-Үнэн худал хэмээн маргаж байсан халуун сэдвүүд тэгсхийгээд чимээгүй мартагддаг. Хэрэг явдал ийн бүдгэрэх шалтгаан нь юу байдгийг бид олж тогтоохыг зорьж байна. Нийгэмд шуугиан тарьж, халуун сэдэв болтол өргөжсөн тэдгээр үйл явдлын нэг Дорнод аймгийн Халхголд чөлөөт бүс байгуулах асуудал өнөөдөр ямар байдалд байгааг тодрууллаа-

Өчигдөр

УИХ 2015 оны долдугаар сарын 9-нд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн өргөн барьсан "Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай 75 тоот тогтоолыг баталсан. Парламентын танхимд хэл үг татлалгүй чимээ аниргүй батлагдсан энэ тогтоол намрын халуун өдрүүдийн төгсгөлд жинхэнэ улстөржсөн халуун сэдэв болтлоо өргөжсөн юм.

Халх голын ХАА-н чөлөөт бүс нь Буйр нуурын зүүн, зүүн урд эргээс эхлэн Сүмбэрийн баруун, хойд талаар үргэлжлэх 50 км өргөн, 100 км урт том нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд чөлөөт бүсийн хилийн цэсэнд Халх гол сумын 260 өрх айлын 980 иргэний өвөлжөө бууц, малын бэлчээр болон тариа тарьдаг эзэмшил газар багтжээ. Дэлхийн улс орнууд хилийн бүстээ чөлөөт бүс байгуулан ашигладаг жишиг бий. Дэлхийд хамгийн том газар нутагтай чөлөөт бүс гэгдэж буй БНХАУ-ын Шанхай хотын чөлөөт бүс 12 мянган га талбайг эзэлдэг бол Р.Бурмаа сайдын санаачлан батлуулсан Халхголын чөлөөт 500 мянган га газар нутгийг хамарна.

            Харин нутгийн иргэд, УИХ-ын нэр бүхий гишүүд, ТББ-ууд болон зарим хуульч, өмгөөлөгч нар үүнийг эрс эсэргүүцэж, чөлөөт бүс нэрээр өвөг дээдсийн халуун амиа зориулан хамгаалж ирсэн түүхт газар нутаг, үржил шимт хөрс шороог булаах гэж байна, хэрвээ "чөлөөт бүс” байгуулагдвал дотоодын хууль, дүрэм журам онцгой статустай бүсэд үйлчлэхгүй, энэ нь эх нутгаа харийнханд зүгээр өгсөнтэй адил эрсдэл дагуулна гэж үзсэн юм. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа орон нутгийнхныг тайвшруулахаар Халхгол суманд ажиллахаар очсон ч амжилт олоогүй ба энэ үеэрээ "Танай Засаг дарга Хятад, Солонгосын хөрөнгө оруулалттай компаниудад газар нутгаа аль хэдийнэ түрээслээд өгчихсөн байгааг мэдэж байна уу” гэх асуулт тавьж, цаас дэлгэн баримт үзүүлсэн юм.

Нутгийн иргэд Халхгол чөлөөт бус байгуулах нэрээр УИХ газраа гадаадынханд өгөх шийдвэр гаргачихлаа гэж эсэргүүцэж байсан бол Р.Бурмаагийн дэлгэсэн баримтын дараагаар тэд дэргэд нь суучихаад газраа зарж байсан Засаг даргаа жигшин зэвүүцэх, үгүй гэхэд эргэлзэхэд хүрч, асуудал аль нэг талд байхаа больж саармагжив. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван нар аль аль нь хуулийн байгууллагад гомдол гаргаж, нэг нэгнээ шалгуулахаар боллоо.

Асуудалд гуравдагч байр сууринаас оролцсон УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нутгийн элч төлөөлөгчийн хувьд Халхголд чөлөөт бүс байгуулах 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох талаар ажиллахаа илэрхийлсэн. Чөлөөт бүсийн хуулийн дагуу энэ бүсэд үйлдвэрлэж боловсруулсан ХАА-н гаралтай бараа бүтээгдхүүнийг улс дотроо буюу Дорнод аймаг руу оруулахад татвар авах атлаа гадаадад экспортлоход гаалийн татвар нь 0 байна гэхчлэн олон зүйл эргэлзээ төрүүлж байгаа гээд Халх голын хязгаарт ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргахад заавал Чөлөөт бүсийн хуулиар онцгой дэглэм тогтоон мөрдүүлэх шаардлагагүй гэж үзэн УИХ-ын 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох төсөл санаачилсан.

Өнөөдөр…

Үйл явдал дээрх байдлаар өрнөснөөс хойш үйл явдлын сураг нэг хэсэгтээ алдарсан юм. Саяхан л зөв буруу, үнэн худал хэмээн маргаж байсан халуун сэдэв хаачив. Тэгэсхийгээд чимээ аниргүй болж орхидог дуулиант үйл явдлыг бид сөхөн сурвалжилж, хэрэг явдал ийн бүдгэрэх шалтгаан нь юу байдгийг олж тогтоохыг зорьж байгаа юм. Нийгэмд шуугиан тарьж, халуун сэдэв болтол өргөжсөн эдгээр үйл явдлын нэгд Дорнод аймгийн Халх гол сумын газар нутагтай холбоотой асуудал орно.

Халхгол сумын Засаг дарга өөрийн хүсэлтээр ажлаа өгчөө. Өнөөдрийн байдлаар Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван өөрийн хүсэлтээр /төрийн албанд гурван жил ажиллаагүй гэх шалтгаанаар/ албан тушаалаа хүлээлгэн өгөөд АТГ-т шалгуулж байгаа юм байна. Мөн энэ хооронд УИХ-ын 75-р тогтоолыг хүчингүй болгуулахаар Дорнодын ард иргэдийн гаргасан гомдлыг Үндсэн хуулийн цэц хянаж үзээд "энэ бол УИХ өөрөө шийдэх асуудал учир манайх оролцохгүй” гэсэн хариу илгээжээ.

Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилсан тогтоолын төсөл зүсээ хувилгажээ. Тэрээр Халхголд чөлөөт бүс байгуулах 75 дугаар тогтоолыг яг ч хүчингүй болгох тухай хөндөөгүй бололтой. Нэр бүхий 14 гишүүний хамт "Органик бүтээгдхүүн үйлдвэрлэлийн Халхгол ХАА-н бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын энэ төслийг 2015 оны 12 дүгээр сарын 23-нд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн боловч С.Оюун гишүүн төслийг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргаж Р.Бурмаа нарын гишүүд дэмжсэнээр хойшилсон байна.

УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох асуудлыг Цэц буцаажээ. Мөн энэ хугацаанд УИХ-ын 75 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар Дорнодын ард иргэдийн гаргасан гомдлыг Үндсэн хуулийн Цэц хянаж үзээд "Энэ бол УИХ өөрөө шийдэх асуудал учир манайх оролцохгүй” гэсэн хариу илгээжээ.

Яагаад?

Халхголд чөлөөт бүс байгуулах тухай төр, засгийн шийдвэр яагаад анхаарал татаж, "Газар нутгаа гадныханд өгөх нь” гэсэн хардлага дагуулсан юм бол? УИХ-ын 75 дугаар тогтоолыг улсын баяр наадмын өмнө баталсан нь үнэн хэдий ч хууль тогтоогчид зориудаар баярын дуулианаар халхавчлан зальдсан ч юм бас биш бололтой. Нэлээн олон жилийн өмнөөс Дорнодын газар нутгийг гадныханд зараад байна гэх үнэн худал нь үл мэдэгдэх яриа сонсогдсоор байсан нь саяын 75 дугаар тогтоолын дуулианыг өндрөө авахад нөлөөлсөн байж болох талтай. Тэгвэл үнэхээр Дорнодын газар нутгийг үүнээс ч өмнө гадныханд өгчихсөн хэрэг үү гэх асуулт урган гарна. Дээрх тогтоол батлагдсаны дараа Р.Бурмаа сайдын "илрүүлсэнчлэн” Халхгол сумын Засаг даргын шийдвэрээр гадны компаниудад олгосон газрын зөвшөөрлүүд ямар учиртай юм бэ? Тэгвэл ил байгаа мэдээллүүдэд түшиглэн энэ асуултад хариулт өгөх боломжтой аж.

Үүнд үйл явдлын он дараалал дараах хариултыг өгч байна.

Халх гол сумын мастер төлөвлөгөө: Энэхүү баримтад 2008 оны наймдугаар сараас эхлэн Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд "Койка” байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй "Халхголын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх” төслийн үйл ажиллагаа хийгдэж ажлын байр, агуулах, худаг гэх мэт объектуудыг барьж байгуулах ажил явагдаж байгаа мэдээлэл тэмдэглэгджээ. 2008 он бол МАХН-ын дарга Н.Энхбаярын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан цаг хугацаа юм.

2009 оны дөрөвдүгээр сарын 13: Дорнод аймгийн Халхгол сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ц.Насанхүү 17 тоот тогтоол гарган БНСУ-ын Хөрөнгө оруулалттай "Хансоломо” компанид 30 000 га талбай эзэмшүүлэх зөвшөөрөл олгов.

2009 оны 10 дугаар сарын 22: Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөөг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд (тухайн үеийн нэрээр) хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болж, үүнд ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын суурин төлөөлөгч Ли Донг Гү, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чун Ил, УИХ-ын гишүүд П.Алтангэрэл, Ц.Шинэбаяр, Гадаад харилцааны яам, Сангийн яамны зэрэг хоёр талын албаны төлөөлөгчид байлцсан байна.

2009 оны 12 сарын 13: Ерөнхий сайд Сү.Батболд 270 мянга га талбайтай Халх голын сав газарт эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлж, экспортын зориулалттай таримал тарьж гадаадад гаргах, Хятад, Солонгосын хойгийн зах зээлийг хангах төсөл хэрэгжүүлэх, Халх голын сав газарт "Атрын IV” аяныг эхлүүлэх, хөдөө аж ахуйн эдэлбэр газар болгох асуудлыг судлаж танилцуулахыг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайд даалгажээ.

2011 оны гуравдугаар сарын 06: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт ажиллаж, Халх гол суманд загвар аж ахуй байгуулах төслийн явцтай танилцаж, гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо. Энд БНСУ-ын КОИКА байгууллага атаршсан болон судлагдсан нөөц атар газрыг эзэмшин, 270 мянган га талбайд дөрвөн сая долларын хөрөнгө оруулалт хийж, 2011-2019 онд гурван үе шаттай төсөл хэрэгжүүлнэ гэдгийг мэдэгдэв.

2011 оны гуравдугаар сарын 11: БНСУ-ын "Korea IT Times” сонинд "Солонгос хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр Монголд 30 000 га газар худалдаж авсан гэдэг гарчигтай мэдээ нийтэлжээ. Үүнд Монголоос 816 мянга 880 акр газaр худалдан авч Кори буюу Солонгосын эртний Корё хаадын удмын нэрээр нэрлэсэн тариалангийн талбайтай болснoop Солонгосчууд гадаад улсаас хүнсний хараат байдлаасaa ангижирна гэсэн ба Дорнод аймгийн Засаг даргын орлогч Дамдинбазар, Солонгосын талын төлөөлөгч Ким Хак Су нарын зургийг тавьжээ.

2015 оны долдугаар сарын 5: УИХ-ын 75 тоот тогтоол батлагдав.

2015 оны есдүгээр сарын 10: Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа "Гадныханд газар өглөө, өгөх гэж байна гэсэн мэдээллүүд тарж байна. Сонгуульд нэр дэвших шоу болгож олон түмний анхаарлыг татах, тариалан эрхлэхдээ технологио алдаад хөрсөө муутгаж, Халхголын сайхан хөрсөнд санаархсан зарим нэг хүмүүсийн сонирхол байна. Хариуцлагатайгаар хэлэхэд Халх голын 500 мянган га газраас нэг сөөмийг ч гадаадын иргэд, байгууллагад өгөөгүй” гэж мэдэгдсэн.

Төслийн түүх хэрхэн эхэлсэн нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайтай холбогдохоор дүр зураг эндээс харагдаж байна. Солонгосчуудад Халхголд газар олгох, түрээслэх ажлыг энэ хүн Ерөнхийлөгч Н.Энхбаярын үеэс сэдэж, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдийг төдийгүй 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдоржийг хүртэл дорнын талд аваачиж, тууз хайчлуулж үг хэлүүлсэн байх юм. Т.Бадамжунай яг өнөөдрийн байдлаар улс төрд байхгүй. Нам нь сонгуульд ялагдахад усанд хаясан чулуу шиг сураг алдарсан нэгэн юм. Түүний эхлэлийг нь тавьсан "овоо” нь дээр өнөөдөр "шаазгай” суугаад шагшралдаж байгаа юм биш биз?!

 

politik.mn