгол Улсын Зүүн бүсийн хөгжлийн
хөтөлбөр(2015 он хүртэл)” зэрэг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын
баримт бичгүүдийн үзэл санаа, хэрэгжилтийн явц, үр дүн, залгамж чанар
тусгалаа олсон болно.
3. "Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлого (2009-2016 он)”-д аймгийн
хэмжээний хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн үзэл санаа, хэрэгжилтийн
явц, үр дүн, залгамж чанар мөн тусгалаа олсон болно.
4. Дорнод аймгийн урт хугацааны хөгжлийн стратегийн зорилтууд, хүрэх үр дүнг 2009-2016 оны хооронд авч үзэж тусгав.
5. Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлого (2009-2016 он)”-ыг
боловсруулахад Дорнод аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, Засаг
даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, агентлагууд, сумдын ИТХ,
Засаг даргын тамгын газар, Үндэсний хөгжлийн хүрээлэн тэргүүлэх
үүрэгтэй оролцов.
НЭГ. ДОРНОД АЙМГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛУУД
1.1. Дорнод аймгийн хөгжлийн өнөөгийн байдал
Дорнод аймагт 2008 оны байдлаар улсын нийт хүн амын 2.7 хувь, Зүүн
бүсийн хүн амын 36.9 хувь буюу 74.5 мянган хүн оршин сууж байна. Хүн
амын тоо цөөн, өсөлт удаан байна. Ажилгүйдлийн түвшин 2008 оны байдлаар
улсын дундажаас 1.2 пунктээр, Зүүн бүсийнхээс 0.4 пунктээр өндөр байна.
Хүн амын дундаж наслалт 63.0 байгаа нь улсын дунджаас бага байна.
Аймгийн хэмжээнд ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэсэн олон арга
хэмжээ авч хэрэгжүүлж байгаа боловч ядуурал дорвитой буурахгүй байна.
Ядуу өрхийн дийлэнх нь аймгийн болон сумын төвд амьдарч байна.
Ажилгүйдэл, ядуурлыг багасгахад аймгийн хөгжлийн давуу тал, нөөц
боломжийг бүрэн ашиглаж, үйлдвэрлэл, үйлчилгээг бүх талаар дэмжин ажлын
байрыг олноор бий болгох, эдийн засгийн өсөлт, тэргүүлэх салбаруудын
хөгжил, хөрөнгө оруулалтын арга хэмжээтэй нягт уялдсан хөдөлмөр
эрхлэлтийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгэм (социаль)-ийн салбаруудын хүрээнд
шийдвэрлэвэл зохих олон асуудал хуримтлагдсан байна. Боловсролын
салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлж, бүх шатны сургуулиудын сургалтын
чанарыг сайжруулах шаардлагатай байна. Аймгийн эрүүл мэндийн салбарын
боловсон хүчний хангалт, мэргэжлийн ур чадварын түвшин харилцан адилгүй,
эмнэлгүүдийн төсөв, материаллаг баазын хангамж, хүрэлцээ хангалтгүйгээс
эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний чанар, хүртээмж шаардлагын
түвшинд хүрээгүй байна.
Дорнод аймгийн ДНБ 2007 оны байдлаар оны үнээр 61.7 тэрбум.төг байсан
бол 2008 онд 80 тэрбум.төг болж өмнөх онынхоос 29.6 хувиар өсчээ. Дорнод
аймаг нь Монгол Улсын ДНБ-ний 1.3 хувийг, Зүүн бүсийн ДНБ-ний 23.9
хувийг тус тус үйлдвэрлэж байна. Аймгийн нэг хүнд ногдох ДНБ оны үнээр
2007 онд 1376.8 мян.төг байсан бол 2008 онд 1676.3 мян.төг болж 21.8
хувиар өсчээ. Дорнод аймгийн ДНБ-д салбаруудын эзлэх хувийг авч үзвэл,
2007 оны байдлаар хөдөө аж ахуй 50.7 хувийг, аж үйлдвэр, барилга 22.9
хувийг, үйлчилгээний салбар 26.5 хувийг тус тус эзэлж байсан бол 2008
онд хөдөө аж ахуй 47.3 хувийг, аж үйлдвэр, барилга 22.4 хувийг,
үйлчилгээний салбар 30.3 хувийг эзэлж байна. Тус аймагт 2008 оны
байдлаар улсын нийт хөдөө аж ахуйн салбарын ДНБ-ий 3.3 хувь, аж үйлдвэр
барилгын салбарын ДНБ-ий 0.8 хувь, үйлчилгээний салбарын ДНБ-ий 0.9
хувь тус тус ногдож байна.
Дорнод аймгийн ДНБ-ний салбарын бүтцийг улсын болон Төвийн бүс, бусад
аймгуудтай харьцуулбал эдийн засгийн салбарын бүтцэд хөдөө аж ахуйн
салбар ихэнхи хувийг эзэлж ХАА, үйлчилгээний салбар илүү давамгайлж
байна. Малчдын хөдөлмөр зохион байгуулалтын оновчтой хэлбэр болох
хоршоо, фермерийн аж ахуйг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа ч
түүний хэрэгжилтийн явц удаан, малчдын хөрөнгө хүч, хөдөлмөр тархай, аж
ахуйг удирдах арга барил дутагдалтай хэвээр байна. Ашигт малтмал
олборлох, боловсруулах, малын гаралтай түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэх, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар аж
үйлдвэрийн салбарт өндөр өсөлтийг бий болгон эдийн засгийн бүтцийг
сайжруулах, түүнчлэн эрчимжсэн фермерийн аж ахуй, усалгаатай газар
тариаланг эрчимтэй хөгжүүлэх чиглэлийг баримтлах шаардлагатай байна.
Үйлчилгээний салбар өргөжин хөгжиж байгаа хэдий ч үйлчилгээний чанар,
хүртээмж шаардлагын түвшинд хүрээгүй, үйлчилгээний үнэ өндөр хэвээр
байна.
Монгол Улсын зарим аймгуудтай харьцуулбал эрчим хүчний болон зам
тээврийн дэд бүтэц илүү хөгжсөн давуу талаа сайн ашиглах шаардлагатай
байна.
Цаашид гадаад харилцааг тэргүүлэх чиглэлийн нэг болгон Зүүн хойд Ази,
Европын өндөр хөгжилтэй орнуудын аймаг, мужтай харилцаа тогтоож, гадаад
харилцааг эдийн засагжуулан дэвшилтэт технологи, туршлага нэвтрүүлэх,
гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгох зэрэг
эдийн засгийн хөгжилд түлхүү чиглүүлэх шаардлагатай байна.
Дорнод аймаг нь ган цөлжилтөд хялбархан нэрвэгдэж болох нөхөн сэргээгдэх
чадвар султай экологийн эмзэг орчинтой аймаг юм. Үүнтэй холбоотойгоор
байгалийн нөөцийн ашиглалт, хамгааллын холбогдолтой шийдвэрлэвэл зохих
асуудлууд ч цөөнгүй байна.
Дорнод аймагт Монгол Улсын бусад аймгуудын нэгэн адил дэлхийн уур
амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон чадавхийг бий болгож, цөлжилтийг
сааруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах нь томоохон тулгамдсан
асуудал болоод байна.
1.2 Дорнод аймгийн хөгжлийн давуу болон сул талууд
Дорнод аймгийг 2009-2016 он хүртэл хөгжүүлэх цогц бодлогод хөгжлийн дор дурдсан давуу болон сул талуудыг тооцон үзэв. Үүнд:
Хөгжлийн давуу талууд:
• Хүн амын бичиг үсэг тайлагдалтын түвшин өндөр;
• Боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлж экологийн цэвэр бүтээгдэхүүн
үйлдвэрлэн дэлхийн зах зээлд өрсөлдөхөд ашиглаж болох МАА-н болон эрдэс
түүхий эдийн нөөцтэй ;
• Төмөр зам, агаарын тээвэр, холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтэц хурдан хөгжих нөхцлөөр харьцангуй сайн;
• Хил залгаа орших ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар нутаг, БНХАУ-ын
ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол аймагтай гадаад харилцааг
хөгжүүлэх, тэдний зах зээлийн багтаамжийг ашиглах газар зүйн тааламжтай
байршилтай;
• Зүүн хойд Азийн эдийн засгийн бүс нутагт татагдан хөгжих ирээдүйн боломжтой;
• Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, хил орчмын аялал жуулчлал хөгжүүлэх нөхцөл боломж сайн;
• Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэхэд ашиглаж болох барилга байгууламжийн багагүй нөөцтэй;
• Хадлан бэлчээр, тариалангийн зориулалтаар ашиглаж болох хөдөө аж ахуйн эдэлбэр газрын харьцангуй их нөөцтэй зэрэг болно.
Сул талууд:
• Төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төсвийн
орлогын тодорхой хэсгийг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад ашиглах
эрх хязгаарлагдмал;
• Хүн ам аймгийн төвд хэт төвлөрсөн, хүн амын нягтшилт сийрэг;
• Ажилгүйдэл, ядуурлын түвшингээр бусад аймгуудаас харьцангуй өндөр;
• Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшин доогуур, дэлхийн зах
зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл бага;
• Санхүү, хөрөнгө оруулалтын эх үүсвэр хязгаарлагдмал;
• Халдварт өвчнөөр өвчлөгсөд, нялхсын эндэгдэл, нас баралтын түвшин харьцангуй өндөр;
• Нийслэл Улаанбаатар хотоос алслагдмал, хатуу хучилттай авто замаар холбогдоогүй;
• МАА, газар тариалангийн үйлдвэрлэл байгаль, цаг агаарын байдлаас ихээхэн хамааралтай;
• Хаврын улиралд салхи шуурга ихтэй, ой хээрийн түймрийн гамшигт өртөмтгий;
• Ган цөлжилтөд хялбархан нэрвэгдэж болох нөхөн сэргээгдэх чадвар султай экологийн эмзэг орчинтой зэрэг болно.
ХОЁР. ДОРНОД АЙМГИЙН ХӨГЖЛИЙН АЛСЫН ХАРАА,ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД
2.1 Дорнод аймгийн хөгжлийн алсын хараа
Дорнод аймгийн хөгжлийн 2016 он хүртлэх АЛСЫН ХАРАА нь хүний хөгжилд
тулгуурлан эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, хүн амын амьдралын түвшинг
тууштай дээшлүүлэн, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, Монгол
Улсын Зүүн бүсийн хөгжлийн татах хүч, эдийн засгийн төв байхад оршино.
2.2 Дорнод аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд
Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлогыг дараах зургаан тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлнэ:
• Аймагт мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, хүнийг бүх талаар хөгжүүлнэ.
• Зүүн хойт Азийн бүс нутгийн хүрээнд болон дотоодын зах зээлд
өрсөлдөх чадвартай, хувийн хэвшилд тулгуурласан экспортын баримжаатай
үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлнэ,
• Зам тээвэр, эрчим хүч, мэдээлэл холбооны дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж хөгжлийн таатай орчин бүрдүүлнэ.
• Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хот, сумдыг оновчтой хөгжүүлж хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг багасгана.
• Гадаад харилцааг хөгжүүлэх бодлого
• Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого
ГУРАВ. ХҮНИЙ ХИЙГЭЭД НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО
Дорнод аймгийн хөгжлийн 1 дэх тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлнэ.
Аймагт ядуурал, ажилгүйдлийг тууштай бууруулж, иргэдийн амьдралын
чанарыг тасралтгүй дээшлүүлэн гэр бүлийг хөгжүүлж, хүн ам зүйн оновчтой
бодлогыг хэрэгжүүлнэ. Хүн амын боловсрол, соёл, эрүүл мэндийн
үйлчилгээний чанар, хүртээмжийг эрс сайжруулж 2016 он гэхэд Мянганы
хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлнэ.
3.1. Ядуурал, ажилгүйдлийг бууруулах бодлого
Үндэслэл: Ажилгүйдлийн түвшин бүсийн болон улсын дунджаас өндөр байна.
Ажилгүйдлийн түвшин 2008 оны байдлаар 4.0 хувь байгаа нь улсын дунджаас
1.2 пунктээр, Зүүн бүсийнхээс 0.2 пунктээр, Улаанбаатарынхаас 2.5 дахин
өндөр байна. Ажилгүйдлийг дагалдан ядуурал өсч байна. Аймгийн нийт хүн
амын 48.1 хувь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой,
ядуу амьдарч байна. Хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин 2008
оны байдлаар Баруун бүсэд 94.3 мян.төг, Төвийн бүсэд 90.8 мян.төг,
Хангайн бусэд 89.0 мян.төг, Зүүн бүсэд 85.1 мян.төг, Улаанбаатарт 94.8
мян.төг байна. Зүүн бүсийн аймгуудаас Дорнод аймагт амьдралын өртөг
харьцангуй өндөр байгаа нь төвөөс алслагдсан болон тээврийн өртөг
өндөртэй холбоотой юм.
Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэсэн олон арга хэмжээ авч
хэрэгжүүлж байгаа боловч ядуурал дорвитой буурахгүй байна. Ядуурлын
түвшин 2009 оны байдлаар Улаанбаатар хотод 27.8 хувь, Зүүн бүсд 37.4
хувь, байхад Дорнод аймагт 48.1 хувь буюу улсын хэмжээнд ядуурлын
түвшин хамгийн өндөр аймаг болж байна (НҮБХХ, Монгол Улсын ядуурлын
зураглал, 2009). Сумдаар авч үзвэл Халх гол (53.7%), Баян-Уул(52.2 %),
Бөяндун (48.1%), Хэрлэн сум (47.6%) зэрэг сумдад ядуурлын түвшин хамгийн
өндөр байна.
Стратегийн зорилт 1. Аймгийн хэмжээнд мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж ядуурлыг 2 дахин бууруулна.
• Дорнод аймгийн хөгжлийн энэхүү цогц бодлоготой нягт уялдуулан
"Эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах дунд хугацааны
хөтөлбөр” боловсруулан хэрэгжүүлэх;
• Эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын арга хэмжээтэй уялдуулан
ажлын байрыг тууштай нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг 2.0 хувиас дээшгүй
байлгах;
• Ажлын байр шинээр бий болгосон аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн урамшуулал олгох;
• Ажилгүй, ядуу, нэн ядуу иргэдэд мэргэжил, ажлын дадлага туршлага
эзэмшүүлэх, хөгжлийн зээл, тусламжид хамруулах зэргээр дэмжлэг үзүүлэх;
• Ядуу, бага орлоготой малчин залуусыг уламжлалт мал маллагааны арга барилд сургах;
• Ядуу өрхийг нөхөрлөл, хоршоололд хамруулан, аж ахуй эрхлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
• Байгаль орчныг хамгаалах, ялангуяа цөлжилттэй тэмцэх, ойн зурвас
байгуулах, хөрс, бэлчээрийг хамгаалах зэрэг ажилд хөдөлмөр эрхлээгүй
иргэдийг өргөн оролцуулах;
• Ядуурлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн
үйл ажиллагааг орон нутагт идэвхижүүлж, уялдаа холбоог нь сайжруулах;
• Хөдөлмөр эрхлэлтийн сан болон бусад хөтөлбөр, төслүүдийн хүрээнд
хугацааны хувьд байнгын, үнэлгээний хувьд цалин өндөртэй ажлын байрыг
бий болгох;
• Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтэц, аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжих;
• Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэргэжлийн сургалтыг өргөтгөх хөтөлбөрийг хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэх;
Стартегийн зорилт 2. Нийгмийн халамжийн
үйлчилгээний хүртээмж, чанарыг эрс сайжруулж, эмзэг бүлгийн иргэдийн
нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгож амьжиргааны
баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдийн эзлэх хувь хэмжээг 2000
онтой харьцуулахад 2016 онд 2 дахин бууруулах
• "Гэр бүл, хүүхдийн цогц хөгжил” аймгийн дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
• Аймаг, сумдын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд хүн амын хүчин зүйлсийг оновчтой тусган хэрэгжүүлэх;
• Хүн амын эмзэг бүлгийн хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
• Аймгийн төв, сумын төвүүдийн түвшинд нийгмийн халамжийн бүх төрлийн үйлчилгээг эрс сайжруулах;
• Нийгмийн даатгалд хамрагдах хүрээг нэмэгдүүлж, тэтгэврийн суурь даатгалын тогтолцоонд аймгийн хүн амыг бүрэн хамруулах;
• "Тогтвортой амьжиргааг дэмжих” төслийн хүрээнд ядуу, эмзэг бүлгийн иргэдэд туслах;
• Бүтэн өнчин, тэнэмэл, нэн ядуу өрхийн хүүхдүүдэд туслах халамжийн төвийг байгуулж ажиллуулах;
• Ядуу иргэд, орон гэргүй хүмүүс гэр, хашаа, орон сууц худалдан авах,
барих, орон байраа өргөтгөх, засварлах зориулалт бүхий орон сууцны
зээлийн үйлчилгээг нэмэгдүүлэх;
• Хүн амын эмзэг бүлгийг дэмжих зорилгоор "Өрхийн хөгжлийн төлөвлөгөө”-г өөрсдийн нь оролцоотой боловсруулан хэрэгжүүлэх;
• Ахмад настны амралт сувилалын газар, чийрэгжүүлэлтийн танхим нээн
ажиллуулах, тэдэнд үзүүлж байгаа тусламж, хөнгөлөлтийг боловсронгуй
болгох;
• Байнгын ажиллагаатай хүүхдийн хөгжлийн төвийг байгуулж ажиллуулах;
• Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зөвөлгөө өгөх төвийг байгуулж ажиллуулах;
• Аймагт ажиллаж амьдарч байгаа төрийн захиргааны болон төрийн
үйлчилгээний албан хаагчдын цалинг бүсийн ялгавартай нэмэгдүүлэн
тогтоох саналыг боловсруулж шийдвэр гаргуулах;
3.2. Хүн ам зүйн бодлого
Үндэслэл: Хүн амын тоо цөөн, өсөлт удаан байна. Хүн амын жилийн дундаж
өсөлт улсын хэмжээнд 1.4 хувь байхад хүн амын гадагш шилжих хөдөлгөөний
нөлөөгөөр Дорнод аймагт сүүлийн 4 жилийн байдлаар (2005-2008 онд) 0.01
хувь буюу бараг өсөлтгүй шахам байна. Дорнод аймгийн 1000 хүнд ногдох
төрөлт 2008 оны байдлаар 24.2, нас баралт 6.3, цэвэр өсөлт 17.8 байхад
улсын дунджаар төрөлт 24.0, нас баралт 5.8, цэвэр өсөлт 18.2 байгаагаас
үзэхэд цэвэр өсөлт бага, нас баралтын түвшин харьцангуй өндөр байна. Хүн
амын дундаж наслалт улсын хэмжээнд 2008 оны байдлаар 67.2 байхад Дорнод
аймагт 63.2 байна.
Аймгийн хүний хөгжлийн индекс 2008 оны байдлаар улсын дундаж (0.738),
бүсийн дунджаас (0.710) тус тус бага буюу 0.669 байна. Цаашид гэр бүлийн
гүйцэтгэх үүргийг дээшлүүлэн хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөж, сурч
боловсрох таатай орчин бүрдүүлэх шаардлагатай байна.
Стратегийн зорилт 1. Хүн амын жилийн дундаж өсөлтийг тууштай нэмэгдүүлнэ:
• Залуу гэр бүл, шинээр төрсөн хүүхдийг дэмжих сан байгуулж ажиллуулах;
• Өрх бүрээр ургийн бичиг хөтлүүлж занших;
• Хүн амын дундаж наслалтыг улсын дундажид хүргэх;
Стратегийн зорилт 2. Хүнийг бүх талаар хөгжүүлэн, аймгийн хэмжээнд хүний
хөгжлийн индексийн дундаж үзүүлэлтийг 0.750-иас бууруулахгүй байна:
• Аймгийн төв, сумдын түвшинд бүх шатны сургалтын материаллаг баазыг бэхжүүлэн, сургалтын чанарыг сайжруулах;
• Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг тууштай сайжруулах;
• Бичиг үсэг үл мэдэх явдал, сургууль завсардалтыг эрс багасгах;
• "Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих Үндэсний хөтөлбөр”,
"Жендэрийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөр”, "Хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийг дэмжих Үндэсний хөтөлбөр”-ийг тус тус хэрэгжүүлэх;
• Аймгийн эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, салбарын бүтцийг шинэчлэх
бодлоготой уялдуулан хүн амын орлогыг тасралтгүй нэмэгдүүлэх;
• Хэрлэн суманд ахуйн үйлчилгээний хүртээмжийг 50 хувиар нэмэгдүүлэх;
• Бизнесийн байгууллагуудын ажилтнуудад гадаад худалдааны гэрээ
хэлцэл хийх ур чадвар эзэмшүүлэх, маркетинг, менежмент, эдийн засаг,
худалдааны мэдлэг олгох;
3.3. Боловсрол, соёлын хөгжлийн бодлого
Үндэслэл: Тус аймагт 2009-2010 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 26
сургуульд 15008 сурагч суралцаж, 24 цэцэрлэгт 3.5 мянган хүүхэд
хүмүүжиж байна. Аймагт суурь боловсролын хамран сургалт 92.7 хувьтай,
сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 45.9 хувьтай байна. Мөн
аймгийн төвд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон хэд хэдэн дээд
сургууль сургалт, эрдэм шинжилгээний ажил хийж байна. Гэвч сургууль
завсардалт, бичиг үсэг үл мэдэх явдал арилаагүй байна. Цаашид
нийгэм-эдийн засгийн эрчимтэй хөгжлийн эрэлт шаардлагад нийцсэн
оюунжсан, бүтээлч чадамжтай хүний нөөцийг бий болгох чиглэлээр бүх
нийтийн боловсролын тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай байна.
Стартегийн зорилт 1. Сургуулийн насны бүх хүүхдийг сургуульд хамруулна.
• СӨБ-ийн сургалтын орчинг сайжруулан, материаллаг баазыг бэхжүүлж,
хамран сургалтыг 90 хувьд хүргэн, улсын хэмжээний загвар сургалттай
цэцэрлэг, Хан-Уул цогцолбор сургуулийг загвар сургууль болгох
• ЕБС-д суралцагчдын хүйсийн тэгш бус байдлыг арилгах;
• Сургууль бүрийг хямд өртөгтэй, найдвартай ажиллагаа бүхий интернет
номын сантай болгож, хүүхэд бүрт компьютер хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
• Сумдын сургуулиудын дотуур байрны хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэх;
• Сургалтанд мэдээллийн технологийг бүрэн нэвтрүүлэн, бүх сургууль
цэцэрлэгүүдийг интернетэд холбож, мэдээллийн технологийн техник
хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулах;
• Шаталсан сургалттай техник технологийн сургууль, Мэргэжлийн сургалт
үйлдвэрлэлийн төвийг түшиглэн уул уурхай, жижиг дунд үйлдвэрийн
чиглэлээр мэргэжилтнүүдийг бэлтгэх;
• Их, дээд сургуультай хоршсон шинжилгээ судалгааны төрөлжсөн
байгууллага, салбар, мэдээллийн технологийн төвүүд байгуулж ажиллуулахыг
урамшуулан дэмжих;
• Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг "Дорнод” дээд сургуулийг
түшиглэн зохион байгуулах боломжийг хангах, Багшийн хөгжлийн төв
байгуулах;
• Дорнод дээд сургуулийг Дорнод монголын их сургууль болгох асуудлыг судалж шийдвэрлэх;
Стратегийн зорилт 2. Суралцагчидад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмшүүлнэ:
• Ерөнхий боловсролын сургуулийн байршил, хэв шинжийг засаг
захиргаа-нутаг дэвсгэрийн нэгжийн онцлогтой уялдуулан оновчтой тогтоох;
• Сум бүрт сургуулийн өмнөх боловсролыг гэрийн нөхцөлд ойртуулах арга
хэмжээ авч, хүүхдийн цэцэрлэгийн хамран сургалтыг эрс нэмэгдүүлэх;
• Зургаан настай хүүхдийг бага боловсролд бүрэн хамруулах;
• Бүх шатанд монгол хэл, бичгийн сургалтыг чанаржуулж, эх хэлээ төгс эзэмших хөдөлгөөнийг урамшуулан дэмжих;
• Англи хэлийг бүх нийтийн голлох гадаад хэл болгох;
• Дунд сургуулиудад гадаад хэл, байгаль, техникийн ухааны чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалттай анги нээн ажиллуулах;
• Физик, одон орон, газар зүй, хими биологи зэрэг байгалийн ухааны
хичээлийн кабинетийг орчин үөийн лаборторийн багаж хэрэгсэл, бодисоор
хангах, физик, химийн туслах багш бэлтгэх;
• Малчдыг зайны сургалтад хамруулах оновчтой арга, хэлбэрийг сонгон нэвтрүүлэх;
• Малчдын хүүхдийг сургуульд бүрэн хамруулж, чанартай бэлтгэх
зорилгоор дүйцсэн хөтөлбөр, гэр цэцэрлэг, хувилбарт сургалтаар бүрэн
хамруулах ;
Стратегийн зорилт 3. Албан бус боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлнэ:
• Албан бус боловсрол олгох дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх;
• Албан бус боловсролын тогтолцоонд ажиллах орон тооны болон орон тооны бус багш бэлтгэх;
Стартегийн зорилт 4. Бүх шатны сургуулиудын материаллаг баазыг бэхжүүлэн, менежментийг нь сайжруулна:
• Бага сургууль, цэцэрлэгийн тоглоом, наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг сайжруулах;
• Сургууль, цэцэрлэгүүдийн гал тогооны тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэн эрүүл ахуйн стандартад бүрэн нийцүүлэх;
• Дотуур байрны болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны төрөл, амт, чанарыг сайжруулж илчлэгийг стандартын хэмжээнд байлгах;
• Боловсрол соёлын салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бүхий л талаар дэмжих, урамшуулах,
• Гадаад орны мэргэжлийн төрөлжсөн байгууллагууд, хандивлагчдаас
боловсролын салбарын материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр төсөл
хөтөлбөр хэрэгжүүлэхийг бүх талаар дэмжих;
• Хэрлэн суманд 640 сурагчдын хичээлийн байр, аймагт 150 хүүхдийн 2 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулах;
Стратегийн зорилт 5. Урлаг, соёлын байгууллагуудын бүтэц, зохион
байгуулалтыг боловсронгуй болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг нь
сайжруулна:
• Суманд соёлын төв, зарим суманд урлаг-соёл-спортын төв, аймгийн
төвд мэргэжлийн урлаг-соёлын хосолсон үйлчилгээтэй байгууллагуудыг
ажиллуулах;
• Хэрлэн суманд соёл урлаг, спортын арга хэмжээг 40 %-иар нэмэгдүүлэх;
• Сумдын номын сан, музей, соёлын төвүүдийн байрыг шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангаж, үйлчилгээг нь өргөтгөх;
• Аймгийн соёл урлагийн байгууллагуудын менежментийг сайжруулах;
• Үндэсний уламжлалт болон сонгодог урлаг, хүүхдэд зориулсан урлагийн
төрлийг төрөөс дэмжих Засгийн газрын үндэсний хөтөлбөр, төслүүдийг орон
нутагтаа хэрэгжүүлэх, олон нийтийн хүртээл болгон дэлгэрүүлэх,
хөгжүүлэх үйл ажиллагааг орон нутгийн бодлогоор дэмжих.
• Аймгийн соёл урлагийг 2009-2016 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх;
• Аймгийн музейг "Дорнын тал түүх, соёлын цогцолбор” болгон хөгжүүлж, сургалт, судалгааны төв болгон өргөжүүлнэ.
3.4. Эрүүл мэндийн хөгжлийн бодлого
Үндэслэл: Дорнод аймагт нэг их эмчид 562 хүн ногдож байхад Улаанбаатар
хотод 234 хүн ногдож байна. Эмнэлгийн боловсон хүчний хангамж
шаардлагыг хангахгүй, мэргэжлийн ур чадварын түвшин харилцан адилгүй,
санхүүгийн чадавхи хязгаарлагдмал, сум, сум дундын болон өрхийн
эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийн түвшин доогуур байна. Эх,
нялхсын эндэгдэл, халдварт өвчний гаралт буурахгүй байна. Хорт хавдрын
болон хоол боловсруулах эрхтэний өвчлөл өсч байна. Цаашид орчин үеийн
дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн эмчилгээ оношлогооны чанарыг
сайжруулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд тэгш хүртээмжтэй,
чанартай үзүүлж, өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулан хүн ам эрүүл, урт
наслах нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Стратегийн зорилт 1. Хүн амын эрүүл мэндийн үйлчилгээг эрс сайжруулна:
• Аймгийн хүн амын өвчлөлийн байдлыг тогтоох судалгаа явуулж, эрүүл
мэндийн байдлыг хянан тандаж мэдээлэх, ард иргэдийг жилд нэг удаа үнэ
төлбөргүй үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулах тогтолцоо бүрдүүлэх;
• Иргэдийн эрүүл мэндийн мэдээлэлийг цахим картад шилжүүлж
мэдээлэлийг сантай болгож, алсын зайн оношлогоо, эмчилгээг өргөжүүлэх,
• Халдварт өвчин, нялхсын эндэгдлийг бууруулна:
• Уламжлалт анагаах ухааны шилдэг аргыг эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлэх
• Аймгийн хүн амын дархлаажуулалтыг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх
• Бүх нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх
• Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг тууштай сайжруулах
замаар 2016 он гэхэд хүн амын дундаж наслалтыг 68-д хүргэх;
• Аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх;
• Эрүүл мэндийг дэмжигч хамт олон, байгууллага бий болгох замаар
иргэний нийгмийн байгууллага, хувь хүн, хамт олны оролцоог эрс
нэмэгдүүлэх;
• Аймгийн нэгдсэн эмнэлгийг орчин үеийн оношлогоо, эмчилгээний
техник, технологиор нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг хүн амд
үзүүлдэг, мэргэжлийн болон ёс зүйн өндөр ур чадвар бүхий чадварлаг баг,
хамт олонтой болгох;
• Хэрлэн сумын иргэдийн эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж өвчлөлийг 20 хувиар бууруулах;
• Сумын болон өрхийн эмнэлгийг нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн
анхан шатны тусламж иж бүрнээр үзүүлдэг "Эрүүл мэндийг дэмжих төв"
болгон бэхжүүлэх;
• Шинээр болон сэргэж байгаа халдварт өвчинтэй тэмцэх, хариу арга
хэмжээ авах мэргэжлийн байгууллагыг аймагт байгуулан чадавхжуулах замаар
өвчлөл эндэгдлийг бууруулах арга хэмжээ авах
• 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл болон нялхсын эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлт тутамд 18.0-аас цөөн болгож бууруулах;
• Улаан бурхны эсрэг вакцинжуулалтад хамрагдалтыг 99 хувьд хүргэх;
• Нэгдсэн эмнэлэг, сумын эмнэлгийн түвшинд хүний дархлал хомсдлын
вирус (ХДХВ), дархлалын олдмол хомсдол (ДОХ), бэлгийн замын халдварт
өвчин (БЗХӨ)-ий харуулдан тандалтын тогтолцоог өргөжүүлж, оношлогоо,
эмчилгээний хүртээмж, чанарыг эрс сайжруулах;
• Нэн ядуу, эмзэг бүлгийн хүмүүс, тахир дутуу иргэдэд эрүүл мэндийн
тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх;
• Малчдад нүүдлийн хэлбэрээр эмнэлэг, үйлчилгээний анхан шатны тусламж үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх;
• Эмнэлгийн тусламж үйлчилгээнд алсын зайны оношлогоо, эмчилгээний аргуудыг нэвтрүүлэх;
• Сум, орон нутгуудад байгаа рашааны бүтэц, найрлагыг нарийвчлан
тогтоож, эмчилгээ сувилгаанд өргөн ашиглаж, рашаан-амралтын төвүүд
болгон өргөжүүлэх;
Стратегийн зорилт 2. Эрүүл мэндийн байгууллагын материаллаг бааз, боловсон хүчний хангамжийг сайжруулна:
• Сумын, сум дундын болон нэгдсэн эмнэлгүүдийг эмчилгээ, оношлогооны орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах;
• Нийт сумдын эмнэлгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг дэс дараатай хэрэгжүүлэх;
• Аймгийн төвд уламжлалт анагаах ухааны төв, эх нялхсын төвийг шинээр байгуулж иргэдэд нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх;
• Хүн амыг хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх,
чийрэгжүүлэх төвийг аймаг, сумын төв, байгууллагуудад зохистой хэлбэрээр
бий болгон хөгжүүлэх;
• Сумдын эмнэлгийн болон эхчүүдийн амрах байруудыг засварлан тохижуулах;
• Нийт сумдын эмнэлгүүдийн их эмч, эмнэлгийн ажилтнуудын хангамжийг нормативт хэмжээнд хүргэх;
• Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох;
• Эмч, эмнэлгийн ажилтнуудыг орон сууцаар ээлж дараатай хангах, урт хугацааны зээлд хамруулах;
ДӨРӨВ. ДОРНОД АЙМГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО
Дорнод аймгийн хөгжлийн 2 дахь тэргүүлэх
чиглэлийн хүрээнд 2008-2016 онд хувийн хэвшилд тулгуурласан экспортын
баримжаатай үйлдвэрлэл,үйлчилгээг хөгжүүлэн, нэг хүнд ногдох ДНБ-ийг
3987.4 мянган төгрөг буюу 4774 ам.долларт хүргэнэ.
4.1. Макро эдийн засгийн бодлого
Стратегийн зорилт 1. Эдийн засгийг энэ үе шатанд жилд дунджаар 14.5
хувиар өсгөж, эдийн засгийн салбарын бүтцийг эрчимтэй шинэчлэн аймгийн
ДНБ-ий 53.0 хувийг аж үйлдвэр барилгын салбарт, 14.2 хувийг ХАА-н
салбарт, 32.8%-ийг үйлчилгээний салбарт тус тус үйлдвэрлэнэ:
• "Дорнод үйлдвэр-технологийн парк”-ийг байгуулан ажиллуулж экспортын баримжаатай үйлдвэрлэлийн үндэс суурийг тавих;
• Ашигт малтмалын томоохон ордуудыг илрүүлж уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулан ажиллуулж эхлэх;
• Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
• Аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтөд мэдэгдэхүйц нөлөө бүхий салбар болгох;
• Зам тээвэр, эрчим хүч, мэдээлэл холбооны дэд бүтцийг хөгжүүлэн
үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих, дотоод, гадаад зах зээлд гарах таатай
орчин бүрдүүлэх;
• Үйлдвэрлэл, үйлчилгээнд мэдлэг, орчин үеийн менежмент, мэдээллийн технологийг тууштай нэвтрүүлэх;
• Мэдээлэл харилцаа холбооны шугам сүлжээг хот төлөвлөлтийн нэгдсэн бодлоготой уялдуулан сайжруулах;
4.2. Эдийн засгийн бодит салбаруудын хөгжлийн бодлого
Дорнод аймгийн үйлдвэржүүлэлтийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийн хүрээнд
2009-2016 онд хүнд, хөнгөн үйлдвэр, барилгын материалын, хүнсний болон
жижиг дунд үйлдвэрүүдийг өргөжүүлэх буюу шинээр байгуулах замаар иргэдээ
ажлын байраар хангаж, экспортын баримжаатай боловсруулах үйлдвэрлэлийн
суурийг тавина.
4.2.1. Аж үйлдвэрийн хөгжлийн бодлого
4.2.1.1. Боловсруулах аж үйлдвэрийн хөгжлийн бодлого
Стратегийн зорилт 1. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийг
энэ үе шатанд жилд дунджаар 17.1 хувиар өсгөж, аж үйлдвэрийн салбарын
ДНБ-ий 5.1 хувийг үйлдвэрлэж, экспортын баримжаатай боловсруулах
үйлдвэрлэлийн үндэс суурийг тавина:
• Экспортын үйлдвэрлэлийн холимог хэлбэрийн "Дорнод” үйлдвэрлэл,
технологийн паркийг Чойбалсан хотод байгуулж, ажиллуулж эхлэх.
• Чойбалсан хотод орон нутгийн нөөцийг түшиглэн барилгын материалын
үйлдвэрүүдийг сэргээн хөгжүүлэхээс гадна тоосго цементийн жижиг
үйлдвэрийг байгуулж ажиллуулах.
• Газрын тос, нүүрс, жонш, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх
• Чойбалсан хотын мах боловсруулах, ноос угаах, сүү боловсруулах
үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж, технологийг шинэчилж, бүтээгдэхүүн
үйлдвэрлэлтийг нэмэгдүүлж, бүсийн хүн амын хүнсний хангамжийг
сайжруулах.
• Загас, загасан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
• Бүсийн тулгуур төв Чойбалсан хотод сүү, тараг, бяслаг, цөцгийн тос,
гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мал нядлах, мах төрөлжүүлэн
савлах, хүнсний ногоо консервлох хүнсний үйлдвэрүүдийг байгуулж эхлэх.
• Сумдад талх, нарийн боов, сүү цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн
боловсруулдаг жижиг үйлдвэр, цехийг зах зээлийн хэрэгцээтэй нийцүүлэн
оновчтой хэлбэрээр байгуулан ажиллуулахыг дэмжих;
• Сумдад зах зээлийн хэрэгцээтэй нийцүүлэн төрөл бүрийн оёдлын үйлдвэрлэл бий болгохыг дэмжих;
• Нийт сумдад хүнсний ногооны хүлэмж байгуулах;
• "Нэг сум-нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнийг улам эрчимжүүлэх;
• Өндөр технологи нутагшуулах төвийг байгуулан ажиллуулах;
• Дорнод аймагт борзон /цеолит/ ашиглан ус цэвэршүүлэх төсөл боловсруулж хэрэгжүүлэх.
• Дорнод аймгийн Сэргэлэн сумын Сүмийн булаг, Баяндун сумын
Наранбулагийн рашааныг түшиглэн рашаан савлах үйлдвэр байгуулан дотоодын
хэрэгцээнд нийлүүлэхийн зэрэгцээ экспортлох.
Стратегийн зорилт 2. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлдэг төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгоно:
• Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг
шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, тэдэнд техник, технологийн
сонголт хийхэд нь туслах, төсөл боловсруулахад зөвлөгөө өгөх, үйлчилгээ
үзүүлэх үүрэг бүхий төвийг байгуулж ажиллуулах;
• Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн жижиг, дунд
үйлдвэрлэлийг дэмжих бизнес инкубатор төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх,
• Үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэмжээ авах;
• Дорнод аймгийн "брэнд” бүтээгдэхүүнийг гадаад, дотоодод сурталчлах ажлыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах,
• Хадаас, ган, цувимал угольник, дээврийн төмөр, металл хайлшний
/тогоо, ган бөмбөлөг/ бүхий төмөр хийцийн үйлдвэрийг Хэрлэн суманд
байгуулах
• Шилэн, шилэн пильта, өнгөт хавтан, шахмалын, хөөсөнцэр, дүүргэгч,
шохойн үйлдвэрлэл, тоосго, тулгуур шон, шахмал модон шал, асфальто
бетон, вакум цонх зэргээр үйлдвэр барилгын материалын цогцолбор
үйлдвэрлэлийн төвийг Хэрлэн, Халх гол сумдад байгуулах
• Мах, махан бүтээгдэхүүн (пакеталсан, хагас боловсруулсан бууз,
банш, жигнэсэн, шарсан мах) бэлтгэх, боловсруулах /консерв, хиам/,
экспортлох жижиг дунд үйлдвэрийг Сэргэлэн, Дашбалбар, Хэрлэн, Халх гол,
Гурванзагал, Баяндун сумдад байгуулах
• Хүнсний ногоо, жимс даршлах, савлах жимсний чанамал, тетрапах
савлагаатай жүүс бэлтгэх, боловсруулах үйлдвэрийг жимсгэний үйлдвэр
Хэрлэн, Халхгол, Баян-Уул, Чулуунхороот сумдад байгуулах