БАЯН-УУЛ СУМ
Тус сум нь 1924 онд албан ёсоор байгуулагдаж 1927 онд Алхана, 1932 он
гартал Баян хан уул, 1932 оноос Тариалан сум нэртэй байсаар шинэ
эргэлтийн бодлого хэрэгжүүлэх ажлын явцад эдүгээгийн Жаварт хошуунаа
суурьшиж Баян-уул сум гэж нэрлэгдсэн түүхтэй.
Өнөөдөр сум нь 562,2 мян га газар нутагтай монголын ойт хээрийн бүсэд,
Хэнтийн уулархаг нутгийн зүүн хэсэгт оршин, урд зүүн хэсгээрээ өөрийн
аймгийн Цагаан овоо, Баяндун сум, баруун, баруун хойт хэсгээрээ
Норовлин, Дадал сум, хойт хэсгээрээ ОХУ-ын Чита мужтай хиллэдэг.
Одоо тус сум нь 36626 толгой малтай, 562,3 мян га нутаг дэвсгэртэй,
тунгалаг уст гол горхи 33, булаг шанд 40 орчим, нуур цөөрөм 13 байдаг.
Тус сум нь аймгийн нийт ойн 85 хувийг эзэлдэг. Мөн алтны орд бүхий
газрууд бий. Өнгөт металл, хайлуур жонш, нүүрс, болорын зохих
нөөцтэйгээс гадна оюу, номин, ногоолин, зэсийн хөх зэрэг эрдэнийн чулуу,
чулуужсан мод, магнаг чулуу, монцориорит, улаан гантиг, улаан боржин
зэрэг өнгөлгөөний чулууны орд газрууд бий. Буга, согоо, хүдэр, бор
гөрөөс, гахай, чандага, туулай болон элбэнх, дорго, үнэг, хярс, шилүүс,
чоно, тарвага, зурам зэрэг үслэг ан элбэг ба 40 гаруй зүйлийн хөхтөн
амьтан, 200-аад зүйлийн жигүүртэн шувуу, 28 зүйлийн загас, 2 зүйл 2
нутагтан, 2 зүйл мөлхөгч амьтан амьдардаг.
Онон голын Хясуу, Ар царам, ар Эрээний рашаант хөндий, Баян уул Өвөр
хажуу, Бүрэнхаан уулын Их газар зэрэг байгалийн үзэсгэлэнт болон дархан
цаазат газруудтай.
Тус сум нь засаг захиргааны нэгж 6-н багтай, 1199 өрхийн 4804 хүн амтай,
халх, буриад, барга, сонгоол хамниган, дүрвэд, захчин, хятад, үзэмчин,
казах зэрэг олон ястан угсаатнаас бүрдсэн сум юм. Өнөөдрийн байдлаар тус
суманд сургуулийн өмнөх боловсролын хүүхдийн 2 цэцэрлэгийн 4 бүлэгт 120
хүүхэд өдрийн болон цагийн сургалтаар хүмүүжиж, ЕБ-ын 8,10 жилийн 2
сургуулийн 39 бүлэгт 1101 хүүхэд суралцаж, 50 шахам багш хүмүүжүүлэгч,
26 захиргаа үйлчилгээний ажилчидтай боловсролын байгууллага, 2 их эмч,
1 эм зүйч, 7 бага эмч, нийт 27 ажилтантай сумынхаа иргэдэд эрүүл
мэндийн үйлчилгээ үзүүлдэг хүн эмнэлгийн салбар, 15 хүний бүрэлдэхүүнтэй
ардын авъяастны зөвлөлтэй Соёлын төв, аймаг болон УБ хот бусад
аймгуудтай алсын холбоогоор, багуудтай радио станцаар харилцдаг сувгийн
төхөөрөмж В-3,3-аар, Баяндун, Эрээн, ХЦ-ийн 0275-р ангийн ярианууд
нягтруулгаар яригддаг сум дундын холбооны салбар, ХААН банкны тооцооны
төв, Байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг 100 гаруй га-д явуулж,
боргоцойгоор үр бэлтгэх үйл ажиллагаа эрхэлдэг "Номин тайга” ОНӨ-ийн
үйлдвэрийн газар, 4-н сумын хилийн бүсийг хамгаалдаг 0275-р анги, 200
квт эрчим хүч гаргах хүчин чадалтай дизель станц, ОХУ-ын Чита мужтай
хиллэдэг байнгын ажиллагаатай Ульхан майхан хилийн боомт, хэрэглээний
мод боловсруулдаг "Нарс мод”, "Өвөр эрээн”, "Бавж-Барас” ХХК-иуд, ард
иргэдийн төлөө ажиллаж байдаг Цагдаагийн хэсэг, Цаг уурын шинжилгээний
бүх төрлийн ажлыг технологийн дагуу гүйцэтгэж, цаг уурын мэдээг ард
иргэддээ шуурхай хүргэж байдаг УЦУ-ын "Онон” станц зэрэг байгууллагууд
үйл ажиллагаа эрхэлж байна.
Баян-Уул сумаас МУ-ын гарамгай мэргэн А.Цэвээн, гоц мэргэн
Ц.Хүдэрчулуун, Х.Даваажаргал нарын улсын мэргэд 14, спортын мастер 20
гаруй төрөн гарсан нь эрхий мэргэн харваачдын өлгий нутаг юм. Монгол
улсын Хөдөлмөрийн баатар Р.Батаа, Ц.Төмөр, Монгол улсын гавъяат багш
Тагар, Монгол улсын гавкяат жүжигчин Д.Дашням, эрдэмтэн Л.Эрдэнэ,
Ц.Батцэрэн, З.Шагдар, дэд доктор Т.Галсан, Монгол улсын аварга малчин
Ц.Цэдэн, Б.Санжмятав, С.Болдхүрэл, МУ-ын аварга комбайнч Ш.Сүхбаатар,
Д.Ренчин, М.Цэрэнханд, Монгол улсын 4 удаагийн аварга хадланч
Г.Жигмэддорж, Аварга хадланч Д.Очир, А.Цэрэнхуяг нарын тэргүүний хүмүүс
олноор төрөн гарчээ..
Баянуул сумын Засаг дарга түүний Тамгын газар 2000 оны сонгуулиас хойш
МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор
сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 66 асуудал тусгаснаас
биелэлт 74,2 хувьтай байна.
Сумын Засаг даргын Тамгын газраас 2001 оныг "Төрийн албан хаагчдын
сахилга хариуцлагыг дээшлүүлэх , багийн ажлыг сайжруулах жил”, 2002 оныг
сумын "Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх жил” болгох зорилт тавьж
ажилласан нь үр дүнгээ өгч байна.
Өнгөрсөн жил багуудын ажлыг сайжруулах зорилт тавьж багийн төвийг
тохижуулах ажил хийж 1-р багт 2 байшин, 2-р багт 1 байшин, 3-р багт 1
байшин шинээр барьж хөдөөгийн багийн Засаг дарга, багийн бага эмч нарыг
ажлын өрөөтэй, соёлын танхимтай, 2-р баг худалдааны цэгтэй, 2 багийн
даргыг унааны морьтой болгож, багийн өдөрлөгийг сар бүр тогтмол хийж
төрийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг сурталчилахаас гадна соёлын
үйчилгээг тогтмол хүргэдэг боллоо.
2002 онд сумын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Хүүхдийн эрхийг
хамгаалах төвийн төслийн хөрөнгө 1 сая төгрөгөөр 10 жилийн сургуулийн 1
дотуур байранд нам даралтын зуух, Хүүхдийн цэцэрлэгт 1 сая төгрөгөөр
ядуу амьдралтай айлын 30 хүүхдийг халамжийн бүлэгт хамруулж, Английн
хүүхдийг ивээх сангийн 1 сая төгрөгийн төслөөр 10 жилийн сургуульд
нийтийн халуун ус байгуулж, одоо "MCS” ХК-ны хөрөнгө оруулалтаар 50
хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөлд 4 сая төгрөгийн төсөл, ЗДТГ-т
компьютер, принтер, канон хөнгөлөлттэй үнээр олгосон. Мөн аймгийн
ЗДТГ-аас Хүн эмнэлгийн барилгын урсгал засварт 1 сая төгрөг, УИХ-ын
эрхэм гишүүн Д.Базарсад Эрээний 6-р багт УАЗ-452 пургон машин, ямаха
мотор, өнгөт телевизор, бага эмчийн үзлэг оношлогооны ком багаж, 10
жилийн сургуульд ямаха мотор, ЗДТГ-т компьютер, Хүн эмнэлэгт бага эмчийн
ком хэрэгсэл, эмийн бэлдмэл, нэн ядуу 1 өрхийг 400000 төгрөгөөр орон
сууцтай болгох зэрэг туслалцаа үзүүлсэн юм. Мөн 10 жилийн сургуулийн
компьютерийн танхимд 5 компьютер төслөөр, орон нутгийн нөөц боломжоор
улирлын чанартай 10 ортой амралтын газар, АББ-ын Гэгээрлийн төвийн тахим
байгуулах ажлыг хийж, Цагдаагийн хэсэгт УАЗ-469 машин /хуучин/, "Дорнод
авто зам” ХК-аас засмал замын 2 сэтэрхий, 4 модон гүүрийг засварлаж,
Улсын хөрөнгө оруулалтаар 1 мотортой худаг, 5 худагт гар насос, Япон
улсын хөрөнгө оруулалтаар багийн Холбооны явуулын болон суурин станц 7,
100 клвт-ын 2 дизель станц зэргийг суурилуулж өгсөн нь манай сумын
нийгэм эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр болж байна.
Сумын бэрхшээл, тулгамдсан асуудал, цаашид тавих зорилтын талаар:
Манай Баян уул сумын ОСАА нь 1992 оноос задарч хувьчлагдан олон жижиг
ААН байгуулагдан үйл ажиллага явуулах боломжгүй болж, үүнээс ажилгүйдэл
ядуурал газар авч малгүй иргэд олон болсон юм.
Манай сумын нэг хүн амд 8 толгой мал ногдож байгаа ба малгүй өрх 400
гаруй, ажилгүй 1017 хүн байгаа нь сумын хүн амын 53 хувь нь ядуу
амьдралтай байна. Иймд ажлын байрыг олноор бий болгох модны
үйлдвэрүүдийг сэргээхэд эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх, малгүй
иргэдийг малжуулах, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх явдал чухал болж
байна. Энэхүү бэрхшээлээс гарахын тулд Чита мужаас эрчим хүчний шугам
татах ажлын хөрөнгийг шийдвэрлэх, малжуулах төсөл хэрэгжүүлэх, модны
үйлдвэрүүдийг сэргээх, иргэдийг амьдрах арга ухаанд сургах, мэргэжил
олгох, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих, хилийн худалдааг өргөжүүлэх,
хоршоог дэмжих зэрэг зорилт тавьж ажиллаж байна.
Манай сум байршлын хувьд аймгийн төвөөсөө 200 км, Улаанбаатар хотоос 600
км алслагдсан зах зээлээс хол, сүүлийн 40 жилд нэг ч нийгмийн
зориулалтаар барилга байгууламж улсын хөрөнгө оруулалтаар бариагүй,
мэдээ мэдээллээс хол зэрэг сул талууд нь сумын нийгэм эдийн засгийн
амьдралд муугаар нөлөөлж байна.