ЭРХЭМ ГЕНЕРАЛ, ОФИЦЕР, АХЛАГЧ, ТҮРҮҮЧ, БАЙЛДАГЧИД АА
Бэлтгэл болон чөлөөнд байгаа генерал, офицер, ахлагч, цэргийн үүрэгтнүүд ээ
Монгол цэргийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болон удирдах зөвлөлийн гишүүд ээ
Энэхүү чуулганд уригдан оролцож буй хүндэт зочид, төлөөлөгчид өө
Та бүхэндээ Халхын голын дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын мэндчилгээг түүхт ялалтын өлгий Дорнод нутгаас өргөн дэвшүүлье.
Монгол орны газар нутаг, улсын тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөөт амьдралыг батлан хамгаалж, ашид хойшид амгалан энхийг тогтооход үнэтэй хувь нэмэр оруулсан Халхын голын дайны түүхт ялалтын ойн хүрээнд Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв Чойбалсан хотод зохион байгуулагдаж буй Гурван үеийн чуулга уулзалт, Монгол цэргийн нэгдсэн холбооны Дорнод аймаг дахь салбар бүрэлдэхүүн байгуулах үйл ажиллагаанд амжилт хүсэн ерөөж байна.
Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан байлдааны буудлагатай хээрийн сургуулилт, ОХУ-ын хандив, дэмжлэгээр Халхын голд байгуулагдсан Шинэ сумын төвийн бүтээн байгуулалтын ажил, Халхын голын баатруудын гэгээн дурсгалд зориулсан хөшөө дурсгалуудыг засварлах, шинэчлэх ажлыг гүйцэтгэхэд манай төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчид, бие бүрэлдэхүүн манлайлан оролцсонд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
Мөн Дорнод аймгаасаа эхлэн улсын хэмжээнд амжилттай өрнүүлсэн Халхын голын баатруудын гавьяа дурсгалыг мөнхжүүлэн үлдээх зорилготой "Тэд бидний төлөө- Бид тэдний төлөө” аян, аймгийн сургууль цэцэрлэгүүдэд зохион байгуулсан танин мэдэхүйн олон талт арга хэмжээ, цэрэг спортын Дөл тоглолт, Хайрлан дуулах Эх орон тэмцээн, ойг угтсан зохион байгуулалт, бүтээн байгуулалт, сурталчилгааны өргөн хүрээтэй их ажилд сэтгэл зүтгэл гарган ажилласан төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид болон бэлтгэл, чөлөөнд байгаа офицер, ахлагч нартаа баярлаж талархсанаа илэрхийлж байна.
Түүхт ялалтын 80 жилийн ойд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, түүний Засгийн газар, Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ойг тэмдэглэн өнгөрүүлэх Улсын комисс, Батлан хамгаалахын сайд, Батлан хамгаалах яамны хамт олон, Зэвсэгт хүчний жанжин штаб, аймаг сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төр, нутгийн захиргааны байгууллага, ойг зохион байгуулах аймаг, сумын комисс, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өндөр ач холбогдол өгч зохион байгуулсан.
ЭРХЭМ ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД БОЛОН БЭЛТГЭЛ, ЧӨЛӨӨНД БАЙГАА ОФИЦЕР, АХЛАГЧ, АХМАДУУД АА
Монгол улсын тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмэр оруулсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг Манлай ван Дамдинсүрэн, 1921 оны Ардын хувьсгалын удирдагчдын нэг, Монгол Улсын маршал Хорлоогийн Чойбалсан, БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэхэд төлөөлөгчдийн ахлагчаар ажилласан Монголын анхны гавъяат багш, нэрт дипломатч Дондогийн Цэвэгмид, мөн нэрт дипломатч Баярын Жаргалсайхан, Монгол төрийн далбааг зохиосон уран зураач Додийн Чойдог, Төрийн дууллын үгийг зохиосон Зууны манлай соён гэгээрүүлэгч Цэндийн Дамдинсүрэн нарын зүтгэлтнүүдээрээ Дорнодчууд бид бахархдаг.
Өнөө цагт ч мөн адил Дорнод аймгаас олон арван цэргийн зүтгэлтнүүд төрөн гарч Эх орон, төр, ард түмнийхээ төлөө зүтгэсээр байна.
Дорнод аймгийн ард иргэд Халхын голын 1939 оны дайны дарийн утаа үнэрлэж, фронтын бат найдвартай ар тал болж байсан бөгөөд тухайн үеийн Баянтүмэн өнөөгийн Чойбалсан хот бол гадны түрэмгийлэгчдийн бөмбөгдөлтөд өртөж байсан хот юм.
Хөрш хоёр улстайгаа хиллэдэг, өргөн уудам нутаг дэвсгэртэй Дорнод аймагт маань төрийн цэргийн Зэвсэгт хүчин, Хилийн анги, салбар, Дотоодын цэрэг, Онцгой байдлын бүсийн төвийн бие бүрэлдэхүүн, алба хаагчид болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр ирсэн уламжлалтай.
Түүхт энэхүү ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит Халхын голын домогт Хилийн отрядыг төрийн дээд шагнал Д.Сүхбаатарын одонгоор, Дорнод аймаг дахь Тагнуулын газрыг Цэргийн гавьяаны одонгоор, Монгол улсын баатар, хурандаа Чогдонгийн нэрэмжит Мэнэнгийн отрядын салбар Улаанхудагийн заставыг Цэргийн гавьяаны одонгоор тус шагнасан.
Тус анги байгууллагуудын үе үеийн удирдлага, офицер, ахлагч, хилчин дайчид, ажилтан, албан хаагчдад халуун баяр хүргэе.
ЭРХЭМ ХҮНДЭТ ЭНЭХҮҮ ЧУУЛГАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ӨӨ
Дорнод аймгаас жил бүрийн хичээлийн жилд аймгийнхаа нийт ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгүүдэд тодорхой зорилт дэвшүүлэн ажилладаг бөгөөд энэ 2019-2020 оны хичээлийн жилийг Эх оронч үзлийг төлөвшүүлье зорилтот жил болгон зарлаад байна. Энэхүү зорилтын хүрээнд ахмад үеийнхээ дайчин алдар гавьяаг мөнхжүүлэх, одоо цагийн залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, ирээдүй үеийнхэндээ Эх орноороо бахархах, хайрлах, хөгжүүлэхийн ач холбогдлыг таниулах ажлыг зохион байгуулж ажиллана.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Цэргийн нэгдсэн холбооны тэргүүн Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлага, дэмжлэгээр улс орон даяар өрнүүлж буй Эх орноо хайрлах, үндэсний соёлоо дээдлэх, эрчүүдээ хайрлах, эрчүүдээрээ бахархах, хүүхэд багачууд, хөвгүүдээ зөв хүмүүжилтэй, эрүүл чийрэг иргэн болоход хувь нэмрээ оруулах зорилготой соён гэгээрүүлэх Хайртай аяныг аймгийнхаа бүх сум, багт өртөөлөн хүргэх ажлыг хамтран зохион байгуулахыг Та бүхэндээ уриалж байна.
Цэргийн насны залуусыг эрүүлжүүлэх ажлыг эрүүл мэндийн байгууллага, Цэргийн штаб хамтран хийж байгаа бөгөөд энэ оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагч наснаас нь эхлэн хөвгүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулан, шаардлагатай тохиолдлуудад эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж, цаашид улам бүр эрчимжүүлэх болно.
Монгол улсын батлан хамгаалах тухай хуульд заасанчлан иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалтад суурилсан батлан хамгаалах тогтолцоотой бидний хувьд Цэрэг-Иргэний харилцаа, хамтын ажиллагааг алхам тутам сайжруулан ажиллах үүрэгтэй.
Цэргийн анги, байгууллагуудын хүүхдийн цэцэрлэг, хугацаат цэргийн алба хаагчдад зориулсан интернет танхимыг тохижуулах, шинээр байгуулах, хөгжим, урлаг соёлын техник хэрэгслийг шинэчлэх, хилийн зогоон, мөр хянах зурвас татах, эрчим хүчинд холбох, ундны усыг цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах, хадлангийн трактор, тоног төхөөрөмжтэй болгох, албаны байр, автомашин, тоног төхөөрөмжөөр хангах, албан хэрэгцээнд газар олгох, уулзалт зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулах, зарим шаардлагатай хөрөнгө, санхүү, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх ажлуудыг нутгийн захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлж байгааг өөрийн нөөц боломжид тулгуурлан цаашид улам бүр нэмэгдүүлэх учиртай.
ЭРХЭМ НӨХӨД ӨӨ, ХҮНДЭТ АХМАДУУД АА
Өнөөдрийн энэхүү Гурван үеийн чуулга уулзалтаас гарсан санал санаачлагыг хамтаараа хэлэлцэн, гарсан шийдвэрийг аймгийнхаа хэмжээнд үр дүнтэйгээр хэрэгжүүлж ажиллацгаая.
Аливаа нийгэм өмнөх, одоо, ирээдүй болон ахмад дунд залуу үе гэсэн алтан хэлхээн дээр оршин тогтнож, хөгждөг билээ.
Ахмад үеийнхний минь хамгийн ихээр хүсэмжилдэг Эх орныхоо төлөө, Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө, нийтийн эрх ашгийн төлөө, шударга ёсны төлөө зүтгэх, ажиллаж хөдөлмөрлөх чин сэтгэлтэй ирээдүй үеийг төлөвшүүлэх нь хамгаас эрхэм байна.
Д.Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол Улсын шилдэг аймаг Дорнод аймгийн нийт иргэдийнхээ нэрийн өмнөөс мөн Дорнод аймгийн Батлан хамгаалах газар, Хил хамгаалалтад туслах аймгийн зөвлөл, Аймгийн Онцгой комиссын нэрийн өмнөөс Та бүхнийхээ түмэн олон, төрийнхөө төлөө зүтгэх ариун үйлст Тань өндөр амжилт хүсэн ерөөе.