Дэлхийн газрын зургийг дэлгээд тавибал эрхий дарам зай байх хэдийч дээлээ дэвсээд хэвтэхээр тэнгэр тэр аяараа багтдаг тийм эгэлхэн нутгаар овоглохын заяатай төрсөндөө хэмжээгүй ихээр баярланам. Миний сум Монгол улсын чанх зүүн хойд цэг болох олноо Эрээнцав хэмээн алдаршсан хэдийч засаг захиргааны нэгжээр бол өдгөө Чулуунхороот сум буюу. Ямархан гоё сум гээч. Яг л хэдэн хүүхэд нийлж чулуугаар тоглож байгаад орхичихсон юм шиг жижигхээн атлаа их эмх цэгцтэй хөөрхөн сум. Ингэж өхөөрдөхийн учир гэвэл миний ургахын улаан бага нас минь энэ сумын ёотон шиг хэдэн цагаан байшингууд дунд өсөн торнисон учраас энэ сумаа цаг үргэлж хүүхдээрээ л санан гэгээн гуниг,чимх нулимстай эгүүлэн санах дуртай болжээ би.
Манай сумын шинэ цагийн албан ёсны түүхийг сөхвөл Дорнод аймгийн Чулуунхороот сум Монгол, Орос, Хятад гурван улсын уулзвар буюу Орос Хятадтай хойд,зүүн талаараа хиллэдэг. Богд хаант монгол улсын үед Баргын Манлайбаатар Дамдинсүрэнгийн отго хошуунд харьяалагдаж, 1925 онд Амгалан уулын хошуу нутаг, дараа нь зүүн дөрвөн аймгийн мал тушаах боомт газар Монгол улсын албан ёсны зүүн хойд хилийн үүдэн хаалга.дамжпага бааз болж байгаад 1956 онд Чулуунхороот гэдэг газар анхны сангийн аж ахуй шинээр үүсгэн байгуулагдаснаар өрх тусгаарлаж улсдаа нэгэн шинэ сум үүсэн байгуулагдсан түүхтэй билээ.
Энэ сумыг Чулуунхороот сум гэхээсээ илүүтэй их найргийн онгод буусан. Янжинлхам бурханы ивээлээ хайрласан нутаг хэмээн утга зохиолын хүрээнийхэн дотроо битүүхэн сүсэглэж явдаг. Учир юун гэвээс олноо Эрээнцавын эвдрээгүй найрагч Данзангийн Нямсүрэнгийн амьдран суусан буйд нутаг хэмээн тайлах нь ч буй. Расул Гамзатов Дагестан гэдэг үндэстэнг дэлхийд утга зохиолоор мандуулан гаргаж ирсэн шигээ миний багш Д.Нямсүрэн эгэл боргилын туйл болсон Эрээнцав нутгаа улс даяхнаа алдаршуулан магтан гаргасан учир их найрагчийн гэгээн оюуны цар Чулуунхороот сумын тэнгэрийн салхинд илбүүлэн байсан гэдэг гарцаагүй юмаа. Захын нэг хүүхэд удам угсааныхаа 9 үеийг цээжнээсээ дуржигнатал дуудаг шиг эгэл найрагчийн алтан сайхан мөрийг:
"Эх орон минь дуу шиг сайхан
Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох сайхан"гэж уншина.
Аливаа алс бөглүүд газар тусмаа байгалийн унаган сэрэхүй, хүмүүний зөн сэрэхүй хоёр хослон оршиж түүнийгээ шүлэг, яруу найрагтаа эгшиглэн шүлэглэсэн гайхалтай авьяастан энэ нутагт амьдран дан хөх байшиндаа Данзангийн Нямсүрэн бичиглэн суусан он жилүүд дурсамж болсон хэдийч түүний бичсэн мөрүүдийг цээжин дотроо тээсэн, гэр бүл. ач зээ. сум даяахнаа цөм цугаараа Чулуунхороот сумын сургууль өөд Улз гол дамнуулсан бяцхан гүүр даван одоо ч явсаар байх ажгуу. Цаг хугацааны мөн чанар эх нутгийн охид хөвгүүдээ нэхэн дурсан санаж байдгийн адил тус сумын сургуулийг найрагч Д.Нямсүрэнгийн нэрэмжит болгож, зураач Т.Дүүрэнтөгс ахын урлан бүтээсэн гүүрний хашлаганд эгмээрээ түшин Улз голын урсгал харан бодлогоширон зогсоо найрагчийн гэрэлт хөшөөг сургуулийн үүднээ залсан билээ. Энэ их сэдэл санаачлагыг алтан хорвоогийн тоосыг аядуухан хөдөлгөж, аяар аяархан яваарай! алхаанд нь тэнгэр хайчлагдана шүү! гэжзахиж, эмзэг сэрэмжийг асаасан их хүмүүний бодролыг санан яваа олон хүмүүсийн зүтгэлээр хойч үед үлдсэн билээ.
Миний мэдэхээр сэтгүүлч, орчуулагч Ж.Нэргүй ах, сумын сургуулийн захирал М.Санжмятав мөн түүний дотны дүү нь болох Б.Хүрэлсүх, аймгийн утга зохиолын нэгдлийн хүндэт гишүүн П.Алтангэрэл гээд олон найрагт хайртай хүмүүсийн сэтгэлийн ивээлээр одоо цагаас эхлэн домогшин Чулуунхороот сум минь суу билгийн охьюу алс суурин болсон.
Манай сумынхан хад чулуугаар малын хашаа саравчаа барьдаг тул нутгийн унаган буриад зон малын хашаагаа" хорой"гэж аялагаар хэлж нэршиснээс үүдэн Чулуунхороот гэдэг нэр үүссэн тухай яриа байдаг. Гэхдээ 1956 онд энэ сумыг арван мал бүхий иргэд үүсгэн байгуулсан гэдэг бол энэ сумын нутаг дэвсгэрт Оросуудын олборлож байсан уурхай түшиглэн анхлан үүсгэн байгуулсан гэсэн мэдээ, баримт ч байдаг билээ. Байгалийн үлэмж тансагаараа гайхалтай нутаг. Зүүн, Баруун Тарь гэж хойд хормой нь Оросын нутаг руу орж усаар хиллэдэг Монголын цөөхөн сумын нэг. Энэ нуурын хөндийг улсаас "Дагуурын дархан газар" хэмээн дархалсан бөгөөд "Улаан ном"-онд орсон түмэн янзын ховор жигүүртэн шувууд чуулдаг. Тал хээрийн бүс, сахлаг өндөр өвс, хялганат тал эцэсгүй үргэлжлэнэ. Хуучин цагт сумаас баруун тийш хээр талыг хагалж атар газар комбайны дуу хадаж, Эрээнцавын боомтоор Оросоос нарийн ноост хониныг олон зуун мянгаар оруулж ирж нутагшуулан үржил шимийг нь ашиглах зорилготойгоор олон арван залуус "Эвлэлийн илгээлт өвөртлөн" ирснээр 1972 оноос эхлэн залуусын дуу цуурайтаж ажил амьдрал буцалсан сайхан тосгон буй болсон гэдэг.
Чулуунхороот сумаа түшиглэсэн Эрээнцавын САА-г хуучнаар ЗХУ-ын тусламжаар барьж байгуулан цэцэрлэг, сургууль, эмнэлэг, уурын зуух, соёлын төв, хобоо, хадлан тариалангийн машин механизмын граж, орон сууц тэр бүү хэл өндөр настны гуанз, саун ванн хүртэл баригдаж дээшлэн дэвжсэн дэлгэр нутагт аав ээжийн аз жаргалын хүслээр би гэдэг орчлонд ирэхийн урьдал болсноос эхлэн миний түүх энэ сумын шинэ цагийн түүхтэй холбогдсон доо. Аав минь Чулуунхороот сумын мал эмнэлэгийн тасгийн эрхлэгч, ээж сургуулийн багш. Тухайн үеийн шинэ цагийн сэхээтний гэр бүлээс гаралтай гэж би анкетэнд бүртгүүлж эхэлсэн дээ.
Манай нутагийнхны сүлд дууг одоогийн Шинэ үе продакшны жүжигчин Энхээгийн аав сумын Х.Баянжаргал гуай Эвлэлийн үүрийн дарга байхдаа дууны шүлэг, аяыг нь н.Баатар гэж клубын эрхлэгч зохиосныг зон олноороо цуглах болгондоо: "Үүлэн Хөхийн уудам хөндийд Үржлийн сүрэг налайн бэлчсэн Эрээнцавын сайхан тосгонд Энх амьдралын дуу цуурайтана" гээд цангинуулж өгнө.Энэ нь нэг ёсны ардын дуу болтолоо тархжээ. Энэхүү дууны эхний мөрөнд орсон уул нь түүхэнд бичигдсэн алдартай. Үүлэн Хайлан уул гэж сайхан хөх уул алсад цэлийх. Манлай вангийн амьдрал түүхийн товчоон, Польшийн нэрт зохиолч, сэтгүүлч, эмч Ф.Оссендовскийн "Хүн араатан бурхад" номон дотор энэ гайхалтай сүм хөх уулсын тухай дурьдагдсан байдаг.
Хараа бараагаа хараачилсан хайрхан хөх уулсаас гадна Монгол улсын хамгийн нам дор газар болох далайн түвшнээс дээш 552 метр өргөгдсөн Хөх нуурын хотгор гэж бий. Гайхалтай сайхан цэнгэг нуур. 1970-аад онд биологийн ухааны доктор Аюурын Дулмаа гуай энэ нууранд нэгэн зүйлийн загас нутагшуулснаар Хөх нуурын загас хуучин цагт Монголдоо л... гэж гайхагдан яригдаж байсан хэдийч зах зээлийн шуурганаар хөлтэй,гартай болгон Хөх нуурын минь загасыг хэдэн арван тонноор нь хятад руу гаргаж хөлжсөн болохоос би лавтай баяжсан гэж дуулаагүй. Эгэлгүй гайхалтай Хөх нэрэндээ таарсан Хөх нуурын экологийн тэнцвэрт байдал алдагдаж жигүүртэн шувууд ирэх нь цөөрсөн хэдийч сүүлийн хэдэн жилд нуур руугаа ёдор дэгээ, төмөр тор барьж дайрах явдал зогсосноос үүдэлтэйгээр нуурын мандалд шувуудын ирэх тоо нэмэгдэж унаган байгаль сэргэж байна гэж дагуурын дархан газрын байгаль хамгаалагч С.Батсайхан найзаасаа сонсоод сэтгэл уужрав.
Мөн Бүс, Тээл, Дөрөө, Галуут гээд их бага жижиг олон нууруудыг ч дурдахгүй өнгөрч болохгүй. Сум болгонд бахархан хэлэх үүх түүхийн арвин баялаг байдгийн эхнийх нь гэвэл эх орны торгон хилийн "0", багана гэрэлтэн эр цэрэг шиг таныг угтан авна.Гурван улсын уулзвар хилийн багана байх, Манлай ванг хөдөөлүүлсэн газар дээр босгосон гэрэлт хөшөө. эртний хирэгсүүр, буган хөшөө гээд тоочвол захгүй их хевренө.Харин сумаас баруун хойш Хөх уул гэж буй.Энэ уулыг одоо ч нутгийн хүмүүс алмастай гэж?ярьдаг.Учир нь 1970 аад онд Зөвлөлтийн мэргэжилтний жаахан хүү энэ ууланд аав ээжтэйгээ зугаалгаар явж байгаад алга болсон гэдэг бол Чулуунхороот сумын багш нар мөн л аялалаар явж байгаад нялх хүүхдээ алдчихаад сумын иргэд цөм хэдэн арав хоног эрээд олоогүй. Сүүлдээ ээж аав хоёр нь уулын мод болгоны мөчирт чихэр уяж, өлгөөд явсан тухай ч домог шиг яриа энэ нутагтай хамт яригдсаар байгаа билээ. Уул ус нь эгэлгүй онгон. дагшин газрынхаа нам дорыг дагаад уур амьсгал нь зөөлөн чийглэг, бороо нь салхинаа намиран зүсэрч ордог нь сайхан.
Чулуунхороот сумын уугуул МЗЭ-ийн шагналт зохиолч Мөнхийн Амгалан ахтай нэг удаа хотод тааран аяга айрганы цаана хууч хөөрхөн суутал: -Ган-Очир оо!, Д.Нямсүрэн ах Эрээнцав гээд бичлээ, алдаршууллаа. Одоо хоёулаа дандаа Чулуунхороот сумаа л бичье! гэж сайхан санаа надад дэвшүүлж билээ. Үнэхээр ч миний нутаг ярих,бичихийн ундарга нь яндашгүй их тул молхи бибээр ч халбаганыхаа хэрээр утгаж ухааны шүүлтүүрт бичих гэж сайварлаж л явна. Монголд аяны харгуй замаас гадна ган төмөр зам очдог цөөхөн сумын нэг. Чойбалсан хот Баянтүмэн өртөөнөөс 245 км галт тэрэгхөдлөн 6 цаг гаруй яваад Эрээнцав буюу Монгол улсын зүүн хойд цэгийн дархан хилийн боомт өртөөн дээр зогсон аяны дөрөө мултлан саатан зогсоно. Хойшоо Орос руу зорчих хүмүүс ч энэ сумын Эрээнцав-Баянтүмэн өртөөн дээр зогсон бум бужигнаж нутгийн иргэд ч энэ зуур бууж баруун зүүн Эрээнцавыг холбосон Улз голын гүүрээр гарч сумын төв орно. Ирж буцахын их урсгалыг өргөтгөх, нутгаа худалдааны чөлөөт бүс болгох тал дээр энэ нутгийн унаган хүү одоогийн засаг дарга З.Гэрэлт-Од чамгүй ажил төлөвлөж зүтгэж байгаагаа надад хууч хөөрч билээ.
Монголын шилдэг бизнэсмэнүүд биш юм аа гэхэд аймгийн бүх л наймаачдаас эхлээд, бүх л ганзагачид Эрээнцавын гаалиар гарч агуу найрагч Д.Нямсүрэнгийн гэргий ахмад гаальчин Хандмаа эгчийн шалганы шугмаар ороогүй хүн гэж байхгүй гэхэд хилсдэхгүй болов уу. Ийм бүс нутгийг жижигхээн хэвээр нь аяны хүмүүсийн галт тэрэгнээсээ цухуйх төдий байдлаар дамжин өнгөрөх цэг бус Эрээнцав өртөө, боомтоор орж гарч байгаа хүмүүсийг сумандаа тогтоон төвлөрүүлж орос барааны томоохон бөөний төв цэг байгуулчих юм бол худалдааны бүс рүү нэлээд ойртсон зэрэглэлтэй болох юм шигээ. Тэгэхгүй бол манай аймгийн болоод сумын иргэд, явуулын наймаагаар хэдэн рубль, төгрөгөө өвөртлөөд Оросын зах хязгаар руу мөнгөө оруулж хөрвүүлээд хүний нутгийн зах зээлийг тогтвортой өсгөөд байгаа болохоос монголчуудад минь унаж, наалдаж, эргэлтийн хүү ч өсөж байгаа юм нэгээхэн ч алга. Нөгөө л алс бөглүү хэвээрээ..ажин түжин байлгаж болмооргүй санагдана.
Мөн миний дотор явдаг бодол гэвээс Эрээнцав нутгаа найраг шүлгийн, онгод урмын өлгий нутаг болгон улс даяар зарлаж Д.Нацагдоржийн нэрэмжит болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Нямсүрэнгийн гэр музей, сумын сургууль түшиглэсэн олон талт арга хэмжээ зохион байгуулж, нэрт яруу найрагчийн нэрэмжит орон нутгийн хөгжлийн сан байгуулахгүй болбоос цагийн уртад цахилан мартагдах вий гэж бодож явна. Их найрагчаараа овоглож, Дөрвөн цаг найраглалаар Эрээнцав, Чулуунхороот сумаа улам төгөлдөршүүлэхэд соёл, шинжлэх ухаан, угсаатны олон хөлийн жуулчлалын бүс нутаг болгож ган зам түшиглэсэн аялал, танин мэдэхүйн суртачилгааг идэвхитэй өрнүүлэх аваас алс холдоо алсрахгүй миний Чулуунхороот сум цуутай, дуутай, найрагтай гэдгийг би сэтгэл бахдам бичихдээ нэн баярлаж суунам.Онгон дагшин байгалиараа, дэлхийд ховордсон цэн тогоруу үдлээд буцдаг, Тарь нуурын бидэртэх толионд хамгийн багадаа 5000 хун чуулдаг үзэсгэлэн төгс Чулуунхороот сумын минь чулууд эгэлгүй мөлгөр зөелхөн.өвс нь сахлаг халиуран, зэгст олон нууранд нь түмэн янзын шувууд чуулсан эргэх дөрвөн цагтаа сэтгэл уйдамгүй нутаг л гэдгийг миний магтаснаар бус явж очоод үзэхээр тал хээр нутаг минь танд бэлхнээ хэлээд өгнө,үзэмжээрээ ч гайхуулна.
"Эмээлийн тохом шиг...
Эгэлгүй зөөлөн хөрс шороо,
Эцгийн гэрийн бадрах голомт,
Эхлэл минь болсон төрөлх нутаг.
Газар.нэр нь Монголдоо багтдаг
Ганцхан насны минь амин заяа
Эргэх дөрвөн цагийн саалинд
Эргээд бодоход эгнэшгүй нандин
Эх орон минь сумаас эхэлнэ".
МЗЭ-ийн шагналтяруу найрагч Даваасүрэнгийн ГАН-ОЧИР