Хоёр долоо хоногийн өмнө УИХ Газрын тосны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцсэн ч Засгийн газарт буцаах шийдвэрийг гаргаж байсан юм. УИХ-аас ийм шийдвэр гаргасан нь УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн онцлон хэлж байсанчлан уг хуульд "Ашигт тосыг өртөг нөхөхөөс өмнө ба хойно хуваах харьцаа нь хоногийн олборлолтын хэмжээнээс хамаарч хэлбэлздэг тул хатуу тоо тавих нь зохимжгүй, тодорхой тоо заахаас илүү гэрээгээр зохицуулах нь илүү зохимжтой” хэмээн үзэж, энэ заалтыг оруулаагүй нь алдаа боллоо хэмээн үзсэнтэй холбоотой. Тэгвэл Засгийн газраас хоёр дахь удаагаа өргөн мэдүүлээд буй дээрх Газрын тосны тухай хуульд эл заалт бүрэн агуулгаараа орж ирсэн байна. Мөн хуулийн төсөлд эрлийн үйл ажиллагаа явуулахад уламжлалт, уламжлалт бус газрын тосонд аль алинд нь өрөмдлөг хийхээр байсныг өөрчилж уламжлалт газрын тос болон байгалийн битумд өрөмдлөг хийхгүй, харин уламжлалт бус газрын тосонд өрөмдлөг хийхээр тусган оруулжээ. Түүнчлэн эрэл хийх болон газрын тосны орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад тэмдэгтийн хураамжтай байхаар, ашигт малтмалын тухай хуульд нүүрс олборлох явцад метан хий илэрвэл хэрхэн зохицуулах талаар тус тус тусгасан юм байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Монголын эрдэс баялагийн салбарын хууль, эрх зүй тогтвортой байгаасай гэдгийг гадны хөрөнгө оруулагчид хүсч байгаа. Иймд гадны хөрөнгө оруулалтыг татсан, хууль эрх зүйн хувьд бусад орнуудтай өрсөлдөхүйц хууль гаргах шаардлагатай байна” гэдгийг онцолсон бол УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Хуулийн төслийг өмнө нь УИХ хүлээж авалгүй буцаасан. Одоо оруулж ирж байгаа хуулийн төсөлд өмнө нь шүүмжлэл хүлээж байсан тодорхой саналуудыг засаад оруулаад ирсэн нь сайшаалтай ч бас л хөрөнгө оруулалтыг муутгаж мэдэшгүй заалтууд байна” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Өмнөх Газрын тосны тухай хуульд хэд, хэдэн ноцтой заалт байсан учраас би дэмжээгүй. Энэ алдааг засах ёстой гэхэд "Араас нь нэмэлтээр дахин хуулийн төсөл оруулж ирнэ” гэж ажлын хэсгийн гишүүд хэлж байсан. УИХ гэдэг тоглоомын газар биш, хуулийг батлаад явуулсан бол сар хүрэлгүй засвар орно гэж юу байсан юм бэ.
Хоёрдугаарт, уул уурхайн салбарын уналтыг өнөөдөр гадаад нөхцөл байдалтай холбож үзэхээс гадна бодит шалтгаанууд нь улстөрчидтэй холбоотой. Эл салбараар улстөрчид шоу хийдэг, поулизм хийдэг, эцсийн үр дүндээ уул уурхайн салбараа унагааж байна. Тийм учраас Газрын тосны салбараа онцгой анхаарч ажиллах ёстой. Тус салбараас жилдээ 230 тэрбум төгрөг, өдөрт 800 сая төгрөг орж ирдэг. Өнөөдөр уул уурхайн салбар уналттай байгаа үед эл салбарынхаа хөрөнгө оруулалтыг бид алдвал үнэхээр том алдаа хийнэ.
Гуравдугаарт, энэ хуульд эргэлзээтэй заалтууд байж болохгүй. Жишээ нь хууль эргэж үйлчлэх юм уу, үгүй юм уу энэ бүхнийг тодорхой болгох. УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр уул уурхайн салбарынхны өргөдөлд дарагдаад сууж байна. Өргөдөлтэй нэгбүрчлэн танилцахад, уул уурхайн салбартай холбоотой хуулийг өөрчлөх юм уу өөрчлөхгүй юм уу, өнөөдөр үйлчилж байгаа хууль нь эргэж үйлчлэх ёстой юм уу, үгүй юм уу” гэсэн асуудлыг түлхүү тавьж байна. Төрийн байгууллагууд хуулиас давсан дүрэм журам гаргадгаас болж шүүх дээр маргаан үүсч байна. Үүнээс болж аж ахуйн нэгжүүд хохирдог. Тийм учраас эргэлзээтэй заалт хуульд хийж болохгүй. Дөрөвт, хуулийн төсөлд "Туслан гүйцэтгэгчээр Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд тэргүүн ээлжинд орно гэсэн чухал заалтыг оруулж ирсэнд талархаж байна. Өмнөх төсөлд энэ заалтыг хассан байсан. Зөв талруугаа ороод ирсэн төсөл учраас дэмжиж байна” гэсэн юм.
Онцлоход, өмнө УИХ-аар хэлэлцэгдсэн ч буцаагдаж байсан Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ахалж байсан бол хоёр дахь удаагаа өргөн мэдүүлсэн уг төслийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ахлах болж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ц.Нямдорж гишүүнийг ажлын хэсгийн ахлагчаар томилохыг дэмжсэнийг бодоход энэ удаагийн Газрын тосны тухай хуулийн төсөлд илүү ач холбогдол өгч, хэл амтайхан гишүүнээр "Фон”-оо хийн даацтайхан үзэхээр шийдэв бололтой.
Г.ДАРЬ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих