Халх голын бүс нутаг дахь үржил шимт хөрс шороо, газрын гарц, байгалийн
баялагт тулгуурлан мал аж ахуй, газар тариалан хосолсон эрчимжсэн
фермерийн үйл ажиллагааг дахин сэргээх, шинээр эхлүүлэх ажил яригдаж
байна. Энэ тухай нэгэн цагт Халх голын бүс нутагт судалгаа шинжилгээний
ажил хийж явсан эрдэмтэн буурал, Мал зүйч, доктор Самбуугийн Дугаржавтай
ярилцлаа.
-Та 1960 онд Дорнодын Халх голын эрдэм шинжилгээний туршлага
станцын судалгааны багт ажиллаж байсан. Тус станцыг ямар зорилготой
байгуулсан, ямар судалгааны ажил хийж байсан талаар яриагаа эхлүүлье?
-1954 онд Халх голын ялалтын 15 жилийн ойг тэмдэглэх үеэр тус бүс
нутгийг ашиглах асуудлыг анх хөндсөн юм билээ. Тэгээд Халх гол, Тамсагт
хөдөө аж ахуйн чиглэлийн фермер байгуулсан. Гэтэл 1960 онд Намын төв
хорооны хурлаар зам харилцаа муу, төвөөс алслагдсан зэрэг шалтгаанаар
татан буулгаж, нүүлгэх шийдвэр гарсан. Ингэхдээ Халх голд эрдэм
шинжилгээний туршлага станц байгуулах тогтоолыг зэрэг гаргасан байгаа
юм.
Энэ станцыг байгуулсан гол зорилго нь Халх голын бүс нутгийг яаж ашиглаж
болох тухай судлаж тогтоох байж. Тухайн үед А.Хүчитээр ахлуулсан 13
хүний бүрэлдэхүүнтэй баг анх судалгааг эхлүүлж байлаа. Энэ станцыг
байгуулсан нь улс төр, эдийн засгийн хувьд ашигтай хэмээн тэр тогтоол
дээр бичсэн байдаг. Хэдийгээр тус станцын судлаачид хүнд нөхцөлд ажиллаж
байсан ч халх голын бүс нутгийг мал аж ахуй, газар тариалангийн
чиглэлээр ашиглах боломжтой гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж
ирсэн. Мөн зөвлөлтийн эрдэмтэдтэй хамтраад халх голын бүсэд 270 га атар
газар 370 мянган хадлангийн талбайг илрүүлсэн.
1500 гаруй төрлийн үр суулгаж ямар ургамал таривал ургах ямрыг нь
таривал ургахгүй гэдгийг судлаж тогтоосон. Мөн махны чиглэлийн мухар
үүлдрийн үхэр бий болгож патент, гэрчилгээг нь авсан. Халх голын бүс
нутгаас хамгийн хүнд жинтэй үхэр Эрээн цавын хилийн боомтоор гаргаж
байлаа.
-Яагаад заавал мухар үүлдрийн үхэр гаргаж авсан юм бэ?
-Дорнодын үхрийг амьдын жингээрээ хамгийн сайн гэж судласан. Орос, Японы
дайны үед манжуураар дамжуулж, фронтын махыг бэлтгэж байсан. Үүнд
үндэслэн монгол үүлдрийн үхрээ эрлийзжүүлж, мухар үхэр гаргаж авсан юм.
Үхэр эврээрээ дулаанаа их алддаг. Үхрийн эвэр дулаан алддаг цорго юм
шүү дээ.
Тийм учраас дээр үеэсээ монголчууд гурван есийн хүйтэнд үхрийнхээ эвэрт
эсгий уут хийж угладаг байжээ. Мөн мухар үхэр эвэр ургуулах шим тэжээлээ
биедээ шингээдэг. Мөн мухар үхрийг олноор нь тэжээхэд биенээ гэмтээх
гэмтэлгүй, бага турж онд ордог. Арван үхэр идэх онгоцонд 20 үхэр багтдаг
болно гэсэн үг. Манай мухар үхрийг Англи, Герман зэрэг улс маш их
сонирхож байсан. Гэхдээ тэд мухар үхрийг өөр аргаар буюу хими, физикийн
болон эврийг нь шатаах зэргээр гаргаж авч байсан.
Харин бид үржлийн аргаар бий болгож, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн
гэрчилгээг авсан. Мөн монгол үүлдрийн үхрийг олон улсын хэмжээнд
батлуулсан.
-УИХ-ын чуулганаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах
бодлогыг хэлэлцэж байна. Тус бодлогод оруулсан нэг асуудал нь Халх голд
хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах юм. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Ардчиллын үед халх голын бүс нутгийг ашиглах хоёр дахь бодлогыг гаргаж
ирлээ гэж харж байна. Социализмийн үед бүхнийг улсаас зохиодог байсан.
Одоо хувийн хэвшилд тулгуурласан аж ахуйг байгуулах байх гэж бодож
байна. Гэхдээ тэднийг төр бодлогоор зангидах байх. Судалгаагаар газар
тариалан, мал аж ахуйн чиглэлээр ашиглах бүрэн боломжтой гээд
тогтоочихсон.
Үүнийг ашиглах хэрэгтэй. Мөн аялал жуулчлалын бүс болгох, Буйр нуурыг
түшиглэж загасны ферм байгуулах, үр үржүүлж болно. Малын тэжээлийг
хаман боож, гадагш нь экпортлодог ферм байж бас болно. Эрдэнэ шиш Халх
голоос өөр хаана ч үр өгөхгүй байна шүү дээ. Учир нь Халх голын бүс
нутаг Хянганы нурууг давж орж ирдэг номхон далайн зөөлөн уур амьсгал
нэвтэрдэг чухал бүс.
Жилийн дунд градус нь 0 гэхээр ямар дулаахан гэдэг нь мэдэгдэх байх.
Үүнийгээ дагаад ургамлын ургах хугацаа нь урт болдог. Түүнээс гадна үр
тарина гэхээр газар хагалах гэж бодоод байх шиг байна. Бага хэмжээний
газрыг хагалж болно.
-Халх голд чөлөөт бүс байгуулж эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд тулгамдах асуудал гарах болов уу. Та юу гэж бодож байна?
-Бид маш хүнд нөхцөлд ажилладаг байсан. Харин одоо дутагдах зүйлгүй
болжээ. Тиймээс энэ бүс нутгийг ашиглах хэрэгтэй. Гэхдээ заавал бүрэн
эрчимжсэн байх шаардлагагүй. Хагас эрчимжсэн буюу отроор эрчимжүүлж
болно. Газар тариалан мал аж ахуй хоёр бие биеэсээ хамааралтай. Тиймээс
хамтад нь хөгжүүлэх нь чухал. Халх голын бүсэд олон үхэртэй малчид
цөөнгүй бий.
Тэд ферм байгуулах сонирхолтой. Үхрийг нь махны сайн чанарын бух юм уу
зохиомлоор гаргаж авсан, гүн хөлдөөсөн үрээр хээлтүүлчихвэл илүү
ашигтай. Өндөр ашиг шимтэй махны монгол үхрийг нэг удаа хээлтүүлэхэд үр
төл нь эцэг, эх малынхаа ашиг шимтэйг нь заавал авч байдаг биологийн
хуультай. Түүнийгээ дахин дахин үржүүлэх хэрэгтэй.
Францын лимузен үүлдрийн үхрийг авч ирж эрлийзжүүлэхэд би тэнд ажиллаж
байсан юм. Лимузен үүлдрийн үхэр монголын цаг уурт их тохирдог. Бүрхүүл
үс ихтэй, мах сайн, хурдан үрждэг. Гадны улс орнууд ямар үүлдрийн үхрийн
махаар хоол хийсэн гэдэгт их хардаг болсон. Лимузен үүлдрийн үхрийн мах
олон улсад танигдсан.
-Халх голын чөлөөт бүсийн үйл ажиллагаа ямар байвал ашигтай бол?
-Халх голд чөлөөт бүс байгуулаад бүтээгдэхүүнээ дотогшоо зөөвөл ямар ч
ашиггүй. Ангилж зардаг болох хэрэгтэй. Эрчимжсэн мал аж ахуйг монгол
малаар бүрдүүлвэл зүгээр. Учир нь байгаль цаг уурын нөхцөлд дасан
зохицдог давуу талтай. Гадны улсаас махны чиглэлийн үүлдэр оруулж ирвэл
манайх шиг эрс тэс уур амьсгалтай улсад зохицох эсэх нь эргэлзээтэй.
Харин монгол мал цас зуд болон ган гачигт тэсвэртэй. Дэлхийн цаг агаар
дулаарч байна. Үүнийг монгол малаас өөр мал тэсвэрлэхгүй. Манай мал бут ч
болтугай мэрж байгаад даваад гарна.
-Та сая газар тариалан мал аж ахуйг хамтад нь авч явна гэлээ.
Тэгэхээр усны нөөцийн, газрын хөрсний асуудал хөндөгдөнө. Энэ асуудлыг
яаж шийдэх вэ?
-Малын тэжээл бэлтгэхэд их хэмжээний ус шаардлагагүй. 300 гаруй мянган
га хадлангийн талбай бий. Энэ талбайд хур тунадас л хэрэгтэй. Мөн
бэлчээрийг нь сайжруулах нь чухал. Бэлчээрийн бүтцийг сайжруулна гэхээр
хагална гэж ойлгоод байх шиг байна. Тэнд 550 төрлийн малын тэжээлийн
ургамал ургадгийг Оросын эрдэмтэд судлаж тогтоосон. Царгас ч юм уу Халх
голд ургадаг буурцагт ургамлын үрийг нь аваад цацахад өөрийн нөхцөлд
ургах боломжтой. Намар цацаад дараа хавар нь ургахгүй бол ургадаггүй гэж
ойлгодог. Энэ мэт зэрлэг ургамал дараа жил ургах боломжтой.
-Халх голын бүс нутагт хичнээн ферм байгуулах боломж байна вэ?
-Халх голын сангийн аж ахуйг байгуулахад 50 мянган үхэртэй байна гэсэн
техник эдийн засгийн үндэслэл гарсан боловч тухайн үед 23 мянган үхэртэй
байсан. 23 мянган үхэрт таван хадлангийн салаа, үр тарианы 13 мянган га
талбай ашигладаг байв. Үр тариагаа бяцалж тэжээл бэлтгэдэг байлаа.Одоо
тус бүс нутагт эхний ээлжинд 30-40 фермер ажиллах бүрэн боломжтой гэж би
хувьдаа үздэг. Одоо Халх голд 9000 гаруй үхэр байна. Энэ боломждоо
тулгуурлаад фермер байгуулаад явахад болохгүй юм байхгүй.
Эдгээр фермер нь стандарт хангаж байна уу гэдэгт төр хяналт тавьж
бодлогоор чиглүүлэх, борлуулалт болон фермерийг тоног төхөөрөмжөөр
хангадаг байх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл фермийн үйл ажиллагаагаа хувийн
хэвшил өөрөө хариуцаад бусад асуудалд нь төр анхаарал хандуулдаг байвал
зүгээр. Тэгэхгүй бол нэг фермерийг өөрөө бүх зүйлээ хий гэвэл
дийлэхгүй. Нэг ферм 500-800 га-ын эдэлбэр газартай. 100 орчим үхэр
300-500 орчим хонь, өөрсдөө ашиглах техник хэрэгсэлтэй байхад
хангалттай. Ийм ферм хэд хэдийг байгуулчихвал хөдөө аж ахуйн
бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадагшаа гаргах бүрэн боломжтой болно.
Монголын мэдээ
Э.Зул