Ш.Баттөмөр. Энэ бол миний сүүлд
найзалсан, ажил хэргийн шугамаар ихэд дотноссон хүний нэг нь. Хэдийгээр
Баттөмөр бид хоёр сүүлийн хэдэн жил тэр бүрий уулзаж, ярилцаж амжаагүй ч
гэлээ хааяахан утсаар ярьж, өмнө нь хийж явсан, хийх гэж байсан олон
зүйлийн талаар хуучилдаг байв. Тэнгэрт халихаас нь хэд хоногийн өмнө
хамгийн сүүлчийн удаа ярилцаж дээ. Тэгэхдээ бид хоёр сурын холбоо,
аймгийнхаа сурын хөгжилд юм хийх хүсэлтэй байгаагаа хэлж, ярьж, бие нь
сайжирч, эдгэрэхээр их зүйлийг хийх тухай аминчлан надад ярьж байв.
Гэтэл тэр хүн маань өнөөдөр энэ хорвоод алга. Сая салах ёс хийгээд
өрөөндөө ирээд сууж байхад анх Дорнод аймгийн Сурын холбоог тэргүүлэх
болж, гар нийлэн хамтран ажилласан тухай дурсамж сэдэрч байна.
Ш.Баттөмөр Дорнод аймгийн Сурын холбооны тэргүүн, би дэд тэргүүн болж ажиллаж байсан талаараа дурсмаар байна.
Би
2010 оны 5-р сард Дорнод дээд сургуулийн захирлаар томилогдон нутагтаа
очоод удаагүй байв. Сур харвахын бөөн хорхой явсан би тухайн үед ажлын
зав гаргаж, 6-р сарын эхээр болсон аймгийн аварга шалгаруулах харваагаар
нэг удаа очлоо. Хүн ч танихгүй, олон сайхан мэргэчүүл, харваачид
чуулсан тэр харваа 6-р байшингийн урд талын Сурын талбайд болж байв. Тэр
үед миний таньдаг хүн гэвэл манай сумын Д.Игорь ахай, түүний хүү
И.Батбаяр, тэгээд манай сумын Дашдорж ах, Б.Болормаа эгч нар л байв. Өөр
мэдэх хүн үгүй. Хэдэн мэргэчүүлээ мэдэх төдий л амьтан байв даа.
Тэр
өдөр сурын харвааны дараа аймгийн сурын холбооны тэргүүлэгчдээ сонгох
хурал болж, хүмүүсийг нэр дэвшүүлж байв. Гэтэл Дашдорж ах намайг сурын
холбооны тэргүүлэгчид нэр дэвшүүлж, би харин татгалзаж байв. Тухайн үед
байсан зарим харваач гайхаж байсан ч байж мэдэх юм.
За
ингээд л дарга тэргүүлэгч нар нь сонгогдож, аймгийн сурын холбооны
Нарийн бичгийн даргаар И.Батбаяр ах сонгогдож, нэлээд хүмүүс тэргүүлэгч
болж байв. Би танихгүй учир хэн хэн дарга болж байгааг ч мэдсэн зүйлгүй.
Энэ үеэс эхлэн сур харваж, бэлтгэл сургууль хийж эхэлж, харваачдаа
таних болж, надад сурын нарийн ширийнийг манай хэд уйгагүй зааж, харваж
сургав.
Ц.Одчулуун найз маань надад
нумаа өгч харвуулав. Үүний хүчинд олигтой нумны бараа хараагүй надад
тэнгэрийн умдаг атгах гэдэг шиг л болж билээ.
За
ингэж, тэгэж, бэлтгэл хийнэ гэж харваж үзсээр байтал зун өнгөрч, намар
10-р сарын эхний хагас, бүтэн сайн өдөр хаалтын харваа боллоо. Тэгэхэд
тэр харвааны дараа бяцхан цайллагыг манай Дорнод дээд сургууль дээр
хийж, орой нь дарга, тэргүүлэгчдээ нэмж сонгох тухай халуун яриа өрнөв.
Тэр
үед Аймгийн мэргэн, Спортын мастер Л.Баттулга анх удаагаа манай ангийн
хүүхэд Ш.Баттөмөр гэж танилцуулж, дарга болгох талаар өөртэй нь ярьж
зөвшөөрүүлснээ хэллээ. Тэндий олонх нь Ш.Баттөмөрийг "Адуунчулуун"
уурхайн Шатар гуайн хүү гэдгээр нь мэдэх байв. Би ч тэр үед л
Ш.Баттөмөрийг анх дуулж, түүнээс хойш танидаг, бүр найз нөхөд болжээ.
Тэр
хуралд оролцсон ахмадууд, мэргэчүүд маань одоо залуу үеийнхэн энэхүү
сурын холбоог авч явж, хийх ажил байгааг сануулж, тэнд байсан харваачид
Ш.Баттөмөрийг дуу нэгтэй Тэргүүнээрээ сонгож батлав.
Нарийн
бичгийн дарга И.Батбаяр ах ч тэр үед ажлаа өгөх нь таарсан уу, намайг
Нарийн бичгийн дарга болгох тухай яриа өрнөв. Гэхдээ энэ яриа өрнөхөөс 7
хоногийн өмнө шөнө үүрээр манай гэрт Ц.Одчулуун, Г.Эрдэмбэлэг найз нар
маань ирж, надтай хуучлангаа сурын холбооны Нарийн бичиг болохыг санал
болгож, би хэдийгээр татгалзаж байсан хэдий ч аргагүйн эрхээр хүчинд
автан "за" гэж ам алдаж байв. Энэ ч нөлөөлсөн байх. Тэнд намайг
дэвшүүлж, шууд Нарийн бичиг болгох тухай яриа гарав. Гэтэл тэнд цугласан
олноос Дэд тэргүүн болгоё. Сураа мэдэх хүн ажлаа хийг гэж санал гарав.
Ингээд би гэдэг хүн зөв зүгээр байж байгаад, анх сур харваж сурч ядаж
байсан хүн нэг л мэдэхэд Дорнод аймгийн Сурын холбооны дэд тэргүүн гэх
сэтэр зүүв.
Ингэж Ш.Баттөмөр маань
Тэргүүн, би Дэд тэргүүн болж хоёул гар сэтгэл нийлэн сурын холбоо,
харваачдынхаа төлөө чадах чинээгээрээ ажилласан билээ.
Тэр
үед Сурын холбооны тэргүүлэгчдээр Л.Батбилэг, Л.Баттулга, И.Батбаяр,
Г.Эрдэмбэлэг, Б.Лхагвадорж, Х.Одмандах гээд л манай шилдэгүүд, санаа
сэтгэл нийлсэн баг бүрдэж, Нарийн бичгээр Н.Баярмааг авч ажиллуулж,
манай сургууль дээр төвлөрч ажиллаж эхэлсэн юм.
Бид
анх удаагаа Дорнод дээд сургуулийн Спорт заалыг ашиглаж, бэлтгэл
сургууль хийв. Өвөл нь ярилцаад аймгийн 80 жилийн ойн өмнө хуучин сурын
талбайгаа засах, чадвал шинээр хийх тухай ярилцав. Энэ үеэр Ш.Баттөмөр
тэргүүн Сурын талбайг цоо шинээр газар авч барих тухай санал оруулж,
улмаар удалгүй бэлэн зураг төслийг нь хийлгээд авчрав. Тэгэхдээ Наадмын
талбайн зүүн талд, хуучин цэцэрлэгт хүрээлэн байсны баруун талд нь барья
гэдэг санал ч гаргав. Өөрийнх нь санаа бол тэр хуучин талбайг бүхэлд нь
цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах зураг төслийг гаргаж, түүнийг
хэрэгжүүлэхээр ажиллаж байсан үе нь л дээ.
Тэгээд
л газар хөөцөлдөх, түүнийг баталгаажуулж авах ажлыг өөрөө биечлэн
хөөцөлдөж, тус ажлыг бүтээхэд тэргүүлэгч Х.Одмандах ч идэвхийлэн
оролцож, аймгийн ИТХ-аар төсөвт суулгаж, ажлаа концессоор хийх тухай ч
яриа гарав. Энэ бол тэр хаваржингаа хийж, хөөцөлдсөн ажил нь юм.
Харамсалтай
нь бидний санааг аймгаас дэмжээгүй. Магадгүй санхүүгийн боломж ч муу
байсан байх. Ингээд наадам дөхөөд байдаг. Бид нэг л сайхан санаа, бэлэн
зураг, төсвөөс цааш хэтрэхгүй байж байтал Ш.Баттөмөр тэргүүн өөрийн
хөрөнгөөр барина л гэлээ. Эхэндээ бид ч бас тийм амархан бүтчихнэ гэж ч
итгээгүй юм. Ингэсээр байтал улсын баяр наадам ч дөхлөө. Би бас тэр үеэр
АНУ-д Олон улсын хуралд оролцохоор ч явж таарав.
Ш.Баттөмөр
тэргүүний маань толгой дээр хамаг ачаа оногдож үлдсэн билээ. Ингээд
намайг 2011 оны 7-р сарын 20-нд Дорнод аймагтаа эргэж ирэхэд талбайн
ажил аль хэдийн эхэлчихсэн, асрынхаа угсралтыг хийчихсэн, хашаагаа
гагнуулаад эхэлчихсэн байж байв. Ингээд л би ч урам орж, ажлаа өдөр
шөнөгүй гүйцэтгэсээр 7 хоногийн дотор л орон нутагтаа анх удаагаа том
хэмжээний асартай, өргөн нь 60 м, уртаашаа 90 м хашаатай болж билээ.
Манай тэргүүн уг талбайг босгоход хувиасаа 70 гаруй сая төгрөг гаргаж,
Дорнодын сурчдад маш том буян үйлдэж, энэхүү их ажлын үрээр ч юм уу
манай харваачдын амжилт эрс сайжирч, олон жил тасрах шахаад байсан улсын
аваргын медалиуд ч энэ үед л хүртэж эхэлсэн билээ.
Аймгийн
80 жилийн ойг угтсан бүтээлч ажлын дотроос хамгийн үлдэцтэй, даацтай
ажил нь манай сурын талбай байсан даа. Одоо ч хэвээрээ байна. Үүний
жишгээр олон олон аймаг сурын талбайтай болж, манай аймаг анх түрүүн
түүчээлэн явсны манлайд манай холбооны Тэргүүн Ш.Баттөмөр найз маань
байв.
Манай сурын холбооны тэргүүн,
"Дорнын гэрэгэ" ХХК-ны захирал Ш.Баттөмөр өөрийн сэтгэл зүтгэл, хүч
хөрөнгөөр Дорнод аймгийн харваачдын үеийн үед дурсаж, бахархаж явах тийм
сайхан талбай, бэлтгэл сургуулилалт хийх орчныг бүрдүүлж өгсөн хүн дээ.
Түүний ачийг манай сурчид хэзээ ч үл мартана.
Тэр
жилийнхээ буюу 8-р сарын эхээр Дорноговь аймагт болсон Багийн улсын
аварга шалгаруулах харваанд Тэргүүн маань ивээн тэтгэж, багаа
оролцуулав. Энэ харваанаас манай баг 3-р байрт орж, Хүрэл медаль хүртэж,
тус харваанд оролцсон Б.Болормаа Спортын мастер болж байсныг санаж
байна. Ингэж л Дорнодын сурын харваачдын медалийн буухиа тасралтгүй
үргэлжлэх шан тавигдаж, мастер цолтон өнөө олон арваараа төрж гарч,
улмаар Улсын мэргэн цолыг Б.Баярчимэг маань хүртэж, нутгийн зон олноо
баярлуулаад байна.
Ш.Баттөмөр бид
хоёр Дорнод аймгийн сурын холбоог удирдаж байхдаа хийсэн хамгийн том
үйл, хэзээд дурсагдах ажил маань харваачдаа тав тухтай бэлтгэл сургууль
хийх орчныг бүрдүүлж өгсөн явдал юм. Өнөө цагийн удирдлагууд маань
бидний хийсэн ажлыг улам л чамбайруулан удирдаж байгаад талархаж явдаг
даа.
Дорнын гэрэгэ ХХК-ны захирал,
Дорнод аймгийн Сурын холбооны тэргүүн агсан, найз Ш.Баттөмөрийгөө
дурсахад ийм байна. Хамтдаа их зүйлийг эхлүүлж, хийж явсан найзтайгаа
салах ёс хийх хэцүү л байлаа.
Бид хоёрт ер нь хамтдаа авахуулсан зураг надад лав байхгүй байна. Сонин л юм даа. Авсан хүмүүс байгаа байх даа. Оруулаарай.
Гэвч хорвоогийн жамыг яалтай билээ дээ.
Ум сайн амгалан орших болтугай. Сайн төрөл олох болтугай.
Найз
Ш.Баттөмөрийгөө дурсан хүндэтгэж, дурсамж тэрлэсэн Дорнод аймгийн Сурын
холбооны дэд тэргүүн асан Спортын мастер М.Одмандах ёслов.
2018.03.28. Улаанбаатар хот, Өглөөний 7.10 цаг дор