Тус сумын одоогийн нутаг бол Халх Сэцэн
хан аймгийн Эрдэнэ гүн, Саруул вангийн хошууны умар харуулын газар юм.
1922 оны 07 дугаар сарын 14-нөөс Монгол Буриадын Бүгд хуралдаан зохион
байгуулж нутгийн захиргаа Улз голын хошуунаа байгуулагдан тамга,
тэмдэгтэй болсон түүхтэй.
Анхны хошуу дарга Базарын Цэвээн хошууны
1297 өрхийн өмнөөс Бүгд Найрамдах улсын анхны Үндсэн хуулийг батлалцсан
ажээ. Лавтай эх сурвалжаас үзэхэд 1924 онд хуралдсан улсын анхдугаар
хурлаас Монголд дагаар орсон Буриад нарын хүсэлтийг сайшааж, Улз голын
Буриад хошууг Хан Хэнтий уулын аймагт харъяалуулж Алхана сум нэртэйгээр
1927 он, Баян Хан уул нэртэйгээр 1932 он хүртэл хэд хэдэн удаа нүүж
одоогийн 3 дугаар багийн нутаг Эрдэнийн булаг, Доод Наанги, Баадаан
хөндий зэрэг газраар нүүдэллэн түр суурьшиж байгаад Бумбат, Дэлгэр уул,
Баянзүрх, Паршин зэрэг сумдтай нэгдэн Хужиртаанд төвлөрч Тариалан сум
болжээ. Хожим 1934 онд одоогийн Жаварт хошуунаа нүүн суурьшиж Баян-Уул
сум нэртэй болсон байна.
Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дахь
улсын сангийн аж ахуй 1950 онд Онон, Ар өнөрчийн адаг гэдэг газарт
суурьшиж байгаад 1956 онд тус суманд нүүн ирсэн байна. Баян-Уул сумын
малчин ардууд нэгдэлжих хөдөлгөөнд идэвхтэй оролцож "Социализмийн зам”,
"Холбоо”, "Туг”, "Парчин уул” зэрэг хэд хэдэн нэгдэл байгуулагдан
ажиллаж байгаад 1959 онд эдгээр нь хоорондоо нэгдэн "Холбоо” нэртэй нэг
томоохон нэгдэл болон өргөжсөн байна. 1956 онд Ар өнөрчийн адагт байрлаж
байсан улсын аж ахуй нь сумын төвд нүүдэллэн ирж "Холбоо” нэгдэлтэй
зэргэцэн ажиллаж байснаа, 1961 онд БНМАУ-н сайд нарын зөвлөлийн
шийдвэрээр нэгдэж Онон САА хэмээх томоохон аж ахуй болсон байна. 1990
оноос хойш засаг захиргааны шинэчлэлээр сум, хөдөөгийн иргэдийг 6 багт
хуваарилан ажиллаж байна.
Аймгийн төвөөс 200 км, УБ хотоос
600 км газар алслагдсан, нутаг дэвсгэрийн хувьд хойноосоо урагш 86 км,
баруунаас зүүн тийш 73 км үргэлжилсэн 562,3 мянган га газартай, хойт
талаараа ОХУ-ын Чита муж, баруун талаараа Хэнтий аймгийн Норовлин,
Дадал сум, бусад хэсгээрээ Баяндун, Цагаан-Овоо сумдуудтай тус тус
хиллэдэг 4 замын уулзвар бүхий сум юм. Сумын нутаг дэвсгэр нь ус зүйн
хагалбараар бүхэлдээ Номхон далайн ай савд багтах ба Хэнтийн уулархаг
нутгийн хамгийн зүүн өмнөд зах бөгөөд Дорнод Монголын хээр тал руу
шилжих зааг, ой хээрийн бүс нутаг юм.
Мухарын ам, Нэмнийн
хөндий, Туг өндөр, Зүрх уул, Бүрэн Хан, Эрдэнэтолгой, Бумбат, Хараат,
Баян Уул, Дун, Улаан чулуу, Эрээн, Хархираа өндөр, Дэл гэх мэт олон
сайхан үзэсгэлэнт уул хад, хөндий, ургамал амьтан элбэгтэй бөгөөд Онон,
Улз, Хэр, Унагай зэрэг томоохон гол горхитойгоос гадна Гэрт, Үет цагаан,
Хар нуур, Хөтөл, Дархинтын цагаан нуур, Холбоо нуур, Нүдэн зэрэг олон
нуур цөөрөмтэй. Мөн бөөгийн ёс заншил харуулсан " Хархираа ТҮР” аялал
жуулчлалын цогцолбор төв байдаг.
Газар нутгийн байдал
Баян-Уул сум нь бүхэлдээ Номхон далайн ай савд багтах ба Хэнтийн
уулархаг бүсийн зүүн өмнөд хэсэг, Дорнод Монголын хээр талруу шилжих
зааг, ойт хээрийн бүс нутагт оршдог билээ. Манай суманд Мухарын ам,
Нэмнийн хөндий, Туг өндөр, Зүрх уул, Бүрэн Хан, Эрдэнэтолгой, Бумбат,
Хараат, Баян-Уул, Дун, Улаан чулуун, Эрээн, Хархираа өндөр, Дэл гэх мэт
олон сайхан үзэсгэлэнт уул хад, хөндий, ургамал, амьтан элбэгтэй бөгөөд
Онон, Улз, Хэр, Унагай зэрэг томоохон гол горхитойгоос гадна Гэрт, Үет
цагаан, Хар нуур, Хөтөл, Дархинтын цагаан нуур, Холбоо нуур, Нүдэн зэрэг
олон нуур, цөөрөмтэй нутаг юм. Нутаг дэвсгэр нь ерөнхийдөө талархаг
гадаргатай, Монголын уудам талын хойд хормой, Онон, Улзын голын сав
дагуух Хан Хэнтий нурууны салаа салбар захын бэсрэг уулсын үргэлжлэл
хослон нийлсэн нутаг юм. Хамгийн өндөр уул далайн түвшнээс 1468 метр
өргөгдсөн 20 км алсын хараатай Бардан уул юм. Үүнээс гадна манай нутагт
орчин тойрондоо өндөрлөгт тооцогдох Дун Хан уул (1434,7 м), Онцгой уул
(1425,6 м), Бүрэнхаан уул (1347,8 м), Баруун хар чулуу (1344,5 м),
Баянхан уул (1299,7 м) зэрэг 35 уулс бий. Эдгээр уулсын ихэнхи нь
нутгийн баруун, баруун өмнөд хэсэгт орших бөгөөд хамгийн алсын хараатай
нь Улаан чулуу уул (1303,8 м) эргэн тойрондоо 30 км хүртэл алслан харах
боломжтой. Нутгийн ихэнхи уулс нь ар дагазандаа битүү ой төгөл бүхий гүн
хавцал, жалга судаг, эргэцэг мөргөцөг олонтой. Зүүншлэх тусам уул ус
улам намсаж, уул толгодын орой бөмбөгөр, налуу мөлгөр, эсвэл хавтгай
болсон байдаг.
Баян-Уул сум нь нийт 563319 га газар нутагтай бөгөөд
Үүнээс Хөдөө аж ахуйн газар 449107 га, Хот, тосгон бусад суурины газар
3138.5 га, Зам шугам сүлжээний газар 4559 га, Ойн сан бүхий газар 104256
га, Усны сан бүхий газар 2259 га тус тус эзэлдэг юм.
Газар нутгийн графикан мэдээлэл
Баян-Уул сум нь засаг захиргааны 6 багтай бөгөөд 1-р баг 116666
га, 2-р баг 154400 га, 3-р баг 147946 га, 4-р баг 8000 га, 5-р баг 9000
га, 6-р баг 127307 га талбайг тус тус эзэлдэг.
БАЯН-УУЛ СУМЫН 1 ДҮГЭЭР БАГ /ЗАЯАТ/
Заяат баг нь ой мод, тал хээр хосолсон 116 мянган га газар нутагтай,
хойт талаараа ОХУ, зүүн талаараа Баян-дун сумын 1-р багтай, баруун
талаараа 5, 6-р багтай, урд талаараа 2-р багтай тус тус хил залгаа
оршдог. Нарс, хар мод, хус, улиас болон ойн дагалдах баялаг жимс
жимсгэнэ, ан амьтан элбэгтэй, ой хөвч нутгийн ихэнх хувийг эзэлдэг.
Туг өндөр, Нарсан булаг, Хустайн 3-н даваа, Самдаах нарс зэрэг түүхийн
дурсгалт газрууд олон байдаг.
Нийт 145 өрхийн 498 хүн амтай, өрх толгойлсон эмэгтэй 22, тахир дутуу
15, 8 ба түүнээс дээш ам бүлтэй өрх 2, хөдөлмөрийн насны 279, хагас
өнчин 4, ганц бие өрх 6, өндөр настан 34, 0-16 насны хүүхэд 190 байдаг.
Манай багт халх, буриад, баяд, хамниган, сонгоол, дархад зэрэг олон
ястангууд амьдарч байна. 12633 толгой малтай, үүнээс тэмээ-51,
адуу-1385, үхэр-2154, хонь-4646, ямаа-4397 тоологдсон байна. Малтай өрх
105, хүн ам нь 350. Хувийн техниктэй өрх 52, үүнээс 14 өрх автомашин,
34 өрх мотоциколь, 4 өрх трактор, 37 өрх нарны сэргээгдэх эрчим хүч, 28
өрх салхины сэргээгдэх эрчим хүчт, 7 өрх мотор, 70 өрх телевизор, 50
өрх малын хашаа, 52 өрх худагтай байна.
Хархираа малчдын бүлэг, Мичид сүрэг мал эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг.
Ажил хөдөлмөрөөрөө шалгарсан Монгол Улсын аварга малчин Б.Санжмятав,
С.Болдхүрэл, улсын аварга хадланч Д.Очир, хувьсгалт тэмцлийн ахмад
зүтгэлтэн Ж.Лопил, аймгийн "тэргүүний малчин залуу" алтан медальт залуу
малчин Д.Дашдорж, И.Оюунбат, Б.Хонгорзул, сумын заан Б.Ширнэндорж,
Б.Баяраа, алдарт уяач Б.Лувсандаш, Т.Балжням, Л.Чулуунбаатар нарын
алдартнуудаараа бид бахархдаг.
БАЯН-УУЛ СУМЫН 2 ДУГААР БАГ /ХАРХИРАА/
Тус сумын 2-р баг нь 158400 мянган га нутаг дэвсгэртэй, сумаасаа
урагшаа 37 км–т алслагдан, урд талаараа Цагаан–овоо сумын 2, 4-р
багуудтай, баруун талаараа өөрийн сумын 3-р багтай, зүүн талаараа
Баян-дун сумтай тус тус хил залгаа оршдог, ой хөвч, тал хээр, говь
хангай хосолсон, ариун тунгалаг гол горхи, рашаан булаг, нуур цөөрөм,
төрөл бүрийн жигүүртэн шувуу, ан амьтадаар баялаг байгалийн үзэсгэлэн
бүрдсэн нутаг юм. Нийт 228 өрхийн 836 хүн амтай, үүнээс эрэгтэй 423,
эмэгтэй 413, 0-16 насны хүүхэд 304, 17-35 насны залуучууд 317, 36-59
насны иргэд 175, 60-аас дээш насны өндөр настан 40 байна. Тахир дутуу
хөгжлийн бэрхшээлтэй иргэд 37, өрх толгойлсон эмэгтэй 26, хагас өнчин
хүүхэд 22, бүтэн өнчин хүүхэд 5, их дээд сургууль, коллеж, текних
мэргэжлийн сургуульд суралцаж буй 50 оюутан байдаг. Хувийн автомашинтай
өрх 47, трактортой өрх 10, мотоцикльтой өрх 45, нар салхины сэргээгдэх
эрчим хүчтэй өрх 86.
Баг нь 39649 толгой малтай, үүнээс тэмээ 267, адуу 3749, үхэр
2746, хонь 18772, ямаа 14115, 500-с дээш толгой малтай өрх 22, мянгаас
дээш малтай өрх 6 байдаг. МУ-ын алдарт уяач З.Гомбосүрэн, аймгийн аварга
малчин Б.Мөнх-Эрдэнэ, Б.Ганболд, Б.Ишдамба, Б.Төмөрбаатар, Д.Батзориг,
Т.Балжням, Д.Балжням, аймгийн аварга саальчин Б.Балжмаа, мянгат малчин
Л.Данзан, Б.Батболд, Д.Уртнасан, Д.Нямдорж, Г.Цэрэн, Б.Цогбадрах, сумын
сайн хадланч Д.Ганпүрэв, тэргүүний залуу малчин Б.Балжин нарын олон
алдартанууд ажиллаж амьдарч байна.
БАЯН-УУЛ СУМЫН 3 ДУГААР БАГ /УРТЫН АДАГ/
Тус сумын 3 дугаар баг нь 147946 мянган га нутаг дэвсгэртэй, зүүн өмнөд
талаараа Шалзын гол, Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн хилийн зааг,
баруун талаараа Хэнтий аймгийн Норовлин сумын 3-р баг, хойд талаараа
Өвөр Эрээн 6 дугаар багтай хил залгаа оршдог. Нийт 145 өрхийн 514 хүн
амтай, үүнээс эрэгтэй 259, эмэгтэй 255, 0-17 насны хүүхэд 191, 18-35
насны залуучууд 168, 36-59 насны иргэд 99, 60-дээш насны өндөр настан 39
байна. Хувийн текник машинтай өрх 58 , үүнээс автомашин 14,
трактор 2, мотоцикль 42, нар салхины сэргээгдэх эрчим хүч 45 байна. Баг
нь 10788 толгой малтай, үүнээс Тэмээ-32, Адуу-1157, Үхэр-1929,
Хонь-4064, Ямаа-3606 байна.
Өвөг дээдсээс тахиж ирсэн Баян-Уул, Дунхаан уул, сумын тусгай
хамгаалалтанд орсон ашигт малтмалтай Дэлбэрхэй уул, Түмэн хоньт уул,
Баян-уул байдаг . Эртний түүхийн дурсгалт Эзэн Чингэсийн хэрмэн зам,
Бардан уул, Эрдэнэ гүний туурь, Эрдэнэ гүний суварга зэрэг газрууд
байдаг ба ходоод элэгэнд сайн Ажнай рашаан байдаг. Ажил
хөдөлмөрөөрөө улс аймагтаа шалгарсан улсын аварга малчин Б.Ханд,
аймгийн аварга хадланч Ж.Михлай, аварга саальчин Г.Цэрэндулам,
О.Цэрэндолгор, аймгийн сайн малчин Б.Мөнхжаргал, сумын аварга малчин
Д.Жигжид, аймгийн аварга хадланч Ж.Михлай, аварга саальчин Д.Сарантуяа,
Г.Ногоондарь, аварга камбайнч П.Бадамбаяр, залуу малчин Б.Батхуяг,
Г.Бөхчулуун, сумын соёлч өрх, хошой аварга хадланч М.Өлзийтөмөр,
Боловсролын тэрүүний ажилтан, гавъяат багш Б.Жаргал зэрэг олон сайчууд
ажиллаж амьдарч байна.
БАЯН-УУЛ СУМЫН 4 ДҮГЭЭР БАГ /ЖАВАРТ ХОШУУ/
Тус баг нь 8000 га газар нутагтай, сумын төвийн баг бөгөөд 343 өрхийн
1136 хүн амтай, үүнээс эрэгтэй 560, эмэгтэй 576, 0-17 насны хүүхэд 422,
18-35 насны залуучууд 352, 36-59 насны иргэд 302, 60 дээш өндөр настан
60 байна. Тахир дутуугийн групптэй 35, хагас бүтэн өнчин хүүхэд 43,
оюутан суралцагч 73, өдрийн ангид суралцагч 63, хөдөлмөр эрхэлж байгаа
336, ажилгүй 220 иргэн байна. Багийн нутаг дэвсгэрт төрийн болон төрийн
бус байгууллага, аж ахуйн нэгж, хоршоо, компани олон байдаг. Үүнд: Засаг
даргын Тамгын газар, ХЦ–ийн анги, Цагдаагийн тасаг, Соёл спортын төв,
Онон станц, Монгол Шуудан банк, ХААН банк, Шуудан тасаг, Санчинбалбарлан
хийд, шатахуун түгээх станцууд, Гэрэлт хотхон ХХК, Шимт баянбулаг ХХК,
Дэгэн жигэн ХХК, Улзын хишиг ББН зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа
явуулж байна.
Баг нь 4495 толгой малтай, үүнээс тэмээ-2, адуу-371, үхэр-976,
хонь-1004, ямаа-2142 тоологдсон. Манай багаас ажил хөдөлмөрөөрөө улс,
аймаг, сумандаа амжилт гаргасан Улсын аварга тариаланч М.Цэрэнханд,
Улсын аварга тариаланч, комбайнч Ж.Өөлөө, Д.Дарьсүрэн, С.Цэдэндамба, Хэл
бичгийн ухааны доктор Т.Галсан, Хүндэт доктор Д.Базарсад, МУ-ын
тэргүүний уран сайханч Ж.Пүрэвжав, Соёлын тэргүүний ажилтан Ч.Чимэдмаа,
МУ–ын тэргүүлэх багш Д.Оюунчимэг, Спортын мастер З.Баянбаатар,
С.Лхамсүрэн, Гар бөмбөгийн 1-р зэрэгтэй тамирчин Л.Лхамсүрэн, Боксын 1-р
зэрэгтэй тамирчин Б.Мөнхөө, ХАА-н хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан
Д.Дашжамц, Хөдөлмөрийн хүндэт медальтан С.Өлзийхутаг, Биеийн тамирын
тэргүүний ажмлтан Ц.Тунгалаг, Аймгийн аварга тариаланч, камбайнч
Д.Намхайнямбуу, Б.Тамжид, С.Лувсандорж, Аймгийн аварга саальчин
Г.Лхамжав, Аймгийн аварга ногоочин Б.Эрдэнэтогос, Г.Доржсүрэн, сумын
соёл өрх Ш.Ганболд, сумын аварга тээвэрчин Д.Базарсад зэрэг олон
сайчууд ажиллаж амьдарч байна.
БАЯН-УУЛ СУМЫН 5 ДУГААР БАГ /БЭРХ/
Тус баг нь 284 өрхийн 928 хүн амтай, үүнээс эрэгтэй-465, эмэгтэй-463,
0-17 насны хүүхэд 307, 18-35 насны залуучууд 321, 36-59 насны иргэд
249, 60-аас дээш насны өндөр настан 51 байдаг. Нийт 4950 толгой малтай,
үүнээс тэмээ-2, адуу-357, үхэр-1120, хонь-1942, ямаа-1530 тоологдсон
байна. Баг нь засаг захиргааны анхан нэгжийн хувьд Нарст, Улз, Жаварт
гэсэн 3 хэсэгт хуваагддаг. Хувийн техниктэй өрх-66, үүнээс автомашин-36,
мотоцикль-24, трактор–6 тус тус байдаг. Багийн нутаг дэвсгэрт
ЕБСургууль, Сум дундын нэгдсэн хүн эмнэлэг, Цэцэрлэг, Сум дундын ойн аж
ахуй зэрэг төсөвт байгууллагууд, Гуна гурван өндөр ХХК, Цэцэгхэн хотхон
ХХК, Улзын буян ХХК, Нутгийн хүү ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгж үйл
ажиллагаа явуулж байна.
МУ-ын Ардын боловсролын тэргүүний ажилтан Д.Энхбарс,
Д.Бямбасүрэн, Ж.Ичинхорлоо, МУ-ын тэргүүлэх багш Т.Дашням, Р.Цэндсүрэн,
В.Өлзийхутаг, Г.Сэмжидмаа, ХАА–н тэргүүний ажилтан Р.Мөнхбаяр, сумын
аварга ногоочин Л.Бат-Эрдэнэ, Сурын спортын дэд мастер Б.Дэжидмаа, 1-р
зэргийн тамирчин Ч.Базарваань, мянгат малчин Б.Энхжаргал, сумын алдарт
уяач Х.Баттөгс зэрэг олон алдартан сайчуудаараа бид бахархдаг.
БАЯН-УУЛ СУМЫН 6 ДУГААР БАГ /ӨВӨР ЭРЭЭН/
Дорнод
аймгийн Баян-Уул сумын Эрээн баг нь 1992 онд Монгол Улсын Нутаг Дэвсгэр
түүний удирдлагын тухай хуулийн дагуу Эрээн хорооны үндсэн суурин дээр
байгуулагдсан. Аймгийн төвөөс 225 км, сумын төвөөс 25 км –т оршдог, хүн
олноор төвлөрсөн алслагдмал суурин баг юм. Баг нь 164 өрхийн 664 хүн
амтай, өрх толгойлсон эмэгтэй 19 иргэн, 4-өөс дээш хүүхэдтэй 9 өрх, 16
хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлгүй 17 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 18
иргэн, өндөр настан 41 иргэн амьдардаг ба 3764 толгой малтай болно.
Хүн амын дийлэнх хувь нь буриад бөгөөд халх, дарьгана, баяд, дархад,
казак зэрэг олон үндэстэн ястан байдаг. Нийт өрхийн 40 гаруй хувь нь
багийн төвөөс 50–иад км-ын зайтай Онон голын бэлчир, Дархинтын цагаан
нуур, Үйсэнгийн адаг, Хилийн Ульхан застав, хуучнаар Онон сангийн аж
ахуйн ногооны ферм зэрэг газруудад нутагладаг. Нийт нутаг дэвсгэрийн
хэмжээ нь 126266 га бөгөөд Онон Улзын бэлчир, байгалийн үзэсгэлэнт
газарт байрладаг.
Эрээний тэрэгний үйлдвэрийн материаллаг бааз суурин дээр байгууллагдсан
"Нарс мод" ХХК, ”Өвөр Эрээн" ХХК, ойг гэрээгээр эзэмшиж буй "Бавьж
барс" ХХК, Ульхан хилийн застав, гаалийн болон аймгийн мэргэжлийн
хяналтын албаны салбарын ажилчид, Холбоо, Хүүхдийн цэцэрлэг зэрэг
байгууллагууд ажиллаж байна. 2009 оны 2-р сард төвийн эрчим хүчинд
холбогдож, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн 60 хувь нь байнгын
эрчим хүчээр хангагдаад байна. Ульхан застав, хил, гаалийн алба,
Ульханы өрхүүд ОХУ-ын эрчим хүчинд холбогдсон. Нийтийн эзэмшилийн
энгийн 2 худаг, гүний 3 худаг ажилладаг. Багийн төвд Нарс мод компанийн 1
дэлгүүр, 1 ТҮЦ ажиллаж хүн амын хүнсний болон ахуйн зарим бараагаар
ханган ажиллаж байна. Нийт өрхийн 80 гаруй нь хувь нь хүнсний ногоо
тариалж өөрийнхөө хэрэгцээг хангадаг. Тус баг нь Онон Балжийн тусгай
хамгаалалттай газар болон орчны бүсэд хамрагддагаараа онцлогтой бөгөөд
байгаль орчноо хамгаалах, нөхөн үржүүлэх үйл ажиллагаа эрхэлж, байгалийн
нөөцөд түшиглэн амьдрал ахуйгаа дээшлүүлэх бололцоотой юм.
Эрээний тэрэгний үйлдвэрийг үүсгэн байгуулсан партизан
Содномдаржаагийн хөшөө, домогт Өүлэн эхийн нутаг зэрэг түүхийн дурсгалт
газруудтай. Хөдөлмөрийн баатар Р.Батаа, Параолимпийн байт сурын
аварга, Хөдөлмөрийн баатар, МУ-ын гавъяат тамирчин Д.Баатаржав, сурын
спортын улсын гарамгай мэргэн А.Цэвээн, сурын дархан мэргэн
Х.Даваажаргал зэрэг сурын спортын мастерууд олноор төрөн гарсан
алдартнуудын өлгий нутаг юм.
Мэнд амоор! Нутгийн зон олон минь.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн
өмнөөс мэндийн хадаг өргөн барьж байна. Олон жилийн өмнөөс үе үеийн
дарга нарын хийж ирсэн ажлыг үргэлжлүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай
ажлыг миний бие болон хэсэг нөхөд өнгөрсөн оноос эхлэн хүлээн аваад
байгаа билээ. Нутаг усаараа хүйн холбоотой, ураг төрөл, удам судар,
өнгөрсөн ирээдүйгээ, өнөөгийн түүх нэгтэй Улаанбаатарт ажиллаж амьдарч
байгаа нутгийн зон олон бид уулзаж учирч, нэгнээ дэмжиж, халуун дотно
харилцаатай байх нь Баян-Уулаараа овоглож, хавтгай цагаан Улзаараа
бахархаж явахын нэг утга учир гэж боддог. Манай сумын гаралтай олон зуун
хүн энэ сэтгэл, бодлын үүднээс ажил төрлийн болон анд нөхдийн холбоотой
явдаг. Нийслэл Улаанбаатар хотод манай сумын олон зуун иргэд мөн бусад
суурин газар Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт ч манай
Баян-Уулынхан ажиллаж, амьдарч байна. Бид зөвхөн Монгол Улсаар
хязгаарлахгүй гадаад орнуудад амьдарч сурч буй нутгийн зон олонтойгоо ч
холбоотой байхыг хичээдэг. Шинээр интернэтэд анх удаа нутгийн зөвлөлийн
шинэ блог хаягтай болсон нь бид улам бүр ойртон танилцах, мэдэлцэх
боломжийг нээлээ. Өөр олон ажил зохион байгуулсныг та бүхэн доороос
уншина буй заа. Элгэн нутгийн зон олон та бүхэндээ эрүүл энх, сайн
сайхныг хүсье.
Нутгийн зөвлөлийн дарга, тэргүүлэгчид:
С.Баттөр (Нутгийн зөвлөлийн дарга)
Д. Ариунаа (Урлаг, соёл)
Ө. Батбаяр (Бизнес)
М. Баярцогт (Эдийн засаг, санхүү)
Б. Ганболд (Төр захиргаа )
Ц. Ганболд (Биеийн тамир, спорт)
Р. Онон (Боловсрол, оюутан залуус)
Д. Ренчинханд (Инженер, технологи)
Г. Сонинбаяр (Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа)
Б. Энхмаа (Нийгэм, эрүүл мэнд)
Нутгийн
зөвлөлийн зорилго: Баян-Уул сумын хөгжилд хувь нэмэр оруулах,
Улаанбаатар хот дахь нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилготой
болно.
Нутгийн зөвлөлөөс 2011 онд санаачлан зохион байгуулсан ажлууд:
- Олон улсын хэмжээний тэмцээнд амжилт гаргасан тамирчинг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
- Монгол Улсын 2010 оны шилдэг хүүхэд А.Уранбаярыг хүлээн авав.
- Наадмаар сумын захиргааны ажилчдаа хүлээж авсан.
- "Бага Алтаргана” наадамд сумынхнаа дэмжиж оролцсон.
- Математикийн ахмад багш Б.Жаргалыг гавьяат цол хүртэхэд хүндэтгэл үзүүлсэн.
- Наадмын бэлтгэлд гарсан нутгийн бөхчүүдийнхээ гал дээр нь очицгоов.
- Сэтгүүлч Г.Сонинбаярын нутгийн тухай бичсэн сурвалжлага, өгүүллүүд "Үндэсний шуудан” сонинд хэвлэгдэв.
- Оюутан залууст ажлын байрны талаар зөвлөгөө өгөв.
- Нутгийн шилдэг оюутан Билгүүнийг нутгийн зөвлөлөөс 50.000 төгрөгөөр шагнаж урамшуулав.
- УИХ-ын гишүүн П.Алтангэрэл Баян-Уул суманд ажиллаж, Онон, Ульханы байгалийн үзэсгэлэнт газартай танилцан, аялал жуулчлалын бүс байгуулах, ойн нөхөрлөлийг дэмжих талаар санал солилцсон.
- Нутгийн тухай кино үзүүлэх арга хэмжээ зохиов.
- Сумын математикийн зуны сургууль зохион байгуулав.