Үнийн өсөлтөд дарлуулж буйгаа ард түмэн шагшраад ч нэмэргүй болж. Учир нь валютын ханш нь аль хэдийнэ 1880 даваад явчихсан. Бараг цаг тутамд бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байна гэвэл хилсдэхгүй. Уг нь эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөр боловсруулсан. Гэвч зуны налгар цаг ирж хүмүүс хорхог боодогхон эргүүлж явах зуур эл хугацаа дуусах тийшээ хандав. Харин гарсан үр дүн нь 100 гаруй төгрөгөөр өссөн валютын ханш. Түүнийг дагаад огцом өсч буй үнийн өсөлт юм. Хүнсний ногооны үнэ 30.6-52.7 хувиар өссөн аж. Худалдааны төв болон хүнсний захуудад шинэ ургацын ногоо өнгөрсөн жилтэй харьцуулахад 2-3 дахин өсч байгааг худалдаачид хэлсэн юм.Тухайлбал, байцаа 800-1200 төгрөг, манжин 1500-2000, лууван 2000-2500, төмс 1000-1600, харин сонгино 4000 төгрөгийн үнэтэй байна. Ийнхүү үнийн өсөлт эрчээ авч байхад, эрхэм түшээд ажигч үгүй явна.
Мөнгөний бодлогын хүү өссөн нь төгрөгийг чангаруулах боломж хэмээн эдийн засагчид хэлж байна. Үүнийг дагаад үнийн өсөлт бага зэрэг саарна гэдгийг ч тэд хэлэв. Жил бүрийн энэ үеэр валютын ханш чангардаг нь бичигдээгүй хууль гэдгийг судлаачид хэлсэн юм. Тиймээс үнийн өсөлтийг валютын ханшийн өсөлттэй холбон тайлбарладаг. Энэхүү улирлын хийрхэлийг урд хөршийнхөн ч андахгүй болжээ. Өвөл цагаан сар, шинэ жилийн үеэр, харин намар хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн барааныхаа үнийг зохиомлоор өсгөдөг гэдгийг худалдаачид хэлдэг. Энэ бол тогтсон жишиг аж. Харин энэ жил өмнөх жилүүдээс илүү өсөлттэй байна гэдгийг ч тэд хэллээ.
"Чоно борооноор” гэгчээр зайлшгүй хэрэгцээг далимдуулагчид олширсоор. Харин үүнийг зохицуулах төрийнхөн амарч зугаалсаар үнийн өсөлтөд дөрлүүлэв бололтой.
С.ХОНГОРЗУЛ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
- See more at: http://www.khunnu.mn/index.php?view=content&type=item&val=2220#sthash.ThOr4X0V.dpufТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих